Хүнийг хамгийн түрүүнд илэрхийлдэг зүйл бол яах аргагүй үнэр байдаг билээ. Түрхсэн үнэртэй уснаас нь тухайн хүний сонирхол, зан чанарыг нь тодорхойлох боломжтой байдаг аж.
Тэгвэл өөрийгөө илэрхийлэх, дахин давтагдашгүй үнэрийг бүтээх боломжтой “Agen Scent” хэмээх шинэхэн студи нээлтээ хийжээ. Тус студи нь үйл ажиллагаагаа эхлүүлээд ердөө нэг сарыг үдэж буй бөгөөд нийт 30 төрлийн үнэртнээс сонгон хүссэн үнэрээ гарган авах боломжтой гэнэ. Мөн монголын хамгийн анхны үнэртэй усаа өөрөө бүтээдэг студи гэдгээрээ онцлогтой.
Ингээд тус бизнес хэрхэн бий болсон түүх, онцгой давуу тал болон өөрийн гэсэн үнэрээ хэрхэн бүтээж болох тухай дэлгэрэнгүй сонирхуулъя.
Нэр: Agen Scent
Байршил: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Little Venice shopping mall, 1-р давхар, C-21
Үйл ажиллагааны чиглэл: Premium perfume workshop
Үүсгэн байгуулагч: Г.Анударь
Үүсгэн байгуулагдсан: 2026.03.05
Сошиал хуудас: Agen Scent (Facebook), Agenscent (Instagram)
Уриа үг: Үнэрээр дамжуулан мэдрэмжийг илэрхийлнэ

СЭДЭЛ
Би үнэртэй усанд их дуртай. Үнэртэй ус бол зүгээр л нэг бүтээгдэхүүн биш хүний дурсамж, мэдрэмжийг илэрхийлдэг зүйл гэж боддог юм.
Гэхдээ үнэртэй ус их өндөр өртөгтэй бүтээгдэхүүн. 50 мл ус л гэхэд 100,000 төгрөгөөс хол давчихдаг болохоор хүн болгон тэр бүр худалдан аваад байх боломж хязгаарлагдмал. Тиймээс өөрийн хүссэн үнэрийг өөрөө бүтээж болох орчин бий болгох санаа дөрвөн жилийн өмнөөс төрсөн юм. Ингээд өнгөрсөн жилээс эхлэн үнэрийн бүтэц, орцны зохицол зэргийг тууштай судалсны эцэст Монголын анхны үнэрээ өөрөө бүтээдэг “Agen Scent” брэндээ үүсгэн байгуулаад байна.
Хүмүүст гэсэн өөрийн дуртай үнэрээ бүтээхэд нь туслахын сацуу монголчуудад үнэртний соёлыг түгээе хэмээн шийдсэн нь бизнесээ эхлүүлэх сэдэл болсон юм.

ЯЛГАРАЛ
Манайх үнэр бүтээхээс илүүтэй тухайн хүний дотоод мэдрэмж, зан чанарыг нь илэрхийлэхэд чиглэдэг. Үнэр бүр өөрийн гэсэн өнгө аястай, мэдрэмжтэй, дүртэй. Тийм ч учраас бид үйлчлүүлэгч бүртээ зөвхөн үнэртэй ус биш, өөрийгөө илэрхийлэх тэрхүү цор ганц “дүрээ” бүтээхэд нь тусалдаг гэж ойлгож болно.
Дараагийн онцлох зүйл нь ямар ч хаягдалгүй байдал. Үйлчлүүлэгч бүр 30 төрлийн бүтээгдэхүүнээс өөрт таалагдсан 5-6 төрлийг сонгон үнэртэй ус хийнэ. Өөрийн үнэрийг гаргаж авахын тулд хэд хэдэн удаагийн туршилт хийх шаардлага гардаг бөгөөд бид тэрхүү туршилтын явцад гарсан үнэрт тосуудыг хаялгүйгээр хувцасны шүүгээний үнэртүүлэгч хийдэг юм. Өөрөөр хэлбэл, та манайхаас 50 мл үнэртэй ус болон үнэртүүлэгч гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнтэй болно гэсэн үг юм. Түүнчлэн үнэртэй усны шошго дээрээ хүссэн нэрээ, хүссэн эможигоо бичүүлж болно. Сав, баглаа боодлоо ч мөн Монголдоо үйлдвэрлэдэг.

Манай үнэртний түүхий эд, орцууд Өмнөд Солонгос болон Хонконгоос ирдэг. Бид олон улсын чанарын стандартыг бүрэн хангасан, лабораторийн туршилтаар баталгаажсан, 100 хувь цэвэр байгалийн гаралтай охиудыг сонгон хэрэглэдэг тул хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, эрүүл мэндэд хор учруулахгүй.
Өөрт таалагдсан төгс үнэрийг бүтээхэд зөвхөн бүтээгдэхүүний орц, найрлагаас гадна орчин их чухал. Үйлчлүүлж буй хүмүүстээ илүү тухтай, тайван, өөр ертөнцөд ирсэн мэт мэдрэмж төрүүлэхийн тулд интерьер, тохижилтдоо их анхаарч, бүгдийг нь өөрөө гардан хийж байлаа. Тиймээс би үүнийг зүгээр нэг бизнес гэж бус, өөрийн бүтээж буй ертөнц гэж хардаг.

