Бизнесийн ажиллах зарчим, онцлогийг хуваалцах зорилготой “Онцлох бизнес” булангийн шинэ дугаарын зочин бол "Jaazly". Гарт баригдаж, сэтгэлд мэдрэгдэх зүйл бүтээх хүслээс үүссэн тэдний бизнес 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, өдгөө үнэнч хэрэглэгч бүрийнхээ дурсамжит мөчийг хуваалцах орон зай болжээ. Залуучуудын дунд минимал хэв загвараараа танигдсан тэдний жаазны урлангаар зочилсон аялалтай ийнхүү танилцана уу.
Хэрэв Unread-ийн цахим хуудсыг дагадаг бол бид оффистоо "алдарын хана"-тай болсныг манай бичлэгээс магад харсан биз ээ. Долоо хоног тутмын сонингийн дугааруудаа жаазалж оффисийн ханаа дүүргэхдээ бид Jaazly-гийн жаазийг ашигладгийг ташрамт дуулгахад таатай байна.
Бизнесийн нэр: Jaazly
Хаяг: Ардчиллын ордны зүүн талд,11-р байр
Үйл ажиллагааны чиглэл: Жааз урлал
Үүсгэн байгуулагч: Б.Ганбаяр
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Цахим хуудас: Jaazly_frameworkshop
Уриа үг: Дурсамж бүхнээ өөрөөр жаазалъя
СЭДЭЛ
Миний үндсэн мэргэжил архитектор. Гэвч их сургуулиа төгссөний дараа график дизайнерын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Компьютерын ард сууж ажиллах нь сонирхолтой ч хааяа нэг гараа ашиглан юм хиймээр, бодит орчинд бүтээл туурвимaar санагддаг байлаа. Энэ хүсэл маань оюутны ширээнээс бодитоор хэрэгжиж, миний бүтээлч сэтгэлгээг улам өдөөж өгсөн хэмээн боддог.
Архитектурын оюутан байна гэдэг жижиг хэмжээний барилга барьж байгаа мэт сонирхолтой. Хятадаас орж ирдэг зургийн хавтанд стандарт гэж байхгүй болохоор би өөрөө модоор хавтан хийж, найзууддаа захиалгаар хийж өгдөг болж байв. Тэр үед “Ганбанз” нэртэй фейсбүүк хуудас хүртэл нээж, нэлээн эрэлттэй ч болж байсан түүхтэй.
Жааз урлал руу чиглүүлсэн бас нэг чухал мөч бий. Найз маань тухайн үед Konica-ийн зургийг жаазалдаг жижиг үйлдвэр ажиллуулдаг байсан юм. Би тэр газар нь өнөөх “ганбанз”-аа хийдэг байсан хэрэг. Нэг өдөр манай найз "Энэ үйлдвэрийг нэг итгэж болохоор, хариуцлагатай хүнд даатгаад үлдээчихмээр байна” гэхэд нь би “Надад зарчих” гэж ам гарч худалдаж авч байсан. Тэр мөчөөс эхлээд өөрийн гараар анхны жаазнуудаа хийж эхэлсэн дээ.
Анх бол маш болхи, алдаатай жаазнууд хийж бүтэлгүйтэж, олон ч материал үрсэн дээ. Монголд жаазны үйлчилгээ ихэвчлэн 100 айлд төвлөрсөн байдаг. Тэнд очиход жаазны материалууд ихэнхдээ нэг хэвийн, хуванцар эсвэл шахмал үртсээр хийгдсэн, зөвхөн өнгө, хээгээрээ л ялгардаг. Үйлчилгээ нь ч тухгүй, зай талбай багатай, үйлчлүүлэгч хүслээ бүрэн илэрхийлж чаддаггүй байх нь түгээмэл. Харин гадаадын хүмүүсийн гэрт өлгөсөн жаазтай зургууд, Instagram, Pinterest дээрх уран бүтээлүүд арай өөр, илүү эвтэйхэн, зохицсон харагдаад, би өөрөө ч ийм зүйл хийж чадна гэдэг итгэл төрж байлаа. Тэр цагаас хойш уг ажлыг тасралтгүй хийсээр өдийг хүрсэн байна.
