Samsung жилдээ хоёр удаа бүтээгдэхүүн танилцуулах Unpacked арга хэмжээгээ зохион байгуулдаг. Тэд өвөл S цувралын сүүлийн загваруудаа, харин зун нь эвхэгддэг дэлгэцтэй гар утасны шинэ хувилбаруудаа ил болгодог уламжлалтай. Энэ удаагийн Unpacked арга хэмжээ хэдхэн цагийн өмнө Лондонд болж Galaxy Z Fold 8, Galaxy Z Flip 8, Samsung watch 9 болон анхны ухаалаг шил мөн зээлийн картаа танилцууллаа.

SAMSUNG INTELLIGENT EYEWEAR

Энэ жилийн зуны Unpacked-ийн гол дүр маргаангүй шинэ ухаалаг шил байлаа. Өнгөрсөн хавар Google өөрсдийн хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ дээрээ Samsung-тай хамтарч ухаалаг шил бүтээж буйгаа зарласан билээ. Тэд нүдний шилний томоохон брендүүд болох Warby Parker болон Gentle Monster-той хамтарч байгаа юм.

Өндөр хүлээлт дагуулсан уг бүтээгдэхүүний шинэ мэдээллүүдийг ил болголоо. Юун түрүүнд маш хөнгөн, нимгэн болсон гэдгийг онцлов. Мөн энгийн нүдний шилнээс хэд дахин бат бөх болсон байна. Энэ бол ухаалаг шилийг өргөн нэвтрүүлэхэд хамгийн чухалд тооцогдож буй үзүүлэлтүүд юм.

Warby Parker-тай хамтарсан загвар өдөр тутмын энгийн хэв маягтай байх бол Gentle Monster-той хамтарсан хувилбар илүү дэгжин, загварлаг байх гэнэ.

Технологийн хувьд камер болон микрофон, чанга яригчтай байна. Одоогоор дэлгэцгүй хувилбарыг худалдаанд гаргах юм. Дэлгэцтэй хувилбарууд нь ирэх жил гарч магадгүй байна.

Хамгийн гол онцлог нь Google-ийн Gemini хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем байх бөгөөд автомат орчуулга, асуултад хариулах, хэрэглэгчийн харж буй зүйлийг тэмдэглэх, байршил олох мөн Galaxy Watch 9-ийг ашиглан дохио зангаагаар удирдаж болдог байна. Энэ намраас эхлэн борлуулагдаж эхэлнэ. Одоогоор үнийн тодорхой мэдээлэл байхгүй байна.


Galaxy Z Fold 8

Samsung 8 дугаар үеийн эвхэгддэг дэлгэцтэй гар утсандаа дизайны томоохон шинэчлэлт хийлээ. Өмнөхтэйгөө харьцуулахад илүү өргөн болсон бөгөөд урт нь бага зэргийн багасжээ. 4:3 харьцаатай энэхүү хувилбар нь авч явахад илүү эвтэйхэн болсон харагдана. Товчхондоо бол жижиг тэмдэглэлийн дэвтэр эсвэл гадаад паспорт шиг хэмжээтэй болсон байна. Мөн хамгийн хөнгөн Fold цувралын загвар болжээ. Жин нь ердөө 201 грамм бөгөөд зузаан нь дэлгэсэн үед 4.5мм бол эвхэгдсэн үед 9.7мм.


Харин гадна дэлгэц 5.5 инч, доторх том дэлгэц нь 7.6 инчийн хэмжээтэй. Тод харагдах байдал нь 3,000 nits бөгөөд нарны гэрэлд дэлгэцийн гялбааг 50% бууруулах "anti-reflective" бүрхүүлтэй. Харин батарей нь 4,800mAh ба түргэн цэнэглэгчээр 30 минутад тэгээс 63% хүртэл цэнэглэх боломжтой. Мөн 26 цагийн турш тасралтгүй бичлэг үзэх хүчин чадалтай.

Камерын хувьд 50MP үндсэн болон Ultrawide 50MP гэсэн хоёр камераар тоноглогджээ. Процессорт нь Qualcomm-ийн Snapdragon 8 Elite Gen 5-ийг ашигласан байна.

Өнгөний сонголт: Lavender, Graphite, Cream, Pistachio
Үнэ: $1,899

Galaxy Z Fold 8 Ultra

Samsung анх удаа эвхэгддэг дэлгэцтэй гар утасныхаа хамгийн хүчирхэг хувилбарыг Ultra нэрийн дор танилцууллаа. Galaxy Z Fold 8 Ultra хувилбарыг илүү бат бөх, илүү хөнгөн болгохын тулд титан материал болон Flex Titanium технологийг ашиглажээ.

Батарейны хувьд 5000 mAh бөгөөд 27 цаг тасралтгүй бичлэг үзэх хүчин чадалтай. Ингэснээр Sasmsung-ийн хамгийн хүчирхэг батарейтай гар утас болжээ. Мөн түргэн цэнэглэгчээр 30 минутын дотор 67 хувь хүртэл цэнэглэх боломжтой.


Үүнээс гадна гэрэл багатай орчинд болон шөнийн зураг дарах горим нь илүү сайжирч нарийн деталуудыг ч алдалгүй дардаг болжээ. Харин процессорын хувьд Snapdragon Gen 5 Elite 8 чипээр тоноглогдсон байна. Эдгээрээс гадна Google-ийн Gemini Notebook-ийг ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой болсон байна.

