Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жилийг угтан золгож буй уншигч та сайхан наадаж байна уу?
Манай улс бэлчээрийн талбайн хэмжээгээр дэлхийд 11-т жагсдаг бөгөөд эл уудам нутагт Монголын хүн амын ойролцоогоор гуравны нэгтэй тэнцэх малчид хэдэн мянганыг дамжин ирсэн нүүдлийн өв соёлыг тээн амьдарч буй аж. Гэвч хатуу ширүүн цаг уурын нөхцөлөөс авхуулаад нийгэм эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс үүдэж нүүдлийн амьдралаа орхин төв газар бараадахаас өөр аргагүйд хүрч буй малчид олширсоор. Тэгвэл бид наадмын тусгай дугаартаа Монгол нүүдлийн соёлыг байгаль, уур амьсгалын сорилтуудаас хамгаалж, малчдын амьдралыг сайжруулах технологийн цогц шийдлийг санал болгож буй нэгэн онцгой төслийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд Хүчирхэг Нүүдэлчний нөхөр HUNU системийг сонирхъё.

Төслийн нэр: HUNU
Хаяг: Говьсүмбэр аймаг
Үйл ажиллагааны чиглэл: Технологи, нүүдлийн мал аж ахуй
Үүсгэн байгуулагч: Г.Билгүдэй
Үүсгэн байгуулагдсан: 2025 оны 8-р сар
Цахим хуудсууд: Веб хуудас, Инстаграм, Фэйсбүүк
Уриа үг: Rooted in Tradition, Powered by Technology
СЭДЭЛ
Өвөө маань мянгат малчин байсан юм. Дундговь, Говьсүмбэр гээд говь нутгаар нэлээд удаан нүүдэллэж амьдарсан. Ингэж аж төрөхөд байгаль, нийгмийн олон бэрхшээл тулгарна. Наанадаж зуд, гантай нүүр тулна, цаанадаж нүүдлийн мал аж ахуйгаар есөн хүүхдийн хамт амжиргаагаа залгуулахад санхүүгийн хүндрэл их. Санах нь ээ 2009 оны зуднаар нэлээд мал алдаж байсан. Энэ мэтээс үүдэн өвөө эмээ маань, хүүхдүүд нь нэг нэгээрээ төв газар бараадсаар одоо нэг эгч маань л мал дээр үлдсэн.
Би багаас тэр эгчтэйгээ ойр байж, нүүдлийн, хоршооллын, фермийн гээд мал аж ахуйтай ойрхон өссөн. Хамаатнуудаараа нийлж байгуулсан малчдын хоршооны махны үйлдвэр, мал үржүүлгийн газарт нь ирж очин үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүд дээр ажилладаг байлаа.
2024 онд их гарзтай зуд тохиосон шүү дээ. Үүний дараа энэ мэт гамшиг, эрсдлийн үед малчдын амьдралыг хөнгөвчлөх, хэрэгцээт мэдээллээр хангах технологийн шийдэл байдаг эсэхийг анх нуцахтай судалж байсан юм. Манай ах бол адуундаа GPS, эгч хэлийг нь ойлгохгүй атлаа цаг агаарын апп ашиглах гэж үздэг байсан. Ингээд яадаг ч байсан монгол малчдын амьдралын онцлог, асуудалд нь тохирсон шийдэл боловсруулахаар санаа шулуудсан хэрэг. Ийнхүү ноднин жилийн гуравдугаар сараас санаагаа хөгжүүлж эхлээд наймдугаар сард HUNU-г албан ёсоор байгуулсан.
Өөрөө малтай ойрхон өссөн учир нүүдлийн мал аж ахуйн тухай давгүй мэдлэгтэй гэж бодсон ч төслөө хэрэгжүүлж эхлээд ойлголт ямар дутмаг байснаа анзаарсан. Учир нь Монголын мал аж ахуй малаа хашдаггүй, бэлчээж нүүдэллэдгээс эхлээд барууны фермийнхээс тэс ондоо, асуудал нь ч маш олон хүчин зүйлтэй.