ЯЛГАРАЛ
Би 2012 оноос хойш Photoshop дээр ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед интернэтээс бүх зүйлсээ өөрөө судалж, сурч байсан. Ингэж явсаар захиалгууд ч авч, байгууллагуудын маркетингийн багт орж, илүү том төсөл дээр орж ажиллаж эхэлсэн. Тэр бүх хугацаанд, миний дотор нэг зүйл өөрчлөгдөлгүй бат үлдсэн нь би ихэнх зүйлсийг өөрийнхөөрөө хийх дуртай зан чанар юм бил ээ.
100 гаруй дизайнертай багт ажилласан ч би тэднээс нэг зүйлээрээ онцгойрч чадна гэдгээ ойлгосон. Мэргэжлийн, хурдтай, бүтээлч гээд дизайнер хүн ямар ч байж болох боловч тус бүр өөр өөрийн онцлогтой. Миний хувьд тэр нь жааз урлах байсан хэрэг л дээ. Бодит үнэ цэн өгөх, гарт баригдаж, сэтгэлд үлдэх тийм зүйлийг бүтээлчээр хийх хүсэл маань магадгүй намайг Jaazly руу хөтөлсөн байх.
Jaazly анх гарч ирж байхад, Монголд Pinterest дээрх шиг минимал, өнгөний зохицол сайтай жаазнууд бараг байгаагүй гэхэд хилсдэхгүй. Тэгээд л нэг мэдэхэд зураг авалт, дизайн, инстаграм дээр контент, хүргэлт гээд бүгдийг нь өөрөө хийдэг болчихсон тэр нь ч өөрт их таатай байв. Бүх зүйлсийг өөрийнхөөрөө, хүссэнээрээ бүтээж чаддаг учраас Jaazly бол миний гараас гарч, хүмүүсийн дурсамжид хүрч очдог гүүр.
НЭР
Анх манай студи Jaaz Studio нэртэй байсан юм. Хэсэг хугацааны дараа илүү “catchy” нэр бодож ольё гэж бодоод, jaaz дээрээ ly дагавар залгаад л жаазалъя буюу Jaazly болсон доо.
JAAZLY ГЭЖ ЮУ ВЭ?
Жааз зүгээр нэг шил, мод нийлсэн хүрээ гэхээс илүү амьдралын хамгийн үнэ цэнтэй мөчүүдийг “барьж авч” хадгалдаг нэг төрлийн гэрчилгээ юм шиг санагддаг. Хүмүүс яг ямар зураг жаазлуулдаг вэ гээд ажиглаад үзэхээр, ихэнх нь жирийн нэг өдрийн зураг биш, чухал мөчүүдээ л хадгалахыг хүсдэг. Хүүхдээ анх өлгийдөн авсан үе, нэг насны төрсөн өдөр, анхны гэр бүлийн хөрөг, аав ээжийн хамт авхуулсан төгсөлтийн зураг, эсвэл нас барсан нэгний хөрөг гээд бүгд амьдралын онцгой мөчүүд. Эдгээр агшнууд цаг хугацааны явцад дурсамжаас бүдгэрч болох ч жаазанд хадгалагдаж, чимээгүйхэн бидний орон зайд оршиж, сануулж байдаг юм шиг.
Тэгж бодохоор амьдрал гэдэг өөрөө жаазанд багтахуйц цөөн хэдхэн мөчүүдээс л бүтдэг юм байна гэж ойлгосон. Жаазлуулж хадгалах үнэ цэнтэй мөч хэд вэ гэж асуувал, магадгүй тав, арван зураг л санаанд орно. Тэгэхээр тэдгээр зургуудыг, яг тэр мөчүүдийг хэрхэн хүрээлж, хэрхэн хадгалж өгөх вэ гэдэг нь миний хувьд юу юунаас илүү үнэ цэн бүтээж байгаа юм шиг санагддаг юм.
Jaazly бол дурсамжийг цаг хугацааны салхинд хийсгэхгүйгээр тогтоож үлдээх оролдлого. Заримдаа үйлчлүүлэгчийн явуулсан зураг руу харахад л тухайн мөч ямар үнэ цэнтэй, хэчнээн их хайраар дүүрэн байсныг мэдэрдэг. Өнгө нь яг л тэр зургийн уур амьсгалд нийцэх ёстой, материал нь гоёмсог биш, мэдрэмж шингэсэн байх ёстой, учир нь тэр жааз зөвхөн харахад “гоё” байхаас илүү тэр хүний амьдралд цаашдаа мэдрэмж үлдээх учиртай эд зүйл. Энэ мэт нарийн мэдрэмж, бодлууд нийлж, бидний уриа болох “Дурсамж бүхнээ өөрөөр жаазалъя” бий болсон юм.
