Уншигч та “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ын тухай дор хаяж нэг удаа сонсож байсан биз ээ. Товчхондоо энэ бол хүн төрөлхтөн эх дэлхийд эн зэрэгцэн амьдрахдаа байгаль орчин болон бие биедээ ээлтэй амьдрах тухай асуудал билээ. Гэвч үүнийг хувь хүн биелүүлэхэд ярвигтай, улс орнуудын хэмжээнд л гүйцэлдүүлэх учиртай хэмээн эндүү бодох нь бий.
Угтаа эдгээр зорилтыг ханган аж төрөх нь том өөрчлөлтөөс эхлэх албагүй бөгөөд энэ удаагийн нийтлэлдээ Төрийн банктай хамтран өдөр тутмын дадал, энгийн үйлдэлд хөтлөх таван зөвлөгөөг хүргэж байна. Тогтвортой амьдрал бол бүх зүйлийг төгс хийх тухай бус, харин өөрийн боломж бололцоонд тулгуурлан илүү ухаалаг сонголт хийх тухай ажээ.
НЭГ УДААГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭГМӨСӨН ХАЛАХ

Хуванцрын хэрэглээнээс татгалзах тухай хүн бүр ярьсаар хэтэрхий улиг болсон байж мэдэх юм. Гэхдээ жил бүр далай тэнгист 8 сая тонн хуванцар хаягдаж буй бөгөөд 2050 он гэхэд далай дахь загаснаас ч их хуванцар бий болох магадлалтай гэж НҮБ-аас анхааруулжээ. Энэ тоон баримт хэт холын, үүнд би ямар нөлөө үзүүлж чадна гэж бодогдож байвал түр азнаад өдөр тутмын гялгар уутны хэрэглээгээ бодоод үзээрэй.
Нэг удаагийн гялгар уут дунджаар 12-15 минут л ашиглагддаг атлаа байгальд задрах гэж 500 хүртэлх жилийг зарцуулдаг байна. Үүний зэрэгцээ хуванцар нь бүрэн био задралд орохын оронд нарны гэрлийн нөлөөгөөр микропластик хэмээх жижиг, хортой хэсгүүдэд хуваагддаг бөгөөд дэлхийн хэмжээнд нийт хуванцар бүтээгдэхүүний ердөө 9 хувь нь л дахин боловсруулагддаг аж. Харин та үүний оронд даавуун уут болон олон удаа ашиглах усны сав хэрэглэснээр жилд дунджаар 170 гаруй хуванцар савны хог хаягдлаас сэргийлж чадна.
ХҮНСНИЙ ХАЯГДАЛД ХЯНАМГАЙ ХАНДАХ

Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн нийт хүнсний гуравны нэг буюу ойролцоогоор 1.3 тэрбум тонн хоол хүнс жил бүр хог дээр хаягддаг байна. Хамгийн гол нь эдгээр хүнсний хаягдал нь жилд 3.3 тэрбум тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгаруулж байгаа нь байгаль орчинд хэр их хохирол учруулж буйг илтгэнэ. Зөвхөн эх дэлхийд үзүүлэх нөлөөнөөс гадна хүнсний хаягдал нь хүнс үйлдвэрлэгчдэд жил бүр ойролцоогоор 750 тэрбум ам.долларын хохирол учруулдгийн сацуу дэлхий дээр өдөр бүр 870 сая хүн хоол хүнсгүйн улмаас өлсөж байгаа нь сэтгэл өвтгөм тоо юм. Тэгвэл бид өдөр тутамдаа юу хийж чадах вэ?
Тун энгийн. Та хүнсээ цуглуулахаас өмнө жагсаалт гаргаж тооцоолсноо л худалдан авахыг эрмэлзээрэй. Хэрэв үлдэгдэл хүнс гарвал тэдгээрийг бордоо болгож, шинэ хүнс бүрэлдэн тогтоход зориулж болно.
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ БИЕТЭЭР БУС ЦАХИМААР АВАХ

