Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн орнуудад гүүний эхсийг арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад ашиглах нь түгээмэл үзэгдэл болжээ. Учир нь гүүний эхэс нь хүний биед хэрэгцээтэй 20 гаруй төрлийн амин хүчил агуулдаг ба арьсыг чийгшүүлэх, хөгшрөлтийг удаашруулах, арьсны нөхөн төлжилтийг сайжруулах, өнгийг жигд болгох зэрэг олон төрлийн үйлчилгээтэй гэдгээрээ онцлог. 

Тиймээс бид энэ удаагийн “Онцлох бизнес” буландаа Монгол гүүний эхсийг Япон технологитой хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “CHU Skin” брэндийг онцолж байна. Тус брэнд нь бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулаад хоёр орчим жилийг үдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд 100 хувийн гүүний эхсийн найрлагатай серумыг худалдаанд гаргажээ. 

Ингээд тус брэндийн үүсэл, бүтээгдэхүүн, онцлог, давуу тал, тулгарч буй бэрхшээл болон цаашдын зорилготой нь илүү ойроос танилцъя.

Бизнесийн нэр: Чүү Пласента Трейд ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Очир төв, 303 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Монгол гүүний эхсийн найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн
Үүсгэн байгуулагч: Т.Мөнхчулуун, Ж.Эрдэнэцогт, Б.Батзаяа
Үүсгэн байгуулагдсан: 2022 он
Цахим хуудсууд: Chu Skin Mongolia (Facebook), chuskin_mongolia (Instagram), chuskin.mn (Web)
Уриа үг: Youth Reset

СЭДЭЛ 

Ярилцлагыг: "CHU Skin" брэндийн дэд захирал Б.Ариунзаяа

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс 5 сая орчим толгой адуутай. Мөн адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг тэргүүлэгч орнуудын нэг. Гэтэл адуунаас гаргаж авдаг зарим түүхий эд дэлхийд маш өндрөөр үнэлэгддэг. Ялангуяа гүүний эхэс. Гүүний эхсийг Япон, Солонгос зэрэг Азийн улс орнууд гоо сайхан, эрүүл мэндийн салбарт түгээмэл ашигладаг бөгөөд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэмээн тодорхойлдог юм билээ.

Манай улсын хувьд тэрхүү түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх боломж нь хомс учир ихэвчлэн түүхий хэлбэрээр нь олон улсад экспортолдог. Тиймээс үүсгэн байгуулагчид маань түүхий эдээрээ өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болъё, монгол хэрэглэгчдэдээ хамгийн боломжтой үнээр чанартай бүтээгдэхүүн нийлүүлье гэх сэдлээр энэхүү бизнесээ эхлүүлсэн түүхтэй.

Анх 2022 онд компаниа байгуулж, бүтээгдэхүүнийхээ судалгаа, хөгжүүлэлтийг хийж эхэлсэн юм. Улмаар 2024 оны арваннэгдүгээр сард мист, серум гэсэн хоёр бүтээгдэхүүнээ хамгийн анх зах зээлд танилцуулж байлаа.

ЯЛГАРАЛ 


Эхэс гэдгийг тун энгийнээр тайлбарлавал, эхийн хэвлийд ураг бойжих үед эх, ураг хоёрыг холбон, шаардлагатай шим тэжээл, хүчилтөрөгчөөр хангадаг түр зуурын эрхтэн юм. Хүүхэд төрсний дараа эхсийн үүрэг дуусаж, биеэс гадагшилдаг тул ихэнхдээ хаягдалд тооцогддог. Гэвч эхэс нь уураг, амин дэм зэрэг олон төрлийн шим тэжээл агуулагддаг учир тодорхой хэмжээгээр дахин ашиглах боломжтой.

Бидний хамгийн эхний онцлох зүйл нь агууламж. Дэлхийн зарим улс орнуудад хонь болон гахайн эхсийг голчлон ашигладаг. Харин гүүний эхэс нь хүний биед хэрэгтэй 20 гаруй төрлийн амин хүчил агуулдаг гэдгээрээ онцлог. Мөн олон улсын зах зээлд “placenta” буюу гүүний эхсийн найрлагатай гэх шошготой бүтээгдэхүүн маш их бий. Найрлагадаа өчүүхэн хэмжээгээр орсон ч ийм шошго тавих бүрэн боломжтой. Тиймээс хэрэглэгчид худалдан авалт хийхээсээ өмнө хэдэн хувийн гүүний эхэс агуулсан бэ гэдгийг анзаарч нэг харах нь зүйтэй. Манай бүтээгдэхүүний хувьд хамгийн багадаа 50 хувийн гүүний эхэс агуулдаг.