ОДОО
Ямар ч жаазыг хийхэд хамгийн түрүүнд анхаарах хоёр зүйл бий: хэмжээ ба хүрээ. Энэ нь зураг өөрөө юу илэрхийлж байгаа, хаана байрлах, ямар орчинд өлгөхөөс хамаараад өөрчлөгддөг.
Jaazly-ийн хувьд зөвхөн гоо зүй, харагдцаас гадна түүхий эд бат бөх, чанартай, эрүүл мэнд болон байгальд ээлтэй байгаасай гэж хүсдэг юм. Иймээс бид 2021 оноос эхлэн модон жааз руу бүрэн шилжихээр шийдээд ажиллаж байгаа. Мод бол байгальд шингэдэг, байгальд ч тэр хүний эрүүл мэндэд ч тэр сөрөг нөлөөгүй түүхий эд. АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлагийн (EPA) судалгаагаар, модыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглах нь үйлдвэрлэлийн үеийн нүүрстөрөгчийн ялгарлыг 40-70 хувиар бууруулах боломжтой юм билээ.
Жаазны будаг бас ялгаагүй чухал. Бид Финляндаас гаралтай, Tikkurila хэмээх стандартад нийцсэн, VOC (хүн болон байгальд хортой органик нэгдлүүд) маш бага агуулдаг будгийг ашигладаг. Энэ будаг нь модны амьсгалах чадварыг хадгалж, химийн хурц үнэргүй, эко будгийн ISO стандартыг хангасан бүтээгдэхүүн юм. 2021 оны Европын Барилгын Эко Стандартын үнэлгээгээр Tikkurila-г хамгийн хор багатай будагт тооцсон байдаг.
Өнгөний хувьд бид “өнгөлөг мөртөө даруухан шийдэлтэй” байх зарчмыг баримталдаг. Аль болох өнгөлөг байлгахыг хүсдэг ч тэр нь нүдэнд хүнд, тээртэй биш байгаасай гэж боддог юм. Багцлаад хэлэхэд бол одоогоор бол үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, өнгө, будаг хийцийг нь энгийн байлгах тал дээр анхаарч байна даа.
ИРЭЭДҮЙ
Хүн эмнэлэгт очиход зөвхөн эм бичиж өгөхөөс гадна тухайн өвчтөнийг оношилж, эмчилгээний төлөвлөгөө гаргадаг шүү дээ. Үүнтэй адил бид ч бас зураг, бүтээл нэг бүрд ямар жааз, ямар өнгө зохих вэ гэдгээс эхлээд хамгийн төгс хувилбарыг санал болгохыг хүсдэг.
Энэ зорилгын хүрээнд бид харилцагч бүрдээ хэмжээ авах, өнгө тохируулах, өндөр нарийвчлалтай хэвлэлтээр үйлчилж, жаазлах, суурилуулах зэрэг үйлчилгээг бүгдийг нь нэг дороос авах боломжтой цогц үйлчилгээний төвтэй болохыг хүсэж байна. Анхны санаанаас сүүлчийн хадаас хүртэл бүтээлч үйлчилгээг бүрэн үзүүлэхийг зорин ажиллаж байгаа.
Мэдээж, энэ бүхэн зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна бас материал хийцээ сайжруулахтай илүүтэй холбогддог. Юун түрүүнд түүхий эдийн хараат байдлаас ангижрах нь бидний дараагийн том алхам. Одоогоор бид зарим түүхий эдээ урд хөршөөс авдаг ч, ирээдүйд Монголдоо бүрэн дотоодын түншлэлтэй, мод бэлтгэлийн үйлдвэртэй хамтарч, 100 хувь модон жааз үйлдвэрлэдэг болох зорилготой.
Хэрэв бид түүхий эдээ бүрэн модоор дагнаж чадвал жаазыг илүү бүтээлчээр урлах боломжтой болно гэж найдаж байгаа.
