Аливаа улс үндэстний түүх ахуй, соёл уламжлалтай танилцах хамгийн дөт зам нь тэдний уламжлалт идээ ундааг зооглох билээ. Зөвхөн орц найрлага, онцгой амтаас гадна түүнийг хэрхэн бэлтгэж, зочдодоо хэрхэн өргөн барьж буй хоолны соёлоос тухайн ард түмний талаар ихийг мэдэх боломжтой.
Сүүлийн жилүүдэд аялагчдын луужин баруун хязгаар Баян-Өлгий аймаг, цаашлаад Казахстан улс руу заах болжээ. Цаст Алтай Таван Богдын сүрлэг уулс, Казахстанд болдог дэлхийн оддын цуглардаг орчин үеийн хөгжмийн наадмууд гэхчлэн эдгээр бүс нутгийг зорих шалтгаан мундахгүй олон бий. Энэхүү соёл уламжлалын нэгээхэн хэсгийг дэргэдээсээ амтлах боломжийг олгох Дарига рестораныг манай редакц онцолж байна.
Бизнесийн нэр: Дарига
Хаяг: ХУД, Emart-ын баруун урд талд, Akoya Mall 4 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан
Үүсгэн байгуулагч: Мурат Серик
Үүсгэн байгуулагдсан: 2026 оны гуравдугаар сарын 7
Цахим хуудсууд: Instagram, Facebook
СЭДЭЛ

Сүүлийн үед зах зээлд гаднын франчайз бизнесүүд хүч түрэн орж ирснээс улбаатайгаар дотоодын бизнесүүд шахагдаж байгаа нь нууц биш. Иймд бид өндөр зэрэглэлийн үндэсний брэндийг хөгжүүлж, түүнийгээ олон улсад франчайз хэлбэрээр экспортлох зорилго өвөртөлсөөр хөрөнгө оруулалтаа татаж, зургаан сарын турш зах зээлийн судалгаа хийснээр Дарига брэндийг үүсгэн байгуулсан юм.
Дарига нь зөвхөн Казах үндэстнээр хязгаарлагдахгүй, нийт нүүдэлчин ард түмний ахуй соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Нүүдэлчид дэлхий дахинаа зочломтгой зангаараа танигдсан байдаг шүү дээ. Гэртээ саатсан зочноо авдарт хадгалсан ховор, нандин бүхнээрээ дайлж, ирсэн хүнийг хоосон буцаадаггүй уламжлалтай. Бид нар ч гэсэн үйлчилгээний соёлдоо энэхүү зарчмыг баримталж, их хотод шинэ өнгө төрх бүхий шинэхэн ресторанаа өлгийдөн авсан билээ.
ЯЛГАРАЛ

Манай рестораны бүх хоол халал стандартын дагуу бэлтгэгддэг. Өмнө нь халал гэхээр хүмүүс зөвхөн шашинтай холбож ойлгодог байсан бол одоо эрүүл мэнд, ариун цэвэр, чанарын стандарт талаас нь ойлгодог болжээ. Олон улсад төдийгүй Монголд ч тэр зөвхөн халал хоолны дэглэмтэй хүмүүс олширсоор байгаа юм.
Түүнчлэн манай хоолны цэс нэлээд өвөрмөц сонголтуудаас бүрддэг. Жишээ нь чөмөгтэй самса, айрагтай коктейль, хонины тархиар хийсэн зууш, казтай цуйван, өрөмтэй пицца, казах боорцог гээд өөр ямар ч ресторанаас хүртэх боломжгүй шинэлэг хоолнууд манайд бий.
ДАРИГА ГЭЖ ЮУ ВЭ?
Дарига бол нүүдэлчин ард түмний соёлыг орчин үеийн өндөр зэрэглэлийн рестораны үйлчилгээтэй хослуулсан брэнд. Монгол, Казах, Турк, Киргиз зэрэг нүүдэлчин ард түмний ахуй, соёл өөрөө ямар баялаг гэдгийг их хотын завгүй энэ амьдрал дунд хааяа ч болов сануулах соёлын өртөө юм.
НЭР

