Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах тухай юм. 

Хоол хүнс бол хүний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэдэг хамгийн чухал эх сурвалж. Гэхдээ айл бүрийн ширээн дээр орхисон хоол, хогийн саваар дүүрэн хүнсний үлдэгдэл нь байгаль дэлхийд хор хөнөөл учруулж, тэр бүхнийг зүй зохистой хаях өртөг зардал өдрөөс өдөрт өссөөр байна. Тиймээс алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд хог хаягдлыг дахин боловсруулах тухай сэдвийг онцолж, мэдвэл зохих бүхнийг тайлбарлахаар бэлтгэлээ. 

Хог хаягдлын тухай хөөрөлдөх нь

Хүн төрөлхтний оршин тогтнох, өсөж үржих, хийж бүтээх зэрэг амьдралын бүхий л үйл ажиллагааны анхдагч нөхцөл нь хүнс, хоол тэжээл юм. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын тоо 9.1 тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэх тооцоо гаргаад буй билээ.

Гэтэл бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх зэрэг хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргаж байна. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү?

Тооны хэлээр 

2.9 сая: Манай улс жилдээ 2.9 сая тонн хатуу хог хаягдал гаргадаг. Үүний 1.2 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гарч байна.

7: Улаанбаатар хотын хог хаягдлын хэмжээ 10 жилийн өмнөхөөс долоо дахин нэмэгдсэн.

72%: Тэдгээр хог хаягдлын 72 хувь нь зориулалтын хогийн цэгт очдог бол долоон хувь нь задгай хаягдаж байна.

281000: Улсын хэмжээнд хогийн цэгт очиж буй хог хаягдлын хэмжээ жил бүр 281 мянган тонноор нэмэгдэж байна. Гэвч албан ёсны хог хаягдал булшлах цэгүүдийн хүчин чадал дээд түвшиндээ хүрч, Нарангийн энгэрт байгуулагдсан хог булшлах цэг энэ оны эцэс гэхэд хаагдахад хүрээд байгаа юм.

17-20%: Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2020 он гэхэд хог хаягдлын 20 хувийг дахин боловсруулдаг болно гэж тусгасан байдаг. Өдгөө манай улс 17-20 орчим хувийг дахин боловсруулж байна. Харин хүнсний хог хаягдлыг дахин боловсруулдаггүй.

41%: Улаанбаатар хотод зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлж байна. Айл өрхийн хог хаягдлын ихэнхийг хүнсний хаягдал бүрдүүлж буй.

нэр томьёоны лавлах 

Хүнсний хог хаягдал гэж юу вэ?

Хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс, үлдэгдэл, яс, хэрэглэсэн хүнсний тос зэргийг хэлдэг.

Тэдгээрийг дахин боловсруулах гэдэг нь?

Хүнсний хог хаягдлын ихэнх хэсгийг био задаргаанд оруулан компост (бордоо) бэлтгэх буюу дахин боловсруулж ашиглан боломжтой. Хөгжингүй орнуудад гэр ахуйн хог хаягдлын 50-аас дээш хувийг дахин боловсруулдаг болоод буй. Хог хаягдлыг эх үүсвэрийнх нь дэргэд буюу гэртээ ангилан, цааш хог хаягдлын тээвэрлэлтийн компанид өгч болно. Хүсвэл та өөрөө био задаргаанд оруулан бордоо болгох боломжтой.

Тэгвэл боловсруулсны дараа юунд ашиглах вэ?

Хоол хүнсний хаягдал, үлдэгдлийг хөдөө аж ахуйд бордоо, тэжээл болгон ашиглаж болно. Мөн хаврын улиралд цэцэрлэг, ногооны талбай, таримал зүлэг болон цэцгийн мандлаа бордох боломжтой юм шүү.

Чухам яагаад хүнсний хог хаягдал гэж. Тийм аюултай хэрэг үү?

Бидний амьдралын чанар сайжран, хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдлын асуудал шийдэхэд улам л бэрхшээлтэй болсоор байна. Чулуун зэвсгийн үед хүмүүс зөвхөн хоолны хаягдал гаргаж, түүнийгээ шатаан устгадаг байсан бол дундад зууны үед гэрийнхээ үүдэнд хогоо тавьж, гахайд идүүлдэг байжээ. Энэ нь дахин боловсруулалт хийх гэсэн оролдлого боловч гудамжинд ил задгай хог хаяснаас болж зуу зуун хүн тахал, халдварт өвчин тусаж амиа алдсан гунигт түүх бий.

Өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 11 хувийг хоол хүнс үйлдвэрлэл болон түүний тээвэрлэлт үүсгэдэг. Тэдгээр хоол, хүнсний гуравны нэгийг хог хаягдал болгон байгальд хаясаар байна. Энэ нь бид жил бүр гурван тэрбум хүнийг хооллоход хангалттай хүрэлцэхүйц буюу 1.3 тэрбум тонн хоолыг хаягдал болгодог гэсэн үг юм. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 21.5 сая тонн хүнсний хог хаягдал бий болдог. Хэрвээ үүнийг дахин боловсруулж чадвал тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээгээр хүлэмжийн хий багасна.


