Орчин үеийн амьдралын хэмнэл хурдсаж, хүмүүсийн ажлын ачаалал нэмэгдэхийн хэрээр гэрийн тэжээвэр амьтад, тэр дундаа ноход гэрээ сахиж өнгөрөөх нь түгээмэл үзэгдэл болжээ. Ажлын шаардлагаас үүдэн эзэд нь удаан хугацаагаар гэртээ байж чадахгүй үед нохой уйтгар гуниг, стресс мэдэрдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Энэхүү асуудлаас үүдэн нохойны тав тух, аюулгүй байдлыг хангах, сэтгэл санааг нь өргөх, тоглох, бусад нохойтой нийгэмшүүлэх зорилгоор нохойн өдөр өнжүүлэх төвүүд бий болсон юм. Дэлхийн томоохон хотуудад ийм төрлийн үйлчилгээ 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр үүсэж хөгжсөн бол Монголд энэ салбар 2020 оноос идэвхтэй хөгжиж эхэлсэн гэж үздэг.
Тэдгээрийн нэг нь “Limo Doggy Daycare” юм. Энэхүү төв нь зөвхөн өдөр өнжүүлэх үйлчилгээгээр хязгаарлагдахгүй, нохойн сургалт, салон, зураг авалт, дэлгүүр зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ. Ингээд “Онцлох бизнес” булангийн шинэ дугаарт нохойн өдөр өнжүүлэх төв “Limo Doggy Daycare”-ийг онцолж байна.

Нэр: Limo Doggy Daycare
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Спортын төв ордны зүүн талд
Үйл ажиллагааны чиглэл: Нохойны өдөр өнжүүлэх төв
Үүсгэн байгуулагдсан он: 2025 оны хоёрдугаар сар
Үүсгэн байгуулагч: Ж.Сэлэнгэ, Ч.Билгүүн
Сошиал хуудас: Limothelittlemonster (Instagram), Limo The Little Monster (Facebook)
СЭДЭЛ
Бид нохойнд үнэхээр их хайртай улс. Нохойтойгоо цагийг өнгөрөөж, хамт тоглох дуртай ч Монголд нохойнд зориулсан үйлчилгээ тэр бүр байдаггүй. Тиймээс нохойтойгоо цагийг өнгөрүүлэхийн зэрэгцээ ажиллах газартай болъё гэх бодлоос энэхүү бизнес маань эхлэлтэй.
Анх юунаас эхлэхээ сайн мэдэхгүй, дотроо сайхан зүйл төсөөлсөн хоёр хүн л явдаг байлаа. Энэ үеэр манай найз агуулах маягийн газраа түр ашиглахгүй байгаа гээд бидэнд ашиглуулахыг зөвшөөрсөн юм. Ингээд өдөр өнжүүлэх төвөө нээхээр зэхэж, цэвэрлэгээ, тохижилтын ажлаа эхлүүлж байтал нэг өдөр агуулахын гадна дөрвөн нохой дагуулсан хүн ирэв. Гэтэл тэдний нэг нь манай нохойны гөлөг байдаг байгаа. Нохой маань гөлөглөөд нэгийг нь сургалтад өгчихсөн байсан юм. Харин нохой хөтөлж явсан хүн нь мэргэжлийн нохой сургагч Д.Отгонбаяр гэх залуу. Бид түүнд бизнесийн санаагаа хэлтэл тэр бидэнд туслахаар болж, бизнес маань албан ёсоор эхэлсэн түүхтэй.
Хамгийн анхны үйлчлүүлэгч маань Рүүки нэртэй, дөрвөн настай эр роттвейлер байв. Түүнийг 40 гаруй хоног өдөр өнжүүлэхэд өгсөн бөгөөд тэр том байранд ганцхан нохойтой л үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.

