Хүн төрөлхтний түүхэн дэх аж үйлдвэрийн хувьсгалууд байгаль дэлхийдээ ямагт ямар нэг “ул мөр” үлдээсээр иржээ. Харин 21-р зууны хамгийн том хувьсгал болох дижитал шилжилт энэ зүй тогтлыг арай өөр болгож буй. Асар том дата төвүүд, эрчим хүчний хэрэглээ, электрон хог хаягдал зэрэг нь байгальд ээлгүй нь үнэн боловч нөгөөтээгүүр үүсгэсэн хог хаягдлаа үнэмлэхүй бууруулах хүч технологид өөрт нь бий.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын судалгаагаар, дижитал технологиуд 2050 он гэхэд дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлыг 20 хүртэлх хувиар бууруулах хүчин чадалтай. Энэ нь сүүлийн үед гараад буй twin transition гэх ойлголтын эх нь буюу дижитал болон ногоон шилжилт нь нэг зоосны хоёр тал болж буй явдал. Энэ удаагийн нийтлэлээрээ Монголд энэ хэрхэн хэрэгжиж буйг Юнител группийн тогтвортой хөгжлийн тайлангаас онцлох жишээнүүдийн хамтаар тайлбарлая.
1. Шилэн кабелийг шинэчлэх нь

Орц болгоны хананд интернэтийн утас салаалсан төмөр хайрцаг байдаг даа? Үүнийг FTTB технологи гэх бөгөөд өндөр хурдны шилэн кабель тэр хайрцагт хүрээд зогсдог аж. Тухайн хайрцагт шилэн кабелийг хүлээж аваад, айл бүр рүү салгаж түгээдэг хуваарилагч төхөөрөмж байдаг бөгөөд энэ нь тогтмол ажиллаж байхын тулд эрчим хүч шаардаж байдаг. Мөн олон салаа зэс утас нь хэдхэн жилийн дараа муудаж, байгальд задардаггүй электрон хог хаягдал болж үлддэг сул талтай.
Харин FTTH технологи нь шилэн кабелийг шууд айл өрх рүү татах технологи бөгөөд байгальд хамгийн ээлтэй сонголт. Учир нь шилэн кабель нь мэдээлэл дамжуулах хязгааргүй шахуу багтаамжтай тул ирээдүйд интернэтийн хурд 10 дахин, бүр 100 дахин нэмэгдсэн ч айл өрхийн ханыг нь цоолж утас солих шаардлага гарахгүй.
Тус технологийг Монголд Юнител групп 2024 оноос туршиж эхэлсэн ба ирэх 10 жилийн хугацаанд шат дараатайгаар Улаанбаатар хот болон орон нутгийн бүх хэрэглэгчдэдээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр сүлжээний багтаамж эрс нэмэгдэж, интернэтийн хурдыг 1Gbps-ээс цаашид 50Gbps хүртэл нэмэгдүүлэх суурь тавигдах юм.
Тогтвортой хөгжилтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлт гоё ганган сонсогддог ч хуучин хаягдал ярианы гол сэдэв биш байдаг нь харамсалтай. Харин Юнител группийн хувьд өмнө нь ашиглагдаж байсан 8.9 тонн зэс болон зарим шилэн кабелийн хаягдлыг зөвшөөрөгдсөн технологийн дагуу бутлагч машинаар саармагжуулан, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар устгуулсныг дурдууштай.
2. Батарей ашиглалтын бүтээмжийг нэмэх нь

