Долоо хоног бүрийн даваа гарагт хүргэдэг “Онцлох бизнес” булангийнхаа шинэ дугаарт нээгдээд ердөө хэдхэн сарыг үдэж буй “Kind School”-ийг онцолж байна.
Тус сургууль нь 1-2 дугаар ангийн хүүхдүүдэд чанартай боловсрол олгохоос гадна Монгол өв уламжлалаа таниулах, зөв хүн болж төлөвшүүлэх тал дээр анхааран ажилладаг билээ. Мөн өглөөний цай, өдрийн хоол, унтаж амрах болон ном унших цагийг хичээлийн хуваарьт оруулж өгснөөрөө онцлог юм. Энэ жил 1, 2 дугаар ангийн элсэлтээ авч байгаа ба нэг ангид 15 сурагчтай байхаар төлөвлөжээ.
Ингээд “Kind School”-ийг байгуулах болсон шалтгаан, сургалтын арга барил, багийн бүрэлдэхүүн, одоо төвлөрөн хийж буй ажил болоод цаашдын зорилготой нь илүү ойроос танилцъя.
Бизнесийн нэр: Kind School Mongolia
Хаяг: Хан Хиллс 523
Үйл ажиллагааны чиглэл: 1-3-р ангийн бага сургууль
Үүсгэн байгуулагч: Б.Анар, Б.Энхжаргал
Үүсгэн байгуулагдсан: 2026 оны 1-р сар
Цахим хуудсууд: Kind School Mongolia (Facebook), kind.school.mongolia (Instagram)
Уриа үг: Зүрх сэтгэлийн боловсрол олгоно

СЭДЭЛ
Би сүүлийн 10 гаруй жил боловсролын салбарт, тэр дундаа Орчлон олон улсын сургуульд багшаас эхлээд гүйцэтгэх захирал хүртэл ажилласан юм. Ээж, авга эгч нар маань ч мөн багш мэргэжилтэй, боловсролын салбарт олон жил ажилласан хүмүүс. Багаасаа л багш хүний хөдөлмөр, мэргэжлийнх нь үнэ цэнийг ойроос харж, ойлгож өссөн гэх үү дээ. Тийм ч учраас мэргэжилдээ их дуртай. Харин удаан ажиллах тусам энэ салбарт цаг үеэ дагасан шинэ санаа, шинэ арга барил, өөрчлөлт хэрэгтэй байгааг анзаарсан юм.
Б.Энхжаргал багшийн маань хувьд “Tomyo”, “Olula” гэх сургуулиудыг үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй “Tomyo EdTech”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө боловсролын салбарт 7 орчим жил ажиллаж байна. Мөн надтай адил салбартаа шинэ зүйл нэвтрүүлж, өөр арга барилаар ажиллах хүсэлтэй байсан тул бид ярилцаад, хүүхдүүдийг хичээлдээ дуртай, аз жаргалтай суралцдаг, бүтээлчээр сэтгэдэг, байгальтайгаа ойр өсөж хөгжих боломжтой, шинэлэг арга зүйтэй сургууль байгуулахаар шийдсэн. Ийнхүү зорилгодоо хүрч, 2026 оны эхээр сургуулиа нээгээд байна.

ЯЛГАРАЛ
Сургуулийн маань хамгийн эхний онцлох давуу тал нь Монголдоо анхны гэх Nature-based буюу байгальд суурилсан хөтөлбөртэй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд өвс ургамал, газрын хөрс, амьтан зэрэг байгальтай холбоотой зүйлсийг зөвхөн номоос уншиж, онолоор ойлгохоос илүүтэй өөрсдөө харж, ажиглаж, хүрч мэдэрч, бодитоор танин мэдэх боломжтой шинэлэг хөтөлбөр юм. Тухайлбал, элсийг авч үзье. Хүүхдүүд математикийн хичээл дээр элсийг граммаар хэмжиж, байгалийн ухааны хичээлээр бүтэц, шинж чанарыг нь судалж, дүрслэх урлагийн хичээл дээр үүнийгээ ашиглан бүтээл хийх зэргээр нэг зүйлийг олон талаас нь танин мэднэ гэсэн үг.

Хоёрдугаарт, манай сургууль өглөө, өдрийн хоол болон амралт, унтлагын цагтай. Хүүхдүүд 08:00 цаг гэхэд сургуульдаа цуглана. Ингээд 08:45 хүртэл өглөөний цайгаа ууж, бага зэрэг бясалгал хийн хичээлдээ орно. Мөн зарим хүүхдүүд өглөөний цайгаа уухгүйгээр хичээлдээ ирэх ч тохиолдол бий. Гэвч өглөөний цайгаа уугаагүй өлссөн, ядарсан хүүхэд хичээлдээ бүрэн төвлөрч, идэвхтэй оролцоно гэдэг хэцүү. Тиймээс бид өдрийн хоёр хоолтой байхаар төлөвлөсөн.
Мөн өдрийн дунд хүүхдүүдийг хэсэг хугацаанд амарч, унтаж, биеэ сэргээх боломжтой байхаар “Rest and Recharge” буюу амралт, унтлагын цагийг хичээлийн хуваарьт тусгасан. Хүүхэд бүрд тохирсон дэр, нөмрөх хөнжилтэй. Өдрийн цагаар унтаж амрах нь хүүхдүүд ядарч сульдахгүй, хичээлийн үлдсэн хугацаанд илүү эрч хүчтэй, идэвхтэй байхад тусалдаг. Гэхдээ хүүхэд бүр унтах албагүй шүү дээ. Унтмааргүй байгаа хүүхдүүдийг тэр хугацаанд нь зураг зурах ч юм уу илүү тайвшрах орон зайг нь гаргаж өгнө.