ЯЛГАРАЛ
Олон улсын зах зээлд Монголын нүүдлийн мал аж ахуйн сорилтуудыг хөнгөвчлөхүйц шийдэл одоогоор бараг байхгүй. Адаглаад улирлаа дагаж нүүдэллэдэг бэлчээрийн малын онцлогт нийцүүлэхийн тулд GPS нь интернэт шаарддаггүй буюу хиймэл дагуулын сүлжээ дэмждэг, -40°C-д ажилладаг, азарга ноцолдоход ховхроод уначхааргүй байх ёстой. Баруунд бол малаа хашчихдаг, цаг уур харьцангуй тогтвортой учир сүлжээ тасалдана, мал хол бэлчинэ гэх аюулгүй, GPS нь ч интернэттэй холбогддог тул батарейнд хэмнэлттэй байдаг. Мөн тэндхийн малын өртөг өндөр тул мал бүрдээ нэгийг зүүх санхүүгийн бололцоо бий. Гэтэл монгол малд зүүх нэг GPS малын өөрийнх нь өртөгтэй дүйчихдэг. Тиймээс ч сүргээр нь нэг GPS-ээр хянах шаардлага гарна.
Нэмээд манай орны хатуу ширүүн уур амьсгалд ажилладаг нэг л төрлийн өртөг өндөртэй батарей байдаг нь сарын турш өдөрт дунджаар 24 байршлын мэдээ дамжуулаад л дуусчихдаг. Тиймээс бид GPS-дээ нарны дэлгэц суурилуулан өөрийгөө цэнэглэдэг байхаар сайжруулсан. Үүний үр дүнд аль нэгдүгээр сард тавьсан GPS одоо хүртэл 100%-тай яваа. Мөн хиймэл дагуулаар хянахын тулд GPS-тэй ногт хийж үзсэн ч холгоод байхаар нь хүндрүүлэгчтэй хүзүүвч хийсэн. Гэхдээ адууны хүзүүвч хонь, хонины хүзүүвч ямаан дээр ажиллахгүй учир мал бүрд тусгайлан бага сага сайжруулалт хийсээр л явна.

Ингээд харвал цоо шинэ технологи оруулж ирээгүй ч хэдийнээ байгаа технологийг хэрхэн монгол малчдын хэрэглээнд нийцүүлж, асуудлыг нь оновчтой шийдэхээр загварчилж байгаа нь манай ялгарал.
Нэг жишээ гэвэл, мал уруудах үзэгдэл Монголд л түгээмэл. Энэ асуудлаас хэрхэн сэргийлэх тухай бодож яваад мал байнга бэлчдэг газраасаа салхи, шуурганд туугдахаараа яг нэг шугамаа дагаад урууддагийг анзаарч, одоо манай GPS мал уруудахаас нь ч өмнө хур тунадас, салхины хурд зэргийг багийн нарийвчлалтайгаар тооцоолж, эрсдлийг HUNU утасны аппаар тухай бүрд нь мэдээлдэг болсон. Гэхдээ газарзүйн онцлогоос хамаараад хиймэл дагуулын мэдээлэл амжилттай дамжуулах магадлал харилцан адилгүй. Тухайлбал, Говь, Алтайн уулархаг бүсэд 90, тал хээрт 94, ойн бүсэд дунджаар 87 хувьтай байна.
HUNU ГЭЖ ЮУ ВЭ?
HUNU бол уламжлалт нүүдлийн соёлыг технологитой хослуулан монгол малчдад орчин цагийн сорилтуудыг даван туулахад туслах технологийн шийдлүүдийн цогц. Бид гурван үндсэн бүтээгдэхүүнтэй.
HUNU апп - Мал уруудах, алга болох, хулгай болон ан амьтны дайралтад өртөх эрсдлийг бууруулснаар малын араас явж цаг хугацаа гарздах хүндрэл эрс багасна. Багийн түвшинд 10 хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээ өгч, эрсдэлтэй нөхцөл байдлын тухай цаг алдалгүй сэрэмжлүүлнэ. Бэлчээрийн бүс дэх ургамлын ногоошил, салхины чиг, температур зэргийг нарийвчлан мэдээлэх давхаргачилсан газрын зургийг систем нэмэгдэж байгаа.
Хиймэл дагуулын GPS - Сүлжээгүй газар, -40°C-д, нарны дэлгэцтэй 2 жил, дэлгэцгүй 6-8 сар ажиллана. Бүх таван хошуу малд суурилуулах, биеийн температурыг хэмжих боломжтой. Одоогоор дөрөв дэх хувилбараа хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Малын гарал үүслийн систем - GPS-ийн мэдээллээр мал нүүдэллэсэн түүхийг баталгаажуулах, гарал үүслийг тодорхойлох, тооллого хийх боломжтой.
НЭР

