Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 2000-аад оны эхээр монголын томоохон компаниуд олон улсын нэр хүндтэй оргилуун дарсны брэндийг эх орондоо албан ёсоор нутагшуулж эхэлсэн билээ. Энэ үеэс эхлэн монголчууд эх орондоо оргилуун дарсны амт, хэрэглээтэй аажмаар танилцаж байв.
Энэ соёл улам эрчимжиж, өдгөө оргилуун дарс худалдаалж буй газрууд шил дараалан шинээр нээгдсээр байна. Тэдгээрийн нэг нь Grand Champagne Boutique. Тэд 250 жилийн түүхтэй Францын алдарт оргилуун дарсны брэндийг монголдоо нэвтрүүлж байгаа бөгөөд нээгдээд ердөө хоёр долоо хонож байгаа юм.
Бизнесийн нэр: Grand Champagne Boutique
Хаяг: Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн энтертайнмент төвийн 1-р давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Шингэн хүнсний худалдаа
Үүсгэн байгуулагч: Б.Хулан
Үүсгэн байгуулагдсан он: 2025.03
Цахим хуудсууд: Grand Opulence (Facebook), Grandchampagneboutique (Instagram), Grandopulence.mn (Web)

СЭДЭЛ
Европын орнууд хэдэн зуун жилийн оргилуун дарсны баялаг түүхтэй. Тэдний өдөр тутмын амьдрал, баяр ёслол, оройн хоолыг амтат дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнээс гадна оргилуун дарсыг зөв хундаганд хийх, тохирсон температурт хадгалах, ширээний дээр хэрхэн байрлуулах зэрэг тодорхой хэмжээний соёлтой байдаг нь дарсаа тав тухтай, шимтэн уухад нөлөөлдөг юм билээ.
Манай улсын хувьд оргилуун дарстай танилцаад ердөө 20 гаруй жилийг үдэж байна. Хэдийгээр баяр ёслолын үеэр түгээмэл хэрэглэгддэг ч оргилуун дарс уух соёл түгээмэл биш хэвээр байгаа юм. Тиймээс 250 жилийн түүхтэй Францын алдарт оргилуун дарсны брэндийг монголчууддаа амтлуулахын сацуу дарс уух соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус брэндийн албан ёсны эрхийг авч Монголдоо нэвтрүүлээд байна.
Нөгөөтээгүүр, мөн оргилуун дарс сонирхдог, цуглуулагчдынхаа хэрэгцээнд нийцсэн тав тухтай орчинд дарс амтлах боломжийг бүрдүүлэх зорилгоор үүдээ нээсэн юм.

ЯЛГАРАЛ
Монголд шингэн хүнс худалдаалдаг олон газар бий. Харин манайх дэлхийн нэр хүндтэй оргилуун дарсны брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн гэдгээрээ онцлогтой. Одоогоор бид Louis Roederer, Henri Giraud, Bollinger, Deutz, Salon, Delamotte зэрэг Францын алдартай брэндүүдийг борлуулах эрхийг аваад байна.
Тухайлбал, Louis Roederer брэнд бол сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн нэр хүндтэй, эрэлттэй оргилуун дарсаар шалгараад байгаа топ брэндүүдийн нэг. Тиймээс бид дэлгүүрээ анх нээхдээ уг брэндийг Монголд нэвтрүүлэх зорилго тавьж, өнгөрсөн оны зургаадугаар сард албан ёсны худалдах эрхийг авсан юм. Ингээд наймдугаар сард бүтэн коллекцийг нь оруулж ирсэн.
Үүнээс гадна Henri Giraud, Salon, Bollinger зэрэг брэндийн бүтээгдэхүүнүүд нь зөвхөн Европт төдийгүй Азид ч хамгийн дээд зэрэглэлийн хэрэглэгчдэд хүрдэг. Эдгээрийг Мишлений гурваас дээш одтой ресторан, таван одтой тансаг зочид буудлуудад л хэрэглэгддэг бөгөөд энгийн дэлгүүрт байдаггүй. Ерөнхийдөө зорилтот хүмүүстээ л худалдаалдаг тансаг брэнд хэмээн гэж болно.

Манай дэлгүүр гурван үндсэн хэсгээс бүрддэг. Үүдний хэсэгт худалдааны бүтээгдэхүүнүүд байрлаж, түүний хажууд хөргүүрийн хэсгийг шийдсэн. Мөн тухтай орчин бүхий лоунж хэсэгтэй. Одоогоор нээлтээ хийгээд удаагүй байгаа учраас хүн бүрд нээлттэй үйлчилж байна. Харин цаашдаа зөвхөн гишүүнчлэлтэй хэрэглэгчдэд зориулсан, илүү онцгой үйлчилгээ бүхий лоунж хэсгийг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа.
Бас нэгэн онцлох зүйл нь ратафиа. Манай дэлгүүр одоохондоо оргилуун дарс, дарс, ликёр гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнтэй. Бид хүмүүсийн мэдэхээр ликёр хэмээн нэрлээд байгаа боловч энэ нь ликёроос арай өөр ратафиа гэх уух зүйл бий. Коняк шиг хурц үнэртэй мөртлөө яг л усан үзэм шиг зөөлхөн амттай. Монголд одоогоор нэг ч газар оруулж ирээгүй байгаа юм. Тиймээс радафиа гэдгийг монголчуудад илүү таниулахаар ажиллаж байна.
GRAND CHAMPAGNE BOUTIQUE ГЭЖ ЮУ ВЭ?