баг
Хамтран үүсгэн байгуулагч Гансүх гээд найзтайгаа өдийг хүртэл хоёулаа хамтдаа бизнесээ авч явж байна. Манай хамгийн оргил ачаалалтай үе бол зургаадугаар сар болон арван хоёрдугаар сар. Энэ үеэр хүмүүс амьдралынхаа торгон мөчүүдийг хадгалах гэж зураг жаазлуулдаг, гэр орноо гоёдог, бие биедээ бэлэг барьдаг учраас бид хоёр ч мөн адил урландаа бүтэн цагаар “жолоогоо атгадаг”.
Харин бусад үед бид амьдралын хэмнэлдээ ууссан, илүү тайван горимоор ажилладаг. Жааз гэдэг өдөр бүр зарагдах талх биш. Харин үнэ цэнтэй дурсамжийг хамгаалан үлдэх, ховор бөгөөд чухал зүйл. Тиймээс бид хоёр “өдөр бүр заавал хийх ёстой” гэж өөрсдийгөө хэзээ ч шахаж зовоодоггүй.
Надад бол жааз хийх нь зүгээр нэг нэмэлт орлого биш. Энэ бол миний дотроос гардаг, бүтээлч урам зоригтой нандин хобби. Тиймдээ ч “хэт их ачааллаас болж, энэ хоббиндоо дургүй болчих вий” хэмээн эмээдэг. Аль болох сэтгэл амар, таатай хэмнэлээр ажиллах дуртай.
эрсдэл
Бидний хамгийн анхны том бэрхшээл Facebook хуудсаа алдсан явдал. Тухайн үед 7-8 мянган дагагчтай хуудас маань нэг өглөө сэрэхэд ор мөргүй алга болсон. Хэдийгээр хожим нь сэргээх гэж оролдсон ч, чадаагүйн улмаас бизнес маань хэсэгтээ бараг зогсонги байдалд орсон юм.
Бизнесээ эхний 2-3 жил тогтвортой авч явна гэдэг амаргүй. Захиалга орж ирэхгүй өдөр олон, хийсэн жааз борлогдохгүй үе ч тохиолддог. Энэ бүгд биднийг сэтгэлзүйн хувьд сорьдог байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, бидний энэ урлан ажлын дараах амралтын орон зай, бүтээлч орон зай болон хувирч, бид өөрсдөө тэр хэмнэлдээ ч дассан.
Нэг хэсэг би бүр үндсэн ажлаа орхиод, энэ бизнестээ бүрэн анхаарна гэж шийдсэн байв. Гэтэл яг тэр үед к цар тахал гарч, түүхий эдийн импорт гацсан. Урьд өмнө нь тийм том логистикийн асуудалтай тулгарч байгаагүй болохоор бидэнд тухайн үед үнэхээр хүндхэн сорилт болсон л доо. Гэсэн ч, азаар яг тэр үед хүмүүс гэртээ паззл эвлүүлэх нь моод болоод, хүмүүс эвлүүлсэн паззлаа жаазлуулж хадгалах сонирхолтой болж эхэлсэн. Хэдий хөл хориотой байсан ч би яаж ийж байгаад захиалга орж ирэхээр нь жаазаа хийж, өөрөө алхаж хүргэж өгдөг байсан шүү. Ингэж манай бизнес нэг хэсэгтээ тогтсон юм.
Анхны жилүүддээ бид айж эмээлгүй туршилт хийдэг байсныхаа хэрээр өчнөөн олон алдаа гаргасан. Гэхдээ яг энэ алдаануудаас л бид "эт их хичээх нь заримдаа илүү алдаа дагуулаад байдаг юм болов уу” гэж ойлгосон. Жаахан хачин сонсогдож магадгүй ч энэ зарчим л биднийг тогтвортой, нэг чанараа хадгалахад тус болсон байх.
Захиалагч нар ихэвчлэн “минийхийг гоё хийгээд өгөөрэй”, “энэ маш чухал зүйл байгаа юм аа” гээд жаазлуулах гэж буй зүйлсдээ хэт их ач холбогдол өгч ирэх нь бий. Мэдээж бидний зүгээс ч хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ бид аль ч бүтээгдэхүүнийг нэг л чанараар хийхийг хичээдэг. Ингэж байж л алдаа багасаж, сэтгэл ханамж ч тэр чинээгээр нэмэгддэг юм болов уу гэж ойлгосон.
Н Нараа 2025.04.27 202.9.41.75
Сонирхолтой ярилцлага байлаа. Инста хаягийг нь дагачихлаа. Гоё жаазнууд хийдэг юм байна. Амжилт хүсье.