Долоо хоног бүрийн даваа гарагт хүргэдэг “Онцлох бизнес” булангийнхаа шинэхэн дугаарт 3D дизайн болон NFC технологийг хослуулан залуусын өдөр тутмын хэрэгцээг бүтээлчээр шийдэж буй “Covy Design” брэндийг онцолж байна. Тус бизнес нь үйл ажиллагаагаа эхлээд хоёр жилийг үдэж буй ч энэ хугацаанд 200 гаруй албан байгууллагатай хамтран ажиллаж, 30,000 орчим бүтээгдэхүүн хэвлэжээ. Тэд энэ зун илүү сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. 

Ингээд тэдний бизнесийн санаа сэдэл болоод одоо төвлөрөн хийж буй ажил, онцлог давуу талуудаас эндээс уншаарай. 

Бизнесийн нэр: Covy Design
Хаяг: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Old City Tower
Үйл ажиллагааны чиглэл: 3D дизайн ба хэвлэл
Үүсгэн байгуулагч: Т.Төгөлдөр, С.Будрагчаа, С.Гантулга
Үүсгэн байгуулагдсан: 2024 оны арваннэгдүгээр сар
Сошиал хуудсууд: Covy Design (Facebook), covy.design (Instagram)

СЭДЭЛ 

"Covy Design"-ийг Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Т.Төгөлдөр

Манай баг 2020 онд “CloudPrint” нэртэй өөртөө үйлчлэх ухаалаг хэвлэлийн төхөөрөмжийг хөгжүүлж байсан юм. Тухайн үедээ тоног төхөөрөмж, программ хангамж, системийн хөгжүүлэлт, их биеийг нь хүртэл өөрсдөө хийж, монголдоо үйлдвэрлэж байлаа. Энэхүү төхөөрөмж нь хэрэглэгчдэд гар утас эсвэл компьютероо ашиглаад интернэтээр шаардлагатай файлаа ердөө 1-2 минутын дотор өнгөт болон хар, цагаанаар хэвлэх боломжийг олгодог гэдгээрээ онцлог. Тэгэхдээ бид төхөөрөмжийн өнгө төрхийг илүү сонирхолтой, анхаарал татах зорилгоор нүүрэн хэсэгт нь үүл хэлбэртэй 3D дүрслэл оруулж, түүнийг нь өнгө өнгөөр асдаг болгож загварчилж байсан юм. Одоогоор МУИС, Этүгэн, Санхүү Эдийн Засгийн Их сургууль болон CU-ийн дөрвөн салбар гээд нийт 15 газарт коиск машин байдлаар байршаад байна. Үүнээс л сэдэл авч, одоогийн бизнесээ эхлүүлсэн түүхтэй.

Хамгийн анх бид мөөг хэлбэртэй, өнгийг нь сольж болдог гэрлийн чийдэн бүтээж байлаа. Гэрэл нь бүх өнгөөр асна. Хэрэглэгч тухайн үеийн сэтгэл зүй, орчин, уур амьсгалдаа тааруулаад гар утсаа ашиглан хүссэн өнгөө гаргах боломжтой. Мөн гэрлийн доод сууриуд нь ч гэсэн төрөл бүрийн өнгөний сонголттой тул хэрэглэгч өөрт таалагдаж буй өнгөө сонгох бүрэн боломжтой болж байгаа юм. Ерөнхийдөө тухтай, тайван мэдрэмж төрүүлэх зорилготой бүтээсэн гэх үү дээ.

Бид анхандаа NFC Tag-ууд туршилтаар хийж, өөрсдөө хэрэглэдэг байлаа. Гэтэл эхнэр маань ажлынхандаа NFC Tag-аа сонирхуултал тэдэнд их таалагдаж, бүр 200 ширхэг NFC Tag-ийн захиалга өгч байв. Энэ нь бидний хувьд байгууллагаас захиалга авсан анхны тохиолдол болж байлаа.


“CloudPrint” өөртөө үйлчлэх ухаалаг хэвлэлийн төхөөрөмж

ЯЛГАРАЛ 

Хамгийн эхний онцлох ялгарал нь дизайн. Бид хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ маш сайн ярилцаж, тэдний төсөөллийг бодит болгох тал дээр нь анхааран ажилладаг. Мөн хурдан хугацаанд чанартай, өнгөлөг байдлаар хийхийг эрмэлздэг юм.

Дараагийн давуу тал бол яах аргагүй хэрэглэхэд хялбар байдал юм. Гэрлийнхээ өнгийг гар утаснаасаа чөлөөтэй удирдахаас гадна, дуу хоолойгоороо буюу утастайгаа яриад л солих боломжтой. Ор, буйдан дээрээ тухлан хэвтэж байхдаа ч орчныхоо уур амьсгалыг ганцхан хэлээд л өөрчилнө гэсэн үг.

