Даваа гараг бүрд хүргэдэг “Онцлох бизнес” булангийнхаа шинэхэн дугаарт хоол үйлдвэрлэлийн салбарт 17 жилийн турш тууштай үйлчилгээ явуулж буй Их Ноёд рестораныг онцолж байна. 

Тус ресторан нь монгол өв соёл, уламжлалт амтыг орчин үеийн хоолны чиг хандлагатай хослуулан бүтээдгээрээ онцлогтой. Хуушууртай цай, хайлмагтай американо, хонины зурагтай матча латте, шарсан гургалдай, нэг метрийн урттай бууз гээд төрөл бүрийн сонирхолтой хоолнууд энд бий. Тус ресторан саяхан амтат боул (bowl) хоолнуудаар менюгээ улам баяжуулжээ. 

Бизнесийн нэр: Их Ноёд
Хаяг: БЗД, 2-р хороо, Дарь эх 1-5а (Сансар ШТС-ын буудлын хойно)
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан
Үүсгэн байгуулагч: Д.Энхтөр
Үүсгэн байгуулагдсан: 2009.08.19
Сошиал хуудсууд: Их Ноёд restaurant (Facebook), ikhnoyod (Instagram)
Уриа үг: Уламжлалаа хадгалж, амтыг түгээнэ

СЭДЭЛ 

Их Ноёд рестораныг анх аав минь үүсгэн байгуулж байлаа. Гэр бүл, найз нөхдөө нэг ширээний ард цуглуулж, амттай хоолоор дайлан, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор 2009 онд Европ, Монгол хосолсон цэстэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Эхэндээ өөрсдийн нэрийн пиццанаас гадна стейк, паста зэрэг Европ төрлийн зоогоор түлхүү үйлчилдэг байсан. Гэвч жил ирэх тусам Европ хоолноос илүүтэй Монголынхоо уламжлалт хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж, таниулах нь чухал юм байна гэдгийг ойлгосон.

Монгол хоол үнэхээр баялаг. Заавал олон төрлийн нарийн орц, найрлага шаардахгүйгээр байгалийн цэвэр бүтээгдэхүүн болон бэлчээрийн малын ашиг шимийг ашиглан төрөл бүрийн сонирхолтой, өвөрмөц амтыг бүтээх бүрэн боломжтой байдаг. Тийм ч учраас бид уламжлалт хоолоо илүү хөгжүүлж, түгээхийг эрмэлзэн ажилладаг юм.


Их Ноёд рестораны Үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Амаржил

Нөгөөтээгүүр, сүүлийн жилүүдэд Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо эрчимтэй өсөж буй. Тэд Монголд ирээд өв соёл, уламжлалтай танилцахын сацуу үндэсний хоолыг маань амталж үзэхийг хүсдэг шүү дээ. Иймээс монгол хоолоо тав тухтай орчинд, чанар стандартын дагуу бэлтгэн хүргэж, үндэснийхээ хоолны соёлыг дотоод, гадаадын зочдод таниулан сурталчлах нь бидний эрхэм зорилго. Миний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд аавынхаа эхлүүлсэн энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн авч явж, Их Ноёд рестораны үнэ цэн, Монгол хоолны өв соёлыг илүү олон хүнд хүргэн таниулахын төлөө ажиллаж байна.

ЯЛГАРАЛ

Хамгийн эхний онцлох ялгарал нь хоолны консепц. Үйлчлүүлэгч маань ганцаараа ирээд тухтай зооглох нэг хүний таваглалт байх уу, эсвэл гэр бүл, найз нөхдөөрөө олуулаа дундаа хувааж идэх порц байх уу гэдгээс эхлээд хоолны харагдах байдал, хүртээмжтэй тал дээр нь маш сайн анхаардаг.