Органик хаягдал:

Хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс, үлдэгдлийг ангилж, бордоо, тэжээл болгон боловсруулах боломжтой.

Энгийн хог хаягдал:

Шил, лааз, хуванцар сав зэргийг ашиглаж байсан зорилгоор нь эргүүлэн боловсруулж, хэрэглээнд оруулах боломжтой.

Аюултай хог хаягдал:

Тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, хор хий ялгаруулагч хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр газарт булшилж хадгалах ёстой.

ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ

Бид ер нь хэзээнээс аливааг дахин боловсруулж, шинж байдлыг нь өөрчлөх болсон тухай сонирхож байв уу? Энэ талаарх түүхийн хуудсанд үлдсэн зарим сонирхолтой баримтыг онцольё.

Төмөр хайлуулсан нь: НТӨ 700 оноос төмрийг хайлуулж, дахин ашиглаж иржээ.

Хуучин даавууг дахин ашигласан нь: НТӨ II зуунд эртний Хятадад модны холтос, хуучин даавуу, загасны тор зэрэг олон төрлийн түүхий эдийг хольж усанд буцалгаад, хулсан дээр жигдхэн тарааж хатаах замаар цаас зохион бүтээсэн түүхтэй.

Түүхий эдийг дахин боловсруулсан нь: Эртний Египетэд пирамид барихад зориулж их хэмжээний хад, булуу чулууг буталж, төмөр, зэс зэргийг хайлуулж гөлийлгөдөг байсан нь дахин боловсруулах технологийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Шинжлэх ухааны дэвшил: Аж үйлдвэрийн хувьсгал гарснаар хүн төрөлхтөн дэд бүтэц, эдийн засгийн хөгжилд зориулан маш их бүтээгдэхүүн дахин боловсруулж, шинэ эх сурвалж нээж эхэлжээ.

Дайны үеийн хэрэгцээ: Дэлхийн I, II дайны үеийн нийгэм, эдийн засгийн хямрал, дайны хэрэгцээнд зориулан нийлэг эд, резин, хэрэглэсэн батарей зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг АНУ, Европын орнууд дахин боловсруулах болжээ.

заавал уншуулахаар учирлах нь 

Бид хогоо ангилж хаях тухай олонтоо сонссон. Тэгвэл хог хаягдлаа эх үүсвэр дээр нь шууд ангилан ялгах нь хаягдал дахин боловсруулах үйл явцын хамгийн эхний энгийн алхам гэж ойлгож болно. Хүнсний хаягдлыг бусад хог хаягдалтай нийлүүлж хаях нь шил, хуванцар, цаас гэх мэт дахивар хаягдлыг бохирдуулж, дахин боловсоуулалтад авч ашиглах боломжгүй болгодог. Мөн хүнсний хаягдал бол агаар, орчны бохирдолд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг хүлэмжийн хий, метан хийн хамгийн том эх үүсвэр гэдгийг санаарай.

Манай улсад сүүлийн жилүүдэд хуванцар болон хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж байгаа ч түүхий эд болох хаягдал хуванцар, цаасны олдоц, хангамж нь хүрдэггүй болохыг албаны эх сурвалжууд онцолдог. Хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд нь түүхий эдийн хомсдолтой байхад бид тэдгээр хаягдлыг бүгдийг нь нийлүүлж ачаад байгальд булшилж устгах нь үнэхээр харамсалтай хэрэг биш гэж үү?

Тиймээс хог хаягдлаа зохих заавар журмын дагуу ангилан ялгаснаар хог тээврийн машинууд таны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэснээр байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг хэд дахин бууруулах боломжтой. Хог хаягдлаа ангилаагүйгээс болж ТҮК болон бусад тог тээврийн ажилтнууд цаг хугацаа алдах, машин тоног төхөөрөмж эвдрэхээс эхлэн эрүүл мэндээрээ хохирох, өвдөх зэрэг олон асуудал тулгардаг юм шүү.



Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ХОГОО АНГИЛАХ ХӨДӨЛГӨӨН”—ийг санаачлан хэрэгжүүлж, “АРИЛГАЯ -АНГИЛЪЯ – АШИГЛАЯ” хэмээх уриалга гаргаад байгаа. Олон улсад аль хэдийн танил болсон хог хаягдлын менежментийн 3R буюу “Reduce – Reuse – Recycle” гэдэгтэй ижил байгаа биз?

Ташрамд дурдахад, Улаанбаатарт энгийн хог хаягдлаа хэрхэх тухай зохицуулсан тусгай журам хүртэл байдаг. Долоо хоног бүрийн тогтсон өдрүүдэд дахивар хаягдал цуглуулах хог тээврийн машинууд айлуудаар явж, Улаанбаатар хот маань тун удахгүй хогны асуудлаас ангижрах боломжтой болоод байна. Гагцхүү иргэд та бидний идэвх оролцоо хамгийн чухал юм шүү. Тухайлбал, хог хаягдлын төрлөөс шалтгаалан өнгө өнгийн хогийн саванд ялгаж, доорх хуваарийн дагуу тээвэрлэлт хийдэг болох гэж буйг доорх жишээгээр харуулъя.

