Өнгөрсөн долоо хоногт Монголын уул уурхайн салбарын хамгийн том цугларалт болох "Mining Week & MinePro 2026" гурав хоногийн туршид зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Налайх дүүргийн Тайж Хайрханд болдог уг арга хэмжээнд салбарынхан жилдээ нэг удаа чуулж, асуудлаа хэлэлцэн, санаа бодлоо солилцдог уламжлалтай. Энэ жил оролцсон 350 гаруй байгууллагаас бид энэхүү нийтлэлдээ Саусгоби Сэндс ХХК-ийг онцолж байна. Тус компани өнгөрсөн жилүүд үйл ажиллагаагаа тэлж, олборлолтоо нэмэгдүүлснээс гадна орон нутаг, боловсрол, байгаль орчны чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудаараа онцгойрч байв.
Өмнөговиос эхлэлтэй хил дамнасан бизнес
Саусгоби Ресурсиз Лимитед компани нь 2002 онд Канад Улсад байгуулагдсан бөгөөд Монголын Өмнөговь аймаг дахь нүүрсний ордуудад олборлолт, боловсруулалт, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Тус групп Овоот Толгой, Сүмбэр, Заг Сүүж гэсэн гурван уурхайн талбайд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. 2023 оны эцсийн байдлаар нийт нүүрсний нөөц нь 756.4 сая тонн байжээ. Үүний 448.8 сая тонн нь Овоот Толгойн, 202.4 сая тонн нь Сүмбэрийн, 105.2 сая тонн нь Заг Сүүжийн ордод ногдож байна. Группийн хэмжээнд 850 орчим хүн ажилладгаас 740 гаруй нь уурхайн талбайд ажилладаг байна.

Түүнчлэн 2007 онд Канадын TSX Венчур биржид (TSX-V: SGQ), 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржид (HKEX: 1878) бүртгүүлжээ. Энэ нь хоёр улсын санхүүгийн зах зээлийн журам, мэдээллийн ил тод байдлыг хангасныг нь илтгэнэ.
Компанийн гол давуу талын нэг нь Овоот Толгой уурхай Монгол-Хятадын Шивээхүрэн–Сэхэ боомтоос авто замаар 45 км орчим зайд байрладаг явдал. Энэ нь олборлосон нүүрсийг экспортын зах зээлд богино хугацаанд хүргэх логистикийн давуу тал бий болгодог байна.

Түүхэн дээд үзүүлэлтүүд
2025 онд Саусгоби Сэндс 16.63 сая тонн нүүрс олборлосон нь компанийн түүхэн дээд хэмжээ болжээ. Нүүрсний борлуулалт мөн 11.20 сая тонн хүрсэн байна. Компанийн орлого ойролцоогоор 4.19 тэрбум юань буюу 598.8 сая ам.долларт хүрч, мөн түүхэн дээд үзүүлэлт тогтоожээ.
Борлуулсан нүүрсний 11.09 сая тонн нь Шивээхүрэн–Сэхэ боомтоор гарсан нь тус боомтын нийт нүүрс тээвэрлэлтийн томоохон хэсгийг бүрдүүлсэн байна. Өсөлт 2026 онд ч үргэлжилж буй. Оны эхний хагас жилд орлого 381 сая ам.доллар, борлуулалт 6.6 сая тонн болсон бол нүүрсний дундаж борлуулалтын үнэ тонн тутамд 57.7 ам.доллар байжээ.

нийгмийн төлөөх хөрөнгө оруулалтууд
Компанийн үйл ажиллагааны өөр нэг чиглэл нь орон нутгийн хөгжил. 2007-2025 онд Саусгоби Сэндс орон нутгийн хөгжил, нийгмийн сайн сайханд нийт 10.48 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Боловсролын салбарт 2009 оноос эхлэн их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах, англи хэлний олимпиад болон хүүхдийн хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийг дэмжсэн байна.
Байгаль орчны чиглэлд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2022-2025 онд жил бүр 50 мянга орчим мод тарьж, нийт тарьсан модны тоог 275 мянгад хүргэжээ. Мөн Тост, Тосон Бумбын нурууны биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг 2015 оноос дэмжиж ирсэн нь уул уурхайн үйл ажиллагааг орон нутгийн байгаль хамгаалалтай зэрэгцүүлэн хэрэгжүүлэх зорилтын нэг хэсэг юм.
"Mining Week – MinePro 2026"-ийн үеэр Саусгоби Сэндсийн харуулж буй дүр зураг нь зөвхөн олборлолтын хэмжээг өсгөхөөс илүүтэй олборлолт, боловсруулалт, экспортын бүтэн хэлхээ, орон нутгийн хөгжил, байгаль орчны хариуцлагыг зэрэг авч явахад чиглэж байна.

