Долоо хоног бүрийн даваа гарагт хүргэдэг “Онцлох бизнес” булангийнхаа энэ удаагийн дугаарт хувцас загварын салбарт үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болж буй “Line” брэндийг онцолж байна. Тус брэнд нь эрэгтэй, эмэгтэй хослолуудыг олон улсын стандартын дагуу хийдэг бөгөөд захиалагчийн биеийн хэмжээг авч, bespoke tailor буюу яг тэр хүнд тохирсон, давтагдашгүй хувцсыг урладаг үйлчилгээг Монголд нутагшуулсан анхдагчдын нэг болоод буй. Мөн даавуу, материалаас гадна товч, цахилгаан зэрэг жижиг деталь бүрээ гадаадын чанартай брэндээс сонгож, дээд зэрэглэлийн хослолыг бүтээхэд онцгойлон анхаардаг аж.
Ингээд тухайн бизнесийн үүссэн түүх, онцлог давуу тал болон цаашдын зорилго, баг хамт олонтой танилцъя.
Нэр: Line
Байршил: Хан-Уул дүүрэг, Zaisan Hill Complex, 4-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Захиалгат хослолын дэлгүүр
Үүсгэн байгуулагч: Г.Хүслэн
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Сошиал хуудас: LINE (Facebook), linestyling (Instagram)

СЭДЭЛ
Би Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд сургуулийг хувцас дизайн мэргэжлээр төгсөж байсан юм. Оюутан байх хугацаандаа Монгол Костюмс компанид үндэсний хувцас хийх чиглэлээр ажиллаж, хээ угалз урладаг байлаа. Ингээд 2012 онд сургуулиа төгсөж, өөрийн гэсэн жижигхэн хувцасны салоноо үүсгэн байгуулсан. Тухайн салондоо үндэсний бүхий л төрлийн хувцсыг урлана. Ингэхдээ Ерөнхийлөгчийн гэргий, Монгол Улсын Тэргүүн хатагтайн айлчлал хийх үедээ өмсөх үндэсний хувцсыг 5-6 жилийн турш урлаж байсан туршлагатай.
Сурч байх хугацаандаа болон сургуулиа төгссөний дараа ч үндэсний хувцсаар дагнаад ажилласан гэсэн үг. Гэхдээ европ хувцас хийх, брэндтэй болох мөрөөдөлтэй байлаа. Ингээд европ хувцасны стандарт, арга зүйг хэдэн жилийн турш судалсны эцэст 2019 онд өөрийн гэсэн Line нэртэй хослолоор дагнасан брэндээ үүсгэн байгуулаад байна.
Хослол бол дэлхийн хамгийн их хэрэглэгддэг хэр нь хамгийн их ур чадвар шаардсан хувцас. Тиймдээ ч хослолыг хийгээд сурчихвал ямар ч төрлийн хувцсыг хүссэнээрээ урлах боломжтой учир хослолыг хийж эхэлсэн.

ЯЛГАРАЛ
Хослол нь bespoke tailor, made to measure болон үйлдвэрийн гэсэн ерөнхий гурван шатлалтай. Үйлдвэрийн аргаар хийгдсэн хослол бол стандарт хэмжээс, загварын дагуу олноор үйлдвэрлэгдэж, бэлэн байдлаар дэлгүүрт худалдаалагддаг бол made to measure хослол нь биеэс авсан хэмжээний дагуу бэлэн эсгүүр ашиглан бүтээдэг. Харин bespoke tailor хослолыг үйлчлүүлэгчийн биеэс хэмжээ аван зөвхөн тухайн хүнд зориулж тусгай томьёоны дагуу эсгүүрээ гарган урладаг. Манай брэнд уг технологийг ашиглан эрэгтэй хослолуудаа урлаж буй гэдэг нь хамгийн том ялгарал болно.
Одоогийн байдлаар Монголд bespoke tailor ашиглан хослолоо бүтээж буй газар тун цөөн. Ихэнх газрууд захиалгынхаа эсгүүрийг Итали болон Солонгос Улсуудад захиалга өгч хийлгэдэг юм билээ. Тиймээс би монголд bespoke tailor хослолыг таниулах, хослолын соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Дараагийн давуу тал нь байршил. Бид Зайсан Хилл Комплекстой хамтран ажиллаад дөрвөн жил болж буй. Зогсоолын хүрэлцээ сайтайгаас гадна үйлчлүүлэгчид их, мөн цэвэр тав тухтай орчинтой. Түүнчлэн түрээсийн уян хатан нөхцөлтэй нь цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлдэг. Мөн Зайсан Хилл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг маш сайн дэмжиж, цаашид хөгжих боломжийг нь олгодог юм.

