Өдгөө "ногоон" гэх тодотгол зөвхөн байгаль орчныг хамгаалах тухай ойлголт байхаа больж, бидний амьдралын чанар, санхүүгийн тогтвортой байдлын гол хэмжүүр болон хувирч байна. Товчхондоо, "ногоон" байх нь зөвхөн уриа төдий биш, эдийн засгийн үр ашигтай сонголт болон төлөвшиж буй. Гагцхүү уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний зардал нэмэгдэж байгаа энэ үед ногоон зээл нь ирээдүйдээ оруулж буй хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм. 

Тиймээс Төрийн банктай хамтран хүргэж буй цуврал нийтлэлийнхээ энэ дугаарт “Ногоон зээл” нь хэний амьдралд бодит өөрчлөлт авчирч, ямар боломжуудыг нээж буй талаар сонирхолтой түүхүүд бэлдлээ.

Ногоон зээл гэдэг нь тухайн санхүүжилтийг зөвхөн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төслүүдэд зориулах нөхцөлтэйгээр олгодог санхүүгийн хэрэгсэл юм.

Дэлхийн банк


НОГООН ЗЭЭЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Bloomberg NEF-ийн тайланд дурдсанаар, 2025 оны гуравдугаар улирлын эцэс гэхэд цэвэр эрчим хүч, батарей хуримтлуур, тогтвортой тээвэр болон холбогдох технологиудад 56 тэрбум доллароос давсан хөрөнгө оруулалт хийгджээ. Энэхүү өсөлт нь хөрөнгө оруулагчдын дунд нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих нь боломжтой гэхээс илүүтэй ашигтай гэсэн итгэл үнэмшил гүнзгийрснийг илтгэж буй.

Мөн Deloitte-ийн мэдээлснээр, 2025 оны есдүгээр сар хүртэл АНУ-ын эрчим хүчний шинэ хүчин чадлын 93%-ийг (30.2 гигаватт) сэргээгдэх эрчим хүч бүрдүүлсэн бөгөөд үүний 83%-ийг нарны эрчим хүч болон хуримтлуур эзэлж байгаа юм. Энэ нь ногоон хөрөнгө оруулалт зөвхөн үзэл баримтлал бус, эдийн засгийн бодит гүйцэтгэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйл болсныг баталж байна.

НОГООН ЗЭЭЛ ХЭНИЙ АМЬДРАЛД БОДИТ ӨӨРЧЛӨЛТ АВЧРАВ?

$1.47 их наядын үнэлгээтэй Тесла

Тесла бол ногоон санхүүжилт болон тогтвортой хөрөнгө оруулалт нь зөвхөн байгаль орчинд ээлтэй байгаад зогсохгүй, технологийн инновац, ашигт ажиллагааг хэрхэн дээд цэгт нь хүргэж болдгийн бодит жишээ юм. Тодруулбал, тэдний амжилт төр болон хувийн хэвшлийн ногоон санхүүжилтийн ухаалаг хослолоос эхтэй. 2010 онд АНУ-ын Эрчим хүчний яамнаас олгосон 465 сая долларын хөнгөлөлттэй зээл нь Model S загварыг үйлдвэрлэх, хөл дээрээ босох гол хөшүүрэг болжээ. Сонирхуулахад, тус зээлийн төлөлтийг хугацаанаас нь 9 жилийн өмнө буюу 2013 онд бүрэн төлж барагдуулсан байдаг.

Мөн тэд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг учраас өөрт үүссэн "нүүрстөрөгчийн кредит"-ээ уламжлалт авто үйлдвэрлэгчдэд худалддаг байна. Өөрөөр хэлбэл, тэд байгаль орчныг бохирдуулахгүй байгаагийнхаа төлөө авсан карбон кредитээ илүү их утаа гаргадаг бусад компанид зарж, нэмэлт ашиг олдог гэсэн үг юм. Уг борлуулалтаас 2009 оноос хойш нийт 11 тэрбум гаруй долларын цэвэр ашиг олсон байх жишээтэй. Энэ бол ногоон зээлийг зөвхөн өр биш, харин технологийн давуу тал болон санхүүгийн асар том боломж болгон хувиргаж чадсаны сонгодог баталгаа юм.



Малтмал түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжсэн Orsted

DONG Energy хэмээх нэртэй байсан Данийн төрийн өмчит компани урьд нь нүүрс, газрын тос, байгалийн хийн олборлолтоор мэргэшсэн "хар" салбарын тоглогч байв. Гэвч тэд 2009 онд стратегийн зоригтой шийдвэр гаргаж, ногоон санхүүжилтийн тусламжтайгаар бизнесээ бүрэн шинэчилсэн юм. Өөрөөр хэлбэл, тэд ногоон зээлийн санхүүжилтээр малтмал түлшний аварга компаниас далайн салхины эрчим хүчний салбарт тэргүүлэгч болон өөрчлөгдөж чаджээ. Тухайн үед тэдний авсан хамгийн том "ногоон" дэмжлэг бол Европын Хөрөнгө Оруулалтын Банкнаас олгосон урт хугацааны зээлүүд байлаа.

