Орчин үеийн байгууллагуудын хамгийн том сорилт бол мэдээллийг хурдан бөгөөд зөв ашиглах чадвар юм. Үүнд нийцсэн аливаа систем байснаар ажилтнуудын өдөр тутмын шийдвэр гаргалтыг хялбарчилж, хэрэглэгчдэд илүү шуурхай, найдвартай үйлчилгээ хүргэх боломжийг бүрдүүлдэг.  

"Онцлох бизнес" булангийн шинэ дугаарт тал нутгаас Цахиурын хөндий рүү цахилж яваа Дуран AI-г онцолж байна. 

Бизнесийн нэр: Duran AI
Хаяг: Их Монгол оффис, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологи
Үүсгэн байгуулагдсан: 2025 он
Цахим хуудас: duran.ai (website)
Уриа үг: From Steppe to Silicon Valley

сэдэл

1840-өөд онд АНУ-аас эхлэлтэй алтны халуурал (Gold Rush)-ын давлагаа тэлэн тэлсээр үр дүнд нь шинэ суурьшлын бүс үүссэн төдийгүй дэлхийн томоохон компаниуд шил даран байгуулагдаж, ёстой л инновацын эрчим өрнөж эхэлсэн нь эдийн засагт ихээхэн өгөөжтэй үйл явдал болсон. Үүний нэгэн адил өнөө үед хиймэл оюуны халуурал (AI Rush) эрчимжиж байна. Бид ч энэ боломжийг яахан алдах билээ. Харин ч хиймэл оюунаар дамжуулан нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хэрэглэгчдэд нэмэлт шийдэл, боломжийг санал болгох зэргээр хувь хүн, байгууллагын хөгжлийг дараагийн шатанд нь хүргэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэхэд бодит дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна.

Хиймэл оюун хурдтай хөгжихийн хэрээр ямар ч шилдэг бүтээгдэхүүн байсан дуу хоолойтой холбогддог байх нь нэмэх нэг оноо бус зайлшгүй шаардлага болж байна. Дуу хоолойтой холбогдож чадвал ямар ч улс орны хэл дээрх мэдлэг, мэдээлэл рүү эх хэлээрээ төвөггүй бөгөөд шууд хандах боломжтой болно. Иймд бид хиймэл оюунд суурилсан Цэцэн (TTS tsetsen.ai), Дуран (KM duran.ai) гэх платформуудыг хөгжүүлж эхэлсэн юм.

Цэцэн AI нь монгол хэл дээрх текстийг яг л бодит хүн шиг уншихаас гадна эрэгтэй, эмэгтэй, залуу, дунд эргэм насны, ахмад насны тогтуун, өрнүүн гэх мэт 30 гаруй хоолойноос сонгон уншуулах боломжтой. Тус платформыг богино бичлэг, сурталчилгаа, подкаст, цахим сургалтын зориулалтаар хэдийн ашиглаад эхэлсэн.

Харин манай үндсэн бүтээгдэхүүн болох Дуран нь хувь хүн, албан байгууллагын мэдлэгийн санг эмхлэн бүрдүүлж, асуултад оновчтой хариулт өгөх замаар бүтээмж болон шийдвэр гаргалтын оновчтой байдлыг нэмэгдүүлэх ач тустай. Бүр болоогүй, өгөгдсөн материал болон асуулт тань ямар хэл дээр байхаас үл хамааран хамгийн оновчтой гэсэн хариултыг хэлээд л өгнө.

Харин тухайлсан мэдлэгийг оновчтой зохион байгуулж аюул, эрсдэлгүй байлгах нь хамгийн чухал. Ялангуяа хувь хүн, хамт олон, албан байгууллагын мэдлэгт тэдний нөү-хау, туршлага шингэсэн байдаг учир үүнийг хамгаалах нь бидний эрхэм зорилго.