LINE ГЭЖ ЮУ ВЭ?
Line бол эрэгтэй, эмэгтэй хослолыг урладаг брэнд дэлгүүр юм. Эмэгтэйчүүдэд бэлэн болон захиалгын хослол, мөн сорочкан цамцыг худалдаалдаг бол эрэгтэйчүүд зөвхөн захиалгын хувцас худалдаалдаг.
Хувцас нь тухайн хүний нийгмийн байр суурь, соёл, боловсрол, албан тушаал зэрэг олон зүйлийг илэрхийлдэг тул тун чухал сонголт. Тэр дундаа хослол авахдаа биеийн онцлог, хэлбэрт тохирсон байх нь чухал. Тиймээс захиалгаар хийлгэсэн хослол нь тухайн хүний хэв маягийг илүү сайн илэрхийлэх давуу талтай. Хэдий бэлэн хослол өмсөх боломжтой ч хүн бүрд төгс тохирох нь ховор. Тиймээс эрэгтэй хүн бүр өөрийн үнэ цэнийг илэрхийлсэн, биеийн онцлогт тохирсон захиалгын хослолтой байх нь зүйтэй.
НЭР

Манай брэнд урт зураасаар илэрхийлэгдсэн энгийн, минимал логотой. Брэндээ үүсгэн байгуулж байх үедээ би логон дээр дүрслэгдсэн энэхүү зургаа зурж байсан юм. Гэтэл үүнийг манай найз хараад “Line” гэх нэрийг санал болгож байв. Би ч тухайн үедээ брэндийнхээ нэрийг хэт том агуулгатай, сүртэй байлгахыг зорилгүй, энгийн, цэгцтэй байлгахыг хүссэн учраас энэ нэрийг сонгож байлаа.
ОДОО

Чанартай, сайн хослол бүтээхэд хамгийн чухал зүйл нь материал. Уналт сайтай, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, гоёлын, зэрэг төрөл бүрийн хувцасны материалууд бий ч тэдгээрээс хослолд тохирох хамгийн сайн ноосон материалыг сонгож хослолоо хийх хэрэгтэй. Жишээ нь Zegna, Holland & Sherry, Scabal зэрэг брэндүүдийг дурдаж болох юм.
Эдгээр газрууд нь сайн чанартай материал үйлдвэрлэдэг. Тус газруудаас Celine, Versace зэрэг дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог томоохон брэндүүд ихэвчлэн материалаа худалдан авдаг юм. Бид ч гэсэн энэхүү томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, материалыг худалдан авдаг албан ёсны эрхтэй болохоор ажиллаж байна. Гэхдээ ийм төрлийн дээд зэрэглэлийн брэндүүдээс материал худалдан авахад тийм ч амар биш. Тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийг нь хангаж байж, гэрээ байгуулсны үндсэн дээр албан ёсоор худалдан авах эрх үүсдэг.
Бид долоо хоногт дунджаар хоёроос гурван хослол гаргадаг. Эрэгтэй bespoke tailor хослолыг нэг хүн ажлын найман цагаар ажиллаж, 14 хоногийн хугацаанд дуусгадаг. Жижиг, нарийн деталиудаа гар аргаар оёдог тул ажиллагаа ихтэй. Мэдээж тэр чинээгээрээ эдэлгээ удаан.
БАГ