Дараагийн онцлог нь уураг. Гүүний эхэст амин хүчлээс гадна өсөлтийн хүчин зүйл буюу “growth factor” гэж нэрлэдэг уургууд агуулагддаг. Эдгээр уургууд нь биеийн гэмтсэн эд эсийг нөхөн сэргээж, дахин төлжихөд тусалдаг юм.

Дөрөвдүгээрт, боловсруулалт. Бид түүхий эдээ ашиглан Японы үйлдвэрт эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, гүүнээс авсан түүхий эдээ арьс арчилгааны бүтээгдэхүүний орцод ороход нь бэлэн болгож Монголдоо боловсруулаад, цааш нь хамтран ажилладаг Япон үйлдвэртээ дамжуулан өгснөөр эцсийн бүтээгдэхүүн маань бэлэн болдог гэсэн үг. Тус Япон үйлдвэр маань гоо сайхан, арьс арчилгааны салбарт 30 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Японы хууль, стандартын дагуу шаардлагатай зөвшөөрөл, гэрчилгээг бүрэн авсан.

Сонирхуулахад, гүүний эхэс нь арьсны ашигтай бактерийн өсөлтийг дэмжиж, арьсыг нянгаас хамгаалдаг бодисын ялгаралтыг нэмэгдүүлж, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Мөн нас ахихын хэрээр арьсны эсүүдэд нэмэгддэг IL-6 хэмээх үрэвслийн уургийн түвшинг бууруулдаг байна. Ингээд харвал гүүний эхэс бол арьс арчилгааны бүтээгдэхүүнд ашиглаж болох олон талын ач холбогдолтой түүхий эд юм.

CHU SKIN ГЭЖ ЮУ ВЭ?


CHU Skin бол Монгол түүхий эдийг Япон технологитой хослуулан бүтээж буй арьс арчилгааны брэнд.

Гүүний эхэс, тэр дундаа Монгол гүүний эхэс нь дэлхийн гоо сайхны салбарт үнэ цэнтэй бүтээгдэхүүний нэгд тооцогддог. Учир нь монгол адуунууд тал хээр нутагтаа чөлөөтэй идээшилж, улирлын онцлогоос хамааран төрөл бүрийн шим тэжээлтэй өвс, ургамлаар хооллодог шүү дээ. Мөн ямар нэгэн антибиотик, дааврын нэмэлт хэрэглэдэггүй учраас илүү чанартай, байгалийн гаралтай түүхий эд болж байгаа юм. Тиймээс гүүний эхсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим улс орнууд Монголын гүүний эхсийг сонгож, ашиглах нь бий.

НЭР 


“Чү” гэхээр монгол хүмүүс шууд ойлгож байгаа болов уу. Монголчууд морио хөдөлгөхдөө “Чү” гэж хэлдэг шүү дээ. Бизнес маань гүүний эхэстэй холбоотой, мөн монгол түүхий эдээр бүтээгдэж буй брэнд учраас “Чү” гэх үгээ CHU хэмээн галиглаж, нэрээ өгсөн юм.

Харин энэ оны эхээр бид брэндийн нэршлээ CHUNIQ болгон шинэчиллээ. CHUNIQ нь “CHU” болон “UNIQUE” гэсэн хоёр үгийн нийлбэр бөгөөд Монгол түүхий эдээр бүтсэн, өөрийн гэсэн онцлогтой, дахин давтагдашгүй брэнд байхыг илэрхийлж буй.

Японд “CHU” нэртэй өөр брэнд бүртгэлтэй байдаг юм билээ. Тиймээс монгол хэрэглэгчдэдээ аль хэдийн дасал болсон CHU Skin нэрээ монголдоо ашиглаад, харин цаашдаа олон улсын зах зээлд гарах, гадаад үйл ажиллагаанд оролцохдоо CHUNIQ нэрээр ажиллана.