Гүйцэтгэх захирал А.Ууганбаяр

ялгарал

Платформ хэлбэрээр бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлж эхэлсэн нь бидний хамгийн том ялгарал. Товчхондоо, Цэцэн, Дуранг хэн ч бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ API/SDK-аар шууд холбон ашиглаж болно. Үүний тулд хэрэглэгч дараах хоёр шийдвэрийг гаргахад л хангалттай.

1. Байгууллагынхаа дүрэм, журам, ХАБЭА-н удирдамж, сургалтын материал зэргийг платформд оруулж, дотооддоо ашиглах уу эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тухай зөвлөгөө, мэдээлэл, түгээмэл асуултыг оруулж харилцагчид руу чиглэсэн байдлаар ашиглах уу?

2. Дуу хоолойтой байх уу, үгүй юу?

Ингээд шийдвэрээ эцэслэсэн бол өөрийн вебсайт, сошиал сувгууд (Facebook, Instagram, WhatsApp), апп, дотоодын системүүдтэйгээ (ERP, POS) шууд холбон ашиглаад үр дүнг нь хянаад явахад л болно. Ташрамд дурдахад, Дуранг бид олон улсын технологийн чиг хандлага, судалгаанд суурилан хөгжүүлэхээс гадна харилцагчдын санал шүүмжид үндэслэн тасралтгүй сайжруулж байна.


Технологи хариуцсан захирал А.Амарбаяр

дуран гэж юу вэ?

Танд Дуран гэдэг найз байлаа гэж бодъё. Тэр таны хамгийн сайн бас итгэлтэй найз байхаас гадна огтхон ч ядрахгүй, өлсөхгүй, танд хэзээд цаг зав гаргаж, бүр асуултад чинь хүртэл хамгийн оновчтой хариулт өгч, шийдвэр гаргалтыг тань түргэсгэхэд чинхүү хувь нэмрээ оруулдаг гээд бодоод үз.

Өмнө нь дурдсанчлан Дуран нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Нэг нь байгууллагын дотоод мэдлэгийн сан, нөгөө нь байгууллагын харилцагчийн үйлчилгээ.

ОУ-ын зарим судалгаанаас харахад, багууд ажлын цагийнхаа 25 хүртэлх хувийг дотоодод ашигладаг баримт бичгээсээ мэдээлэл хайхад зарцуулдаг. Шинэ ажилтнууд 3-6 сарыг байгууллагынхаа онцлог, дүрэм журмыг ойлгоход зарцуулдаг гэх мэт сонирхолтой статистик үр дүнгүүд байдаг.

Хамгийн энгийн жишээ дурдахад, тухайн ажилтанд цалин хөлс, ээлжийн амралт, чөлөө зөвшөөрөлтэй холбоотой асуулт гарч ирлээ гэж бодоход хүний нөөц, санхүү эсвэл нэгжийн удирдлагатайгаа уулзаж байж бүтэн хариулт олж авах тохиолдол ч цөөнгүй. Ингэснээр цаг хугацаа алдахаас эхлээд үл ойлголцолд хөтлөх, бүр ажлын байр ганхахад хүртэл шууд бусаар сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Нөгөөтээгүүр, харилцагчид өөрт ойрхон сувгаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авах сонирхолтой болсон. Тэр олон сувгийг хянах, асуулт бүрд хариулт өгөх нь өөрөө бас нэг сорилт. Нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь 10 минутын дотор хариулт авах хүсэлтэй байдаг бөгөөд энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд танай өрсөлдөгч байгууллага руу шилжих магадлал дөрөв дахин нэмэгдэнэ. Нэгэнт алдсан харилцагчаа нөхөхөд бүр их хэмжээний зардал гарч байх жишээтэй. Харин Дуран энэ бүхний шийдэл болох зорилт тавин ажиллаж байна.


Бизнес хариуцсан захирал С.Амуулай

нэр

Дуран гэдэг үг өөрөө холыг ойртуулах, илүү тодорхой, нарийвчлан харуулах гэсэн утгатай.

одоо

Бид одоо хөрөнгө оруулалт босгох, олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах үндсэн хоёр ажил дээр төвлөрч байна.

