Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ үеэр эцэг эх, хүүхдүүдийн хамгийн том толгойны өвчин бол хичээлийн хэрэгслээ бэлдэх. Аль болох чанартай, үнэ боломжийн бүтээгдэхүүн сонгохыг эрмэлздэг ч авсан бал нь хэдхэн хуудас бичээд л тасалдах, харандаа нь үзүүрлэх бүрд хугарч унах, өнгийн харандаа, будаг нь тод гарахгүй байх зэрэг асуудлууд цөөнгүй тулгардаг. Үүнээс болж нэг хичээлийн жилд ижил бүтээгдэхүүнийг хэд хэдэн удаа шинээр авах шаардлага гардаг.
Тиймээс энэ удаагийн “Онцлох бизнес” буландаа хичээлийн хэрэгслийн сонголтод тань нэмэр болохуйц нэгэн дэлгүүрийг танилцуулж байна. Энэ бол Өмнөд Солонгосоос гаралтай бичиг хэргийн дэлгүүр “DKG Mongolia”. Тус дэлгүүр нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийн нүүр үзэж байгаа бөгөөд бүтээгдэхүүнүүд нь БНСУ-ын KC аюулгүй байдлын баталгаажуулалтаар баталгаажсан гэдгээрээ онцлог.
Бизнесийн нэр: DKG Mongolia
Хаяг:
Салбар 1: Хан-Уул дүүрэг, Эдү Паркийн 1 давхарт
Салбар 2: Чингэлтэй дүүрэг, цэцэг төвийн хойно
Үйл ажиллагааны чиглэл: Бичиг хэргийн дэлгүүр
Үүсгэн байгуулагч: Н.Солонго
Үүсгэн байгуулагдсан: 2025.06.24
Цахим хуудсууд: DKG Mongolia (Facebook), dkg_mongolia (Instagram), dkgmongolia.mn (Web)
“DKG Mongolia”-ийн үүсгэн байгуулагч Н.Солонго
СЭДЭЛ

Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ хичээл, сургуулийн бэлтгэлийг базааж, хичээлийн хэрэгслийг нь байнга бэлдэж өгдөг юм. Тэгэх бүрд асуудал их гарна. Жишээ нь, үзгэн бал гэхэд хямд, үнэтэй гээд төрөл бүрээс нь л хэрэглэж байлаа. Гэтэл хэдхэн хуудас бичээд л гарахаа больчихно, бэх нь тасалдана эсвэл гоё гарахгүй байх тохиолдол цөөнгүй. Ингээд Өмнөд Солонгосын Monami гэх брэндийн үзгэн бал ихэд таалагдаж, хоёр жил гаруй хугацаанд захиалж авч байв. Бага насны хүүхдүүд формын хувцсан дээрээ үзгэн балаар бичих, толбо болгох нь их. Гэвч үүнийг нь угаагаад тийм ч амар арилдаггүй шүү дээ. Харин Monami брэндийн бал бол угаалгын нунтаг хэрэглэх шаардлагагүй, усанд дэвтээгээд орхичихвол ор мөргүй арилчихдаг юм билээ. Түүнчлэн монгол хүүхдүүдийн бичдэг стандарт цэнхэр өнгөтэй учир их таалагдсан.
Ингээд хүүхдүүдээ сургуультай нь ойролцоо сургалтад хамруулахаар Эдү Паркыг зорьж очлоо. Гэтэл үүдний ресепшний хажууд маш том сул өрөө байв. Сонирхоод асуутал, энэ өрөөнд бичиг хэргийн дэлгүүр оруулахаар төлөвлөж байгаа, тендерээ зарлачихсан хүлээж байна гэв. Миний хувьд өөрөө бичиг хэргийн их сонирхолтой байсан учир үүнийг сонсоод л “энд дэлгүүрээ нээе” гэх бодол шууд төрсөн. Тухайн үед надад өөрийн гэсэн дэлгүүр ч бүү хэл, борлуулах бараа бүтээгдэхүүн ч бэлэн байгаагүй. Гэсэн ч зориглоод Эдү Паркийн захиралтай уулзаж, Өмнөд Солонгосоос чанартай бүтээгдэхүүн оруулж ирье, дэлгүүрээ нээе гэх саналаа хэллээ. Харин тэд албан ёсны дистрибьютер гэдгээ батлах бичиг баримттай бол оруулах бүрэн боломжтой тухай хэлсэн юм.