Бас нэгэн давуу тал нь принтер. Бид одоогоор оффис дээрээ гурав, үйлдвэртээ 10 гаруй принтер ашиглаж байна. Зах зээлд дөнгөж гарсан, хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүдийг сонгон хэрэглэдэг учраас бүтээгдэхүүнүүд маань чанартай байдаг юм.


COVY DESIGN ГЭЖ ЮУ ВЭ?

Covy Design бол 3D дизайн болон ухаалаг технологийг хослуулан залуусын хүсэл сонирхолд нийцсэн хэрэгцээтэй хэр нь ашиглахад сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг гаргаж буй залуу брэнд.

Одоогоор бид ухаалаг гэрлийн чийдэнгээс гадна хэрэглэгчдийнхээ өдөр тутмын хэв маягийг илэрхийлэх түлхүүрийн оосор, энгэрийн тэмдэг, брэндийн маскот зэрэг олон төрлийн өвөрмөц, бүтээлч бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаад байна.


НЭР

Бид бизнесээ эхлүүлэхдээ ширээний болон гоёл чимэглэлийн гэрэл үйлдвэрлэж, энэ чиглэлээр дагнан ажиллахаар төлөвлөж байсан юм.

Хүмүүс орой гэртээ ирээд манай гэрлийг асаахад тухтай, тайван уур амьсгал бүрдэж, амрахад нь таатай мэдрэмж төрдөг байгаасай гэж бид хүссэн. Тиймээс “тухтай, тохилог” гэсэн утгатай англи хэлний “Cozy” гэдэг үгнээс санаа авч, “Covy” хэмээх нэрээ өгсөн.


ОДОО 

Бизнес маань үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 200 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж, 30,000 гаруй бүтээгдэхүүнийг хэвлэмэл байдлаар гаргажээ. Одоогоор байгууллагуудын захиалгуудыг бэлтгэн, хэвлэх тал дээр анхааран ажиллаж байна.

Ер нь 3D хэвлэл гэдэг хүн юу бодож, юу төсөөлж чадна, тэр бүгдийг бодит болгох, аль ч салбар луу хөрвөх боломжтой зүйл. Тухайлбал, сарын өмнө бид усны дусал хэлбэртэй түлхүүрийн оосор гаргасан. Ус гэдэг угтаа баригдашгүй, тодорхой хэлбэр дүрсгүй, биет бус зүйл шүү дээ. Гэсэн ч үүнийг бид хэлбэрт оруулж, 3D бүтээл болгоод байгаа. Энэхүү бүтээгдэхүүнээрээ дамжуулан бид хүний оюун бодолд байгаа ямар ч хийсвэр, төсөөллийн зүйлийг 3D технологийн тусламжтайгаар бодит, гарт баригдахуйц болгож болох юм байна гэх санааг олсон доо.

Байгууллагуудын дунд 3D цомын захиалга их хийлгэдэг. Энгийн цомоос илүүтэй өөрсдийн санаа бодлыг шингээсэн дүрслэлүүд хийлгэхийг эрмэлздэг учир аль болох чанартай, дүрслэл сайтай хийхийг хичээдэг.



Харин гэрлийн чийдэнг маань хувь хүмүүс, албан байгууллага, ресторан, үйлчилгээний газрууд их худалдан авдаг. Бэлэн бүтээгдэхүүн худалдаалахаас гадна тухайн байгууллагын өнгө төрх, интерьер дизайнд тохируулан захиалгаар гэрэл хийж өгдөг юм. Бүтээгдэхүүнүүдээс маань хамгийн их борлуулалттай, алдартай болж буй нь NFC-тэй түлхүүрийн оосор. Сүүлд бид ажлын стрессийг багасгаж, анхаарал төвлөрүүлэхэд туслах зориулалттай “click button” гаргалаа.

Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн онцлогтой тул хэвлэх загвар, өнгө холилтоосоо шалтгаалан өөр өөр цаг хугацаа шаарддаг. Жишээ нь, маскот хэвлэхэд 6 орчим цаг зарцуулагдаж байсан бол нэг ширхэг түлхүүрийн оосорт дор хаяж 30-40 минут орно.

БАГ 

Зүүн гар талаас: С.Гантулга, Т.Төгөлдөр, С.Будрагчаа

Бид таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Миний хувьд брэндээ сурталчлах, борлуулах зэрэг маркетинг болон захиалгыг хариуцан ажилладаг бол хоёр дизайнер маань хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн 3D зургийг гаргаж, дизайныг нь хийн ажиллаж байна. Харин нөгөө хоёр ажилтан маань үйлдвэр дээрээ 3D хэвлэлт, түлхүүрний оосрын угсралт зэрэг үйлдвэрлэлийн механик ажлуудыг гардан гүйцэтгэдэг.