2009 онд албан ёсоор эхлүүлсэн 85/15 стратеги нь тус компанийн дулаан болон цахилгаан үйлдвэрлэлийн бүтцийг 2040 он гэхэд 85%-ийн хатуу түлш, 15%-ийн сэргээгдэх эрчим хүч гэсэн харьцаанаас эсрэгээр нь буюу 85%-ийн сэргээгдэх эрчим хүч, 15%-ийн хатуу түлш болгон өөрчлөх зорилготой байв. Өдгөө Orsted нь далайн салхины эрчим хүчний салбарт дэлхийн зах зээлийн 25%-ийг дангаар эзэмшиж, дэлхийн хамгийн тогтвортой компаниудын жагсаалтыг удаа дараа тэргүүлж байна.


Хэрэв та ч бас эдгээр амжилтын түүхийн нэгэн адил ирээдүйдээ ухаалаг хөрөнгө оруулалт хийж, амьдралын чанараа сайжруулахыг хүсвэл өөрийн хэрэгцээнд нийцсэн Төрийн банкны ногоон зээлүүдтэй ЭНД дарж танилцаарай.



Тариалалтыг технологижуулсан DeHaat

Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбарт хиймэл оюун болон ногоон санхүүжилтийг хослуулан дижитал хувьсгал хийж буй компани бол DeHaat юм. Тэд уламжлалт арга барилыг Precision Agriculture буюу Нарийвчлалтай хөдөө аж ахуй руу шилжүүлснээр жирийн тариаланчдын амьдралыг үндсээр нь өөрчилж байна. Тодруулбал, хиймэл оюунд суурилсан зөвлөх системийг ашиглан 1.8 сая гаруй жижиг тариаланчдад зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлэхэд нь тусалж буй.

DeHaat анхны хөрөнгө оруулалтаа "Impact Investors" буюу нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилготой сангуудаас авч байжээ. Өөрөөр хэлбэл, тэд анх "Ногоон зээл" авахын тулд хиймэл оюун ашиглан "Бид химийн бордоог ингэж бууруулж, ус хэмнэж байна" гэдэг дата баримтаа үзүүлсэн ба энэ дата нь олон улсын ESG сангуудаас хямд эх үүсвэртэй санхүүжилт авах гол арга болжээ.

Сонирхуулахад, тус платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан зөвлөгөө болон зах зээлийн шууд холболтоор дамжуулан тариаланчдын орлогыг дунджаар 31 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй, үр, бордоо зэрэг нэн шаардлагатай түүхий эдийн зардлыг 10-15 хувиар хэмнэх боломжийг олгожээ. Тэдний жишээ ногоон зээл нь байгаль орчин болон эдийн засгийн тогтвортой байдлыг хоёуланг нь дэмжиж чаддаг гэдгийг харуулж буй.



Ногоон зээлээр боссон ухаалаг оффис The Edge

Амстердам хотноо орших "The Edge" барилга нь олон улсын BREEAM үнэлгээгээр 100-аас 98.36 оноо авч, дэлхийн хамгийн тогтвортой оффисоор тодорсон юм. Энэхүү төсөл нь ногоон зээл болон тогтвортой санхүүжилт үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн экспоненциал хурдаар өсгөж болдгийн бодит жишээ. Төслийн хөрөнгө оруулагч "OVG Real Estate" компани Европын томоохон банкуудаас ногоон зээл авснаар барилгын ажлыг санхүүжүүлсэн бөгөөд ингэхдээ эрчим хүчний хэмнэлтийн хамгийн өндөр стандартыг мөрдөх амлалт өгч байв.

"The Edge" нь дээвэр болон урд талын хананд байрлуулсан нарны хавтангууд нь дотоод хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй, илүүдсэн эрчим хүчээ төвийн шугаманд нийлүүлж ашиг олдог аж. Түүнчлэн барилгын дотор байрлах 28,000 гаруй ухаалаг мэдрэгч (IoT) нь хүний хөдөлгөөнийг мэдэрч, гэрэл болон дулааныг зөвхөн шаардлагатай хэсэгт автоматаар тохируулснаар эрчим хүчний хэрэглээг ердийн оффистой харьцуулахад 70%-иар бууруулжээ. Гэрэлтүүлгийн хувьд Philips-ийн бүтээсэн, интернэт кабелиар ажилладаг "Power-over-Ethernet" LED системийг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн нь эрчим хүч хэмнэхээс гадна барилгын ашиглалтын өгөгдлийг нарийвчлан цуглуулах боломжийг олгосон байна.



Ногоон санхүүжилтийн эдгээр бодит кейсүүд нь тогтвортой хөрөнгө оруулалт ямар их нөөц бололцоотойг тод томруун харуулж байна. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашинаас эхлээд хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, нөлөөллийн хөрөнгө оруулалт хүртэлх эдгээр жишээнүүд нь бизнесийн ашиг сонирхол ба байгаль орчныг хамгаалах үйлс зэрэгцэн оршиж болохыг баталж буй. Мэдээж үүнд ногоон зээл чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд цаашид ч хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг цогцлооход гол хөдөлгүүр нь байх биз ээ.