Хивсэн бүтээлэгт ширээ, хүрэн өнгийн чемодан, хоршин доргих ганган хөгжимчид. Дуу хөгжимд хайртай залуус энэхүү дүр зураглалыг инстаграмаас нэг удаа ч болов олж харсан нь гарцаагүй. Тэгвэл энэ удаа бид “Ганган хөгжим” хэрхэн бүтсэн түүх, цаашид хэрхэн контентоо хүргэх талаар энэхүү нийтлэлээр онцлохыг хүслээ. 

Нэр: Ганган хөгжим

Үйл ажиллагааны чиглэл: Сошиал контент

Төслийг хэрэгжүүлэгч: Г.А.Цэлмэн, Ц.Хулан (Күкэнэ)

Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа: 2025 оны хоёрдугаар сар

Сошиал хуудас: takovintage (Instagram)

сэдэл


Цэлмэн: Хамтарч хөгжмийн контент хийх талаар яриа бидний дунд эртнээс яригдаж байсан юм. Тэгээд хэн хэнийх нь цаг заваас шалтгаалаад өнгөрсөн хоёрдугаар сараас ажил хэрэг болгож эхэлсэн. Өмнө нь медиа салбарт, тэр дундаа сошиалд төрөл бүрийн урлаглаг контентууд гардаг байсан ч сүүлийн үед цөөрсөөр цуврал контент бүр хийгдэхээ больсон байна. Тэгээд л энэ чиглэлд зах зээл байгаа юм байна, хийгээд үзье гэж бодсон хэрэг. Ерөнхийдөө хуучны, мартагдсан дуунуудыг орчин үеийн залууст танилцуулах нь манай контентын гол зорилго. Тэр нь ч хүмүүст их таалагдаж анхны дугаараасаа л олон хүнд хүрч эхэлсэн.

Күкэнэ: Өөрсдийн мэдрэмж, ур чадварыг сошиалаар хуваалцдаг гаднын DJ нар олон бий. Би ч мөн чадах зүйлээ контентоор харуулах боломжтой юм байна гэж бодоод Цэлмэнд хамтарч ажиллах санал тавьж, хэдэн сарын нүүрийг үзэж билээ. Уг нь анх Тако дэлгүүрт таньдаг хүмүүсээ цуглуулаад бэсрэг эвент байдлаар хийнэ гэж төсөөлж байсан ч хэсэг ярилцсаны эцэст эхлээд сошиал контентоор хүмүүст танигдъя гэсэн шийдэлд хүрч, улмаар та бүхний мэдэх контентууд төрж эхэлсэн. Хүмүүст энэ төрлийн контент шинэлэг, сонирхолтой санагдсан болохоор анхнаасаа өндөр хандалттай байсан гэж бодож байна.

ялгарал


Эхлэхээсээ өмнө гаднын DJ нарын контентыг үзэж, тодорхой хэмжээнд судалгаа хийсэн л дээ. Тэдгээрийг үзэхэд DJ нар нь ихэвчлэн дуугаа сонсоод, аудистаа гаргаад энгийн байдлаар контентоо хийдэг бол бид хоёр хувцаслалт, харагдах байдалдаа ач холбогдол өгч, урлагийн үзүүлбэр маягийн болгож хүргэдгээрээ онцлог гэж бодож байна.

Бусад DJ нар өөрсдийнхөө урсгалаар л сэтээ тоглодог бол бид хоёр өмнө хэлсэнчлэн хүмүүсийн мэдэхгүй, эсвэл мартсан байж магадгүй дуунуудыг танилцуулах зорилготой гэдгээрээ онцлог. Дуу хөгжим гэдэг нэг талаар уран бүтээл, нөгөөтээгүүр дурсамж хадгалагч учраас хэн нэгэн бидний контентыг үзээд дурсамж нь сэргэж, хуучны аль нэг сайхан цаг үетэйгээ эргэн холбогдох ч юм билүү гэж боддог.

ганган хөгжим гэж юу вэ?

“Ганган хөгжим” гэдэг нь өнгөрөгч хоёрдугаар сараас хойш takovintage инстаграм хаяг дээр контент хийж эхэлсэн бөгөөд хуучны болон орчин үеийн төрөл бүрийн дуунуудыг тоглодог, DJ сэт болон үзүүлбэр хосолсон контент юм. Одоогийн байдлаар бид хоёр 29 контент гаргасан байгаа ба дугаар бүр нь дунджаар 100 мянган үзэлт авсан байна.