Ийнхүү хамгийн сайн мэддэг Monami брэндтэйгээ холбогдож, албан ёсны зөвшөөрөл авлаа. Тэгсэн өнөөх дэлгүүр маань зөвхөн үзэг, бал, харандаа, маркер гэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байж таарав. Бичиг хэргийн дэлгүүр чинь хавтас, баримлын шавар, шугам гээд төрөл бүрийн бараатай байх ёстой шүү дээ. Тиймээс өөр бүтээгдэхүүнээр хамтран ажиллах дэлгүүрээ хайж явсаар Өмнөд Солонгосын DKG брэндтэй танилцаж байсан юм. Бүтээгдэхүүний өрөлт, чанар, орчин гээд бүх зүйл нь ихэд таалагдсан учир захиралтай нь уулзав. DKG-ийн захирал нь Монголд 30 гаруй жилийн турш буяны үйл ажиллагаа явуулж байгаа, хорих лагерь зэргээр явж тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг, өөрийн хөрөнгө оруулалтаар Баянхошуунд ЕБС бариад өгчихсөн, мөн дээрээс нь өөрөө хоёр хүүхэдтэй хэдий ч монголоос хоёр хүүхэд өргөж аваад өсгөчихсөн хүн байсан юм билээ. Тиймээс саналыг маань тун найрсгаар зөвшөөрч, франчайз эрхээ авснаар дэлгүүрээ нээж байсан түүхтэй.
Хамгийн сонирхолтой нь анх холбогдож байсан Monami дэлгүүрийн маань захирал, DKG брэндийн захирал хоёр төрсөн ах дүү хоёр байж таарсан. Гэтэл монголоос нэг эмэгтэй 50 сая хүн амтай улсад ирээд ах, дүү хоёртой холбогдчихсон байсан нь их сонин тохиол болсон шүү.
ЯЛГАРАЛ

Хамгийн эхний ялгарал нь яах аргагүй чанар. Монголчууд Солонгосын бүтээгдэхүүнийг чанартай, сайн гэдгийг мэддэг ч үнэтэй гэж бодоод төдийлөн сонгодоггүй тал бий. Гэхдээ үнэн хэрэгтээ бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ нь харьцангуй боломжийн. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд слайм их алдартай болж байгаа. Мөн тусгай хэрэгцээт боловсролын багш нар хүүхдүүдийн гарын булчинг ажиллуулах, сайжруулахын тулд слаймыг их хэрэглэдэг юм билээ. Гэтэл гадуур зарагдаж буй слаймууд нь хурц үнэртэй, гарт наалдаад заваарчихдаг, хог их авдаг гээд асуудал бишгүй. Харин манай слайм нь элдэв хурц үнэргүй, олон дахин ашиглах боломжтой, гарт наалдахгүй гэдгээрээ давуу талтай.
Бичиг хэргийн дэлгүүр бол асар том зах зээл. Тэгсэн бичиг хэргийн дэлгүүрүүд ихэвчлэн энд тэндхийн дэлгүүрийн хамгийн ард, олоход хэцүү газар байрладаг. Олсон ч юмнууд нь хаана байгаа нь сайн мэдэгдэхгүй, нэлээдгүй хэцүү байдаг бол манай дэлгүүрт хаана юу байна гэж төөрөхгүй. Бал л гэхэд өнгө, хэлбэр хэмжээнээсээ шалтгаалаад төрөл төрлөөрөө нэг эгнээнд өрөгдчихсөн байдаг учир хэрэглэгчид сонголтоо хийхэд илүү хялбар болж байгаа юм.

