Хоёрхон хоногийн өмнө болсон дэлхийн театрын өдрийг тохиолдуулан бид энэ удаа балетад хайртай хүмүүсийн эчнээ танил Art in Motion бүжгийн студийг онцолж байна. 

Тэдний гол онцлог нь Монголд цөөхөн буй контемпорари бүжгийн сургалт явуулахын сацуу балетын хичээлдээ контемпорари бүжгийн элементүүдийг шингээсэн явдал. Энэ санаа ямар ажиглалт, төлөвлөгөөнөөс урган гарсныг уг нийтлэлээр дэлгэрэнгүй танилцуулъя. 

СЭДЭЛ

Бид студийнхээ нээлтийг анх 2019 оны 12-р сард хийж байсан. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар одоо долоо дахь жилдээ ажиллаж байна. Анх өөрийн бүжгийн студитэй болох мөрөөдөлтэй байсан нь нөхөртэйгөө танилцсанаар биеллээ олж байв.

Балет маш их тэвчээр, тууштай байдал шаарддаг урлаг. Тиймээс бид хичээлээ контемпорари бүжгийн техникийг балетын суурь дасгалтай хослуулж орж эхэлсэн. Учир нь контемпорари бүжгийн суурь дасгалууд ороххоор сурагчдын уян хатан байдал, эрч хүч, хөдөлгөөний мэдрэмж мэдэгдэхүйц хэмжээнд илүү хурдан хугацаанд сайжирч байсан.



ЯЛГАРАЛ

Сүүлийн үед дасгал хөдөлгөөн огт хийдэггүй хүмүүсийн хувьд доод мөч нь алхах юм уу сууж босох л үүрэгтэй болчихсон байна. Гэтэл хүний нарийн булчингууд сайн ажиллаж байж ясаа дааж хөнгөн, шингэн, эрүүл, хүчтэй байдаг. Балет булчингийн ширхгүүдийг уртааш нь хөгжүүлдэг. Тиймээс фитнес ч юм уу бусад булчин дээр төвлөрсөн дасгалтай харьцуулахад биеийг цогцоор нь хөгжүүлэг онцлогтой. Мөн түүнчлэн балетын урлаг хүний доод мөч буюу хөлөн дээр төвлөрсөн дасгалуудыг ихэвчлэн хийдэг. Ингэснээр хүний хөл чадалтай мөн бие бүхэлдээ эрч хүчтэй, ядрах мэдрэмж багатай болдог. Манай анхан шатны хөтөлбөр нь зөвхөн дасгал хийлгэхээс илүү суурь, техник болон биеийн бүх чадамжийг хөгжүүлэх дасгалуудыг багтаасан учраас балетын техникийг илүү зөв, системтэй олгож чаддаг.


Балетын урлаг өөрөө зөв, буруу гэсэн нарийн дүрэм, техниктэй. Тийм ч учраас яг зөв хийдэг болохын тулд маш их давтуулдаг учраас хүнийг тэсвэр хатуужилд сургадаг. Энэ нь хүүхдүүдэд хөдөлгөөний эвсэл, урлагийг ойлгуулахаас гадна хүмүүжил олгодог. Жишээ нь балетад эрэгтэй бүжигчин бол эмэгтэйгээ хамгийн гоё, сайхан харагдуулах буюу эмэгтэйдээ туслах үүрэгтэй. Үүнийг балетын урлаг нь дасгал, техникүүдээрээ шат дараатайгаар заадаг. Тиймээс эрэгтэй хүүхдүүдийг балетад явуулах нь өндөр мэдрэмжтэй, хүнийг хүндэлж, ойлгодог болгох буюу наад зах нь эмэгтэй хүний хаалгыг онгойлгоод өгөх хэмжээний хүн болгож хүмүүжилдэг. Бие бялдрын хувьд эрэгтэй хүмүүс булчин сайтай, яс томтой учраас эмэгтэйчүүдээс арай хөшингө, хатуу байх нь элбэг. Гэхдээ хүний бие ингэж хэт нэг талдаа чангарч, хөших нь нуруу өвдөх, мэдрэл дарагдах зэрэг олон асуудлуудыг үүсгэдэг. Иймд багаас нь уян хатан болгож эдгээр эрсдлээс сэргийлэхэд балет туслах юм.



НЭР 

Нэр маань шууд удгаараа хөдөлгөөн дэх урлаг гэсэн утгатай.

ART IN MOTION ГЭЖ ЮУ ВЭ?

Бүжиг нь хүний мэдрэмж болон хөдөлгөөний нийлбэр дээр бүтдэг урлаг. Тиймээс Art in Motion бол зөвхөн сургалтын газар биш хүнд урлагийг мэдрүүлдэг, хүний дотоод мэдрэмжийг сэрээдэг газар гэж тодорхойлох нь зүйтэй.



ОДОО

Сүүлийн үед хүмүүс түлхүү суугаа ажил хийдэг, мөн цахим хэрэглээ өндөр болсонтой холбоотой хөдөлгөөний дутагдал, үе мөчний асуудал нэлээн залуужаад байна. Тиймээс манай насанд хүрэгчдийн анги өмнөх үеүдээсээ илүү олон хүнтэй болжээ. Бид ажил хийдэг хүмүүст зориулаад ажлынхаа өмнө, дундуур эсвэл дараа гээд цагаа аль болох уян хатан болгоход анхаардаг. Өмнө нь бид өөр нэг салбар нээгээд хоёр багш маань хоёр салбартаа хуваагдаад хичээлээ ордог байсан юм. Харин одоо бол бид ганцхан байршил дээрээ төвлөрөөд хичээллэх ангиудын төрлөө илүү өргөжүүлэхээр ажиллаж байгаа.