Хэрэв танаас сүүлийн 10 жилд хүн төрөлхтний дата хэрэглээ 15 дахин өссөн бол тэр их мэдээллийг тээвэрлэдэг дата төвүүдийн цахилгааны зардал хэд дахин өссөн бэ? гэж асуувал та хэд гэж хариулах вэ? 15 дахин, эсвэл бүр 20 дахин өссөн байх гэж таамаглах болов уу? Тэгвэл зөв хариулт нь ердөө зургаан хувиар өссөн гэвэл та итгэх үү? Ачаалал нь тэгж их өссөн хэр нь цахилгааны зардал төсөөлснөөс ч бага өссөн нь орчин үеийн тооцоолох төхөөрөмжүүдийн онцлогтой холбоотой. Өөрөөр хэлбэл дата төвүүд зөвхөн хэрэгтэй үедээ ажиллах тохиргоотой буюу орчныхоо температурт дасан зохицох байдлаар өөрийгөө автоматаар хөргөж асар их эрчим хүчийг дэмий үрэхээс сэргийлдэг.
Монголд энэ мэт ухаалаг менежмент арай ч нэвтэрч амжаагүй болов уу гэж таамаглаж суугаа бол Юнителийн жишээг дурдъя. Улс орон даяар тархан байрласан мянга мянган сүлжээний бааз станцуудыг тог тасарсан үед ч тасралтгүй ажиллуулахын тулд бид уламжлалт хар тугалга бүхий батарейг өргөнөөр ашигласаар ирсэн. Гэвч энэ төрлийн батарей нь байгальд халтай хүчил, хар тугалга агуулдгаас гадна ашиглалтын хугацаа богино байдаг. Иймд Юнител групп сүлжээнийхээ тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд илүү урт настай лити-ион батарей руу шилжжээ. Ингэснээр:
Хог хаягдал хоёр дахин буурав: Уламжлалт хар тугалга бүхий батарей дунджаар гурван жил тутамдаа нэг солих шаардлагатай байдаг бол лити-ион батарей нь долоон жилд нэг солих буюу хоёр дахин урт хугацаанд ашиглах боломжтой. Ингэснээр шинээр батарей үйлдвэрлэх, худалдан авах, солих давтамж багасч, үүсэх хог хаягдлын хэмжээг багасгадаг.
Нөөцийн оновчтой хэрэглээ: Уламжлалт батарейг лити-ион технологиор сольсноор нэг бааз станцад байрлах батарейны жин 52 хувиар, овор хэмжээ нь 23 хувиар багасав.
45 тонн хорт хаягдал: Юнителийн хувьд хуучин хар тугалга бүхий батарейг шууд устгалд оруулахын оронд дахин ашиглах боломжтой 830 ширхэг батарейг ялган авч ашиглалтын хугацааг нь дуустал ашигласан байна. Харин ашиглалтаас гарсан 45 тонн хар тугалга бүхий батарейг байгальд хор хөнөөлгүйгээр дахин боловсруулах эрх бүхий газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.
3. Нандин бүхнээ хамгаалж, ногоон хэрэглээг нэмэгдүүлэх нь

Сүүлийн хагас зуун жилд дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой 69%-иар багассан гэх сэтгэл сэртэс хийлгэм тоо баримт бий. Үүний гол буруутан нь бидний бүтээж буй зам, барилга, буюу “саарал” дэд бүтэц юм. Шинжлэх ухаанд үүнийг "habitat fragmentation" буюу амьдрах орчны хуваагдал гэж нэрлэдэг. Хүн төрөлхтний хөгжил цэцэглэл нэмэгдэхийн хэрээр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж байгаа үзэгдлийг ийн нэрлэдэг аж.
Харин орчин үед тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ байгалийг ашиглачхаад дараа нь нөхөн сэргээх үйл ажиллагаа хийгээд орхих бус байгальтай хорших боломжтой шийдлийг анхнаас нь хэрэгжүүлдэг болжээ. Үүний нэг сонирхолтой жишээ бол Юнителийн группийн барьсан шувууны үүр.
Тал хээрийн бүсэд махчин шувууд нь мэрэгчдийн тоо толгойг хянах замаар бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилтөөс сэргийлэх үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал судалгаагаар нэг махчин шувуу жилд 1,000-3,000 мэрэгчийг барьдаг нь байгаль өөрийгөө нөхөн төлжүүлж буй явдал гэнэ.
Юнител групп 2025 онд “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-тай хамтран хиймэл дагуулын зураглал ашиглан Төв аймгийн Эрдэнэсант суманд хиймэл шувууны үүрийг барьсан юм. Төслийн хүрээнд нийт 70 хиймэл үүрийг хооронд нь 1.5 км-ийн зайтай байрлуулжээ.
4. Дижитал орчинд дархлаатай иргэдийг бүтээх нь
Байгаль орчноос гадна тогтвортой хөгжлийн салшгүй нэг хэсэг нь нийгэм болон засаглал байдаг. Хэчнээн мундаг “ногоон” технологи бүтээлээ гээд түүнийг ашиглах хүртээмжтэй нийгэм, түүнийг ашиглаж чадах чадвартай хэрэглэгчид байхгүй бол утгагүй.
Өнөөдөр дэлхий даяар “digital divide” буюу технологийг ашиглаж чаддаг болон чаддаггүй хүмүүсийн хооронд асар том зааг үүсэж, энэ нь бүр ядуурлын шинэ хэлбэр болж хувирч буй. Тиймээс цахимжихын хэрээр нийгмээ соён гэгээрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг сахин хамгаалах нь технологийн компаниудын хариуцлага болж байна. Юнител групп үүнийг үе шаттай хэрэгжүүлж буйг тэдний хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдээс мэдэж болно.
Tech Journo Program

