Даваа гараг бүр хүргэдэг “Онцлох бизнес” булангаараа бид шинэ содон санаа, бүтээлч шийдлээрээ ялгарч буй бизнесүүдийг танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаад бид нээгдээд ердөө зургаан сарыг үдэж буй “Mamamade Creative Studio”-г онцолж байна. 

Мөнгөн бөгж урлах, гэрэлтдэг сар бүтээх, сувдан чимэглэл хийх зэрэг 10 гаруй төрлийн гар урлалын хөтөлбөртэй тус студийн онцлог давуу тал болон үйл ажиллагаа, ирээдүйн зорилгын талаар тус нийтлэлээс уншаарай. 

Бизнесийн нэр: Mamamade Creative Studio
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Encanto Centro Mall, 3-р давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Гар урлалын студи
Үүсгэн байгуулагч: Ч.Ган-Од
Үүсгэн байгуулагдсан: 2026.02
Сошиал хуудсууд: Mamamade (Facebook), mamamadeconceptstore (Instagram)


“Mamamade Creative Studio”-г үүсгэн байгуулагч Ч.Ган-Од

СЭДЭЛ 

Энэхүү бизнес маань 2020 оноос эхлэлтэй. Тухайн үед цар тахлын улмаас хүмүүсийн дийлэнх нь цахимаар ажиллаж, ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг байсан. Би ч энэ цаг хугацааг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэлтэй мөн багаасаа гар урлалд дуртай байсан учраас гадаадын мастеруудын цахим сургалтад хамрагдсан юм. Уг сургалтаар сваровский, сувд, бисер ашиглан ээмэг, энгэрийн зүүлт зэрэг төрөл бүрийн бүтээл урлаж сурсан. Ингээд сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцъя гэсэн бодлоор өөрийн цахим сургалтаа эхлүүлж байв.

Ийнхүү таван жилийн хугацаанд цахим сургалтаа тасралтгүй зохион байгуулж, 200 гаруй хүнийг хамруулжээ. Энэ хугацаанд хүмүүсийн зорьж очдог, өөрсдийн гараар бүтээл хийх боломжтой студи бүтээе хэмээн бодож байсан хэдий ч зориглож эхлүүлж байгаагүй юм. Гэтэл найз маань үүнийг маш их дэмжиж, хамтран хөрөнгө оруулалт хийснээр мөрөөдөл минь бодит болж, энэ оны эхээр студиэ нээгээд байна. Үүнд ээжийн маань ч нөлөө их бий. Тэрээр “Жижигхэн ч гэсэн өөрийн урлантай болоорой, ээж нь чамд үргэлж тусална” гэж байнга хэлдэг байсан. Гэвч өнөөдрийн энэхүү урланг маань хараахан харж амжаагүй юм.



Нөгөөтээгүүр, Солонгосын нэвтрүүлгийг үзэхэд хосууд, найзууд хамтдаа гар урлал хийж, болзох, дурсамж бүтээдэг газрууд их байдаг юм билээ. Харин манай улсад төдийлөн ийм газар ховор шүү дээ. Кафе, дэлгүүр, худалдааны төв зэрэг газруудаас гадна хамтдаа ямар нэгэн зүйл хийж, үнэ цэнтэй хугацааг хамтдаа бүтээгээсэй гэх бодол бас нэгэн сэдэл болсон.

ЯЛГАРАЛ 

Хамгийн эхний ялгарал нь бүх насныханд тохиромжтой гэдгээрээ онцлог. Студид маань мөнгөн бөгж урлал, гэрэлтдэг сар бүтээх урлал (Moon Art), кейс урлал, цаг хийх урлал мөн сувдан бугуйвч, зүүлт хийх гээд 10 гаруй төрлийн хөтөлбөрүүд бий. Тиймээс нас, хүйс үл харгалзан хүн бүр өөрийн сонирхолд нийцсэн урлалаа сонгон хийх боломжтой. Тухайлбал, кейс, цаг хийх урлалыг бага насны хүүхдүүд болон охид илүү сонирхдог бол гэрэлтдэг сар хийх урлалыг өсвөр насныхан, залуус найз нөхдөөрөө хийх нь элбэг. Харин мөнгөн бөгж урлах хөтөлбөрийг насанд хүрэгчид болон хосууд маань ихээхэн сонирхож хийдэг юм.



