Ай Ти Зон компанийн зүгээс жил бүр зохион байгуулдаг Security Transformation Forum энэ жил 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн форум “Human + AI | Redefining Cybersecurity” сэдвийн дор болсон бөгөөд хүн ба хиймэл оюуны хамтын ажиллагаа, туршлага, шийдвэр гаргалт уялдаж байж дараагийн үеийн кибер хамгаалалт бүрэлдэнэ гэсэн үзэл санаан дор нэгдсэн юм.
Мөн арга хэмжээний үеэр дотоод болон гадаадын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд илтгэл тавьж, мэдлэг туршлагаа хуваалцахын зэрэгцээ практикт суурилсан тэмцээн, live demo, technology showcase, networking болон interactive activity зэрэг олон талт форматаар зохион байгуулагдсан нь энэ жилийн форумын онцлох давуу тал болж байлаа.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХИЙМЭЛ ОЮУН ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?
Хиймэл оюуны технологийн хөгжил “хурд” гэх ойлголтын утгыг алдагдуулж байна уу гэмээр олон өөрчлөлтийг асар богино хугацаанд авчирч байна. Өмнө нь нэг төслийг хагас жилийн хугацаанд хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр хиймэл оюуны тусламжтайгаар цөөн бүрэлдэхүүнтэй баг хэдхэн хоногийн дотор гүйцэтгэх боломжтой болжээ. Үүнээс гадна бодит үйлдэл гүйцэтгэх чадвартай AI агентууд нь цаг хугацаа хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дижитал орчныг улам эмзэг, хэврэг болгож буй юм.
AI агентын эрин улам хурдацтай хөгжихийн хэрээр команд өгч код бичүүлэх боломж түгээмэл болсон нь системд халдах эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Нөгөөтээгүүр хиймэл оюун хакеруудын халдлага хийх гол хэрэгсэл болоод байгаа юм. Тухайлбал, 2025-2026 онд AI ашигласан кибер халдлагын тоо 72 хувиар өссөн нь үүнийг илтгэнэ. Иймээс өнөө үед зөвхөн хиймэл оюуныг нэвтрүүлэх бус, системээ кибер халдлагаас хамгаалах нь байгууллагуудын хамгийн чухал зорилтын нэг болж байна.

АРГА ХЭМЖЭЭНЭЭС ОНЦЛОХ НЬ
Тус форумын үндсэн хэлэлцүүлгүүд нь салбарын экспертүүд болон шийдвэр гаргагчдын дунд өрнөж, орчин үеийн кибер аюулгүй байдлын хамгийн эгзэгтэй асуудлуудыг хөндөж байв. Тухайлбал, хиймэл оюунд суурилсан дараагийн үеийн хамгаалалт буюу AI-native security-ийн шинэ чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ цахим халдлагыг тэсвэрлэх, шуурхай нөхөн сэргээх чадвар болох Cyber resilience-ийн бодит кэйсүүд дээр туршлага хуваалцсан юм. Мөн “хэнд ч, юунд ч шууд итгэхгүй” зарчимд суурилсан Zero Trust хандлага, хэрэглэгчийн эрх болон таних тэмдэгтийн аюулгүй байдал, үүлэн технологид суурилсан аюул заналыг урьдчилан илрүүлэх Cloud & Threat Intelligence зэрэг сэдвүүд хэлэлцүүлгийн гол цөм болж байлаа.

Онцлох үйл ажиллагаанууд
Ultimate Fabric Challenge 2026: Монголын ТОП 50 байгууллагын 100 гаруй инженер мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний эхний шатнаас шалгарсан шилдэг 40 оролцогч техникийн шатанд бодит нөхцөлд асуудал шийдвэрлэх чадвараараа өрсөлдөн, шилдгүүдээ тодруулсан юм.

Live Demo & Technology Showcase: Үдээс хойших хөтөлбөрийн хүрээнд Ай Ти Зон компанийн инженерийн баг AI-д суурилсан шийдлүүд бодит кибер халдлагын нөхцөлд хэрхэн ажилладгийг шууд (live demo) хэлбэрээр танилцуулж, оролцогчдод технологийн дэвшил болон түүний бодит хэрэглээний боломжуудыг харууллаа.

Enterprise Solutions сэтгүүл: Ай Ти Зон компаниас эрхлэн гаргадаг IT салбарын цорын ганц кибер аюулгүй байдлын сэтгүүл болох “Enterprise Solutions”-ийн тусгай дугаарыг арга хэмжээний үеэр танилцуулсан юм. Тус дугаарт AI болон хамгаалалтын технологийн чиг хандлага, экспертүүдийн ярилцлага, байгууллагуудын туршлагыг багтаасан байна.

ДҮГНЭН ХЭЛЭХЭД
AI-ийн эрин үед кибер аюулгүй байдал нь зөвхөн IT багийн асуудал бус байгууллагын тасралтгүй ажиллагаа, итгэлцэл, стратегийн эрсдэлийн чухал хэсэг болж буйг форумын илтгэгчид онцолж байв. Мөн шийдвэр гаргалтад хиймэл оюуныг болгоомжтой, хариуцлагатай ашиглах шаардлагатайг ч зөвлөсөн юм.
Хиймэл оюунууд бие даан шийдвэр гаргах чадвартай болсноор кибер халдлагыг зохион байгуулах боломжтой болжээ Үүний уршгаар кибер халдлагын цар хүрээ хурдацтай тэлж, хор хөнөөл учруулж чадах AI агентуудын арми үүсэж байна.
Дүгнэн хэлэхэд, өнөөдөр аль ч салбарт хүн бүх ажлыг дангаараа гүйцэтгэдэг үе ард хоцорч, хиймэл оюун нь зайлшгүй хамтрагч болон хувирч байна. Цаашид AI нь хүнийг орлох бус, харин хүний бүтээлч байдал, шийдвэр гаргалтыг дэмжиж хамтран ажиллах чиг хандлага давамгайлах төлөвтэй. Иймээс салбар харгалзахгүйгээр мэргэжилтнүүд хиймэл оюунтай уялдан ажиллах ур чадварыг эзэмшиж, түүний давлагаанаас эмээхгүйгээр сэлж сурахыг эрмэлзэх нь чухал болоод байна. Уг технологиос үүдсэн хохирол 2027 гэхэд 23 их наяд ам.долларт хүрэх эрсдэлтэй гэдгийг Дэлхийн Эдийн Засгийн Форумын судалгаа харуулж байна. Иймд хиймэл оюунтай хамтран ажиллахыг суралцахын зэрэгцээ түүнээс үүдэх кибер халдлагаас хамгаалах нь чухал болжээ.