Хамгийн чухал нь бид 100%-ийн буцаалттай. Үйлчлүүлэгчийн авсан бүтээгдэхүүн таалагдаагүй эсвэл ямар нэгэн эвдрэл, гэмтэлтэй байвал 72 цагийн дотор авчирч, солиулах боломжтой. Мөн худалдан авалт хийхээсээ өмнө тухайн бүтээгдэхүүнээ задлаад үзэх, үнэрлэх, бичиж турших зэргээр өөрт тохирох эсэхийг нь шалгаж болно. Мөн нэг зүйлийг баттай хэлж болно. Манай дэлгүүрийн бүтээгдэхүүнүүд бусад бичиг хэргийн дэлгүүрүүдэд байдаг бараанаас нэлээд ялгаатай. Ялангуяа дизайн, хэлбэр, хэмжээний хувьд өөр, содон бүтээгдэхүүнүүдийг түлхүү сонгож оруулж ирдэг.
Дараагийн онцлох давуу тал нь эргономик цүнх. Эргономик гэхээр хүмүүс маш хатуу, хүнд гэж л төсөөлөөд байдаг. Харин манай цүнхнүүдийн маш хөнгөн буюу ердөө 150-аас 300гр жинтэй. Тэрчлэн зөөлөн даавуун материалтай, агаар чөлөөтэй нэвтэрдэг, дотор нь ямар ч зүйл хийсэн хэлбэрээ алдахгүй, угаах арчлахад ч маш амархан. Зүгээр л угаалгын машинд хийгээд угаасан ч асуудалгүй.
DKG MONGOLIA ГЭЖ ЮУ ВЭ?

DKG бол 1979 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүр юм. Бичиг хэргээс гадна өдөр тутамд хэрэглэгддэг маш олон төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж байгаа улсдаа тэргүүлэгч компаниудын нэг. Харин DKG Mongolia маань нээгдээд ердөө нэг жилийн нүүрийг үзэж байна.
НЭР

DKG гэдэг нь 대균골드 гэх үгийн товчлол. Хамгийн том алт, эрдэнэсийг авах гэсэн утгатай.
ОДОО

Хичээл орох дөхөж байгаа болохоор эцэг эхчүүд, хүүхдүүд хичээлийн бэлтгэлээ базааж эхэлжээ. Тиймээс бид цүнх зэрэг зарим нэр төрлийн бүтээгдэхүүндээ урамшуулал зарлаад байгаа. Тухайлбал, манай цүнхнүүдийн үндсэн үнэ 150,000 төгрөг. Одоогоор бүх цүнхэндээ 25 хувийн хямдрал зарласан. Харин манай дэлгүүрээс 50,000 төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй бусад бүтээгдэхүүн худалдан авбал цүнхээ 50 хувийн хямдралтай буюу 75,000 төгрөгөөр авах боломжтой.
Мөн одоогоор Фантам болон Улсын их дэлгүүрийн Номин салбарын 7 дугаар давхарт экспо гаргаж ажиллаж байна. Бүтээгдэхүүнүүдтэй маань танилцаж, бусад брэндтэй харьцуулан сонголтоо хийхийг хүсвэл экспогоор зочлох нь зүйтэй. Харин илүү олон төрлийн бүтээгдэхүүнээс сонгож, худалдан авалт хийхийг хүсвэл манай үндсэн салбаруудыг зориорой.
Түүнээс гадна дэлгүүрт биеэр ирэх боломжгүй, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс цахим хуудсаар дамжуулан захиалга өгч болно. Манайх нийт 2,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдгаас одоогоор 300 орчим нь цахим сайтад бүртгэгдчихсэн байна. Хүргэлт үнэ төлбөргүй хийгдэнэ.
БАГ

Одоогийн байдлаар бид долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний хувьд бараагаа борлуулж, чанартай бүтээгдэхүүн түгээхээс гадна үйлчлүүлэгчдэдээ зөв сонголт хийхэд нь туслахыг чухалчилдаг юм.
Манай бүтээгдэхүүний ихэнх нь солонгос хэл дээр бичигдсэн байдаг учраас зарим үйлчлүүлэгчид тухайн бүтээгдэхүүний зориулалт, онцлогийг ойлгоход хүндрэлтэй байдаг болов уу. Жишээ нь, зургийн дэвтэр гэхэд усан будагт зориулсан, хар зурагт зориулсан, хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой гээд олон төрөл бий. Тэдгээрийн ялгааг зөв тайлбарлаж өгөхгүй бол хүмүүс өөрт хэрэгтэй дэвтрээ сонгоход хэцүү шүү дээ. Тиймээс манай худалдааны зөвлөхүүд зориулалт, онцлогийг нь тайлбарлаж, тухайн хүний хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнийг сонгоход нь тусалдаг.
ИРЭЭДҮЙ