Дараагийн давуу тал нь материал. Манай мөнгөн бөгж урлалд ашигладаг материал нь мэргэжлийн хүмүүсийн хэрэглэдэг шиг хатуу, ажиллахад төвөгтэй биш, харин сонирхогчдод зориулсан баримлын шавартай төстэй зөөлөн материал байдаг. Тиймээс хүн бүр өөрийн хүссэн загвар, хэлбэрээ гаргаад бөгжөө хийж болно.

Бас нэгэн ялгарал нь захиалга. Ихэнх газруудад захиалга өгөхийн тулд заавал хүнтэй холбогдож, сул цаг байгаа эсэхийг асууж, цаг товлох шаардлагатай байдаг шүү дээ. Харин манай студид зөвхөн чатботоор дамжуулан захиалга өгөх боломжтой. Чатботоор хөтөлбөр тус бүрийн үнэ, дэлгэрэнгүй мэдээлэл, сул байгаа цагийн хуваарь зэрэг хэрэглэгчийн мэдэх шаардлагатай бүх мэдээллийг шууд мэдээлдэг учраас заавал хүнтэй холбогдож, удаан хүлээх шаардлагагүй болж байгаа юм.

Мөн ямар нэгэн зүйл хийхэд тухайн орчин их нөлөөлдөг. Тиймээс бид хүмүүсийг орж ирэхэд тайван, тухтай мэдрэмж аваасай гэж бодон студийнхээ орчныг аль болох энгийн, минимал байдлаар тохижуулсан. Ингэснээр хүмүүс урлал хийх явцдаа илүү төвлөрч, бүтээл хийх үйл явцаас таашаал авах, тайван цагийг өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн.

MAMAMADE CREATIVE STUDIO ГЭЖ ЮУ ВЭ? 


Mamamade Creative Studio-г энгийнээр тайлбарлавал хүмүүс өөрсдийн гараар төрөл бүрийн бүтээл хийж, тайван орчинд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой студи юм. Гэхдээ үүнээс илүүтэй би дурсамж бүтээх газар хэмээн тодорхойлох дуртай.

Хүмүүс энд ирээд ямар нэгэн бүтээл хийлээ гэж бодоход, хожим түүнийгээ харах болгонд тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл нь шууд л мэдрэгдэх болов уу. Хэнтэй хамт сууж байсан, юуны тухай ярьж инээлдэж байсан бэ гэдэг тэр бүх нандин мөчүүд бүтээлд нь шингэж үлдэнэ. Тиймээс зөвхөн гар урлалын студи гэдгээр тодорхойлох нь учир дутагдалтай.

НЭР


Анх 2020 онд сургалтаа эхлүүлж байхдаа энэ нэрээ сонгож байсан юм. Тухайн үедээ ямар нэр өгөх вэ гэж нэлээдгүй их бодсон л доо. Удаан бодсоны эцэст би дөрвөн хүүхдийн ээж хүн, мөн өөрийн гараар ямар нэгэн зүйл бүтээж байгаа гэдэг санааг илэрхийлж “Mamamade” хэмээх нэрийг өгч байлаа.

ОДОО

Одоогийн байдлаар бид хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлж, дуртай үедээ зорин ирдэг бүтээлч орон зай болгохоор ажиллаж байна.

Үйлчлүүлэгчдийн дунд мөнгөн бөгж болон гэрэлтдэг сар хийх урлалууд маань хамгийн алдартай. Гэрэлтдэг сар урлах нь хүмүүсийг өдөр тутмын бодлоосоо түр холдож, тайван төвлөрөх нэг төрлийн бясалгал болдог. Харин мөнгөн бөгж нь цэвэр мөнгөний нунтаг, ус болон органик нэгдлээс бүрдсэн. Шавар мэт зөөлөн учраас гараар урлаад, хатааж шатаасны дараа 99.9 хувийн цэвэр мөнгөн эдлэл болдог юм. Үүнийгээ төрөл бүрийн шигтгээгээр чимэглэхээс гадна хүссэн үг, нэр, үсгээ бичүүлж болно.