Бид нэрээ сонгох гэж бараг хоёр сарын хугацаа зарцуулж байж билээ. Дарига гэдэг нь хорвоо дэлхий, уудам, хээр тал гэхчлэн давхар утга агуулдгийн дээр сонсголонтой үг учраас таалагдаж байсан юм.
ОДОО
Ресторан маань нээгдээд ердөө хагас сар орчим хугацаа өнгөрөхөд 8,500 гаруй хүн үйлчлүүлсэн байсан. Ялангуяа амралтын өдрүүдэд маш их ачаалалтай байгаа. Тиймээс одоогоор бид үйлчилгээний стандарт болон хоолны амт чанарыг анхных шигээ, магадгүй түүнээс ч илүү байлгах тал дээр бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.
БАГ

Рестораны бизнес гал тогооноос эхлээд заалны ажилтнууд хүртэл бүх ажилчдын хэмнэл нэг байхыг шаарддаг буюу бие биеэсээ харилцан хамааралтай ажил байдаг. Иймд бид нэгнээ үргэлж дэмжиж, алдсан үед нь зэмлэх бус урамшуулж ажиллахад анхаардаг.
Манайх нийт 70 гаруй ажилтантай бөгөөд түүний 10 нь оффисын буюу менежментийн багт ажилладаг бол үлдсэн 60 нь өдөр тутмын үйл ажиллагаагаа хариуцаж ажилладаг.
ИРЭЭДҮЙ

2023 оны судалгаагаар Монголын баруун гурван аймаг нийт 75-81 мянган жуулчин хүлээн авах тооцоо гарсны дотор, зөвхөн Баян-Өлгий аймагт гэхэд дунджаар 30 мянга орчим дотоодын аялагч зочилдог. Үүнтэй зэрэгцэн, сүүлийн жилүүдэд Казахстан улсыг зорих аялагчдын урсгал эрс нэмэгдэх болсон. Мөн олон улсын томоохон урлаг, соёлын арга хэмжээнүүд шил дараалан тэнд зохион байгуулагдаад байгаа шүү дээ.
Тиймд бид ойрын 1-2 жилийн хугацаанд Дарига брэндээ франчайз хэлбэрээр олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байна. Ялангуяа Европ болон Америкийн зах зээлд казах болон нүүдэлчин ард түмний үндэсний ресторан ховор учраас эрэлт өндөр байгаа. Тиймээс одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт татахаас эхлээд бусад бэлтгэл ажлууддаа төвлөрч ажиллаж байна.
ЭРСДЭЛ

Зочлох үйлчилгээний салбарт тогтвортой хүний нөөц бүрдүүлж, ур чадвартай ажилчдыг тогтоон барина гэдэг хамгийн том бэрхшээлүүдийн нэг байдгийн адилаар манайд ч тэр энэ л асуудал болоод буй.
Дэлхий дахинд өрнөж буй асуудлуудаас үүдэлтэй инфляц, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдал, ялангуяа гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнийн хэлбэлзэл зэрэг нь өдөр тутмын үйл ажиллагаанд эрсдэл дагуулдаг. Гэсэн ч манайх Улаанбаатар хотод байрлах гурван салбартаа тусгай бэлтгэлийн цехийг ажиллуулдаг учраас мах болон бусад орцуудыг нэгдсэн байдлаар бэлтгэн нийлүүлж амт, чанараа өөрчилж, тасалдуулахгүй байх арга хэмжээг авч ажилладаг.

Сэтгэгдэл бичих (2)


C Cielo 66.181.161.247
Орчин маш их таалагдсан. Ер нь рестораны хувьд бол хоолны амт чанар, өнгө үзэмж, тухайн орчин, уур амьсгал, ажилчдын хандлага гэх мэт олон зүйлс нэг цогц болж байж үйлчлүүлэгчид таашаалыг өгч байдаг. Ийм сайхан газар нээгдсэнд маш их баярлаж байна. Улам илүү сайжирч чанараа алдалгүй явна гэж найдаж байна. Үнийн хувьд бол манайхан ийм их үнэтэй байна гэж ярьдаг. Үүний цаана эргээд тухайн орчиноос авч буй мэдрэмж, цалин хөлс татвар, урсгал зардал гээд олон зүйл байдаг гэдгийг ойлгодоггүй.
З Зочин 202.21.104.2
7 өнгөрөөж үзүүлбэл үзүүлээд дахиж байхгүй, хоол хэт үнэтэй бөгөөд амт бол үнэндээ таарсан байгаагүй. Хүүхдүүдээ дагуулж ороод сэтгэл ханамж 0 байсан. Дахиж орохгүй ээ.