ЯЛГАРАЛ
Олон үйлчилгээ нэг дор - Монголд нохойн өдөр өнжүүлэх байдаг ч салон, сургалт зэргийг нэг дор цогцлоосон газар тун ховор. Харин манайх эдгээр бүх үйлчилгээг хамтад нь бүрдүүлснээрээ бусад газраас давуу талтай. Түүнчлэн хотын төвд байршилтай тул үйлчлүүлэгчдэд илүү ойр, хүртээмжтэй байдлыг бий болгодог нь хамгийн том давуу тал.
Ууланд гаргах үйлчилгээ - Мөн бид нохдоо эзнийх нь зөвшөөрлөөр дөрвөөс таван цаг ууланд гаргаж, салхилуулах үйлчилгээтэй. Манайд өмнө нь ажиллаж байсан хүн нохой салхилуулах, ууланд гаргах үйлчилгээ хийж эхэлсэн юм. Түүнтэй хамтран энэхүү үйлчилгээгээ хийдэг. Өнөөдөр л гэхэд таван нохойг уул руу гаргасан. Ингэснээр нохдын стресс тайлагдаж, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх, цаашлаад эрүүл мэндэд нь ихээхэн эерэг нөлөөтэй. Ноход маань ч ууланд гарах, чөлөөтэй гүйж харайх их дуртай.
Жил ч өнжүүлэх боломж - Үйлчлүүлэгч нохойгоо манайд богино хугацаагаар ч, хэдэн сар бүр жилээр ч байлгах боломжтой. Одоогоор манайд хамгийн дээд талд нь гурван сарын хугацаатайгаар байрлаж буй нохой байна. Ямар нэгэн тогтоосон хугацаагүй, үйлчлүүлэгчийн хүссэнээр нохойгоо байлгаж болдог.
LIMO DOGGY DAYCARE ГЭЖ ЮУ ВЭ?
Анх мэргэжлийн албаны нохой сургагчтай, өдөр өнжүүлэх маягаар нээгдсэн ч аажимдаа салон, зураг авалт, дэлгүүрийн үйлчилгээг нэвтрүүлж, улам өргөн цар хүрээтэй болсон. Нээгдсэнээс хойш сургалтад 45 нохой хамрагдаж, наймдугаар сараас хойш өдөр өнжүүлэх үйлчилгээгээр 100 нохой, салоноор 70 гаруй нохой үйлчлүүлсэн байна. Ерөнхийд нь авч үзвэл, нээлтээ хийснээс хойш 300–400 орчим нохой үйлчлүүлжээ.
Би хувьдаа бүх амьтдаас нохойг хамгийн их хайрладаг. Тэд яагаад ч юм хүн төрөлхтний хамгийн үнэнч, хамгийн хайр татам оршихуй шиг санагддаг. Бид өөрсдийн гэсэн дөрвөн нохойтой. Тэднээсээ гадна бусад нохдыг ч хайрлаж, халамжлахыг хүсдэг. Тиймээс манайх бизнес хийх гэхээсээ илүүтэй нохойг хайрлах, тэдэнтэй цагийг өнгөрөөх эрхэм зорилготой. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээний үнэлэмж, чанарын жишигтэй байхыг эрхэмлэдэг.
Гэрийн тэжээвэр амьтан тэжээх соёл Монголд харьцангуй шинэ үзэгдэл хэвээр байна. Харин сүүлийн үед энэхүү ойлголт аажмаар төлөвшиж, амьтанг гэр бүлийн гишүүн шиг хайрлах эерэг хандлагууд нэмэгдсэн. Манай бизнес ч мөн адил нохойг харах, сургах төдийгүй тэдэнтэй зөв харьцах, зөв арчлах соёлыг түгээхээр ажиллаж байна.

НЭР
Манайх анх хоёр нохойтой байсан. Тэгсэн нэг нь гөлөглөж, зургаан гөлөг гаргасан юм. Тэр гөлөглөсөн нохойг маань Limo гэдэг. Limo гэдэг үг нь little, monster гэх үгсийн товчилсон хэлбэр. Монголчилбол “Бяцхан мангас” гэх утгатай.
ОДОО
Нохойгоо зөв дадалтай, дуулгавартай болгохыг хүсдэг хүмүүс их байдаг юм билээ. Тэр ч утгаараа манай сургалтын үйлчилгээ хамгийн эрэлттэй байдаг. Эрэлтээрээ үүний дараа орох нь өдөр өнжүүлэх үйлчилгээ. Ерөнхийдөө бүх л төрлийн үйлчилгээ маань эрэлт хэрэгцээ ихтэй, тогтмол үйлчлүүлэгчтэй байдаг.
Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь нохойг өдөрт гурван удаа салхилуулж, эрүүл, аюулгүй, найдвартай орчинд бусад нохойтойгоо нийгэмших боломжийг олгодог. Ингэснээр тэд цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Төлбөрийн хувьд:
1 хоног - 65,000₮
1-с дээш хоног - 57,000₮
14-с дээш хоног - 52,000₮
1 сараас дээш - 47,000₮ /хоолгүй бол 5,000-10,000₮ нэмэгдэнэ/