Компанийн хөгжлөө хурдасгах зорилгоор төслөө дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж эхэлсэн. Үүгээрээ 2018 оноос хойш 20 гаруй хотод үйл ажиллагаа явуулж, 1,400 гаруй стартапт хөрөнгө оруулалт хийгээд буй Антлер хурдасгуур хөтөлбөрт хамрагдан хөрөнгө оруулалт босгохоор ажиллахын зэрэгцээ дотоодын хөрөнгө оруулагчдад бас төслөө танилцуулж эхлээд байна.

Зах зээлийн хувьд Зүүн өмнөд Ази, тэр дундаа 286 сая гаруй хүн амтай Индонез Улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээр уулзалтууд хийсээр байна.


Маркетинг хариуцсан захирал А.Цолмон

баг

Манай баг одоогоор дөрвөн гишүүнтэй, x10 зарчим буюу нэг хүн 10 хүнтэй тэнцэхүйц хэмжээний бүтээмж гарган ажиллах зорилт тавин ажиллаж байна. Мэдээж бие махбодийн хувьд амжихгүй ч дэвшилтэт технологи, тэр дундаа хиймэл оюуны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг агуулсан шийдлүүдийг өдөр тутмын ажилдаа эрчимтэй ашиглаж байна.



ирээдүй

Бид хиймэл оюуныг хүмүүсийн амьдралд нэвтрүүлж, хувь хүн, албан байгууллага, хамт олны бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг тасралтгүй судалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зогсолтгүй сайжруулна. Мэдээж бидний хамгийн том зорилго бол олон улсын зах зээлд гарах юм. Үүний тулд туршлагатай экспертүүдээс зөвлөгөө авч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зорьж буй бүс нутгийнхаа онцлог, өв соёл, зан заншил, ард түмнийх нь амьдралын хэв маягийг ойлгосон байх шаардлагатай.

эрсдэл

Эрсдэлийг бид хамтралын болон мэдээллийн аюулгүй байдал гэсэн хоёр янзаар харж байна.

Бид судалгаанд үндэслэж, ийм технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлсэн, хамтарч ажиллая гэхээр “судалъя” эсвэл “бид өөрсдөө хөгжүүлнэ” гэж хариулах тохиолдол цөөнгүй байна.

MIT-ийн энэ онд хийсэн судалгаанаас харахад, хиймэл оюун нэвтрүүлж байгаа компаниудын 95 хувь нь бүтэлгүйтэж, тав орчим хувь нь л амжилтад хүрч байна. Товчхондоо, өөрсдөө хийнэ, бүтээнэ гэдэг эрмэлзэл нь зөв боловч мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах замаар үргүй зардал гарахаас сэргийлэх, цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэйг дээрх судалгаа харуулж байгаа юм.

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл талаас дурдвал, байгууллагуудтай уулзалт хийх үед мэдээллийн аюулгүй байдал, байгууллагын нөү-хау гэж их ярьдаг. Гэсэн ч байгууллагынх нь нийт ажилтны 90 орчим хувь нь байгууллагынхаа бичиг баримтыг хиймэл оюуны тусламжтайгаар хураангуйлах, шинэ төсөл хөтөлбөрийн драфт гаргуулаад эхэлчихсэн байгааг анзаараагүй байх тохиолдол их. Үүнийг олон улсад Shadow AI гэдэг. Таныг мэдлэгээ хамгаалж байна гэж итгэж байх хооронд танай байгууллагын мэдлэг, нөү-хау аль хэдийн LLM-үүдийн сургалтын материал болоод олон нийтэд ил болсон тохиолдлууд байгааг MIT-ийн судалгаа мөн онцолсон байдаг.

Иймд аливаа байгууллага ажилтан, алба нэгжид тарсан мэдлэгээ нэгтгэж, аюулгүй хадгалах, шаардлагатай үедээ хүссэн хариултаа цаг алдалгүй гарган авч, шийдвэр, шийдэлд хүрэх, цаашлаад инновац хийх хурдыг хоёр дахин хурдасгах боломжийг Дуран AI бүрдүүлсэн.