Нэрээ удаан хайсны эцэст технологиор дамжуулан малчдын амьдралыг сайжруулах, цаашлаад нүүдлийн мал аж ахуйгаа хамгаалах алсын хараатайгаа холбон ХҮчирхэг НҮүдэлчин гэх үгийн эхлэл хэсгийг холбон товчилсон нь HUNU.
Миний бие гэр бүлийнхээ нүүдэллэж байсан үеийн сүүлийнх нь. Үеэлүүд дундаа ч нүүдэллэж байсан дурсамжтай сүүлийн үеийнх нь нэг байх. Нүүдлийн мал аж ахуйг дасан зохицох арга хэрэгсэл гэж хардаг юм. Нүүхээ болино гэдэг өв соёлынхоо чухал хэсгийг гээж байгаа хэрэг. Бэрхшээл, сорилт их байна гээд малаа хашаалаад эхэлвэл бэлчээрээ сэлгэхгүйгээс үүдэж газрын доройтол ч ихэснэ. Угаас нийгэм, эдийн засаг хурдацтай өөрчлөгдөж, технологи амьдралын салшгүй нэг хэсэг болж байгаа цагт аль болох уламжлалаа хүндэлсэн, хөхиүлэн дэмжсэн технологи хөгжүүлэхийг хичээж байна.
ОДОО
Саяхан HUNU аппынхаа анхны 15 хэрэглэгчийг суурьшдаг газар нутаг, малчны онцлогоор нь 100 гаруй хүнээс шалгаруулж аваад найман аймагт туршиж дуусаад улс даяар зарласан. Ер нь малчид манай шийдлүүдийг их уриалгахан, нээлттэй хүлээж авдаг. Малчид гэхээр л технологи ашиглаж чаддаггүй, энэ төрлийн зүйлээс хол гэх ойлголт өргөн хэвшсэн харагддаг ч малынхаа хотон дээр камер тавьж, нарны толь, GPS-ийг өдөр тутамдаа ашиглаад удаж байгаа хүн олон.
Технологи талаас гэвэл хиймэл дагуулын зургаас ургамлын ногоошил, цасны зузааныг харуулах системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үр дүнд нь малчид наанадаж л өвөлдөө отроор нүүдэллэхдээ аль нутаг цасны зузаан багатайг мэдэх боломжтой.
Бас нэг чухал ажил нь малчдын орлогын урсгалыг эрчимжүүлж, санхүүгийн чадавхыг дээшлүүлэх явдал. Бидний энэ зорилго Монголын нүүдлийн мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүн фермийнхээс илүү үнэтэй байх ёстой гэх санаанаас улбаатай. Учир нь Монгол мал тал нутгаар тааваараа бэлчиж, өвс ургамлын сайныг сорчилж иддэг, байнгын хөдөлгөөнтэй, эрүүл чийрэг байдаг. Тиймээс мах гэлтгүй бусад бүтээгдэхүүн ч илүү шим, сортой байдаг тул гадны зах зээлд нэмүү өртөг өндөртэй нийлүүлэх боломжтой. Үүний тулд малын гарал үүсэл, бэлчээрийн түүхийг батлах шаардлага үүсч буйг HUNU-ийн хөгжүүлж буй ээлжит системээр шийдэх хэрэг. Нэмээд хиймэл дагуулын зургаас малын сэлгэсэн бэлчээрүүд сайжирсан эсэхийг хянаж болно. Энэ санаачлагаа хэрэгжүүлэхээр газрууд руу холбогдоод эхэлсэн.
Мөн бид Тогтвортой хөгжлийн зорилгын стартапуудад зориулсан Google-ийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, Google-ийн инженертэй хамтран холболт дээрээ ажиллаж байна. Аль ноднин хийсэн хяналтын камер, дроноор мал тоолох технологио энэ жил дата өгөгдлөө нэмэгдүүлэн сайжруулж байгаа. Мөн хөтөлбөрөөс гардуулсан 25,000 ам.долларын кредитээрээ малчдыг байгалийн аюул, эрсдлээс хамгаалах агент хөгжүүлэхээр хиймэл оюуныхаа knowledge base буюу монгол мал аж ахуйн онцлог, сорилтуудыг тайлбарласан мэдээллийн баазаа сүүлийн хагас жил бүрдүүлж буй.
Манай үйл ажиллагааны өөр нэг чиглэл нь малчдыг чадавхжуулах хөтөлбөр. Анхны воркшопоо HUNU-ийнхээ үндсэн оффис болох Говьсүмбэрийн хоршоондоо 8-р сарын 3-нд "Stepp Workshop" нэртэй хийхээр зэхэж байна. Энэ нь ойр хавийн залуу малчдад технологи ашиглан амьдралаа сайжруулах боломж, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт, шийдлийг таниулах сургалт.
БАГ
Манай баг 7 өөр улсад суугаа Монгол, гадаад 16 хүнээс бүрдсэн. Үндсэн оффис Говьсүмбэрт ч ихэнх нь зайнаас, өөрсдийн хуваариар ажилладаг учир өндөр чадвартай хүмүүс урсгал зардал багатайгаар үр дүнтэйгээр ажиллах боломжтой нь гол давуу тал. Одоогоор бид технологи хөгжүүлэлт, контент, дизайн гээд бүтээгдэхүүн суурьтай багуудад түлхүү хуваагдан ажиллаж байна. Гэхдээ саяхнаас аппын анхны хэрэглэгчдээ татсан тул цаашдаа хэрэглэгчидтэй харилцаж, үйл ажиллагаа хариуцах хүн хэрэгтэй байгаа.
Миний үүрэг бол барьж авсан асуудал болон хөгжүүлж буй шийдлийнхээ гүүр нь болж, малчидтай ойроос харилцаж ажиллах. Одоо ч өөрийн адуун дээр GPS-ээ суулгачихсан яваа.
ИРЭЭДҮЙ