Сая долларын эргэлзээ 

Хүнсний хог хаягдлаа ангилж, ялгалаа гээд түүнийг цуглуулах цэг, боловсруулах үйлдвэр байхгүй шүү дээ?

Хогоо ангилж ялгалаа гээд түүнийг боловсруулах цэг, үйлдвэргүй байсан үе саяхан. Тэгвэл сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар хүнсний хог хаягдлаа дахин боловсруулж, бордоо хийх арга технологийг нэвтрүүлэх болсон. Чийгийн улаан хорхой ашиглаж, гэрийн нөхцөлд бордоо хийдэг айл өрхүүд цөөнгүй бий.

Байгууллагын хэмжээнд гэвэл Азийн сангаас ЕБС-иуд дээр хог хаягдлыг боловсруулах туршилтуудыг хэрэгжүүлэх болсон билээ. Мөн "Оюу толгой", "Гацуурт" зэрэг томоохон компаниуд хүнсний хог хаягдлаа органик хаягдалтай хольж, хөрс овоолгын аргаар бордоо хийдэг болоод байна.

Мөн хүнсний хаягдлыг дахин боловсруулж, бордоо хийх технологийг илүү өргөн цар хүрээнд нэвтрүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэгэн шинэ төсөл эхэлсэн нь “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” юм. Уг төслийг "Ядуурлыг бууруулах Японы сан"-гийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк санхүүжүүлж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2024 он хүртэл хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд хүнсний хог хаягдлын тухай нарийвчилсан судалгаа хийж, байгаль орчин, цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хийхээс гадна хүнсний хаягдлаар бордоо хийх туршилтыг гурван түвшинд иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн 3 түвшин

Ирээдүйгээс ирсэн захидал 

Хоолоо хандивлах нь

Дани улс 2012 оноос хойш хүнсний хог хаягдлыг бууруулах зорилготой шат дараалсан олон ажил, кампанит ажил өрнүүлсээр таван жилийн дотор хүнсний хог хаягдлаа 25 хувиар бууруулан, хэрэглээ өндөртэй Европын орнуудад үлгэр жишээ болсон юм. Энэ хүрээнд тэд 2017 онд нийслэл Копенхагендаа илүүдэл хоол хүнсийг хямд үнээр худалдаалах эсвэл хандивлах зорилготой “Wefood” супермаркет байгуулсан билээ. Энэхүү супермаркетыг нээснээр жилд 700 мянган тонн хүнсийг хог хаягдал болгохоос сэргийлэх боломжтой. Супермаркет, ресторануудад илүү гарсан хоол, хүнсний үлдэгдлийг буяны газарт хандивлах, амьтны тэжээл, бордоо болгоход ашиглах зэргээр дахин боловсруулж байгаа аж.

Love Food, Hate Waste

Франц улс 2015 онд дэлхийд анх удаа илүүдэл хоол, хүнсээ хандивлахгүйгээр хог хаягдал болгосон супермаркетуудад хариуцлага тооцож, шийтгэл ногдуулах тухай хуулийг албан ёсоор баталсан билээ. Түүнчлэн Их Британид “Love Food, Hate Waste” хэмээх компанит ажил өрнүүлснээр хүнсний хаягдлаа 21 хувиар бууруулж чадсан түүхтэй.

Хаяад л байвал торгоод л байхаас
Харин АНУ-д Техас муж ресторан, дэлгүүрийг хүнсний илүүдэл хог хаягдал гаргахгүйгээр хандивлах, бордоо болгох, фермерүүдэд өгөх зэргээр дахин боловсруулахыг шаардаж, хуульчилж өгсөн төдийгүй 100-2000 мянган ам.доллар хүртэлх мөнгөн торгууль ногдуулдаг байна.

Таны мэдээгүй сонирхолтой баримт 

Хөгжингүй орнуудад хамгийн их хаягддаг таван хүнсний тоонд талх, сүү, төмс, бяслаг, алим ордог бол хөгжиж буй болон буурай орнууд хүнсний тээвэрлэлт, хадгалалтын горим хангаж чадаагүйгээс хүнсийг муутгаж, хаях тохиолдол түгээмэл байна.

Тухайлбал, манай улсын хувьд хүнсний голлох бүтээгдэхүүн болох хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа нь хэрэглэгчдийн гар дээр иртлээ тээвэрлэлт, хадгалалт, ялгалт, хүргэлтийн явцад 22-35 хувийн хаягдлыг бий болгодог. Хоолны ширээний үлдэгдэл, идээгүй хүнсийг тооцож үзвэл үр тариа, жимс зэрэг хүнсний 45 хувь нь хог хаягдал болж байна гэж үзэж болох юм.

Өдгөө Австрали улсын иргэн бүр жилд 361 кг хүнсний хаягдал бий болгодгоороо дэлхийд хамгийн цамаанд тооцогдож байна. Харин БНХАУ болон Грек улсын нэг хүн жилд 44 кг хүнсний хаягдал үүсгэдгээрээ хамгийн бага үзүүлэлттэй нь аж.