Бялуу гэхээр л зөвхөн баярын өдөр идэх ёстой мэт ойлголт хэдийн хоцрогдож, бялуу гээч амттан нь өдрийн стрессээ тайлахаас эхлээд дотнын нэгнээ баярлуулах хүртэл олон үүрэгтэй болжээ. Бялууны олон төрөл дундаас магад чийзкэйкийг бид хамгийн сайн мэднэ. Монголд ихэвчлэн нягт бүтэц, хурц амттай байдаг чийзкэйкээс ялгагдах хөвсгөр, зөөлөн чийзкэйкийг Kumo Kumo монголын амттан дурлагсдад ойртуулаад буй. Өнгөрсөн оны 12-р сард нээлтээ хийсэн уг брэндийн гурав дахь салбар болох Шангри-Ла дахь концепц дэлгүүр өчигдөр нээлтээ хийсэнтэй холбоотой Kumo Kumo брэндийг бид энэ удаагийн Онцлох бизнестээ оролцууллаа. 

Бизнесийн нэр: Kumo Kumo
Хаяг: Сансарын Имарт, Хан-Уулын Имарт, Шангри-Ла
Үйл ажиллагааны чиглэл: Бэйкэри
Үүсгэн байгуулагч: Г.Санчир /CEO/
Үүсгэн байгуулагдсан: 2025 оны 10-р сар
Цахим хуудсууд: Kumo Kumo Mongolia /Facebook/, kumokumo.mongolia /Instagram/

СЭДЭЛ 

Г.Санчир /CEO/

Чийзкэйк маш олон төрөлтэй байдаг ч хүмүүст илүү олон танигдсан гурван төрөл нь Нью-Йорк стилийн, Испанийн burnt basque мөн Японы хөвсгөр чийзкэйк юм. Харин Монголд ихэвчлэн нягт бүтэцтэй Нью-Йорк стилийн чийзкэйк нийтлэг байдаг.

Миний хамгийн дуртай амттануудын нэг бол хөвсгөр Япон чийзкэйк. Гадаадаар аялж байхдаа япон чийзкейкны жижигхэн газар анх орж үзсэн юм. Гаднаа нэлээн урт дараалал үүсчихсэн, дотор нь орохоор чийзкэйкний сүүн, кремлэг үнэр ханхалж байсан. Зуухнаас гарсан халуун чийзкейкээ шууд хэрэглэгчийн нүдэн дээр нь тамгалж, савлаж өгч байгаа нь их сонирхолтой санагдсан. Нэг ёсондоо хүмүүс зөвхөн бялуу идэхдээ, тэр бүх үйл явцыг нүдээр харж, үнэрийг нь мэдрэх нь бас их чухал юм байна лээ.

Хүмүүс амттаныг байнга идээд байдаггүй юм чинь нэг идэхдээ цогц “experience” авбал бүр илүү амттай болох юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон юм. Тэр чийзкэйкийг гарахыг нь хүлээх, хонх жингэнэхийг сонсох, хийж байгаа үйл явцыг нь харах гээд бүгд нийлэх тусам амттан илүү амттай болдог мэт. Тиймээс найзуудтайгаа нийлээд Монгол хэрэглэгчдэдээ яг л тэр мэдрэмжийг өгөх амттаны брэнд оруулж ирэх санаагаа гаргаж байлаа.

ЯЛГАРАЛ


Kumo Kumo-гийн гол ялгарал бол бүтэц. Манай чийзкейкний бүтэц яг л үүл шиг хөвсгөр, зөөлөн учраас идэхэд сонирхолтой байдаг. Дээрээс нь бид брэндийн өнгө, хэв маяг, дэлгүүрийн уур амьсгал, баглаа боодол зэрэг жижиг деталь бүрийг онцгойлон авч үздэг.

Kumo Kumo-гийн бас нэгэн онцлог нь дэлгүүр дээр шинээр нь хийж өгдөг явдал. Ингэхдээ хэрэглэгчдэд хийж буй бүх үйл явц нь харагддаг учраас орц найрлагад нь зовох зүйлгүй. Дээрээс нь орц найрлагадаа зөвхөн 82%-ийн тослогтой цэвэр цөцгийн тос ашигладгийн дээр чийзкэйкний хамгийн чухал бөгөөд хамгийн өртөг өндөртэй орц болох крем чийзээ Австрали болон Франц улсын дээд зэргийн брэндүүдээс импортолж ашигладаг.