Өнгөний сонголт: Cream, Green Shadow
Үнэ: $2,099

Galaxy Z Flip 8

Galaxy Z Flip 8 загвар мөн өөрийн цувралдаа хамгийн хөнгөн нь болжээ. Ердөө 180 грамм бөгөөд зузаан нь дэлгэсэн үедээ 6.1 мм. Өмнөх хувилбар болох Galaxy Z Flip 7 нь 6.8 мм-ийн зузаантай байсан юм.

Уг загварыг танилцуулахдаа хүүхэд, залуучуудын хамгийн хайртай баатруудын нэг болох Spiderman-тэй хамтарсан нь онцгой байлаа. Танилцуулгын үеэр хүн аалз гарч ирсэн нь арга хэмжээг бүр ч сонирхолтой болгов.

Өнгөний сонголт: Bleach Pink, Graphite, Cream, Mint
Үнэ: $1,199

Samsung Galaxy Card

Шинэ төхөөрөмжүүдээс гадна Samsung Galaxy Card нэртэй зээлийн карт танилцуулсан нь гэнэтийн бэлэг байлаа. Тус компани Barclays US Consumer Bank болон Visa-тай хамтран уг бүтээгдэхүүнээ хөгжүүлжээ. Картын хэрэглэгчид төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд картаа ашиглан Samsung-ийн албан ёсны веб хуудсаас худалдан авалт хийсэн тохиолдолд 5%-ийн буцаан олголт авах аж.

Мөн Netflix, Disney+, Spotify зэрэг стриминг үйлчилгээнүүдээс 2%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнээс гадна Samsung Wallet тогтвортой криптовалют буюу стэйблкойныг дэмждэг болсон нь онцгой мэдээ байв. Энэ нь Samsung-ийг шинэ инновацыг зоригтойгоор нэвтрүүлж чаддагийн ээлжит нотолгоо болов. Учир нь стэйблкойныг томоохон төлбөр тооцооны системүүд хараахан дэмждэг болоогүй байна.

Samsung Wallet Монголд

Samsung-ийн олон улсын бүтээгдэхүүн танилцуулах эвенттэй зэрэцэн тус компанийн төлбөр тооцооны шийдэл болох Samsung Wallet Монгол Улсад албан ёсоор нэвтэрлээ. Ингэснээр Голомт банкны Visa болон UnionPay-ийн карт эзэмшигчид Samsung-ийн ухаалаг гар утас, ухаалаг цагаа ашиглан төлбөр тооцоогоо илүү хялбар, илүү найдвартайгаар хийх боломжтой боллоо.

Samsung Wallet нэвтэрснээр хэрэглэгчдийн төлбөр төлөх үеийн аюулгүй байдал илүү баталгаат бөгөөд хялбар болно. Мөн NFC технологи дэмждэг бүх төрлийн ПОС төхөөрөмж болон онлайн мерчант дээр хэдхэн хормын дотор тооцоо хийх үүд хаалга ийн нээгдэж байна.

Samsung watch 9

Зуны Unpacked дээр ухаалаг цагны шинэ загварууд мөн танилцуулагддаг уламжлалтай. Энэ удаад дизайнд томоохон өөрчлөлт ороогүй ч хэрэглэгчийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг илүү өндөр нарийвчлалтай хэмждэг болжээ. Хэмжээний хувьд 40мм болон 44мм гэсэн хоёр хувилбартай бол Graphite, Cream гэж нэрлэсэн хоёр өнгөний сонголттой.

Мөн Samsung Watch 9-ийн оосор дахь мэдрэгчийн хэмжих нарийвчлалыг сайжруулахын тулд бугуйнд илүү наалддаг байхаар дизайныг нь бүтээжээ. Иймд өмнөх хувилбаруудынх нь оосор шинэ загварт таарахгүй гэсэн үг юм.

Хүчин чадлын хувьд Qualcomm-ийн Snapdragon Wear Elite чипээр тоноглогджээ. Уг процессорын тусламжтайгаар Gemini AI-ийг илүү хурдан хугацаанд ажлуулах боломжтой болсон байна. Мөн нэг цэнэглэлтээр 30–40 цаг ажиллах хүчин чадалтай.

Үйлдлийн систем талаасаа хиймэл оюунд суурилсан хэд хэдэн чухал функцүүд нэмэгдлээ. Хиймэл оюуныг идэвхжүүлэх ямар нэг үг хэлэхгүйгээр шууд Gemini AI-ийг ажлуулах боломжтой болсон байна. Мөн биеийн бүтэц, уян хатан байдал, булчингийн хүч, зүрхний ачааллыг хэмжиж хэрэглэгчид тохирсон бэлтгэлийн төлөвлөгөөг хүртэл гаргаж өгдөг болов.

Өнгөний сонголт: Graphite, Cream
Үнэ: 40мм, $379

Samsung Watch Ultra 2

Samsung энэ удаад хамгийн бат бөх ухаалаг цагныхаа шинэ загварыг танилцуулав. Илүү удаан хугацаанд цэнгээ барих хүчин чадал, илүү тод харагдах дэлгэц болон аялалд зориулсан тусгай функцүүдээр цэнэглэгджээ.

1.52 инчийн Sapphire Crystal дэлгэцтэй бөгөөд тод харагдах байдал нь 5,000 nits. Титан корпус болон уламжлалт Squircle дизайнтай. Оосор нь илүү нимгэн, агаар нэвтрүүлдэг болсноор бугуйнд илүү наалдаж, бугуйнаасаа авалгүй унтахад хүртэл биед эвтэйхэн болжээ. Батарей нь 800mAh-ийн чадалтай бөгөөд 60 цаг хүртэл цэнгээ барих боломжтой.

Үнэ: $699