ОДОО 


Манай үндсэн бүтээгдэхүүнүүд 30-аас дээш насныханд тохиромжтой. Учир нь энэ насанд арьсны нөхөн төлжих үйл явц удааширч, тогтмол арчилгаа шаардагддаг болдог шүү дээ. Тиймд бүтээгдэхүүнүүд маань арьсыг чийгшүүлж, хамгаалахаас гадна нөхөн төлжилтийг дэмждэг тул илүү тохирно. Харин түүнээс доош буюу залуу үеийнхэндээ зориулан бид энэ оны 3-р сард 100 хувийн гүүний эхсийн агууламжтай шинэ серумаа худалдаанд гаргалаа. Серум маань ердөө дөрөвхөн орцтой. Орц нь цөөн байх тусам арьс цочроох эрсдэл багасдаг тул залуу үеийнхэн болон мэдрэмтгий арьстай хэн бүхэнд тохирно. Серумууд ер нь өтгөн бүтэцтэй байдаг даа. Харин манай бүтээгдэхүүн усан бүтэцтэй учраас арьсанд хурдан шингэдэг. Тиймээс өглөө, оройдоо алинд нь ч хэрэглэж болно.

Түүнчлэн манайх хамгийн сүүлийн үеийн Солонгосын арьс оношилгооны аппаратаар үйлчлүүлэгчдийнхээ арьсыг үнэ төлбөргүй оношилдог юм. Тус аппарат нь хиймэл оюун дээр суурилсан бөгөөд тухайн хүний арьсыг 15 төрлийн үзүүлэлтээр нарийвчлан шинжилж, ямар асуудал байгааг тодорхойлдог. Ингээд арьсаа оношилсны дараа нь бид тухайн хэрэглэгчид ямар бүтээгдэхүүн тохирохыг нь хэлж, зөвлөж өгнө.



Сүүлийн үед бид байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. “Corporate Wellness Skin Program” хөтөлбөрөөрөө дамжуулан байгууллагуудын ажлын байранд очиж, ажилтнуудынх нь арьсыг оношлоод, өөрт нь тохирох бүтээгдэхүүнийг сонгоход нь зөвлөгөө өгч, хөнгөлөлттэй үнээр авах нөхцөл бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Албан байгууллагууд болон оффисын ажилтнууд маань өдөр тутамдаа ажилдаа илүү төвлөрөөд, арьсаа оношлуулах, өөрт тохирсон бүтээгдэхүүн сонгох зэрэгт тэр бүр цаг гаргаж чаддаггүй юм шиг санагддаг.

Нөгөөтээгүүр, гоо сайхны бүтээгдэхүүн маш элбэг. Тэдгээрээс аль нь өөрт нь тохирохыг төдийлөн сайн мэдэхгүй, хэн нэгний санал болгосон бүтээгдэхүүнийг шуудхан л авчихдаг тохиолдол цөөнгүй. Өөрт тохироогүй бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэвэл арьсанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс бид энэхүү асуудлыг шийдэх үүднээс байгууллагууд дээр нь очиж, арьсыг нь оношлоод, өөрт нь тохирох бүтээгдэхүүнийг сонгоход нь тусалдаг. Энэ хугацаанд нийт 40 орчим байгууллагатай хамтран ажиллажээ.


БАГ 


Багийн маань баримталдаг хамгийн чухал зарчим бол хариуцлагатай байдал. Бид үйлчлүүлэгчдийнхээ арьсыг нь эхлээд оношлоод, тухайн оношилгооны үр дүнд үндэслэн тохирох бүтээгдэхүүнийг нь санал болгодог. Арьс оношлох, тохирсон бүтээгдэхүүн зөвлөнө гэдэг чинь тийм ч амар ажил биш. Яагаад гэвэл үйлчлүүлэгчид маань бидний өгсөн зөвлөгөөний дагуу бүтээгдэхүүнээ сонгож, хэрэглэж байгаа учраас энэ тал дээр их хариуцлагатай хандах ёстой санагддаг юм. Арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэвэл харшил өгөх, арьс цочрох, тууралт гарах зэрэг ноцтой асуудлууд үүсэж болно. Тиймээс бүтээгдэхүүнээ санал болгохдоо бид маш няхуур, хариуцлагатай ажиллахыг эрмэлздэг.

Мөн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, сайжруулах тал дээр Япон, Солонгосын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байгаа. 2022 оноос Японы судлаачидтай R&D буюу судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажилласан бол энэ оноос эхлэн Солонгосын бизнесийн түнштэйгээ био технологийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлаа өргөжүүлэн ажиллаж байна.