Бид дизайнер болон мастер, стилист гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мастер маань европ хувцасны чиглэлээр Баруунд их сургууль төгссөн, европ хувцас стандартын талаар өндөр мэдлэгтэй. Харин дизайнер нь би. Бидэнд өөрсдийн гэсэн хийдэг загвар гэж бий. Тухайн загвараар захиалга орж ирэх үед захиалагчаасаа хэмжээгээ аваад, хослол хийх ажилдаа орно. Харин стилист нь дэлгүүрт орж ирж буй бүхий л хүмүүст брэндээ танилцуулахын сацуу худалдан авалт хийхэд нь туслалцаа үзүүлдэг. Заримдаа юу авах гэж байгаагаа тодорхойлоогүй эсвэл ямар төрлийн загвар өөрт нь зохих эсэхийг мэдэхгүй хүмүүс орж ирнэ. Тэр хүмүүст биеийн харьцаа болон царай төрх дээр нь үндэслээд зохих хослолыг санал болгон, зөвлөгөө өгдөг.
Бид ямар нэгэн хослол бүтээхдээ нэг оёдол, нэг зүсэлтийг ч тоомжиргүй орхихгүй байх тал дээр анхааран ажилладаг. Нэг ширхэг оёдол буруу болоход тухайн загварт төдийлөн өөрчлөлт орохгүй ч гэсэн бид өөрсдийн ажлынхаа бүх жижиг зүйлд сэтгэлээ шингээж, төгс урлахыг эрмэлздэг юм.
ИРЭЭДҮЙ

Өмнө нь манайх эмэгтэй хослолуудаа илүү загварлаг хийж, жилдээ хоёр удаа коллекц гаргадаг байсан юм. Харин сүүлийн жилээс эрэгтэй bespoke tailor хослолдоо илүү анхааран ажиллаж байна. Цаашдаа дээд зэрэглэлийн материалаар мэргэжлийн өндөр түвшний хослолыг тогтвортой урлах төлөвлөгөөтэй.
ЭРСДЭЛ

Одоогийн байдлаар Монголд ийм төрлийн бизнес эрхлэхэд түүхий эдийн асуудал хамгийн бэрхшээл болж байна. Гадаадаас бүтээгдэхүүн оруулж ирж буй газрууд цахилгаан, товч, утас, наалт, зүү зэрэг жижиг бараа бүтээгдэхүүнийг ихэвчлэн хамгийн хямд үнэтэйг нь сонгон нийлүүлдэг тул дотоодод үнэтэй борлуулагдах нь элбэг. Чанар муутай эдлэлээр өндөр түвшний хослол бүтээнэ гэдэг хэцүү. Тиймээс бид чанартай, өндөр түвшний хослол урлахын тулд шаардлагатай материалыг гаднаас сонгон, ширхгээр худалдан авч ашигладаг. Одоогоор аль болох найдвартай, чанартай эх үүсвэрүүдээс захиалга хийж, энэ асуудлыг бага багаар шийдээд байна.
Харин дараагийн бэрхшээлтэй хэсэг нь хүний нөөцийн асуудал. Монголд хувцас үйлдвэрлэх томоохон үйлдвэр, мөн түүхий эдийн нөөц байдаггүй. Үүнээс болж сургуулиудын сургалтын чанар муу байгаа санагддаг. Сурч байх хугацаандаа үйлдвэрийн дадлагаа хийх газар, ажлын байран дээр гараад ажиллах томоохон үйлдвэр байхгүй байна. Нөгөөтээгүүр, залуучууд ихэвчлэн дизайнер мэргэжлээр сурч төгсдөг. Дизайнераар төгссөн залуус ажлын байран дээр гараад загвар гаргана гэх төсөөлөлтэй байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ дизайнер хүмүүс эсгүүр хийж, наад захын оёдол хийж чаддаг байх хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих

