Нэгэн үе арьс арчилгаанд сонирхолтой бараг хүн бүр 10 алхамт арьс арчилгаа мөрддөг байсан бол одоо "skinimalism" гэх ойлголт гарчээ. Товчхондоо хүмүүс илүү энгийн орцтой, найдвартай, цөөхөн бөгөөд үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэх болсон гэсэн үг. Энэхүү чиг хандлагатай Монголын дотоодын үйлдвэрлэл ч уялдан хөгжиж буй. 

Энэ удаагийн онцлох бизнестээ бид эл зах зээлд анхдагч Gerelty Organics-ийг онцоллоо. Өдгөө 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тэд хамгийн анх гэрийнхээ гал тогоонд кофетой бие гуужуулагч хийж байв. Харин одоо 10 гаруй бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийн сацуу байгалийн чулуун гуаша, массажны хэрэгслийг зах зээлд нэвтрүүлээд буй. Ингээд тэдний бизнесийн замнал, ажиллах зарчим, баг хамт олонтой танилцъя. 

Бизнесийн нэр: Gerelty Organics
Хаяг: Тээвэрчдийн гудамж, Барс 1-ийн зүүн талын шар барилгын 3 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Байгалийн гаралтай арьс арчилгаа
Үүсгэн байгуулагч: Ж.Шинэгэрэл
Үүсгэн байгуулагдсан: 2016
Цахим хуудсууд: gereltyorganics (IG), Гэрэлтии (FB)
Уриа үг: Glow in your own light

СЭДЭЛ 

Би Английн Ливерпүүлийн Их сургуулийг төгссөн юм. Анх 2011 онд дөнгөж Англид очиход хамгийн их очдог газар нь "Lush" гээд бие арчилгааны дэлгүүр байлаа. Эндээс санаа аваад youtube үзэж байгаад ванны бөмбөлөг хийж сурсан. Дараа нь өөрөө төлбөртэй сургалтууд хайж олоод өөртөө тос хийж үзэж байсан юм. Ингээд сургуулиа төгсөөд Монголдоо ирэх үед буюу 2016 онд би эхний хүүхдээ төрүүлэх гээд том гэдэстэй явахад хүн болгон л “гэдэс чинь аймар язардаг шүү” л гээд байсан. Тиймээс нээрээ л аймар болдог юм байх даа гээд айгаад интернэтээс язралтаас сэргийлэх бүтээгдэхүүнүүд судалж эхэлсэн юм. Гэхдээ би өөрөө багаасаа харшилтай байсан болохоор арьс маань маш эмзэг, сайн судалж байж л юм авахгүй бол ихэнхдээ л харшилчихна. Тиймээс байгалийн гаралтай гэж тусгайлан хайж байсан юм л даа. Тэгээд нэг өдөр кофе скраб (кофетой биеийн гуужуулагч) нэлээн үр дүнтэй байдгийг олж мэдсэн ч Монголд "Гоо" брэндээс өөр газар олоогүй. Тийм болохоор өөрөө хийхээр шийдсэн юм.


Өнөөх хийсэн скрабаа гэрийнхээ угаалгын өрөөнд тавьчихсан байсан чинь эгч, дүү нар маань ирэхээрээ хэрэглэж үзээд ам сайтай байхаар нь аккаунт нээгээд зургийг нь тавьж үзлээ. Ойр дотнын хүмүүс маань нэлээн сонирхоод авч байсан. Тэгсэн нэг байгууллагаас "цагаан сарын багц гаргах уу?" гээд санал ирсэн юм л даа. Тэр үед маш их урам аваад бүтээгдэхүүнээ шинэчилж эхэлсэн. Кофе скрабаа шилэнд хийж байсан бол гадаад брэндүүд шиг (тухайн үед Frank Body их од байлаа) ууттай болгоё, дизайныг нь өнгөлөг болгоё гээд шууд утсан дээрээ ашиглах заавар энэ тэрийг нь бэлдээд гэрийнхээ хажуугийн хэвлэлийн газар ороод хэвлүүлж байлаа.

Энэ цагаас хойш бүтээгдэхүүнээ шинэчилсээр иржээ. Зөвхөн кофе скраб дээр л гэхэд 3 сар ч болоогүй синнамон, жүрж, гааны навч гэх зэрэг төрөлтэй болж, цаашлаад уруулын тос, уруулын скраб хийсээр өдгөө нийт 10 гаруй бүтээгдэхүүнтэй болжээ. Хэрэглэгчдийн хэлж байгаа сэтгэгдэл улам илүүг хийх ёстой юм байна гэх урам зориг өгдөг. Жишээ нь, манайх анх нохойн хошуутай нүүрний суурь тосоо гаргаж байхад экземтэй хүмүүс “арьс маань сүүлдээ бүр уснаас хүртэл харшлахаар эмзэг болчихсон байсан чинь танай тосыг хэрэглээд арай нэг хөрс сууж байна” гээд хэлэхээр бараг л хүний амь аварчихсан юм шиг урам зориг мэдэрч байсан.

ЯЛГАРАЛ


Арьс арчилгаа сүүлийн хэдэн жил бараг л хүн болгонд хамаатай сэдэв боллоо шүү дээ.
Мэдээлэл ингэж хүн болгонд хүртээмжтэй болж байгаа нь сайшаалтай ч зарим хүнд энэ нь эсрэгээрээ бүр илүү төөрөгдөл үүсгэдэг. Янз бүрийн бүтээгдэхүүн дундаас харшилдаа таарсан бүтээгдэхүүн сонгож мэдэхгүй хүмүүс олон байдаг. Эмнэлгээр яваад залхчихсан, стероид буюу гормоны тос хэрэглэсээр байгаад үйлчлэхээ больчихсон хүмүүс ч бий. Гаднаас хайж хайж нэг бүтээгдэхүүн захихаар ирэх гэж удна, ирээд тохирохгүй ч юм уу асуудлууд үүсдэг.


Бидний зорилго бол тэдгээр хүмүүстээ үргэлж ойр, хүртээмжтэй ажиллах. Жишээлбэл, манай шар тос болон шиа тостой биеийн тосыг одоо долоо дахь жилдээ хэрэглэж байгаа үйлчлүүлэгч байдаг. Ковидын үеэр шиа тосоо манайх оруулж ирэх гэж удаад нэг хэсэг тэр тос маань тасарчихсан байсан юм. Энэ үед бараг долоо хоног болгон бичиж асуугаад бид шиа тосыг нь мангоны үрийн тосоор орлуулж хийж өгч байлаа.

Зөвхөн арьс арчилгаанаас гадна манайх байгалийн чулуун гуаша буюу эртний Хятадад хэрэглэгдэж ирсэн арьс өргөж, булчин суллах хэрэгслийг салбартаа анх удаа оруулж ирж байв. Ингэхдээ заавал байгалийн чулуугаар нь хийлгэнэ гээд олон үйлдвэртэй очиж уулзаж байнгын түншээ олсон. Манай гуаша, роллерийн чулуу нь Бразилын цэвэр байгалийн чулуу ба албан ёсны сертификаттай. Тэгэхээр бид хэрэглэгчдийнхээ итгэж болох найдвартай газар байхад түүхий эдээсээ авхуулаад үргэлж анхаардаг нь л бидний ялгарал болов уу.

GERELTY ГЭЖ ЮУ ВЭ? 

Gerelty-г бид зөвхөн арьс арчилгаа гэж тодорхойлохоос зайлсхийдэг. Учир нь бидний хэтийн зорилго ч тэр, одоогийн судалж, хийдэг зүйл ч тэр бүгд л хүний эрүүл мэндийг бүхлээр нь дэмжиж, тэтгэхэд чиглэдэг. Дээрээс нь зөвхөн хүний эрүүл мэндээс гадна амьтан болон байгальдаа ээлтэй үйлдвэрлэл эрхлэх боломжтой гэж бид итгэдэг. Тиймээс товчхондоо Gerelty бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хэрэгсэл, үйлчилгээ үзүүлдэг дотоодын брэнд юм.

НЭР
 


Би гурван охинтой айлын дунд охин. Бид гурвын нэрд гэрэл, чимэг гэсэн хоёр үг орсон байдаг юм. Эгчийг маань Шинэчимэг, намайг Шинэгэрэл, дүүг маань Гэрэлчимэг гэдэг. Анх нэрдээ их дургүй байсан ч том болох тусам гэрэл гэх үгийн сайхан талыг нь анзаарч эхэлсэн л дээ. Жишээ нь Итали хэлэнд хүүхэд төрөхийг “dare alla luce” буюу “гэрэлд өгөх” (give it to light) гэдэг юм билээ.