ИРЭЭДҮЙ 


Удахгүй бид “Covy Home” буюу гэр ахуйн хэрэглээнд тохиромжтой, сонирхолтой бүтээгдэхүүнүүд гаргахаар төлөвлөж байна. Гар утастайгаа холбож байгаад л заавал орноосоо босох шаардлагагүйгээр гэрлээ унтраах зэрэг өдөр тутамд маань их хэрэгтэй, ашиглахад тун сонирхолтой хоёроос гурван төрлийн бүтээгдэхүүн байгаа. Бүтээгдэхүүнээ энэ зундаа гаргах төлөвлөгөөтэй байна.

Манай үйлдвэр харьцангуй жижиг. Тиймээс үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, өргөжүүлэх хүсэлтэй. Ингэснээр илүү олон бүтээгдэхүүнийг богино хугацаанд, их хэмжээгээр, хямд үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Захиалгаа бид онлайнаар авдаг юм. Алсдаа бүтээгдэхүүнийг маань зорьж очин үздэг дэлгүүр эсвэл workshop нээх зорилготой. Дэлгүүрт маань төрөл бүрийн өнгөний эффекттэй гэрлүүд байх ба хүмүүс бэлэн байгаа бүтээгдэхүүнийг үзэж сонирхохын зэрэгцээ шууд захиалга өгч, бүтээгдэхүүнээ хэрхэн хэвлэгдэж буйг хянах боломжтой болох юм.

Сүүлийн үед хүүхэд, залуучууд 3D технологийг маш ихээр сонирхох болсон. Тийм ч учраас бид энэхүү бүтээлч салбарыг илүү олон хүнд таниулах, тэр дундаа хүүхэд залуус болон гэртээ сууж буй иргэдэд (ээжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид г.м) зориулан 3D бүтээгдэхүүн хэрхэн загварчлах, хэрхэн хийх тухай мэргэжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулах бодолтой байгаа.

ЭРСДЭЛ 


Хэрэглэгчид захиалгаа өгөн, дизайнаа гаргуулчхаад холбоогүй алга болчихдог нь хамгийн хэцүү. Дизайн тэр дундаа 3D бүтээгдэхүүний дизайныг гаргахад маш их цаг хугацаа, хөдөлмөр шаардагддаг. Гэтэл захиалагч талаас ямар ч холбоогүй алга болох тохиолдлууд гардаг. Үүнээс шалтгаалан дизайнерын зарцуулсан цаг, хөдөлмөр үнэгүйдэх үе ч бий. Нэлээдгүй олон удаа ийм тохиолдол гарч байсан шүү.

Түүнчлэн захиалгаа хэт тулгаж өгөх нь бэрхшээлтэй. Дийлэнх харилцагчид маань хоёр, гурав хоногийн өмнө их хэмжээний захиалга өгөх гээд байдаг. Ядаж долоо хоногийн өмнөөс захиалга өгчихвөл бид ажлаа зохицуулаад цагаа төлөвлөн хийх боломжтой. Тулгаж захиалга өгвөл татгалзахаас өөр аргагүй болдог юм. Тиймээс хэрвээ манай бүтээгдэхүүнийг сонирхож буй нэгэн байвал захиалгаа 7-оос дээш хоногийн өмнө өгөөрэй гэж хэлмээр байна.

Дараагийн хэцүү, сорилттой санагддаг зүйл нь боломжгүй захиалга. Хэт олон өнгө оруулах эсвэл хиймэл оюунаар бүтээлгэсэн төгс өнгөөр хийлгэх гээд байдаг талтай. Принтерүүд маань 4-5 төрлийн өнгийг нэг дор хольж хэвлэх боломжтой учир олон өнгө орсон бүтээгдэхүүн гарахгүй. Мөн жижиг деталь хэсгүүд ихтэй, уусгалттай зургууд гардаггүй.

Эдгээрээс гадна санхүүгийн хувьд бэрхшээлтэй тал бий. Үүсгэн байгуулагдаад удаагүй жижиг бизнесийн хувьд хөрөнгө, тоног төхөөрөмжийн боломж хязгаарлагдмал байдаг тул үйлдвэрлэлийн өртөг харьцангуй өндөр гардаг. Бүтээгдэхүүний үнийг аль болох боломжийн байлгахыг хичээдэг ч тоног төхөөрөмж, материал, засвар үйлчилгээний зардал байнга гардаг. Хэрэглэгчид зөвхөн бараа материалын дүнгээр үнийн дүнгээ бодох гээд байдаг ч цаана нь олон хүний хөдөлмөр орж байдаг. Өрсөлдөөн ихтэй учраас чанараа алдалгүйгээр өртгөө бууруулах арга олох нь бидний хувьд хамгийн том сорилтуудын нэг болж байна.