Гуравдугаарт, монгол өв уламжлал болон англи хэл. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд англи хэлийг төрөлх хэл шигээ сайн сурч, хэрэглэж байгаа хэдий ч монгол хэлээрээ бүрэн дүүрэн ярьж, бичиж чадахгүй байх тал ажиглагдсан. Тиймээс хүүхдүүдэд монгол хэлээ сайн сургахын зэрэгцээ монгол ахуй, өв уламжлалыг нь багаас нь таниулахыг чухалчилж байгаа. Харин англи хэлийг нэгдүгээр ангиас нь эхлэн заах ба дэлхийн стандартад нийцсэн сургалтын материалуудтай Oxford English хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна долоо хоног бүр Непко хэвлэлийн газраас гаргадаг “1,000 номын хөтөлбөр”-ийн дагуу монгол, англи хэлээр ном унших нэг, нэг цагийг хичээлийн хуваарьт оруулж өгснөөрөө онцлогтой.
Дөрөвдүгээрт, сэтгэл зүйн дэмжлэг. Манай сургуульд зөвхөн хүүхдүүдэд төдийгүй эцэг, эх, суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд нээлттэй. Хүүхдийн суралцах байдал, зан төлөв, харилцаанд гарч буй өөрчлөлтийг анзаарч, шаардлагатай үед нь ярилцаж, зөвлөгөө өгөхөөс гадна эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах, ойлгож дэмжих талаар сургалт хийж, зөвлөх юм. Мөн албан ёсны эрхтэйгээр Social-Emotional Ethical Learning (SEL) хөтөлбөрийг хэрэгжүүлж нийгэм, ёс зүй, сэтгэл зүрхний боловсролыг олгоно.
KIND SCHOOL ГЭЖ ЮУ ВЭ?

Kind School бол Монголын анхны “Nature-Rooted, Play-Based, Microschool”. Энгийнээр тайлбарлавал хүүхдүүд байгальтай ойр байж, тоглож, туршиж, өөрсдөө хийж үзэн суралцдаг, цөөн сурагчтай сургууль юм.
Зарим хүүхэд хичээлдээ явах дургүй, хичээл хийхээс залхдаг шүү дээ. Тиймээс бид хүүхдүүдийг сургуульдаа дуртайяа ирж, хичээлдээ идэвхтэй оролцдог байгаасай гэж хүсдэг юм. Үүний тулд үндсэн хичээлийн агуулгыг чанартай хүргэхийн зэрэгцээ хүүхдүүдийн сургуульд өнгөрүүлэх цагийг илүү сонирхолтой, тухтай байлгахад анхаарч ажилладаг. Хичээлээ зөвхөн анги танхимд сууж үзэхээс гадна тоглох, турших, гадаа гарах, байгальтай танилцах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг багтаасан цогц хөтөлбөртэй.
НЭР

Сургуулиа анх үүсгэн байгуулахдаа сайхан сэтгэлтэй, зөв хандлагатай, бусдыг хайрлаж хүндэлдэг, суралцах дуртай, аз жаргалтай хүүхдүүдийг төлөвшүүлэхийг зорьсон юм. Тиймээс “Kindness” буюу “сайхан сэтгэл” гэсэн үгнээс санаа авч, сургуулийнхаа нэрийг Kind хэмээн өгсөн түүхтэй.
Логог маань анзаарч харвал сайхан сэтгэл, бие, оюун ухаан, байгаль гэсэн дөрвөн ойлголтыг бэлгэдсэн дүрсүүд бий. Энэ нь хүүхдийн хөгжилд эдгээр дөрвөн зүйлийг адилхан чухалчилж, хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэхийг зорьдог гэсэн санааг илэрхийлж буй.
ОДОО