Күкэнэ: Тухайн хөгжим бидэнд таалагдаж байгаа эсэхээс шалтгаалж тоглох үгүйгээ шийддэг. Хэрвээ сонсголонгүй, чихэнд нэг л наалдацгүй санагдвал хэчнээн алдартай дуу байсан ч хамаагүй. Бас техник талаасаа тухайн хоёр дууг угсруулан тоглоход хэр нийцтэй байна гэдэг нь чухал. Дараа нь тоглох дуунуудынхаа урсгал, сэдэвт тохируулан хувцаслалтаа сонгосноор бэлтгэл ажил үндсэндээ дуусна. Анхны дугаарыг бичихэд гурван цагийн турш зураг авалт хийж байсан бол дугаар ахихын хэрээр туршлагажиж, тэр чинээгээр зураг авалтын хугацаа багассаар одоо бол нэг цагаас нэг цаг 30 минутын хугацаа зарцуулж байна. Түүнээсээ чанартай 60-90 секундыг л сонгодог.

нэр


Цэлмэн: Өмнө нь Тако дэлгүүр дээр “Ганган Ганц” гэдэг контент хийж байсан юм. Тэгээд л энэ удаа ч бас ганган гэдэг үгээ “хөгжим”-тэй нэгтгээд “Ганган хөгжим” гэж нэрлэсэн.

одоо

Хэзээ эвент хийх вэ? Хаана тоглодог вэ? гэсэн асуултууд хүмүүсээс их ирсэн болохоор эвент хийх талаар бодож эхэлсэн юм. Уг нь өнгөрсөн зургаадугаар сард хийнэ гэж бодсон боловч хэн хэнд нь олон ажил давхцаад чадаагүй. Энэ удаа аравдугаар сарын 10-нд буюу баасан гарагт эвентээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цэлмэн: “Ганган хөгжим” сонсогчдод хэдийн танил болсон сэтүүдээс гадна өөр хэд хэдэн DJ нарын сэтийг манай эвентээс сонсох боломжтой. Мөн Күкэнэгийн “House of Asian Wild Ass” гэх бүжгийн коммьюнитигийн үзүүлбэрүүд багтсан байгаа. Гол нь манай эвентэд ирсэн хүмүүс хөгжилтэй, тухтай байх нь л чухал.

Эвентийн тасалбарыг эндээс аваарай.

баг


Одоогийн байдлаар манай контент бүтэхэд яг л хоёр хүн оролцож байна. Хэдий бид найзууд ч гэсэн хэн хэн нь “Ганган хөгжим”-д ажил хэрэгчээр хандаж, бие биенийхээ дутууг нөхөж, маш сайн нийцэж ажилладаг.

ирээдүй

Хүмүүсийн тэр бүр онцолж сонсож байгаагүй, мэддэггүй дуунуудыг хэлбэржүүлээд, үздэг сувгаар нь хүргэхээр хүмүүсийн анхаарлыг их татаж байна л даа. Бид хоёрын хараахан нийтлээгүй байгаа олон хөгжим бий. Гэхдээ “Ганган хөгжим”-ийг зөвхөн бид хоёроор төсөөлөх нь урт хугацаанд үргэлжлэхэд магадгүй тохиромжгүй байх. Цаашдаа контентын агуулга дээрээ илүү сайн ажиллаад, дараагийн улирлаас өөр форматтай, олон төрлийн DJ, артистуудтай хамтарч ажиллая гэж бодож байна. Бас зөвхөн инстаграм гэлтгүй, өөр платформуудад контентууд маань орж эхэлнэ.

эрсдэл


Юун түрүүнд эрсдэл бодохоос илүү хийгээд үзье л гэж бодож байна. Контент ч бай, компани ч бай үйл ажиллагаагаа урт хугацаанд, тасралтгүй үргэлжлүүлье гэвэл бизнесийн зарчмаар хөгжиж, хамтрал, спонсор талдаа ач холбогдол өгөх нь зайлшгүй хэрэг. Тэгэхээр байгууллагуудтай хамтарч ажиллахад ямар нэг бэрхшээл үүсэж магадгүй ч анхнаасаа харилцан зөв ойлголцож чадвал төдийлөн эрсдэл үүсэхгүй гэж харж байна.