Брэндийн нэрэнд гэрэлтье гэдэг үг их таалагдсан гэхдээ монголоор бичихээр эвгүй харагдаад байсан болохоор англиар ty залгасан юм.

ОДОО 


Одоогоор бид бестселлер бүтээгдэхүүн болох нохойн хошуутай нүүрний чийгшүүлэх тосны туршилт дээрээ илүү төвлөрч байна. Савнаас нь эхлээд өөрчлөхийг хүсэж байгаа зүйлс олон байгаа. Түүнчлэн бид ажилтнуудынхаа боловсрол, карьерт нь онцгой анхаардаг. Жишээ нь гэхэд манай технологич 2019 оноос хойш энэ чиглэлд дотоодын их сургуульд сурч бэлтгэгдсэн хүн бий. Бид компанийн зүгээс сургалтын төлбөрийг нь бүрэн дааж сургаж төгсгөж байсан. Одоо үйл ажиллагаагаа тэлэхтэйгээ уялдуулан уламжлалт анагаах ухааны нэг эмч бэлтгэж байна.

БАГ


Манайх жижигхэн үйлдвэр учраас цөөхөн ажилтантай, нийтдээ 5 хүн ажилладаг. Нэг оюутан, гурван ээж байдаг учраас уян хатан цагийн хуваарьтай. Долоо хоногийн 2-3 өдөр л үйлдвэрт ирэхэд хангалттай ба бусад өдөр шаардлагатай бол ихэнхдээ онлайнаар уулздаг.

Би өөрөө түүхий эдийн захиалга, сав баглаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, найрлага тогтворжуулахаас эхлээд бүх хэсэгт орж ажиллана. Манай технологич долоо хоногтоо 2-3 удаа шинэ бүтээгдэхүүний туршилт хийх, бүтээгдэхүүнээ захиалгын дагуу хийхээр өөрийн хуваарьтаа тааруулан ирж ажилладаг. Заримдаа манайх байгууллагын тэмдэглэлт өдөрт зориулсан багц захиалга авдаг. Энэ үед бол технологичдоо бараг бүгдээрээ тусалдаг шүү. Манай сошиал медиа болон захиалгыг хариуцсан хүн маань захиалгаа чатаар авахаас гадна бас гадаад харилцааг давхар хариуцаж ажилладаг.

Хэдий жижиг баг ч гэсэн уур амьсгалаа сэргээхийн тулд сардаа нэг ажил хийлгүй оффис дээрээ цуглаад potluck хийж эсвэл хоолонд ордог юм. Ялангуяа байгууллагын захиалгаар хүн бүр дээр маш их ачаалал ирдэг учраас ингэж ажилтнуудтайгаа ойр байж ярилцах гэж хичээдэг.

ИРЭЭДҮЙ
 


Бидний алсын зорилго бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөл тавих. Цай, бэлдмэл тэр дундаа уламжлалт анагаах ухаанд суурилсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн гаргахыг хүсдэг. Үүн дээр нэмээд гоо сайхан, эрүүл мэндийн бариа, засал гэх зэрэг үйлчилгээний чиглэлд үйл ажиллагаагаа тэлэх бодол бий.

ЭРСДЭЛ


Бид заавал органик, USDA сертификаттай түүхий эдийг сонгодог. Монгол Улсын хувьд мэдээж хөрш улсаасаа түүхий эдээ татвал хамаагүй хямдхан тусах хэдий ч бид олон удаагийн туршилтаар заавал органикийг нь сонгох хэрэгтэйг ойлгосон юм. Ингэхээр бүтээгдэхүүн маань харьцангуй үнэтэй болгох хандлагатай ч бид зарим монгол орц буюу нохойн хошуу, шар тос, чацарганын тосны харьцаагаар нь тэнцүүлэхийг хичээдэг.

Мөн бүтээгдэхүүнүүд маань байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас хадгалах хугацаа илүү богино байдаг нь зарим талаараа эрсдэл дагуулдаг ч бид хэрэглэгч нартаа яаж хадгалахыг нь үргэлж сайн зөвлөдөг.