Бидний гол зорилго технологийн шийдлээрээ монгол малчдын өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, цаашлаад орлогын эх үүсвэрийг нь бэхжүүлэх. Хамгийн чухал нь л бодит хувь нэмэр. Одоо бол ердөө суурь нь тавигдаж байна. Ойрын 5 жилдээ 10,000 малчин гэр бүлд, воркшопоороо 1,000 залууст хүрч ажиллахыг хичээнэ.
Мөн Монголоос гадна Өмнөд Африк, Киргизстан гэхчлэн ойролцоо мал аж ахуй эрхэлдэг орнууд руу зах зээлээ тэлэх бодолтой. Хамгийн эхэнд зорих нь олон малтай, хагас нүүдлийн мал аж ахуйтай Казахстан Улс. Ингэж тэлэлт хийх нэлээд зардалтай учир Google, Дэлхийн банк гэх мэт олон улсын байгууллагуудад төслөө таниулж, Монголдоо хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна. Сонирхуулахад, саяхан OpenAI-ийн төв компаниас мал тооллогын мэдээллийн талаар хараад баримтат кино хийх санал тавьсан. Энэ мэтээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, томоохон зах зээлд нэвтрэх боломжууд гарч ирж буйг олзуурхаж байгаа.


ЭРСДЭЛ
Геополитикийн зөрчил, гэнэтийн эвдрэлээс үүдэж хиймэл дагуулын үйлчилгээ доголдвол GPS ажиллагаагүй болох гэх мэт гадны эрсдлүүд бий. Нэмээд бидний шийдэхийг зорьж буй асуудал олон талтай учир малчдаас гадна хөрөнгө оруулагчдад төслөө бүрэн ойлгуулахад цаг шаарддаг. Ер нь гадны хүмүүс гэлтгүй монгол залуус бид ч өөрсдийн ойлголтоо дээшлүүлэх хэрэгтэй санагддаг.
Энэ ташрамд нүүдлийн мал аж ахуй гэх энэ хосгүй өвөрмөц уламжлалаа хамгаалах санаачлагуудыг тасралтгүй гаргаж, хойч үедээ өвлүүлцгээе гэж уриалах байна. Учир нь монголчууд бидний өв аливаа түүхэн барилга, хөшөө дурсгал гэхээс илүүтэй хүмүүс нь, аж амьдрал нь өөрөө байдаг.

Сэтгэгдэл бичих

