Аливаа баяр ёслол, хурим найр, тэмдэглэлт арга хэмжээ, уулзалт, хүлээн авалтыг зохион байгуулахад тухайн орчны хэв маяг, уур амьсгал чухал нөлөөтэй. Гэвч өнөө үед баяр ёслол, уулзалт цуглаанууд үндэсний хэв маягаа гээж, нэгэн хэвийн загвартай хийгдэх болжээ. Тэгвэл энэхүү орон зайг нөхөж, монгол өв уламжлалаа, орчин үеийн шинэлэг дизайнтай хослуулан түгээж буй Ballroom ZU-г “Онцлох бизнес”-ийнхээ шинэхэн дугаартаа онцолж байна. 

Тэд үүсгэн байгуулагдаад ердөө нэг жилийг үдэж байгаа ба долоон метрийн өндөр тааз бүхий цэлгэр орчин, монгол гэрийн тооноор бэлгэдсэн архитектурын шийдэл, гар хийцийн уламжлалт хээ угалзтай хивс гээд деталь бүрдээ монгол уламжлалаа шингээжээ. 

Нэр: Ballroom ZU
Байршил: СБД, ITC Tower, 1-р давхарт, Event Hall
Үйл ажиллагааны чиглэл: Арга хэмжээний танхим
Үүсгэн байгуулагч: Б.Баттулга
Үүсгэн байгуулагдсан он: 2025.06
Сошиал хуудас: ballroomby_zu (Instagram), Ballroom ZU (Facebook)


Ballroom ZU-гийн Гүйцэтгэх захирал Ц.Намуун

СЭДЭЛ

Манай үүсгэн байгуулагч Б.Баттулга бол монгол ахуй, өв уламжлалаа ихэд дээдэлдэг хүн. Тийм учраас монгол өв соёлоо, орчин үеийн дизайнтай хослуулан арга хэмжээний танхимтай болъё гэсэн сэдлээс энэхүү бизнес маань эхтэй. Тэрээр 2022 онд уг төслөө албан ёсоор эхлүүлсэн бөгөөд зураг төслөө ч гаргаж байсан юм.

Нөгөөтээгүүр, жил ирэх тусам монгол өв уламжлал, соёл бүдгэрч буй мэт санагддаг. Мөн зарим улс бидний өв соёлыг өөрийн мэтээр дэлхийд сурталчилж буй нь харамсалтай. Тиймээс одоо хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй орчин үеийн минимал дотоод заслыг монгол өв уламжлалтай хослуулан түгээн дэлгэрүүлэхээр нээсэн юм. Ингээд 2025 оны 5-р сарын 29-нд хамгийн анхны арга хэмжээгээ хүлээн авч, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн билээ.

ЯЛГАРАЛ

Монголд арга хэмжээ зохион байгуулдаг маш олон төрлийн танхим бий. Тэдгээрээс Ballroom ZU хэд хэдэн онцлог шинжээрээ ялгагдана. Хамгийн том ялгарал нь дотоод засал. Бид үүсгэн байгуулагдахдаа л монгол хэв маяг, уламжлалыг шингээсэн байхаар төлөвлөсөн учир жижиг деталь бүр дээрээ анхааран ажилласан. Үүднээсээ эхлээд л монгол хээг дүрсэлсэн хананууд байхаас гадна Монгол уран бүтээлчдийн бүтээлүүдээр орчноо чимж өгсөн нь онцлог. Мөн танхимын гол тааз хэсэгт гэрийн тооно байршуулсан нь монгол гэрт байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Түүнчлэн танхимд дэвсэгдэж буй бүх хивсний хээг Б.Батсайхан интерьер дизайнер зурж, урлаж байв. Хивс нь өлзий, түмэн наст, үүлэн, усан хээг холин зохиогдсон юм.


Дараагийн онцлог нь байршил. Яг хотын төвд байхаас гадна Гэрлэх ёслолын ордноос ердөө 400м зайд байрладаг учир хуримаа хийж буй хосууд машин түрээслэх шаардлагагүй, алхаад л хүлээн авалтдаа орох боломжтой.

Гуравдугаар онцлох хэсэг нь амралтын болон хурлын өрөө. Бид хуримаа хийж буй хосуудаа хувцсаа солих, дараагийн хэсэгтээ бэлдэх, амрахад нь туслах зорилгоор гурван давхраа тэр чигт нь амралтын өрөө болгосон юм. Буйдан, зурагт, ор зэрэг хэрэг болох бүхий л зүйлийг багтааснаас гадна усанд орох шүршүүр ч бий. Харин хоёрдугаар давхартаа 25-30 хүний багтаамжтай өрөөтэй.


Дөрөвдүгээрт, заалны хоол, үйлчилгээ. Саяхан Монголд албан ёсоор нээгдсэн Францын PAUL Bakery франчайзын мэргэжлийн тогооч нартай хамтран ажилладаг. Гэхдээ тухайн газрын үндсэн цэсээр биш, Ballroom ZU-д зохион байгуулагдаж буй арга хэмжээнд тусгайлан гаргасан хоолны цэсээр үйлчилдэг юм.

Ширээ хоорондын зай, суух сандал, аяга, таваг хаана байрлах зэрэг нь хүмүүсийг тухтай байлгах хамгийн чухал хэрэгслүүдийн нэг. Үүсгэн байгуулагдсанаас хойш олон газруудтай хамтарч ажилласан ч өдийг хүртэл үйлчилгээ тал дээр ямар ч гомдол ирж байгаагүй нь бидний үйлчилгээний том баталгаа болно.