Хоолны орц, найрлага нь ихээхэн чухал. Ресторан болгонд өөрсдийн гэсэн нууц жор гэж байдаг даа. Манай рестораны хувьд ч гэсэн өөрсдийн гэсэн нууц жор, боловсруулалтын процесстой. Жишээлбэл, хорхог гэхэд л махаа хаанаас худалдаж авах уу, гарал үүсэл нь хаанахынх вэ гэдгээс эхлээд яг хэдэн градусын халуунд, яаж бэлтгэх вэ гэдгээс эхлээд ямар ногоотой хольж, дүрлэгээ хэрхэн хийх үү хүртэл их нарийн технологитой.

Бид 21 аймгийнхаа хөрсөнд ургасан ургамлыг хүнсэндээ түлхүү хэрэглэхийг эрмэлздэг юм. Гадны улсын бэлэн соус, амтлагч ашигладаг ч дийлэнх хувийг эх орноосоо бэлтгэдэг нь хамгийн том давуу тал.



Дараагийн онцлох хэсэг нь орчин ба интерьер. Модон байшин цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь улам нэмэгдэж, цаанаа л нэг дулаахан, тухтай мэдрэмж төрүүлдэг. Тийм учраас манайхыг зорин ирж буй үйлчлүүлэгч бүр яг л гэртээ, халуун ам бүлээрээ тойрон сууж байгаад хооллож байгаа мэт дотно мэдрэмж төрүүлдэг болов уу. Үүнээс гадна ресторанд маань байршиж буй бүхий л сувинерүүд бүгд монгол уран бүтээлчдийнх.

Тэрчлэн долоо хоног бүрийн баасан, бямба гараг бүр хоёр давхартаа амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулдаг.


ИХ НОЁД ГЭЖ ЮУ ВЭ? 

Их Ноёд бол манай гэр бүл, баг хамт олны 17 жилийн турш бүтээж буй түүх юм. Бид уламжлалт хоол хүнсийг орчин үеийн хэв маяг, өнгө төрхтэй хослуулж, үйлчлүүлэгчдээ хүргэхийг хичээдэг. Гэхдээ зөвхөн хоол идэхээс илүүтэй дурсамж бүтээх дулаахан газар хэмээн тодорхойлж болох юм. Учир нь хооллоно гэдэг нь хайртай хүмүүстэйгээ ширээ тойрон суугаад сэтгэлээ нээж хуучлах, амьдралын нандин мөчүүдийг хамтдаа тэмдэглэх хамгийн сайхан шалтаг шүү дээ.

НЭР 

Их Ноёд гэдэг нь монгол төрийн хаад, ноёд, сурвалжит язгууртнуудыг илэрхийлсэн, хүндэтгэлийн утгатай нэр билээ. Бид үйлчлүүлж буй хүмүүсээ ноён мэт дээдэлж, хүндэтгэн зоог барина гэх утгаар энэхүү нэрээ сонгосон.

ОДОО

Одоогийн байдлаар ресторанд маань 74 төрлийн хоол гарч байна. Өнгөрсөн хоёрдугаар сард бид менюгээ шинэчилж, боул хоолнуудыг шинээр нэмээд байгаа. Боул хоолнууд маань хэмжээнээсээ хамаараад гурван төрөлтэй. Ганцаараа болон олуулаа идэх сонголттой тул маш их эрэлттэй байгаа. Нэг метрийн урттай бууз (бидний хэлж заншсанаар залхуу бууз), 21 банштай битүү шөл, хавиргатай, чавгатай, хунчиртай шөл гээд хуваалцаж идэх боул хоолнууд олон бий.



Хоолоо дагаад уух бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн хөгжих шаардлагатай. Тиймээс бид хайлмагтай американог цэсдээ нэмээд байгаа. Хүмүүс американо уухдаа сахар хэрэглэх гээд байдаг. Харин хайлмагтай американог ууснаар сахарын хэрэглээгээ багасгах боломжтой. Сүүлийн үед хүмүүсийн дунд тренд болоод буй матчаг ч гэсэн нэмсэн. Гэхдээ энгийн нэг матча өгөхөөс илүүтэй дээр нь цагаанаар хонь зураад өгдөг юм. Ногоон тал дээр хонь бэлчиж буй мэт их сонирхолтой харагддаг. Хүүхэд, хөгшидгүй сонирхон уудаг даа. Мөн нэрийн хоёр төрлийн коктейльтой. Нэг нь Булган аймгийн Баян-Агт сумын нэрмэл ашиглан хийдэг юм. Айрагтай коктейль ч байгаа.