Нөгөөтээгүүр, бид бялууг зөвхөн тэмдэглэлт баяраар л идэхээс илүү өдөр тутамдаа кофетойгоо хамт иддэг энгийн, хөнгөн дессерт байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч янз бүрийн нүсэр чимэглэл гэхээсээ илүүтэй, халуун зуухнаас дөнгөж гарч ирсэн хөвсгөр бялуу дээрээ брэндийн логог халуун тамгаар дарж өгдөг.

KUMO KUMO ГЭЖ ЮУ ВЭ?


Kumo Kumo нь үүл мэт хөнгөн, хөвсгөр зөөлөн бүтэцтэй Японы уламжлалт чийзкэйкний брэнд юм. Kumo-гийн бялуу хэт нялуун амт, нүсэр чимэглэлээс татгалзаж үүл мэт хөвсгөр бүтцийг онцолсон нь учиртай. Аманд ормогцоо уусах хөнгөн мэдрэмж нь амьдралын олон стрессийг хэсэг зуур ч болов мартуулж, энгийн зүйлсээс ч амар амгалан, баяр баясгаланг мэдрэхийг уриалдаг.

НЭР 


Kumo гэдэг нь Япон хэлэнд үүл гэсэн үг. Энэ нь манай гол бүтээгдэхүүн болох хөвсгөр чийзкэйк бялууны үүл мэт хөвсгөр, зөөлөн бүтцийг илэрхийлдэг.

ОДОО


Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд бид бялуу, пуддинг болон зайрмаг гэсэн үндсэн гурван төрлөөр нийт 11 төрлийн амттан санал болгож байна.

Өчигдөр нээлтээ хийсэн анхны чийзкэйкний концепц дэлгүүр дээр манай бялуунууд шинээрээ хүргэгдэж ирэхээрээ онцлог. Бид хотын төвд ийнхүү ирж байгаа нь хэрэглэгчдэдээ илүү ойртох нэг алхам. Ялангуяа оффис ажилчдын хэсэгхэн амсхийх нэг зогсоол нь байх зорилгоор энэхүү гурав дахь салбараа нээгээд байна. Kumo Kumo-гийн нэрийн хуудас болсон "Half-baked cheesecake" буюу пистачио болон ореотой бялууг зөвхөн энэ салбараас амтлах боломжтой. Дээрээс нь бид дотоод засал чимэглэл, брэндийн өнгө төрхийг зөвхөн Шангри-Ла салбартаа зориулж тусгайлан өөрчилсөн тул та бүхнийг нэг удаа ч болов ороод гарахыг урьж байна.

БАГ


Одоогоор манай баг нийт 25-30 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Дээр хэлсэнчлэн манай гол онцлог бол салбар дээрээ бүх орцоо 0-ээс нь эхлэн бэлтгэдэг учраас тухайн өдөр ажиллаж буй багаас хамтын ажиллагаа, нягт нямбай чанар шаарддаг. Тиймээс салбар бүр дээр өдөрт 7-8 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

ИРЭЭДҮЙ

Бид энэ жилдээ багтаан нийт таван салбартай болохоор зорьж байгаа бөгөөд дараагийн салбаруудаа Яармаг болон Цирк орчим гэж төсөөлж байна. Урт хугацаандаа бид Монголын зах зээлд илүү шинэлэг, өвөрмөц амттануудын соёлыг үргэлжлүүлэн нэвтрүүлэхийн зэрэгцээ, дотооддоо олон улсын түвшний брэндинг, чанар, үйлчилгээний соёлыг нутагшуулахыг зорьж байна.

ЭРСДЭЛ
 


Хурдацтай хөгжиж буй энэ салбарт олон улсын түвшний стандартыг өдөр бүр, цаг тутамд яг ижил түвшинд барина гэдэг хамгийн том сорилтуудын нэг. Хэрэглэгчдийн, ялангуяа залуу үеийнхний хүлээлт, шаардлага маш өндөр болчихсон. Тэд зөвхөн бүтээгдэхүүний чанарыг бус, брэндийн өнгө төрх, дизайн болон тэндээс авч буй ерөнхий мэдрэмжийг илүү чухалчилдаг болсон байна.

Өөр нэг сорилт бол түр зуурын трэнд болон урт хугацааны тогтвортой байдлынтэнцвэрийг олох явдал юм. Амттаны салбарт маш богино хугацаанд цахим орчинд шуугиан тарьж, олон хүнд танигдах амархан ч, цаг хугацааны явцад хүмүүсийн итгэлийг хүлээсэн брэндийг бүтээх нь илүү чухалгэж харж байна.