Хүнд, эргэлзээтэй, мэдүүштэй сэдвүүдийг энгийн үгсээр, цэгцтэй байдлаар тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол реалтор. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаар мэргэшсэн реалтор гэж хэн бэ? 

мэргэЖЛИЙН АЖИЛ

Үл хөдлөх хөрөнгө худалдан авна, үл хөдлөх хөрөнгөө борлуулна гэдэг нь хүний амьдралынхаа туршид цөөхөн гаргадаг чухал шийдвэрүүдийн нэг. Тиймээс уг шийдвэрийг мэргэжлийн хүнтэй хамтран гаргах нь аль аль талдаа хамгийн сэтгэл ханамжтай үлдэх хамгийн зөв шийдэл юм.

Харин мэргэжлийн хүн гэж хэнийг хэлж байна вэ? Мэдээж энэ бол реалторууд. Олон улсад үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, зуучлал чиглэлээр ажиллах эрхтэй реалтор болохын тулд ажлын багагүй туршлага хуримтлуулах, ёс зүйтэйгээ харуулах, мэргэжлийн сургалтад суух зэрэг олон шалгуурыг давах хэрэгтэй болдог бөгөөд цаг хугацааны явцад энэ нь улам л биеэ даасан тусдаа мэргэжил болон хөгжиж буй юм.

тооны хэлээр

нэр томЬёоны лавлах

Реалтор: Үл хөдлөх хөрөнгийн аль нэг салбарт зургаагаас доошгүй сар ажиллаж, гурваас багагүй амжилттай борлуулалт хийсний дараа реалтор бэлтгэх сургалтад хамрагддаг. Улмаар Үндэсний Реалторуудын Холбооноос 1913 онд баталсан Ёс зүйн код-ийг дагаж мөрдөхөд бэлнээ илэрхийлж, тангараг өргөсөн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнийг реалтор хэмээнэ.

Агент: Агент болон реалторуудын хийж буй ажил, зорилго чиглэл ижил бөгөөд хоорондоо бага зэргийн л ялгаатай байдаг. Үүнээс агент гэдэг нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах стандарт бүхий сургалтанд хамрагдсан, үл хөдлөх хөрөнгө борлуулах, зуучлах, худалдах эрхийн сертификаттай бизнес эрхлэгчийг хэлнэ.

Брокер: Үндсэн компаниасаа ажиллах эрх, нөү-хау авч, үйл ажиллагаа явуулж байгаа туслан гүйцэтгэгч гэж ойлгож болно. Брокерэйж гэж хүнийг нь хэлдэг бол брокер оффис, брокер реалти гэдэг нь илүү байгууллагын хэлбэртэй байдаг.

Түгээмэл асуулт хариулт

ЯАГААД РЕАЛТОР БОЛОН АГЕНТУУДАД ХАНДАХ ЁСТОЙ ВЭ?

Нэгдүгээрт харилцаа холбоо, хоёрдугаарт мэдлэг туршлага, гуравдугаарт цаг зав, дөрөвдүгээрт найдвартай байдал. Үл хөдлөх хөрөнгө сонгохдоо хүмүүс хэнээс авч буйгаа ихэд чухалчилж үздэг гэдэг.

ЛИСТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Агент, реалторууд өөрийн ажиллаж буй үл хөдлөх хөрөнгийнхөө мэдээллийг нэгдсэн санд оруулахыг листинг хэмээнэ. Нэгдсэн санд мэдээлэл оруулахын тулд тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, давуу ба сул талуудыг тодорхойлж, ирээдүйн өгөөжийг тооцдог бөгөөд улсын бүртгэлээс нэгдсэн сангаас үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны, бүрэн бүтэн эсэхийг шалгаж баталгаажуулдаг.

РЕАЛТОРТОЙ БАЙГУУЛАХ ЭНГИЙН ГЭРЭЭ БА ОНЦГОЙ ГЭРЭЭНИЙ ЯЛГАА?

Реалтор, агенттай байгуулах хоёр төрлийн гэрээ байдаг. Эхнийх нь энгийн гэрээ, хоёр дахь нь онцгой гэрээ. Энгийн гэрээ нь хамтран ажиллаж буй агент, реалтороосоо гадна хувиараа зар тавих, өөр бусад борлуулагчид давхар зар өгөх зэрэг уян хатан нөхцөлтэй байдаг бол, онцгой гэрээ нь зөвхөн тухайн агент, реалторт л бүх асуудлаа хариуцуулна, өөрөө борлуулах эрхгүй болно гэсэн утгатай.

сая долларын эргэлзээ

Сайн агент заавал реалтор болох шаардлагагүй?

Хэрвээ ирээдүйд үл хөдлөхийн салбарт мэргэшиж ажиллахаар шийдсэн бол реалтор болж, улмаар зэрэглэлээ ахиулан олон улсад ажиллах, хөрөнгө борлуулах эрхээ авах нь зүйтэй. Ингэснээр салбарынхаа олон улсын хуралд суух, танилын хүрээгээ нэмэгдүүлэх, бусад улс орнуудад мэргэшил дээшлүүлэх зэрэг олон давуу талыг бий болгож чадна.