Улирал бүрд нь тохируулан менюгээ байнга шинэчилж, шинэ амтыг туршин үзэхийг эрмэлздэг. Хаврын ядаргааны үеэр дархлаа дэмжих тансаг, чулуут, хуушууртай зэрэг шөлтэй хоолнуудаа баяжуулж хийж байгаа бол бусад улиралд шарсан өвчүү, шарсан элэг, хуушууртай цай зэргийг гаргадаг юм. Одоогоор бид FreshPack, UBEats, Tok Tok гэсэн хүргэлтийн компаниудтай хамтран ажилладаг.


БАГ 

Манай баг хамт олон маань оффис, үйлдвэрлэл, үйлчилгээ, бэлтгэл гэсэн дөрвөн үндсэн хэсэгт хуваагдан 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хэсэг тус бүрд өөр өөрсдийн гэсэн зохих стандартыг баримтлан ажилладаг.

Бидний ажлын хамгийн чухал зарчим бол үйлчлүүлэгч бүрийг өөрийн гэр бүлийн нэгэн гишүүн мэт хүндэтгэн, үйлчлэх. Бид аав ээж, хайртай хүн, гэр бүлийнхэндээ хоол хийж өгч буй мэтээр сэтгэл гарган хоолоо хийдэг. Үйлчилгээний хэсгийн ажилтнууд маань ч гэсэн аав ээж, өвөө эмээдээ үйлчилж буй мэтээр үйлчилгээ үзүүлдэг.


ИРЭЭДҮЙ 

Ирээдүйд бид боул хоолны төрлөө илүү баяжуулж, монгол хоолыг боул хэлбэрээр худалдаалах төлөвлөгөөтэй. Монгол орны өнцөг булан бүрийн уламжлалт хоолны соёлыг сайн судалж, тухайн нутгийн онцлог, өвөрмөц хийц, арга барилыг нь шингээсэн цоо шинэ монгол боулыг бүтээхийг зорьж байгаа. Цаашдаа уг монгол боулаараа дагнасан салбар нээх зорилго ч бий.

Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа тогтмол сайжруулж, салбарынхаа хөгжлийг манлайлан, монгол амтыг дотоодын болон олон улсын хэрэглэгчдэд орчин үеийн хэлбэрээр хүргэх урт хугацааны зорилготой ажиллаж байна.


ЭРСДЭЛ 

Хамгийн эхнийх нь хүний нөөцийн асуудал. Тогтвортой ажлын байр, хамт олны уур амьсгал сайн хэдий ч зарим ажилтан маань оюутан залуус байдаг учраас хичээл ном, ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарах тохиолдол цөөнгүй.

Түүнчлэн ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарт үйлчлүүлэгчид бүх зүйлийг ямар ч алдаа мадаггүй, төгс байлгахыг шаарддаг. Бидний гаргасан маш жижиг алдаагаар л рестораныг маань тэр чигт нь дүгнэчихдэг нь үнэхээр хэцүү. Мэдээж хэрэг хүн бүрийн амтлах мэдрэмж өөр шүү дээ. Нэг хүнд үнэхээр гоё санагдсан хоол нөгөө хүнд заавал таалагдах албагүй. Гэтэл таалагдаагүй ганц зүйлээ цахим орчинд нийтэлчихдэг. Үүнээс болоод манайхаар үйлчлүүлж үзээгүй хүмүүс биднийг яг л тийм мэтээр ойлгох гээд байдаг талтай. Уг нь бид ганцхан таваг хоол хийхийн тулд маш их хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээдэг. Гэтэл ганцхан хүний сошиалд бичсэн сөрөг сэтгэгдэл эргээд тэр олон хүний хийсэн хөдөлмөрийг бүхэлд нь үнэгүйдүүлчихдэг нь л бэрхшээлтэй.