BALLROOM ZU ГЭЖ ЮУ ВЭ?

Ballroom ZU бол хурим, тоглолт, хурал цуглаан, уулзалт, байгууллагын ой, үдэшлэг гээд төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхим юм. Шинэлэг, өөр хэв маягаар арга хэмжээгээ зохион байгуулахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Ихэнх танхимууд тод гэрэлтэй, гэгээтэй орчинтой байдаг бол Ballroom ZU эсрэгээрээ арай бүдэг, намуухан гэрэлтэй уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг.

НЭР

Үүсгэн байгуулагч Б.Баттулга нь ZU Club, Cante зэрэг тухайн энтертайнмент салбартаа шинэлэг хэв маягтай олон бизнесийг санаачлан, хэрэгжүүлсэн билээ. Тэдгээрийн дараагийн бизнес нь Ballroom ZU. Анх бусад консепцоо дагаад ZU Ballroom хэмээн нэрлэх гэж байсан ч Ballroom by ZU гэх нэрээ сонгосон юм. Гэсэн ч ихэнх хүмүүс манайхыг ZU Ballroom гэх нь бий.

ОДОО

Манай босоо хүлээн авалтын танхим 300-400 хүн хүлээн авах бүрэн боломжтой. Харин театрын хэв маягаар сандалтай засвал 300 хүн багтана. Саяхан бид “The Colors” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан бөгөөд тухайн арга хэмжээнд нийтдээ 1,000-1,200 орчим хүн орж, гарсан байсан. Мэдээж зааландаа ийм хэмжээний хүн нэг дор багтахгүй ч, тоглолт болон бусад томоохон арга хэмжээг зохион байгуулахад олон хүн багтах оролцох боломжтой гэдгийг үүнээс харж болох юм.

Арга хэмжээ зохион байгуулахад хурлын гурван багцтай. Бүтэн өдрийн хурлын багцад хоёр удаагийн кофе завсарлага, өдрийн хоолтой бол хагас өдрийн хурлын багц нь нэг кофе завсарлага, өдрийн хоолтой. Харин хоолгүй хурлын багц нь нэг удаа кофе завсарлагатай байна. Хурим, шинэ жилийн багц нь жил бүр шинэчлэгдэн гардаг. Хуримын захиалгаа эрт өгсөн бол урамшуулалд хамрагдах боломж бий. Мөн бэлэн багцуудаас сонгохоос гадна тухайн арга хэмжээндээ тохируулаад цэсээ өөрсдөө зохиох боломжтой.

БАГ 

Манай баг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал,нягтлан бодогч, хүлээн авалтын менежер, ерөнхий менежер, үйлчилгээний ахлах, үйлчлэгч зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал болон ерөнхий менежер нар байгууллагын өдөр тутмын зохион байгуулалт, ажилчдын үүрэг, хийх ажлуудыг чиглүүлдэг бол хүлээн авалтын менежер нь арга хэмжээ эхлэхээс дуусах хүртэл бүхий л үйл явцыг нарийн төлөвлөж, зохион байгуулна.

Манай багийн хамгийн чухал зарчим бол үйлчлүүлэгч, харилцагчдыг сэтгэл хангалуун байлгах явдал. Хамтран арга хэмжээ зохион байгуулж буй газар ч бай, тухайн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэн бүхэн ч бай хүн бүрд таатай сэтгэгдэл үлдээж, тухайн мөчийг нь дурсамжтай байхаар ажилладаг юм.

ИРЭЭДҮЙ 

Монголд арга хэмжээ зохион байгуулах хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Гэвч энэ салбарт олон улсын жишигт нийцсэн стандарт, аюулгүй ажиллагааны дүрмийг тууштай мөрдөж ажилладаг байгууллага цөөн. Тиймээс бид зохион байгуулж буй арга хэмжээгээ зөвхөн таатай орчин бүрдүүлэхээс гадна чанар, аюулгүй байдлын өндөр түвшинд хүргэх зорилготой. Цаашид олон улсын арга хэмжээний ISO стандартыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тэлэх бодолтой байна. Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч улам сайжруулах, шинэчлэх зүйлс байсаар байгаа. Тэдгээрийг шат дараатайгаар боловсронгуй болгож, илүү шинэлэг, хялбар олгох нь бидний ирээдүйн гол зорилт.

ЭРСДЭЛ 

Арга хэмжээнд оролцож буй зарим уран бүтээлчдийн авчирдаг фонограм чанарын хувьд асуудалтай байх нь ч бий. Үүнээс болж манай тал ажлаа хийж чадахгүй мэт харагдах тохиолдол гардаг нь бэрхшээлтэй.

Мөн Ballroom ZU нь ресторан биш учир тухайн арга хэмжээнд ирэх зочдын тоогоор хоолны материалаа захиалан авдаг юм. Гэвч заримдаа арга хэмжээний үеэр зочдын тоо огцом нэмэгдэх нь хүндрэл үүсгэдэг. Ийм нөхцөлд хоол хүрэлцэхгүй байх, нэмэлт захиалга хийх шаардлага гарах нь арга хэмжээ зохион байгуулж буй талд санхүү болон зохион байгуулалтад хүндрэл болох нь бий.