Реалтор ба агентийн үйлчилгээний төлбөр ялгаатай байдаг байх?

Үгүй. Реалтор ч бай, агент ч бай тэд үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэшин ажиллаж буй мэргэжилтнүүд. Энэ салбарын гол зарчим нь "ёс зүй" байдаг. Иймд мэргэжилтнүүдтэй ажиллаж буй тохиолдолд сайтар тохиролцож байж төлбөрийн дүнгээ шийдэх боломжтой. RE/MAX тэргүүтэй үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон байгууллагууд харилцагчдадаа энэ нөхцөлийг санал болгодог.

Үндэсний Реалторуудын Холбоонд гишүүнчлэлтэй реалтор болохын тулд АНУ-руу явах ёстой.

Үгүй. Заавал гаднын оронд очилгүйгээр дотооддоо мэргэшлээ дээшлүүлэх боломжийг Үндэсний Реалторын Холбооны Монгол дахь албан ёсны хамтын ажиллагаа бүхий байгууллага болох Монголын Үл Хөдлөх Хөрөнгийн Удирдлагын Академи олгож буй. Одоогоор Монголд мэргэжлийн 211 орчим реалтор байдгаас 56 нь RE/MAX Mongolia-д ажилладаг байна.

ирээдүйгээс ирсэн захидал

Дэлхий дахинд халдварт цар тахлын аюулын харанга дэлдэж эхлэхээс өмнө үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн хувьд и-түлхүүр, онлайн мэдээллийн сан зэрэг хэн нэгнээс хамааралгүйгээр ажлаа явуулах боломжийг олгох технологиуд анхаарлын төвд байлаа. Жишээ нь, борлуулах байрыг хурууны хээ болон тусгай кодоор онгойлгодог технологийг суурилуулж өгснөөр реалтор, үйлчлүүлэгч хоёр хоорондоо түлхүүр солилцох, дамжуулах зэрэг хүндрэлтэй асуудлуудаас бүрэн салж чаджээ. И-түлхүүр нь хамгийн сүүлд ямар хүн орсон, хэр удаан байсан гэх мэт шаардлагатай бүхий л мэдээллүүдийг хадгалдаг нь цагийг хэмнэж, үйл явдлыг тодорхой болгож өгдөг аж.

Гэвч ганцхан технологийн хөгжил гэлтгүй дэлхий дахинд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал бүхий л салбарыг дижитал шилжилт рүү түлхэж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар ч энэ жишгийг даган онлайн орчин руу нүүдэллэсээр буй. Ингэснээр 2015 оноос эхлэн хөгжүүлэгдэж эхэлсэн орон сууцны виртуал аяллын технологи салбарынхны анхаарлыг улам ч ихээр татах болов. Виртуал аялал, онлайн гарын үсэг, мэйл болон шуудан харилцаа, и-түлхүүр, мэдээллийн нэгдсэн сан зэрэг технологиудын ачаар үл хөдлөх хөрөнгийг хаанаас ч авч болдог болох нь цаг хугацааны л асуудал болжээ.

таны мэдээгүй сонирхолтой баримт

R тэмдэг: Дугуй доторх R буюу ® хэмээх тэмдэглэгээ нь тухайн мэргэжилтнийг мэргэжлийн реалтор гэдгийг илэрхийлсэн олон улсын стандарт тэмдэглэгээ юм. Хэрвээ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор хамтран ажиллах реалтор хайж байгаа бол тухайн реалторт энэ тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.

Реалторын их сургууль: Ихэнх тохиолдолд реалтор болохын тулд төрөл бүрийн мэргэшлийн сургалтанд суух хэрэгтэй байдаг ч Үндэсний Реалторуудын Холбоо Колумбын коллежтэй хамтран үл хөдлөх хөрөнгө, мэргэжлийн реалтор бэлтгэх чиглэлээр академик боловсролын зэрэг олгодог аж.

Эко, нөхөрсөг, хэмнэлттэй (energy saving): Сүүлийн жилүүдэд эко, нөхөрсөг, хэмнэлттэй буюу төвийн нэгдсэн дэд бүтцээс хараат бусаар салхи болон нарны панелийг ашиглан тог, дулааны хэрэгцээгээ дотоод эх үүсвэрээсээ хангадаг консепттой үл хөдлөхүүд илүү трэнд болоод байгаа ажээ. Цаашдаа барилгын салбар энэ талыг дагнан хөгжихийг ч үгүйсгэхгүй юм.



Нийтлэлийг бэлтгэхэд RЕ/MAX Mongolia бүсийн анхны агент, Олон Улсын Үндэсний Реалторын Холбооны Монгол дахь анхны реалтор Д.Мөнгөнцэцэг оролцов.