SGS DIALOGUE: УУЛ УУРХАЙН ИРЭЭДҮЙН 10 ЖИЛ
Мөн "Mining Week & Mine Pro 2026" арга хэмжээний үеэр Саусгоби Сэндс ХХК-ийн санаачилгаар уул уурхайн ирээдүйн технологи, салбарын чиг хандлага, хүний нөөцийн асуудлуудыг хөндсөн панел хэлэлцүүлэг, шинэ төсөл хөтөлбөр, сайн санаачилга, туршлагаа хуваалцах илтгэлүүд тавигдлаа. Эдгээрээс илтгэгч болон панелистуудын онцлох санаануудыг тоймлон хүргэж байна.
Технологийн хурдацтай хөгжилд дасан зохицох нь бүх салбарынхны өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болоод буй. Уг хэлэлцүүлэгт оролцогчид хиймэл оюун, автоматжуулалт уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар өөрсдийн байр сууриа хуваалцав.
Монголын Нүүрс Ассоциацийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва:
"Өртөг багатайгаар хиймэл оюуныг ашиглан уурхайг удирдах боломжтой. Гэхдээ хяналттай машин сургалтын аргачлалыг ашиглах нь зүйтэй. Ингэснээр уурхайд олон давтагддаг ажлуудыг автоматжуулах боломжтой юм. Монголын уурхайнууд уг технологийг нэвтрүүлэхийн тулд өгөгдлөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Монгол Улс хүчирхэг болж эдийн засгаа тэлэхийн тулд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ёстой болж байна. Аж үйлдвэрийн салбарын суурь нь өөрөө нүүрс. Тиймээс хамгийн түрүүнд нүүрсээ боловсруулах хэрэгтэй. Үүнийг хэрхэн хийх вэ гэвэл бизнесийн үр ашигтай хууль эрх зүйг бий болгож өгөх шаардлагатай юм."

Астро Гео компанийн ахлах инженер Ч.Эрдэнэтуяа:
"LLM буюу хэлний том загварын хурдацтай хөгжил уул уурхайн салбарт хүчтэй нөлөөлсөн. Салбарын инженер, геологичид өөрсдөө технологи хөгжүүлэх боломжтой болсон. Манай Астро гео компанийг гадаад болон дотоодод их сургууль төгссөн инженерүүд үүсгэн байгуулсан юм. Уул уурхайн хайгуул гэдэг хаана ч ижил процессоор явагддаг гэдгийг бид анзаарч, хиймэл оюуны тусламжтайгаар бүтээгдэхүүнээ эрчтэй хөгжүүлж байна. Мөн хиймэл оюун инженерүүдийг механик ажлаас нь салгаж чадна."

Тайжи Зонд ХХК-ийн гүйцэтгэх захирал Чинь Вэньган:
“Манай компани анхнаасаа зөвхөн бизнесийн ашиг бус, уул уурхайн салбар болон нийгэмд ямар бодит үнэ цэн бүтээж чадах вэ гэдэгт төвлөрч ирсэн. Монголын уул уурхайн салбарт асар их боломж байгаа ч хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл, итгэлцэл, мэдээллийн хүртээмж том сорилт хэвээр байна. Тиймээс бид технологийг уул уурхайн компани болон хөрөнгө оруулагчдын хоорондын эрсдэлийг бууруулж, харилцан итгэлцлийг бий болгох хэрэгсэл болгон ашиглахыг зорьж байна. ”

SGS DIALOGUE: ИРЭЭДҮЙН УУРХАЙГ ХЭН БҮТЭЭХ ВЭ?
Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчид ирээдүйд уул уурхайн салбарт ажиллах инженер, мэргэжилтнүүд ямар ур чадварыг эзэмших шаардлагатай мөн залуу боловсон хүчинд ямар мэдлэг дутагдаж буй талаар өөрсдийн туршлагаа хуваалцсан юм. Түүнчлэн технологи хурдацтай хөгжиж олон зүйлийг автоматжуулах боломжтой болж байгаа ч эцсийн дүндээ уурхайг чадварлаг инженерүүд авч явна гэдэг дээр бүх панелистууд санал нийлж байв.
Саусгоби сэндс ХХК-ийн Инженер, Технологийн хэлтсийн орлогч менежер Л.Аюуш:
"Их сургуулиа шинээр төгссөн инженерүүдэд практик дадлага дутагдаж байна. Мөн инженер хүн үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэхээс гадна нэмэлтээр гарч ирсэн ажлуудад богино хугацаанд оновчтой шийдлийг олж чаддаг байх ёстой. Хятадын нүүрсний импорт өсөх хандлагатай байгаа. Үүнийг дагаад ирэх жилүүдэд нүүрсний уурхайн эрэлт өндөр байна. Харин манай орны хувьд инженер, боловсон хүчин дутмаг байгаа. Тиймээс ирээдүйн уурхайд илүү цөөн хүнээр олон тооны тоног төхөөрөмж ажлуулах чиглэл рүү явах магадлалтай."