ИРЭЭДҮЙ 


Одоогоор бид маск, мист, хоёр төрлийн серум гээд нийт 4 бүтээгдэхүүнтэй. Японд байгаа эрдэмтдийн баг маань монголчуудын амьдралын хэв маяг, эрс тэс уур амьсгалыг судлан Монгол хүний арьсанд тохирсон цоо шинэ бүтээгдэхүүнүүд гаргахаар судалгаа, хөгжүүлэлтийн ажил хийгээд дуусаж байна. Тиймээс бүтээгдэхүүнээ илүү баяжуулж, нарны тос, цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын арьс арчилгаанд хэрэгтэй бүтэн багц бүтээгдэхүүнтэй болох зорилго маань тун удахгүй биелэх нь ээ.

Дараагийн нэг зорьж буй зүйл нь гоо сайхны нэмэлт тэжээл. Дэлхийн гоо сайхны салбарт энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Тиймээс бид гүүний эхсийн орцтой гоо сайхны эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр манай багийнхан ажиллаж байна.

Мөн одоогийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотдоо худалдаалагдаж буй. Цаашид Дорнод, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан, Эрдэнэт зэрэг орон нутгууд руу илүү хүрч ажиллах зорилго бий. Түүнчлэн бүтээгдэхүүнээ ойролцоох бүс нутгийн зах зээлд гаргаж, экспортлох боломжийг эрэлхийлж байгаа. Ялангуяа Япон, Солонгос, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг Азийн орнуудын онлайн худалдааны платформуудад нэвтэрч, бүтээгдэхүүнээ гадаадын хэрэглэгчдэд хүргэхээр зориод байгаа.

Харин хэтийн зорилго гэвэл Монгол гүүний эхсийг дэлхийн гоо сайхны салбарт таниулах. Тухайлбал, Шинэ Зеланд гэхээр ланолин, Исланд гэхээр замаг, Франц гэхээр термаль ус санаанд ордог доо. Тэр ч байтугай тухайн орц ямар онцлогтой, ямар зориулалтаар ашиглагддагийг хүмүүс мэддэг болсон. Яг үүнтэй адил Монголын гүүний эхэс гэхээр хүмүүс шууд мэддэг, гоо сайхны салбарт өөрийн гэсэн үнэ цэнтэй орц гэж хүлээн зөвшөөрдөг болгохыг хүсэж байна даа.

ЭРСДЭЛ 


Эхэс бол жирэмсний үед түр хугацаанд үүсэж, төл бойжиж төрсний дараа биеэс гадагшилдаг дайвар эрхтэн. Өөрөөр хэлбэл хаягддаг зүйл. Хүмүүс “амьтны гаралтай бүтээгдэхүүн” гэхээр заавал амьтан зовоож байж авдаг гэж ойлгох гээд байдаг талтай. Гэвч үнэндээ тийм зүйл байхгүй шүү дээ. Гүүний эхсийг авахын тулд ямар ч амьтан үхэж үрэгдээгүй, зовоогүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Мөн Европын холбоо болон барууны орнуудад амьтны гаралтай орцтой бүтээгдэхүүнийг бүхэлд нь хориглосон зүйл байхгүй. Харин гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр туршиж шалгахыг хориглосон байдаг. Тиймээс амьтны гаралтай орц ашигласан эсэхээс илүүтэй тухайн бүтээгдэхүүнийг амьтан дээр туршсан уу, үгүй юу гэдэг нь чухал.

Зарим хүн гүүний эхсийг хүний эхэстэй адилхан гэж ойлгох тал бий. Гэхдээ хүн болон адуунаас гаралтай түүхий эдийн хувьд ялгаатай зүйл олон. Түүнчлэн адуу зарим амьтдыг бодвол өвчин тусах нь харьцангуй бага. Учир нь хонь, үхэр зэрэг амьтан чинь хивэгч амьтан учраас галзуу, скрапи зэрэг өвчнөөр өвдөх нь элбэг байдаг. Харин адуу хивэгч амьтан биш учраас ийм төрлийн өвчин тусах нь харьцангуй бага гэж хэлж болно. Ер нь энэ талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй учраас бидний хувьд тайлбарлаж, ойлгуулах нь их чухал болж байна. Тиймээс цаашид бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн сацуу гүүний эхсийн талаар ойлгомжтой, зөв мэдээллийг хүмүүст хүргэхэд анхаарч ажиллана.