Зуны эдгээр өдрүүдэд зайрмагаас илүү нөхөр үгүй билээ. Гэсэн ч нэмэлт сахар, нөөшлөгч бодисгүй амттан олно гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй ижил болсон энэ цагт “эрүүлээр өөрийгөө шагнах” онцгой их чармайлт шаардаж буй. Бид энэ удаа цэвэр жимсний хольцоос бүтдэг смүүти боулын шоп Cloudberry-г онцолж байна. Аарц, кокос, гадил, луу жимсний ч өвөрмөц хоршлыг мэдрүүлэх шинэхэн шопын тухай таны мэдэх ёстой бүхнийг хүргэе.

Бизнесийн нэр: Cloudberry смүүти бар
Хаяг: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамьян Гүний гудамж
Үйл ажиллагааны чиглэл: Смүүти шоп
Үүсгэн байгуулагч: Н.Дөлгөөн
Үүсгэн байгуулагдсан: 2025 оны 9-р сар
Цахим хуудсууд: Инстаграм
Уриа үг: Эрүүлээр өөрийгөө шагная /Healthy reward/

сэдэл

Багад нүүрэн дээр их батга гардаг, тийм ч болохоор эмч дээр очиж яах тухайгаа асуухад хамгийн түрүүнд чихэртэй хүнс бага идэхийг зөвлөдөг байсан. Тиймээс чихэр, ялангуяа зайрмагт маш их дуртай ч хүүхэд байхаас арьс эмзэгшчихнэ гээд элдэв амттанг гэмшилтэй иддэг, аль болох эрүүл орцтойг нь хайдаг байсан юм. Ингэж яваад оюутан болж, их сургуулийнхаа Red Mango гэх смүүти шоп-д анх смүүти боул идэж үзэж байлаа. Цэвэр жимсний хольцоор хийж байгаа нь нүдэн дээр харагдаж байгаа ч амсаад үзэхэд яг зайрмаг шиг санагдаад ихэд таалагдаж билээ. Гоё амттай, нэмээд эрүүл амттан олсондоо олзуурхаж, зайрмагаас илүү смүүти боул иддэг болсон чинь арьс ч эмзэгших нь багассан.

Монголдоо буцаж ирээд мэргэжлээрээ банканд ажилласан юм. Ажлын ачаалал, стресстэй үед багахан амны зугаагаар өөрийгөө шагнамаар, эрч хүчээ сэлбэмээр санагдах үед дандаа эрүүл бус зүйлс нүдэнд харагддаг байлаа. Ер нь эрүүл амттаны сонголт бага, хайж олоход багагүй чармайлт шаардаж байгааг их анзаарсан. Тэр үедээ анх “эрүүл амьдрахад амархан байх хэрэгтэй” гэх сэдлээр гэртээ хийж иддэг байсан смүүти боулоо олон өөр аргаар хийж, туршиж байгаагаа сошиал хуудастаа хуваалцдаг байв. Ингээд эерэг сэтгэгдлүүд ар араасаа цуварч, надтай ижил сонирхолтой хүн олон байгааг мэдсэн нь бизнесээ эхлүүлэх томоохон түлхэц болсон.


Анх гэртээ хийж иддэг, ойр тойрныхондоо амсуулахаар энгийн смүүтитэй хольж солих нь их. Дараа нь нөхрийнхөө сургалтын төвийн жижиг гал тогоонд бяцхан кафе ажиллуулж эхлээд шинэ жорууд идэвхтэй туршсан. Одоогийн смүүти бар-аа нээхээс өмнө олон жор туршиж үзээд сургалтын хүүхдүүдээс санал сэтгэгдлийг нь чамгүй сонсож туршлагажсан гэх үү дээ. Ялангуяа сурагчид тууштай нь аргагүй ирж авдаг, дуртай байгаагаа илэрхийлдэг нь их урам өгсөн шүү.

Тэгж яваад ойролцоох пилатисийн газраас уурагтай смүүти боулын захиалга тогтмол авч хүргэлт хийдэг болсныхоо дараа брэнд, логогоо хөгжүүлж эхэлж байлаа.

Ялгарал

Өмнө нь намайг кофе шопт ажиллах үед смүүтиг ихэвчлэн жимсээр бус сироп, лаазалж хадгалсан, нөөшлөгч бодис ихтэй бэлдэцээр хийдэг байсан. Тиймээс бүх бүтээгдэхүүнээ жинхэнэ жимсээр хийж байгаа нь манай хамгийн том ялгарал.

Мөн Монголд уургийн бэлдмэлээ нэмүүлээд авдаг амттан, зууш ховор санагддаг. Хүмүүс дасгал хийж орж ирээд уургаа усанд найруулж уухын оронд манайд хүрч ирээд олон төрлийн амтыг мэдрэх боломжтой. Бид ч смүүти боулынхаа амтыг алдагдуулахгүйн тулд элдвийн хольцгүй, цэвэр орцын уургууд хайж нэлээн явсан.

cloudberry гэж юу вэ?