БАГ

Э.Эрдэнэжаргал: СТА, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол бүжигчин, "Nomadic Ballet Production"-ий бүжиг дэглээч, "Art in Motion" студийн үүсгэн байгуулагч

Анх 9-р ангид гудмынхаа хүүхдүүдтэй нийлж хип-хоп бүжгийн хамтлаг байгуулна гээд тухайн үед элсэлт авч байсан хөгжим драмын театр дээр очиж байв. Гэтэл яг очсон чинь хип-хоп биш монгол бүжиг болон цэнгээнт бүжиг заадаг газар байж таарсан. Нэгэнт ирчихсэн юм чинь яваад үзье гээд бүжгийн сургалтдаа сууж байлаа.

Тэгээд бүжигтээ дурлаад хоёр жил тууштай явж бүр тоглолтуудад хүртэл ордог болсон. Тухайн үед 10,000-20,000₮-ийн цалинтай бүжиглэнэ. Дараа нь СУИС-д тэнцэж ороод модерн бүжигт бүр илүү дурласан. Харин төгсөх курстээ хослон бүжиглэх техникийн хичээл үзсэнээр энэ чиглэлд илүү татагдаж, Дуурь бүжгийн эрдмийн театрт дадлага хийгээд түүнээс цагаас хойш 19 жил салбартаа ажилласан байна.

Б.Алтанзул (Art in Motion студийн хамтран үүсгэн байгуулагч)

Миний хувьд балетыг 13 дахь жилдээ зааж байна. Анх өөр балетын студид ихэвчлэн сунгалтын дасгалууд заадаг байсан юм. Эндээс балетын сургалт мөртөө байнга сунгалт ороод байх нь өрөөсгөл юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ шууд балет заахаар сурагчид маань нэг л хүчгүй байгаад болдоггүй байсан л даа.

Тиймээс газрын техникийн дасгалуудаа зөв боловсруулах зорилт тавьж контемпорари бүжгийн дасгалуудыг бие халаалт дээрээ зааж үзэхэд нэлээн өндөр үр дүнтэй байсныг анзаарч байв. Учир нь хүн палкаа түшээд дасгалуудаа хийхээр маш олон мэдрэмжүүдийг зэрэг авах хэрэгтэй буюу биеийнхээ бүх хэсгийг мэдрэх хэрэгтэй болчхоод байдаг. Дээрээс нь ажил, хичээлээсээ орж ирж байгаа хүмүүсийг зогсоод “хөлөө мэдэр” гэхээр хүн яг ойлгож, зөв хийхгүй. Харин тэр “унтарчихсан” мэдрэмжүүдийг үе шаттайгаар сэргээхэд газрын техникийн дасгалууд тусалдаг. Газар сууж эсвэл хэвтэж дасгал хийхэд бусад булчин сулардаг учраас хүний анхаарал зөвхөн хөл дээр төвлөрнө. Ингэснээр суурь дасгалуудаа илүү сайн мэдэрч, зөв хийж, илүү хурдан ч сайжирдаг.

ИРЭЭДҮЙ

Бидний үндсэн зорилго бол балетыг хүн бүрд нээлттэй, ойлгомжтой зааж түүгээрээ дамжуулан гоо зүйн мэдрэмж, өөртөө итгэх итгэл, эрүүл дадалтай болоход туслах. Тиймээс аль болох олон хүнд хүрч ажиллах нь ирээдүйн маань зорилго.

ЭРСДЭЛ 

Анх студиэ нээж байхад хүмүүс балет гэхээр мэргэжлийн бүжигчдийг төсөөлж маш хурдан тэр түвшинд хүрэх төсөөлөлтэй орж ирдэг байсан. Гэтэл ямар ч хүн орж ирээд шууд балетын техникүүдийг сураад бүжиглэж эхэлдэггүй. Бас эхний ганц сард яваад өөрчлөлт мэдрэх боломжгүй. Ер нь ямар ч төрлийн дасгал хөдөлгөөнийг дор хаяж гурван сар жийж байж өөрчлөлт мэдэрч эхэлнэ. Хүний сэтгэл зүй, биеийн онцлог өөр, өөр учраас анхлан суралцаж буй хүмүүсийн хийж чадах ганц зүйл бол ерөөсөө тууштай л байх. Аливаа зүйлс огцом өсөхөөсөө өмнө тогтмол нэг төлөвтөө байдгийн адилаар бид ч бас эхлээд дор хаяж нэг жил анхан шатанд явж байж сайжирна гэсэн үг.

Манайх хүмүүст урлаг түгээдэг газар. Харин сургалтад бүртгүүлж буй хүмүүс маань тураах газар юм шиг хандах нь хүндрэлтэй байдаг. Гэхдээ одоо энэ нь харьцангуй багасаж байгаа. Хүн туранхай байхаас илүү эрүүл байх нь л чухал гэдгийг ойлгоосой.