Одоогийн байдлаар бид 1, 2 дугаар ангидаа элсэлтээ зарлачихсан, сурагчдаа бүртгээд авч байна. Бүртгэл наймдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн хувьд бид 1-2-р ангидаа сурагч элсүүлэх бөгөөд анги тус бүр хамгийн ихдээ 15 сурагчтай байхаар төлөвлөөд буй. Учир нь цөөн сурагчтай ажилласнаар багш нар хүүхэд бүртэй тулж ажиллах, сурагчдынхаа онцлог, зан төлөв, юунд дуртай, юунд илүү сайн байгааг нь анзаарч мэдэх боломжтой. Мөн багш, сурагчидтай бие биеэ сайн таньж, илүү ойр дотно байх нөхцөл бүрдэнэ. Бидний хувьд олон хүүхдийг элсүүлэхээс илүү хүүхэд бүрд хүрч ажиллах зорилго тавиад байна.
Наймдугаар сарын эхээр бид бэлтгэл ангидаа 14 хоногийн хугацаатай сурагчдыг авч, хичээлээ заагаад дууслаа.
БАГ

Сургууль маань нийт 21 багш, ажилчинтай. Боловсролын салбарт олон жил ажиллаж, энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Тухайлбал, бага ангийн багш нар маань олон жил салбартаа топ сургуулиудад ажиллаж анги төгсгөсөн мэргэжлийн багш нар байгаа. Б.Энхжаргал багшийн хувьд санхүү эдийн засгийн чиглэлээр University of Miami сургуулиас бакалаврын зэрэгтэй. Мөн Чех Улсад дэлхийн шилдэг олон улсын зөвлөх үйлчилгээний “McKinsey” компанид таван жил ажилласан туршлагатай.
Харин миний хувьд Боловсролын тэргүүний ажилтан (БТА) зэрэгтэй. Боловсролын чиглэлээр дэлхийд нэгт жагсдаг “University College London” болон дэлхийд мөн долоодугаарт жагсаж байгаа The University of Hong Kong сургуулиудаас боловсролын чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй. ISO21001:2015 боловсролын чанарын стандартын мэргэшсэн аудитор ба Campridge PDQ Education Leadership хөтөлбөрийн сургагч багшийн эрхтэй.
Бидний хувьд зөвхөн мэргэжлийн мэдлэг, туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэхээс гадна хүүхэдтэй ажиллах арга барил, хандлагыг чухалчилдаг. Учир нь хүүхэд бүрийн онцлогийг ойлгож, тэднийг дэмжиж ажиллах багш, ажилтан нь манай сургуулийн хамгийн чухал хэсэг гэж ойлгож болно.
ИРЭЭДҮЙ

Ойрын хугацаанд бид сургалтын хөтөлбөр, арга зүйгээ улам сайжруулж, хэрэгжүүлж буй ажлуудаа илүү чанартай, үр дүнтэй хүргэхэд анхаарч ажиллана. Хүүхэд багаасаа зөв сурах арга барилтай болчихвол цаашдаа суралцахад нь илүү хялбар болдог юм билээ. Тиймээс эхний ээлжид бага ангидаа элсэлт авч, хүүхдүүдийнхээ суралцах суурийг зөв тавихад анхаарна. Цаашдаа дунд болон ахлах ангидаа элсэлт авч, 1-12 дугаар анги бүхий бүрэн дунд сургууль болох төлөвлөгөө бий.
Нөгөөтээгүүр, бид үндэсний онцлог, хэл соёл, уламжлалаа хүндэтгэдэг, сайхан сэтгэлтэй, мэдлэг чадвартай, бүтээлч, хүнлэг Монгол иргэдийг бэлтгэх зорилготой. Хүүхдүүд хэл соёл, өв уламжлалаа мэддэг, түүгээрээ бахархдаг байхын зэрэгцээ байгаль дэлхийгээ хайрлаж, өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг хүн болж төлөвшөөсэй гэж хүсэж байна.
ЭРСДЭЛ

Мэдээж хэрэг шинэ зүйл эхлүүлж байгаа учраас тодорхой хэмжээнд эрсдэл, бэрхшээл гарна. Ялангуяа манай сургууль дөнгөж байгуулагдаж, энэ жил анхны элсэлтээ авч байгаа учраас эцэг эхчүүдийн итгэлийг олж авах, сургуулийнхаа онцлогийг зөв ойлгуулах нь бидний хувьд хамгийн том сорилтуудын нэг.
Манай сургууль уламжлалт сургуулиудаас арай өөр арга барилтай. Хүүхдүүд зөвхөн ангидаа сууж хичээлээ үзэхээс гадна байгальд гарч, тоглож, туршиж, унтаж амарч, ном уншиж, өөрсдөө хийж үзэн суралцдаг. Үүнийг хараад зарим эцэг эхчүүдэд “Хичээл нь хангалттай орж байгаа болов уу?”, “Сургалтын агуулгаа бүрэн эзэмшиж чадах болов уу?” гэсэн эргэлзээ төрж болох юм. Тиймээс хийж байгаа зүйлээ эцэг эхчүүдэд ойлгомжтой тайлбарлаж, хүүхдүүдийнхээ сурч, хөгжиж байгаа үр дүнг бодитоор харуулах нь бидний хувьд чухал асуудал болоод байна.
Хэрвээ та тус сургуульд хүүхдээ бүртгүүлэхээр төлөвлөж байгаа бол энд дарж мэдээлэл аваарай.
Сэтгэгдэл бичих