Cloudberry смүүти бар бол эрүүлээр өөрийгөө шагнамаар байгаа хүмүүсийн ирэх газар. Тиймээс дуртай амттангаа санаа зоволгүй идэж, эрч хүчээ сэлбэхийг хүсвэл манайхыг зориорой.


нэр

Анх ийм газар нээнэ гэдэг төсөөллөөр биш, смүүти боулын жор туршиж байгаагаа инстаграм дээр хуваалцах зорилгоор сошиал хуудастаа өгсөн нэр. Тухайн үед ямар нэр өгөхөө бодож яваад, хэтэрхий санаашрахгүйгээр “Манай газрыг бодоход жимс санаанд орж ирдэг байгаасай” гэх хүслээр жимснүүдийн нэр хайж эхэлсэн. Ингээд cloudberry гэдэг өмнө нь огт сонсож байгаагүй жимсийг олсон хэрэг. Судалж үзээд маш эрүүл, антиоксидантын агууламж өндөр, ховор жимс гэдгийг нь мэдэж, нэмээд нэр нь ч толгойд амархан хоногшихоор санагдаад сонгож байлаа.

Одоо

Нээгдээд удаагүй байгаа болохоор үйл ажиллагаагаа илүү жигдэлж, учраа олох гээд л явж байна. Бас сэрүүхэн өдрүүдэд хүн багасаж, цаг агаараас шалтгаалан хөл хөдөлгөөн ихээхэн хэлбэлздэг тул намрын менюндээ овъёостой вафль, жимстэй цай гэхчлэн халуун идэх, уух зүйл нэмэхээр ажиллаж байгаа. Үндсэн орц нь мэдээж жимс. Мөн манайх өглөө 7:30-аас нээдэг учир хүмүүс өглөөний цайгаа уух боломжтой. Тиймээс заавал смүүти боул шиг хүйтэн гэлтгүй төрөл бүрийн өглөөний цайны сонголттой болохоор жороо туршиж байна.


баг

Одоогоор гурван смүүти бариста, дизайнерын хамт ажиллаж байна. Нэмээд манай нөхөр их тусалдаг. Ихэвчлэн том зургаар нь яаж хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх тал дээр санал солилцоно. Бид өглөө хүргэлтээ хийчхээд 7:00 гээд ирдэг юм. Ажиллах цагийн хувьд өглөөний ээлж 7:00-13:00, өдрийн ээлж 13:00-19:00 гэсэн хуваарьтай.

ирээдүй

Cloudberry-гээ гэр шиг мэдрэмж төрүүлэхүйц, дулаахан газар байлгахыг хүсэж байна. Тиймээс улам л дотно, тухтай болгохыг хичээнэ.

Асаи жимсээр хийдэг асаи боул гэж байдаг шүү дээ. Монголд харин энэ жимс хараахан орж ирээгүй байгаа. Тэгэхээр цаашдаа асаигаас авхуулаад бусад хэрэглэдэг жимсээ өөрөө шинээр нь оруулж ирэх зорилготой.

Эрсдэл

Өмнө нь яагаад смүүти боулын газар төдийлөн олон байдаггүйг гайхдаг байсан юм. Харин яг хийгээд эхлэхэд хамгийн эхний сорилт нь эрс тэс цаг уур юм билээ. Монголд дулаахан өдөр цөөн учир хүмүүс ч халуун, бүлээн хүнс илүүтэй хэрэглэдэг. Хүйтэн бүтээгдэхүүнийг өвөл, намрын сэрүүнд ч гэлтгүй, зуны жиндүү өдрүүдэд ч зарах хүндрэлтэй болчихно. Тиймээс өмнө дурдсанчлан цэсээ төрөлжүүлэхийг хичээж байгаа.

Хоёрдугаарт жимсний олдоц. Сая наадмаар л гэхэд гүзээлзгэнэ хайж хотыг самраад нэг ч гүзээлзгэнэ олж чадаагүй /инээв/. Хил гааль, бусад гаднын хүчин зүйлээс шалтгаалан жимс ойр ойрхон тасардаг, өртөг өндөртэй орж ирдэг учир бүтээгдэхүүн нь харьцангуй үнэтэй гардаг. Энэ нь ч эргээд борлуулалтад нөлөөлдөг.


Мөн дөнгөж эхлүүлж байгаа болохоор бизнесийн сорилтууд их бий. Хүн орж ирэх эсэх, бүтээгдэхүүн маань үнэхээр амттай байгаа эсэхийг бодож санаа зовох үеүд ч олон. Гэхдээ өөрийн мэдрэмж, амталгаанд итгэж, шинэ зүйлсийг зоригтойгоор туршихад суралцсаар байна.