Сүүлийн жилүүдэд мэдээлэл, технологийн салбар хурдтай хөгжиж, хиймэл оюун ирээдүйн хамгийн эрэлттэй чадваруудын нэг болж байна. Энэ үед AI Academy Asia-гаас санаачлан технологи болон хиймэл оюуны салбарт жендерийн ялгааг багасгах, охид эмэгтэйчүүдэд хиймэл оюуны хүртээмжтэй боловсролыг олгох зорилгоор Голомт банктай хамтран “AI for Women 100x100” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
Ингээд тус хөтөлбөрийн онцлог, үйл ажиллагааны тухай илүү дэлгэрэнгүйг хүлээн авна уу.
Нэр: AI for Women 100x100
Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүдэд зориулсан хиймэл оюуны боловсрол олгох хөтөлбөр
Төслийг хэрэгжүүлэгч: AI Academy Asia
Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа: 2025 оны есдүгээр сар

СЭДЭЛ
Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хамгийн хурдтай өсөн нэмэгдэж буй мэргэжил бол хиймэл оюуны менежер. Гэвч Монголын технологи, инженерчлэлийн салбарт дийлэнх нь эрэгтэй хүмүүс ажилладаг. Харин нягтлан бодогч, багш, сувилагч зэрэг бусад салбарт эмэгтэйчүүд давамгайлах нь бий. Тиймээс “AI Academy Asia”-ийн зүгээс мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, боловсролын салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор Голомт банканд санал тавьж, энэхүү төслөө эхлүүлсэн түүхтэй.
Уг төсөл нь мэдээллийн технологийн боловсролд чиглэсэн бидний анхны санаачилга биш. Таван жилийн өмнөөс бид охидод чиглэсэн “Girls Code” буюу “Код бичих охид”-ын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан.
ЯЛГАРАЛ
Төсөлд ЕБС-ын 100 эмэгтэй багш, 100 охиныг хамруулж буй. Өмнөх төслүүдэд програмчлалын үндсийг голчлон заадаг байсан бол энэ удаагийн хөтөлбөрт хиймэл оюуныг түлхүү оруулж өгсөн гэдгээрээ давуу талтай. Суралцагчид хиймэл оюуныг хариуцлагатай ёс зүйтэй ашиглахад чиглэсэн онолын мэдлэг авахаас гадна багаараа ажиллан нийгэмд болон өөрийн ажилдаа хэрэгтэй төслийг хөгжүүлэх боломжтой.

AI FOR WOMEN 100x100 ГЭЖ ЮУ ВЭ?
Төсөл нь эмэгтэйчүүдийг мэдээлэл, технологийн салбарт манлайлах тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Сонгон шалгаруулалтад 2,000 орчим хүн материалаа илгээжээ. Харин багш нарыг уг хөтөлбөрт хамруулж буй шалтгаан нь сургалтад хамрагдсан багш нар өөрсдийн олж авсан мэдлэг, ур чадвараа өөрийн сум орон нутгийн сурагч, хүүхдэд заахад оршиж байгаа юм. Багш нараар дамжуулан 2,000 сурагчдад ч хүрэх боломжтой. Хөдөө, орон нутгаас оролцож буй багш, сурагчид сургалтад онлайн хэлбэрээр хамрагдсан бол Улаанбаатар хотод байгаа оролцогчид хосолсон хэлбэрээр оролцлоо.
НЭР
Төслийн нэрээ аль болох ойлгомжтой, энгийнээр илэрхийлэхийг хүссэн.

ОДОО
Хоёр сар гаруйн хугацаанд хөтөлбөрийн оролцогчид эрчимжүүлсэн сургалтанд хамрагдан хиймэл оюуны үндэс, Python програмчлал, өгөгдөл боловсруулах, хэлний загварчлал, машин сургалт, Vibe coding, AI ethics зэрэг сэдвүүдийг судалсан. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид “Capstone” буюу хиймэл оюунд суурилсан төслөө танилцуулж, шилдэг төслийн багуудыг шалгарууллаа.
БАГ
Манай баг нийт 10 хүнтэй. АНУ, Австрали, БНСУ, Япон, Хятад улсад хиймэл оюун, машин сургалт, өгөгдлийн инженерчлэл, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн хүмүүс ажилладаг. Бид хиймэл оюуны сургалт явуулах, байгууллагад хиймэл оюун нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хөтөлбөрүүд тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. Багийн гишүүдийн хувьд нийгмийн сайн сайхны төлөө, нөлөө үзүүлэх зорилго, үнэт зүйлээрээ нэгдэж орсон учраас хамтран ажиллахад урамтай, эрч хүчтэй байдаг.

ИРЭЭДҮЙ
Хиймэл оюун нь өнөө үед хамгийн хурдтай хөгжиж буй салбарын нэг. Гэвч хиймэл оюуныг зөвхөн мэдээлэл, технологийн салбарын хүрээнд ойлгох нь учир дутагдалтай. Учир нь энэхүү технологи мэргэжлийн олон салбарт ашиглагдаж, цаашлаад бидний амьдрах хэв маягийг ч өөрчилж байна.
Хятад улсад л гэхэд хиймэл оюуны хичээлийг нэгдүгээр ангиас эхлэн заадаг. Монголын хувьд мэдээлэл, технологийн хөгжил заримдаа 10-20 жилээр хоцорч ирсэн тул оюуны боловсролыг цаг алдалгүй эзэмшснээр энэ хоцрогдлыг арилгах боломж бүрдэж байгаа болов уу.
Цаашдаа төслийн хамтын ажиллагааг өргөжүүлж, оролцогчдын тоог нэмэхээр төлөвлөсөн. Мөн үр дүнд илүү олон шинэ санаа, боломжуудыг оруулах, өөр мэргэжлүүдэд ч хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ЭРСДЭЛ
Хамгийн том бэрхшээл нь тэгш хамрагдалт. Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс оролцогчдоо шалгаруулж байгаа хэдий ч хөдөө орон нутаг, тэр дундаа сумын охид хамрагдахгүй байх магадлалтай. Үүнийг шийдэх нэг боломжит хувилбар нь тэднийг онлайнаар хамруулах юм. Гэвч интернэтэд холбогдож боломжгүй эсвэл зөөврийн эсвэл гэрийн компьютергүй охидод хэрхэн хүрч, боломжийг олгох вэ гэх асуудал тулгарна. Хэрвээ шаардлага хангахгүй бол тоног төхөөрөмж, интернэтийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч үзэх бодолтой байна. Цаашдаа хамтын ажиллагаа өргөжих хэрээр энэ тэгш хамралт дээр илүү ахиц гарна.


Сэтгэгдэл бичих