Манай компани нь дэлхийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн champagne maison-уудын сонгомол бүтээлүүдийг Монголын зах зээлд хүргэдэг албан ёсны, онцгой эрхт дистрибьютор юм. Бид бүтээгдэхүүнээ мэргэжлийн температурын хяналттай орчинд хадгалж, тансаг зэрэглэлийн үйлчилгээний соёлтой хослуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Түүнчлэн зөвхөн бүтээгдэхүүн санал болгохоос гадна оргилуун дарсны түүх, өв соёл, амталгааны тухай түгээн дэлгэрүүлэхийг эрхэмлэдэг.
НЭР

Grand Champagne Boutique гэдэг нь Франц бүтээгдэхүүний нэршлээрээ байгаа. “Grand” гэдэг нь сүр жавхлант, дээд зэрэглэлийн чанарыг илэрхийлнэ. Харин “Champagne” гэдэг нь оргилуун дарс гэхээсээ илүүтэй Францын дарсны бүсийг илэрхийлж байгаа юм. “Boutique” нь францаар мэргэжлийн онцгой сонголттой тансаг дэлгүүр гэсэн утгатай.
ОДОО

Манай компани үүсгэн байгуулагдаад нэг жил болж байгаа бол дэлгүүр маань нээгдээд хоёр долоо хоног болж байгаа билээ. Одоогийн байдлаар дэлгүүртээ худалдаалж буй дэлхийн нэр хүндтэй томоохон дарсны брэндүүдийг хүмүүст таниулах, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.
Дэлхийд танигдсан брэндүүдийн ховор цуглуулга, винтеж оргилуун дарснууд нь олон улсын дуудлага худалдаанд өндөр үнэ хүрдэг төдийгүй дарс цуглуулагчдын дунд ч эрэлттэй тансаг бүтээгдэхүүнд тооцогддог. Тиймээс манай компани энэ жилдээ багтан ховор төрлийн оргилуун дарсыг монголдоо оруулж ирэхээр бэлтгэл ажлаа хангаад буй.
Дэлгүүр маань өдөр бүр 11:00-04:00 цагийн хооронд үйлчилнэ. Үүнээс гадна хүргэлтийн үйлчилгээ бий. Бүс хамаарахгүй үнэ төлбөргүй хүргэнэ.
БАГ

Манай дэлгүүр одоогоор зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Дээд зэрэглэлийн тансаг бүтээгдэхүүн худалдаалж байгаа учир түүндээ тохирсон үйлчилгээ үзүүлэх нь бидний хамгийн чухал зарчим. Францын алдарт брэндүүдийн албан ёсны эрхийг авч ажиллаж байгаа учир брэндийн үнэ цэн, нэр төрийг нь унагаахгүй авч явахын тулд багийн гишүүдийн хамтын ажиллагаа, хариуцлага өндөр байх шаардлагатай. Мөн дарсны соёл, хэрэглээний зохих мэдлэгтэй байх ёстой.
Энэхүү брэндийн нэн тэргүүний зарчим нь хэрэглэгчийг нэгдүгээрт тавих явдал юм. Тиймээс бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг тайлбарлаж, хэрэгцээ шаардлагад нь тохирсон худалдан авалтыг санал болгохоос гадна дарсны соёл, хэрэглээний мэдлэгийг тогтмол хөгжүүлэн түгээхийг зорьдог. Үүний дагуу бид ажилчдаа тогтмол сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамруулж, мэдлэг чадварыг нь тасралтгүй дээшлүүлдэг юм.
ИРЭЭДҮЙ

Бид цаашдаа Монголд дарсны соёлыг хөгжүүлж, дэлхийн нэр хүндтэй брэндүүдийг нэг дор төвлөрүүлсэн тансаг зэрэглэлийн оргилуун дарсны төв болох зорилготой. Мөн цаашдаа оргилуун дарсны тест арга хэмжээ, амталгаа, курс меню зэрэг франц хоолтой соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буй.
Ойрын гурван жилийн хугацаанд хоёр салбар нээх бодолтой байгаа ч хараахан ажил болгож эхлээгүй л байна. Үүнээс гадна бид энэхүү байршилдаа дарсаа худалдаалахаас гадна Монголын томоохон брэнд дэлгүүр, ресторан, зочид буудал, амралтын газар, лоунжтай хамтран ажилладаг. Ирэх жилүүдэд эдгээр хамтран ажиллах байгууллагуудаа өргөжүүлэх хүсэлтэй байна.
ЭРСДЭЛ
Манай бүтээгдэхүүн Европын орноос шууд Монголд тээвэрлэгдэн ирдэг учраас тээвэрлэлтийн явцад тодорхой эрсдэлүүд гарч болзошгүй. Тухайлбал, цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлаас болж тээвэр цуцлагдах, сав баглаа боодол болон бүтээгдэхүүн гэмтэх асуудлууд бий. Гэхдээ одоогоор тийм зүйлтэй тулгараагүй байна.
Нөгөө талаар өвлийн улирал хэцүү санагддаг. Өвлийн улиралд манай улсын хувьд хүйтэн, эрс тэс уур амьсгалтай болчихдог учир тээвэрлэлт бүрэн зогсоно. Тиймээс өмнөх саруудад үүнийгээ тооцоолж захиалгаа нэмүү авах хэрэгтэй байдаг.
Мөн эдийн засгийн нөхцөл байдал ч бас нөлөөлдөг. Инфляц, төгрөгийн ханшийн савлагаа зэрэг хүчин зүйлс хэрэглэгчийн худалдан авах чадварт шууд нөлөөлдөг эрсдэлтэй.


Сэтгэгдэл бичих