Салон бол усанд оруулах, самнах, үс засах, хумсыг нь авах, чих цэвэрлэх гээд бүхий л үйлчилгээг тухайн нохой бүрд нь тохируулан үзүүлдэг. Нохдод тогтмол арчилгаа хийснээр зөвхөн гоёмсог харагдах төдийгүй арьс, эрүүл мэнд, тав тухыг нь хадгалахад чухал ач холбогдолтой.
Харин сургалтын хөтөлбөр нь 30 хоногийн хугацаанд явагддаг. Энэ хугацаанд нохойтой системтэйгээр ажиллаж, зайлшгүй эзэмшвэл зохих 8-10 командыг дадал болгоно. Үүнд суух, хэвтэх, дуудах, байрандаа байх, зэрэгцэн явах зэрэг үндсэн дасгалууд орно. Өдөрт хоёроос дээш удаа сурах гэж буй командыг нь давтаж хийлгээд байвал сарын хугацаанд хангалттай сурчихдаг. Мөн нохойны ааш зан, онцлогт тохируулан нэмэлт командуудыг сургах боломжтой. Сургалтын хугацаанд өдөр бүр салхилуулах, хооллох зэрэг өдөр тутмын арчилгаа ордог. Хамгийн чухал нь сургалтын сүүлийн тав хоногт эзэнтэйгээ суралцах үе шат гэж бий. Энэ үеэр эзэн нохойтойгоо хэрхэн зөв харилцах, команд өгөх арга барилыг эзэмшдэг.
Дэлгүүрийн хэсэгт бид Hunter, Trixie зэрэг дэлхийд танигдсан брэндийн чанартай бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна. Манайх сүүлд хэллоуиний баяраар нохдоо дүрд хувирган хөгжилтэй зураг авалт хийсэн.

БАГ
Нохой асрах гэдэг ихээхэн анхаарал, сэтгэл, цаг хугацаа шаардсан ажил. Тиймээс манайх нохойд чин сэтгэлээсээ хайртай хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Одоогоор зургаан хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэг ажилтан сургалтыг хариуцан хяналт тавьж, зөвлөгөө өгдөг бол нөгөө нь цэвэрлэгээ болон ариун цэврийн хяналтыг хариуцдаг. Үлдсэн дөрвөн гишүүн маань өдөр өнжүүлэх болон сургалтын үйлчилгээгээ ажиллуулдаг. Мөн нохдыг ууланд гаргах үүрэгтэй хоёр туслах ажилтан бий.
Манай үйлчилгээнүүдэд хамрагдсан нохдын эзэд ихэнх нь сэтгэгдэл өндөр байдаг. Гэсэн хэдий ч цөөн хэдэн хүний хүлээлтэд нь хүрээгүй, сэтгэл дундуур байсан тохиолдол бий. Тэдгээр асуудлын шалтгааныг тодорхойлж, дахин давтахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна.
ИРЭЭДҮЙ
Сургалт хийхэд хангалттай зай талбай шаардлагатай байдаг. Тиймээс ирэх онд сургалтын төвөө том талбайтай, цэвэр агаартай газар луу нүүлгэхээр төлөвлөж байна. Өөр төлөвлөсөн зүйл олон байгаа ч эхний ээлжинд сургалтын төвөө хотоос зайдуу газар байрлуулах нь хамгийн зөв шийдэл болно. Мөн сургалтын чанар, орчны тав тухыг сайжруулахын зэрэгцээ дэлгүүрийнхээ бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр үйлчлүүлэгчдэд илүү өргөн сонголт, чанартай үйлчилгээ хүргэх боломж бүрдэнэ.

ЭРСДЭЛ
Энэ төрлийн бизнес эрхлэх нь нохой алга болох, зугтаах, өвдөх, хүмүүсийг хазах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг. Тийм ч учраас нохойг сайн мэддэг хүн ажиллах шаардлагатай. Манайд мэргэжлийн хүн ажилладаг учраас аливаа учирч болох эрсдэлээс урьтаж заавар, зөвлөгөө авчихсан байдаг учраас ноцтой асуудал гарах нь ховор.
Одоогоор манайд нохой алга болсон тохиолдол байхгүй. Харин зугтсан тохиолдол хэд хэд гарсан. Гэрээсээ их гардаггүй, эсвэл эзнээсээ холдож үзээгүй ноход ирэхээрээ шинэ орчин, танихгүй хүмүүсээс айж, боломж гарвал зугтаах гээд байдаг талтай.

Сэтгэгдэл бичих (1)


T Tuwshoo 18 цагийн өмнө 66.181.178.78
Nohoind hairtai saihan hamt olon shuu. Gazruud nohoi surgahdaa zodoj zagnadag l gej bodoj baisan shal oor um bilee