AGEN SCENT ГЭЖ ЮУ ВЭ?
Agen Scent-ийг энгийнээр тайлбарлавал үнэртэй ус бүтээдэг газар юм. Гэхдээ зүгээр нэг үнэртэй ус биш өөрийгөө илэрхийлэх, цорын ганц ус бүтээж буй гэдэг нь хамгийн чухал.
Манайд ирж буй хүмүүст найзууд, хосууд, гэр бүл, ажлын хамт олон эсвэл ганцаараа гээд төрөл бүрийн хүмүүс ирж үйлчлүүлдэг. Насны хязгаар гэж байхгүй. Спиртны, ургамлын, цэцгийн зэрэг харшилтай хүмүүст үйлчлэх боломжгүй. Түүнээс бусдаар бүх хүнд нээлттэй.
НЭР

“Agen Scent” гэх нэр маань манай гэр бүлийн гишүүдийн нэрийн үсгүүдээр бүтсэн нэр. Гэр бүл маань миний хамгийн үнэт зүйлсийн нэг. Тийм ч учраас өөрийн үнэт зүйлээрээ нэрлэе хэмээн шийдэж, энэхүү нэрийг өгсөн. Энэ ч утгаараа брэнд маань надад их чухал, үнэ цэнтэй санагддаг юм.
ОДОО

Үйлчлүүлэгч бүрд өөрийнхөө дуртай үнэрийг зөв сонгоход нь тусалж, үнэрүүдээ хэрхэн холих талаар заавар зөвлөгөө өгдөг. Яг өөртөө таалагдсан тэр үнэрээ олтол нь олон төрлийн үнэртнүүдээ үнэрлэж, туршиж үзэх боломжтой. Ингээд үнэртэй усаа найруулаад, шошгоо наах хүртэлх үйл явц нь ойролцоогоор 45-60 минут орчим үргэлжилдэг.
Нээлтээ хийснээс хойш хүмүүсийн дунд хамгийн алдартай байгаа нь бороо болон далайн үнэр. Хэт нялуун биш, цэвэрхэн, тайван мэдрэмж төрүүлэхээс гадна яг далайн эрэг дээр байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг тул хүмүүс их дуртай байдаг.
Манайд амралтын өдөр гэж байхгүй. Өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана. Хамгийн эхний үйлчлүүлэгчийг 11:00 цагаас авдаг бол хамгийн сүүлийн үйлчлүүлэгчээ 19:00 цагт авна. Ихэвчлэн амралтын өдрүүдэд дүүрэн хүнтэй, захиалга их байдаг бол ажлын өдрүүдэд харьцангуй бага байна.
БАГ
Одоогоор бизнес маань хоёр хүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Үнэр бүтээх нь цаг хугацаа, тэвчээр шаардсан процесс учраас аливаа зүйлийг яарахгүй, хангалттай туршиж, төгс тэнцвэрт хүрсэн үед л хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог. Мөн хийж буй бүхэн маань тодорхой мэдрэмж, утга илэрхийлж байх ёстой гэж үздэг тул бүтээгдэхүүнээс эхлээд орчин, дүр төрх хүртэл бүх зүйлд нэгдмэл байдлыг баримталдаг.

ИРЭЭДҮЙ
Хүн бүр өөрийн гэсэн онцлогийг үнэрээр дамжуулан илэрхийлдэг болох соёлыг илүү хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Одоогоор манайд 30 төрлийн үнэртэн бий. Хүмүүс нэг цагийн хугацаанд 30 төрлийн бүтээгдэхүүнээ бүгдийг нь үнэрлэхээр сүүлдээ үнэр ялгахаа больчихдог. Тэгэхээр хамгийн багадаа 10, ихдээ 30 төрлийн үнэр үнэрлэх нь тохиромжтой. Үүнээс илүү 40, 50 төрлийн үнэр үнэрлэвэл сонголт хийхэд хүндрэлтэй болчихдог юм. Гэсэн хэдий ч үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр үнэрүүдээ сэлгэн, шинээр солих боломжтой.

ЭРСДЭЛ
Манай салбарын хамгийн том сорилт бол хүмүүсийн үнэрийн талаарх тогтсон ойлголт юм. Нийтийн сонголтод түгээмэл үнэрүүд давамгайлчихсан байдаг. Хүмүүс ч дассан үнэрээ л сонгох гээд байдаг талтай тул өөр төрлийн үнэрийг хүлээн авахад хугацаа шаарддаг.
Мөн түүхий эдээ Хонконг болон Өмнөд Солонгосоос агаарын тээврээр авчирдаг юм. Энэ үеэр тээвэрлэлтийн явцад үнэртэн гэмтэх, хагарах, асгарах тохиолдлууд бас гарах нь бий.
Бизнесээ ганцаараа эхлүүлж байсан учраас шантрах үе бас байсан. Үнэртэй усны “ойл”-ууд нь том савлагаатай ирж байгаа учраас хүмүүст барихад илүү эвтэйхэн байх үүднээс жижиг шил рүүгээ сулладаг юм. Үнэр бүрийг тус тусад нь суллаж, чулуунууддаа тусгай үнэрээ шингээнэ гээд чамгүй их ажилтай. Энэ үедээ л бага зэрэг шантрах мэдрэмж төрсөн.


Сэтгэгдэл бичих