Өнөөдөр хүмүүсийн дийлэнх нь зургаа хэвлүүлж хадгалахаас илүүтэй гар утас, компьютертоо хадгалдаг болчихсон шүү дээ. Хаа нэг утсандаа байгаа зургаа угаалгая гэхээр угааж өгөх газрууд нь олддоггүй. Гэтэл DKG-ийн Австралийн салбарт нь гар утсан дахь зургаа шууд хэвлүүлээд, хүссэн загвараараа альбом хийлгэж авах боломжтой үйлчилгээ байдаг юм билээ. Тиймээс бид ирэх жилүүдэд энэхүү үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэхээр зориод байна.
Үүнээс гадна тэмдэглэлийн дэвтэр хөтлөх, өдөр тутмын ажлаа төлөвлөх сонирхолтой хүмүүс цөөнгүй болсон. Гэтэл худалдаалагдаж байгаа дэвтрүүдийн ихэнх нь нэгдүгээр сараас эхлэн хөтлөхөөр бүтээгдсэн байдаг. Тухайн үйлчлүүлэгч нэгдүгээр сараас биш найм, есдүгээр сараас эхлэн тэмдэглэл хөтлөх гэж байвал яах уу? Өмнөх саруудыг нь дарж баллаад, өөрчилж бичих үү гэдэг асуудалтай тулгарч байгаа юм.
Тэгсэн солонгосын зарим бичиг хэргийн дэлгүүрт тэмдэглэлийн дэвтрээ өөрөө бүтээх бүрэн боломжтой. Хавтас, доторх хуудас, төлөвлөлтийн хэсгүүд гээд бүгд тус тусдаа. Үүнээс нь харж байгаад өөрийн сонирхолд тулгуурлан дэвтрээ бүтээчхэж байгаа юм. Солонгост ер нь өөрөө бүтээх, хийх боломжтой үйлчилгээнүүд их бий. Бид ч цаашдаа үйлчлүүлэгчдийг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ нэг дороос базааж, өөрийн сонирхолд тулгуурлан бүтээл хийх боломжтой цогц дэлгүүр болохоор зорин ажиллаж байна.
ЭРСДЭЛ

Хамгийн эхний бэрхшээл нь соёлын ялгаа. Жишээлбэл, солонгосчууд зураас, шугамгүй цав цагаан цаастай тэмдэглэлийн дэвтэр их хэрэглэдэг. Учир нь ханз бичихэд үсгийн хэмжээ, хэлбэр нь харилцан адилгүй байдаг тул тодорхой шугам, дөрвөлжинд баригдалгүй бичихийн тулд цагаан цаас сонгодог юм билээ.
Харин Монголд дөрвөлжин шугамтай, цэгтэй дэвтэр илүү түгээмэл. Үйлчлүүлэгчид ч ийм төрлийн дэвтэр их асууж байна. Тиймээс манай хувьд хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүний онцлогийг тайлбарлаж, цав цагаан цаастай дэвтрийн хэрэглээг таниулах шаардлага гарч байгаа. Гэхдээ нөгөөтээгүүр Монголд цав цагаан цаастай дэвтэр хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Сүүлийн үед монгол бичиг сурах, бичих сонирхол нэмэгдсэн байна лээ. Монгол бичиг бичдэг хүмүүсийн хувьд шугамгүй цагаан цаас илүү тохиромжтой. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг зөв хэрэглэгчдэд нь хүргэх боломж ч байна.

Түүнээс гадна солонгосчууд ажил хэрэг, өдөр тутам, оюутнууд гээд ихэнх тохиолдолд хар өнгийн бал хэрэглэдэг, цэнхрийг төдийлөн ашиглаад байдаггүй. Харин Монголд эсрэгээрээ цэнхэр бал илүү түгээмэл. Энэ мэтчилэн хоёр орны өдөр тутмын хэрэглээ, бичиг хэргийн соёлын ялгаа нэлээд бий.
Мөн бичиг хэрэг бол улирлын чанартай бизнес. Одоо хичээл эхлэхтэй холбоотой их зарагдаад бусад үед тийм ч ашигтай, өндөр орлоготой байхгүй. Гэтэл улсаас ашиг олсон ч бай, олоогүй ч бай нийт борлуулсан бараа бүтээгдэхүүнээс 10%-ийн татвар аваад байдаг нь хэцүү.
Сэтгэгдэл бичих