Мөнгөн бөгж урлахад дунджаар хоёр орчим цаг зарцуулдаг. Ялангуяа хосууд хамтдаа ирж бөгжөө урлах нь элбэг байдаг учраас тэдний энэ дурсамжтай мөчийг улам гоё болгох үүднээс бид хосуудаа нэг хундага дарсаар дайлдаг.

Студид ирсэн хүмүүс хөтөлбөрт хамрагдаж, өөрийн гараар бүтээл хийхээс гадна бэлэн бүтээгдэхүүнүүдээс сонгон авах боломжтой. Тухайлбал, зурхайн орд бүрд тохирох ээлтэй чулуу гэж бий. Бид түүгээр нь бугуйвч, түлхүүрийн оосор зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн урласан. Тэдгээрээс сонголтоо хийж болно. Мөн охидод зориулсан төрөл бүрийн загвартай балетын хувцаснууд ч бий.

Студи маань өдөр бүр 08:00-19:00 цагаар ажиллана. Тэмдэглэлт баяр, төрсөн өдөр зэрэг баяруудаар 22:00 цаг хүртэл ажиллах боломжтой.

БАГ 


Одоогоор бизнес маань гурван хүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бизнесийн маань гол хүч нь яах аргагүй манай баг хамт олон. Багаа бүрдүүлэхдээ би ур чадвараас гадна хүний хандлагыг нэн тэргүүнд тавьсан. Учир нь тухайн бизнес хэчнээн гоё зүйл бүтээж, амжилттай ажиллаж байсан ч хамт олны уур амьсгал таатай биш, хүмүүс нэг зорилгын төлөө сэтгэл гарган ажиллахгүй бол урт хугацаанд тогтвортой хөгжихөд хэцүү. Тиймээс гар урлалд чин сэтгэлээсээ дуртай, үргэлж шинийг сурч мэдэхийг эрмэлздэг, бүтээлч, эерэг залуусаар багаа бүрдүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашдаа бид илүү олон хүнд гар урлалыг үнэ цэнийг ойлгуулж, хамтран ажиллах болно.

ИРЭЭДҮЙ


Манай бизнес нээгдээд удаагүй байгаа учраас цаашид сайжруулах, хөгжүүлэх олон зүйл бий. Тиймээс гар урлалын төрлүүдээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ аль болох Монголд байхгүй, шинэлэг гар урлалыг нэмэх бодолтой байгаа. Ойрын хугацаандаа хоёр төрлийн шинэ гар урлал нэмэхээр төлөвлөсөн.

Харин ирээдүйд кафетай, илүү том зай талбайтай шинэ салбар нээх зорилготой. Учир нь манайд анги хамт олноороо эсвэл ажлын байгууллагаараа хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс их бий. Гэтэл студи маань дээд тал нь 20 орчим хүн авах хүчин чадалтай. Үүнээс болж тухайн анги хамт олныг заавал хоёр ээлжээр оруулах шаардлагатай болдог. Тиймээс ирээдүйд илүү олон хүн оруулж болох боломжтой салбар нээхээр төлөвлөж байна.

ЭРСДЭЛ 


Гар урлалын бизнесийн хамгийн бэрхшээлтэй тал нь үргэлж шинэлэг байх явдал болов уу. Учир нь гар урлал нь өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ биш хүмүүсийн чөлөөт цаг, сонирхлоос ихээхэн хамаардаг зүйл шүү дээ. Тиймээс бид үргэлж шинэчилж, сонирхолтой хөтөлбөрүүдийг нэмэх хэрэгтэй байдаг.

Мөн материалын үнэ нэмэгдэх, нийлүүлэлт саатах зэрэг эрсдэл гарч болно. Ялангуяа гадаадаас авдаг материалын хувьд үнийн өөрчлөлт болон олдоц нь үйл ажиллагаанд нөлөөлөх магадлалтай. Тиймээс материалаа зөв сонгох, хэрэгцээтэй хэмжээгээр нөөцлөх нь бизнесээ тогтвортой явуулахад чухал.