Банкны апп ашиглах нь цаг хугацаа хэмнэхээс гадна байгаль орчинд асар их өөрчлөлт авчирдаг. Судалгаагаар цаасан баримт нь байгаль орчинд үлэмж хэмжээний нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэг ба нэг ширхэг ердийн цаасан баримт нь үйлдвэрлэгдсэнээсээ хойш устаж үгүй болох хүртлээ дунджаар 2.5 грамм нүүрстөрөгч ялгаруулдаг байна.
Түүгээр ч зогсохгүй зөвхөн АНУ-д л гэхэд жил бүр төлбөрийн баримтын цаас үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 10 сая модыг огтолдог. Энэхүү үйлдвэрлэлийн явцад 946 сая литр газрын тос, 3.7 тэрбум литр ус зарцуулагддагийн зэрэгцээ 136 мянган тонн хог хаягдал гардаг ажээ. Хамгийн харамсалтай нь, ихэнх төлбөрийн баримт хэвлэгдсэнээсээ хойш ердөө дөрвөн минутын дотор хогийн сав руу шидэгддэг байна.
Харин үүний эсрэг та юу хийж чадах вэ гэвэл, өөрийн үйлчлүүлдэг банкны цахим үйлчилгээг сонгох хэрэгтэй. Энэ үйлдэл нь зөвхөн мод тайрагдахаас сэргийлэхээс гадна биеэр очиж үйлчлүүлэхэд гарч болох замын түгжрэлд зарцуулах шатахууныг хэмнэх, агаар дахь CO2 ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ

Гэр орон, ажлын орчныхоо гэрэлтүүлгийг LED гэрлээр солих нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй хэмнэлт юм. LED чийдэн нь ердийн гэрлээс 75-80 хувь бага эрчим хүч зарцуулдаг бөгөөд 25 дахин удаан ажиллах чадвартай байдаг. Жишээлбэл, ердийн 60 ваттын улайсдаг чийдэнг ердөө 8-12 ваттын LED-ээр орлуулах боломжтой бөгөөд энэ нь нэг чийдэн тутамд гарах сарын цахилгааны зардлыг үлэмж хэмжээгээр бууруулна.
Багахан тооцоолол хийж үзвэл, нэг айл өрхөд дунджаар 10-15 гэрэл чийдэн суурилагдлаа гэж бодоход бүх гэрлээ LED болгосноор жилд дунджаар 150,000-аас 300,000 төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой.
УСНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ УРЬТАЛ БОЛГОХ

Усаа хэмнэж, зохистой хэмжээгээр ашиглах тухай хүн бүр ярьдаг ч бодит амьдрал дээр өдөр тутмын хэмнэлт төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж андуурах нь бий. Тэгвэл Дэлхийн нийт усны ердөө нэгээс бага хувь нь ундны зориулалтаар ашиглагдах боломжтой бөгөөд хэрэв бид жижиг үйлдлүүд дээрээ ч усаа хэмнэхгүй бол 2030 он гэхэд дэлхийн цэвэр усны эрэлт нийлүүлэлтээсээ 40 хувиар давна гэсэн тооцоолол гарчээ.
Бид өдөр тутам хэр хэмжээний усыг хий дэмий үрж байгаа вэ?
- Зөвхөн АНУ-д л гэхэд дусдаг крант болон цоорсон шугам хоолойнуудаас болж жилд бараг 3.4 их наяд литр ус үргүй урсдаг. Энэ нь 11 сая өрхийн жилийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний ус юм.
- Шүдээ угаах явцдаа крантаа нээлттэй орхих нь өдөрт 30 литр, сахлаа хусахдаа усаа урсгах нь нэг удаад 38 литр ус үргүй зарцуулахад хүргэдэг.
- Цэцэрлэг, зүлэг усалгаанд зарцуулж буй усны 50 гаруй хувь нь хэтрүүлэн услах, уурших эсвэл урсаж алдагдах зэргээр цэвэр ус дэмий үрэгддэг.
- Нийт цэвэр ундны усны 25 гаруй хувийг зөвхөн суултуурын ус татахад зарцуулдаг.
Тэгвэл бид юу хийж чадах вэ? Судалгаагаар ус хэмнэгч төхөөрөмжүүдийг суурилуулснаар тухайн төхөөрөмжийн төрөл болон одоогийн хэрэглээний хэв маягаас хамааран ахуйн болон гадна талбайн усны хэрэглээг 30-50 хувиар бууруулах боломжтой ажээ.