Оюутолгой ХХК-ийн Найдвартай Ажиллагааны Инженерингийн Мэргэжилтэн Д.Гүен:
"Чухлын зэргээр үнэлэгч 300 гаруй тоноглолд 2300 орчим мэдрэгчийг ашиглан эвдрэлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг авч ашиглаж байна. Хиймэл оюун, машин сургалтын аргын тусламжтайгаар нарийвчлалыг улам сайжруулж байгаа. Түүнчлэн технологийн тусламжтайгаар уурхайн инженерүүд давхар ажил хийх боломжууд гарах магадлалтай. Мөн практик туршлагын хэрэгцээ өндөр байна. Өнөөгийн нөхцөлд компаниуд технологиор өрсөлдөж байна. Технологийн өрсөлдөөн нэг тийш шийдэгдсний дараа түүнийг сайн эзэмшиж чаддаг инженерүүдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэнэ."

Mining.mn-ийн эрхлэгч Б.Баяртогтох:
"Уул уурхайд түшиглэсэн хөгжиж буй орнуудад манайх шиг эсэргүүцлүүд түгээмэл ажиглагддаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Mining.mn-ийн хувьд хүн төвтэй уул уурхайн мэдээллийг түгээхэд анхаарч ажиллаж байна. Ингэснээр олон нийт болон салбарын зөрүүтэй ойлголтууд багасна гэдэгт итгэж байгаа. Мөн энэ салбарын талаар сөрөг мэдээлэл их байгаа нь хүүхдүүдийн мэргэжил сонголтод нөлөөлөх магадлалтай. Түүнчлэн Монголын уул уурхайн салбарыг бусад орныхтой харьцуулахад шинэ технологи нэвтрүүлэх тал дээр ямар нэгэн дутагдал харагддаггүй."

SGS TALKS:
Gobicarbonhub төслийн санаачлагч, удирдагч Э.Мөнгөнзалаа:
"Олон компани мод тарьдаг ч түүний ургац, услалтад төдийлөн анхаардаггүй. Бидний хөгжүүлсэн 15 модулийн тусламжтайгаар модны ургац, зарцуулагдаж буй усны хэмжээг хэмжих боломжтой. Мөн уул уурхайн компаниудад карбон кредитийн шинэ зах зээл нээгдэж байна. Бид энэ зах зээлд хамтран ажиллах боломжтой.

SGS TALKS: 3 сая хүн цаг аюулгүй ажиллагааны ард юу болдог вэ?
Саусгоби сэндс ХХК-ийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Х.Мөнгөн:
"Манай компанийн ажилчдын хувьд аюулыг мэдээлэх нь соёл болж хэвшсэн. 2025 онд гэхэд л 1943 аюулгүйн мэдээлэх хуудас бүртгэгдэж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Мөн Хөдөлмөрийн чадвар алдагдлын 0 байгаа гэдгийг онцолъё. Энэ нь баг хамт олноороо ослын суурь шалтгааныг зөв тодорхойлж хариу арга хэмжээ авч ирсний үр дүн юм."

sgs talks: Уурхай хүүхдийн нүдээр..
Номт болжмор ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Энхжаргал:
"Номоо бичихээс өмнө надад уурхайн талаар төсөөлөл бага байсан. Тиймээс уурхайчны хүүхэд байх ямар байдаг юм бол гэх асуултыг эрж судалгаа хийсэн. Зохиолын судалгаагаа хийж байх үедээ уурхайчны хүүхдүүд аав, ээжийнхээ ажил мэргэжлийн талаар ямар ч ойлголтгүй байдгийг анзаарсан. Тиймээс хүүхдийн нүдээр уурхай ямар харагддаг бол гэж бодон номоо бичихийг хичээсэн. Мөн уурхайн ард гэр бүл хүүхэд байдаг гэдгийг ойлгосон."