Технологийн хөгжлийг олон нийтэд үнэн зөв тайлбарлах элч нь сэтгүүлчид байдаг. Иймд тэднийг чадавхжуулах “Tech Journo” хөтөлбөрийг Юнител групп хэрэгжүүлж хиймэл оюун, кибер гэмт хэрэг зэрэг сэдвээр 20 гаруй мэргэжлийн нийтлэл, контент бэлтгэж, нийгмийн дижитал бичиг үсгийн боловсролыг соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Ингэхдээ нийт 60 сэтгүүлчдээс шилдэг 15 сэтгүүлчийг сонгон шалгаруулж, тогтвортой хөгжил, харилцаа холбоо зэрэг технологийн зургаан үндсэн сэдвээр гүнзгийрүүлэн чадавхжуулсан байна. Үүн дээр нэмээд сэтгүүлчдэд чанартай контент бэлтгэх арга зүйг олгохоор АНУ-ын "Rest of World" цахим сэтгүүлийн Өмнөд Азийн редактор Дурга М. Сенгуптагаас эхлээд Юнител группийн инженерүүд, бодлого боловсруулагчид, дата болон баримт шалгалт чиглэлийн мэргэжилтнүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Unitel STEAM HUB

Юнител групп нь Монгол Улсын хэмжээнд цахим ур чадварын ялгаатай байдлыг бууруулж боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Unitel STEAM HUB үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөр нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлагийн (STEAM) мэдлэгийг түгээж, ирээдүйн инженерчлэлийн ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг.
2025 онд хамгийн сүүлийн аймагтаа салбараа нээснээр Монгол орны 21 аймагт Unitel STEAM HUB-ыг байгуулж, хүүхэд бүрд байршил харгалзахгүйгээр технологитой танилцах тэгш боломжийг олгож байна. 2025 онд нийт 2,180 хүүхэд хөтөлбөрт хамрагдсан бөгөөд үүнээс 65 тусгай хэрэгцээт болон санхүүгийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Юнител групп үнэ төлбөргүй сургаж байна. Хүүхдүүд сар бүр 34 цагийг сургалтын танхимд компьютер болон технологи ашиглан цахим бичиг үсгийн боловсролоо дээшлүүлэхэд зарцуулдаг гэнэ.
Технологи хөгжихийн хэрээр бид байгалиас холдох бус, харин ч түүнтэй улам бүр нягт шүтэлцэн орших учиртайг харилцаа холбооны салбарт өрнөж буй эдгээр өөрчлөлтүүд харуулж буй. Технологийн дэвшил, байгаль орчны асуудал хоёр үргэлж зөрчилдөж ирсэн мэт санагддаг ч, өдгөө технологи өөрөө өмнөх үеийнхээ алдааг залруулж, эх дэлхийгээ анагааж чадахуйц хүчтэй болжээ. Тиймээс хувь хүн, байгууллага гэлтгүй хүн бүр технологийг ухаалгаар, хариуцлагатай жолоодож чадвал тогтвортой, ногоон ирээдүйг цогцлоох боломж бидний гарт бий.

Сэтгэгдэл бичих

