Дулаан цаг наашилсан эдгээр өдрүүдэд хэн хүнгүй шинэ дадал зуршилтай болох урам зоригоор дүүрэн байгаа биз ээ. Тэр дундаа манай уншигчид дунд хэвлий дэх үрээ эрүүл, аюулгүй төрүүлэхээр бэлдэж буй ээжүүд ч цөөнгүй байгаа болов уу.
Энэ удаагийн онцлох бизнестээ бид долоон жилийн өмнөх яг л энэ үед үүд хаалгаа нээж байсан May mom Yoga&Massage студийг онцолж байна. Тэд иог болон массаж терапийг хослуулж хэвлий дэх үрээ олохоос эхлээд амражих хүртэлх бүхий л үеийг эрүүл, тайван байлгахад зориулсан тухтай орчинг бүрдүүлжээ. Хотын хөл хөдөлгөөн дунд хэсэг ч болов амраах энэ дулаахан орчинд хэдхэн хором саатаж хийсэн ярилцлагыг ийнхүү хүлээн авна уу.
Бизнесийн нэр: May mom yoga&massage
Хаяг: СБД 1-р хороо, Драмын театрын хажууд Соёмбо тауэр
Үйл ажиллагааны чиглэл: Жирэмсний иог, массаж
Үүсгэн байгуулагч: Б.Сувд
Үүсгэн байгуулагдсан: 2019.05.01
Цахим хуудсууд: May moms therapy (Facebook), May mom yoga therapy (Instagram)

СЭДЭЛ
СЭДЭЛ
Жирэмсэн ээжүүдийн дийлэнх өдрүүд хордлого, нойргүйдлээс авхуулаад байнгын хэлбэлзэл, тухгүй мэдрэмж дунд өнгөрдөг билээ. Энх амаржсан ч тэдгээр тухгүй мэдрэмж өргөс авсан мэт арилах бус бүр ужигран үлдэх нь бий. Ээж болсноос хойш хүүхдээ асрахын хажуугаар өөрөө амьдарч, ажиллах хэрэгтэй болдог тул хүчээ сэлбэх цаг зав, бололцоо олдох нь ч бэрх. Би өөрөө жирэмсэн байх үедээ тэдгээр зовуурийг тэвчээд явалгүй массаж терапиний тусламжтай багасгаж, жирэмсэн үедээ ямар нэг зовуурьгүй, хөнгөн мэдрэмжтэй байж болдгийг мэдэж авч байсан юм.
Манай эхний хоёр хүүхэд нэлээн том гарсан учраас төрөхийн хүндрэлийн айдсыг гүнзгий мэдэрсэн. Тэр айдас нэг хэсэгтээ л арилаагүй болохоор эрэл хайгуул хийж жирэмсэн үедээ бие, сэтгэлзүйгээ яаж бэлдвэл зохистойг судалж эхэлсэн юм. Энэ үедээ Солонгос улс жирэмсний массаж терапи гэх илүү зөөлөн, тайвшруулах иллэгийн төрөлд их туршлагатайг олж мэдэж байлаа.

Хүмүүс ер нь ихэнхдээ ээжүүдийг төрөхөөр хүүхдийг нь л “хэдэн кг төрсөн” “эмэгтэй юу эрэгтэй юу” гэдгийг нь харах гээд байдаг болохоос ээжид нэг их анхаарал хандуулдаггүй шүү дээ. Харин ээжийн сэтгэлзүй, бие бялдар, жирэмсэн үед, төрсний дараа ч чухал гэдгийг төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Тиймээс монгол ээжүүдийгээ надад тохиолдсон шиг сэтгэлзүйн шок битгий аваасай гэж хүссэндээ жирэмсэн үеийн арчилгаа, хөдөлгөөн, сэтгэлзүй гээд асуудлыг цогцоор нь шийдэх студиэ 2019 оны тавдугаар сарын 1-нд байгуулсан юм.
Анх бид зөвхөн жирэмсэн болон амаржсан эхчүүдийн массаж терапи хийдэг байсан бол 2020 онд би өөрөө иогийн багш болсноор иогтой хослуулсан ангиудад элсэлт авч эхэлсэн.
ЯЛГАРАЛ

Ээж болгоны амьдралын хэв маяг, ажлын онцлог, зан ааш, бие, бялдар харилцан адилгүй учраас зовууриуд нь өөр өөр байдаг. Манай сургалтын хувьд ээж бүрийн зовуурьт тааруулж дасгалуудыг нь зааж, чиглүүлж өгдөг. Ялангуяа жирэмсэн байхад үе холбооснууд буюу мөр, тохой, бугуй, бүр хурууны жижиг үе хүртэл нэлээн эмзэг болчихдог юм. Иймд аль болох тэр эмзэг хэсгүүдийг хамгаалж, аюулгүй бадлыг хангаж дасгалжуулахын сацуу дөрвөн мөчийг нь хөдөлгөсөн нурууны үеүдэд төвлөрсөн дасгалуудыг хийлгэдэг.
Жирэмсний иогийн гол давуу тал нь нурууны доод үеүүдийн өвдөлтийг багасгадаг явдал. Ингэснээр ээжүүдийн шөнийн нойр сайжирч, айдас түгшүүр ч дагаад намждаг учраас бие сайн амраадаг. Үүн дээр нэмээд хавагнах, шөрмөс татахаас сэргийлдэг бөгөөд төрсний дараа жин бага нэмэхэд ч тусалдаг. Үүнийг ялангуяа давтан төрөгч эмэгтэйчүүд илүү сайн анзаарч, мэдэрдэг юм билээ.
MAY MOM ГЭЖ ЮУ ВЭ?
Манайх зөвхөн жирэмсэн ээжүүдэд зориулсан иогийн төв биш. Хотын завгүй хэмнэлээс түр ч атугай холдож, өөртөө цаг гаргахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй орон зай учраас энгийн иогийн ангиудыг ч мөн санал болгодог студи.

НЭР
Монголчууд бид хахир хүйтэн өвлийг давж хавартай золголоо гэж ярьдаг. Хаврын урь орж, цаг агаар уярч, байгаль дэлхий сэргэж эхэлдэг сар бол яалт ч үгүй тавдугаар сар байдаг шүү дээ. Жирэмслэлт ч гэсэн яг үүнтэй адил. Жирэмсний үеийг хүйтэн өвөл гэж зүйрлэвэл ээжүүдийн хувьд төрсний дараах үе бол хавар гэсэн үг. Тиймээс бид ээжүүдийгээ энх сайхан амаржиж хаврын улирал шиг дэлгэрч, цэцэглэж яваасай хэмээн may буюу тавдугаар сар гэж нэрлэсэн юм. Манай студи ч анх тавдугаар сард нээлтээ хийж байсан учраас энэ үг учир утгатай санагддаг шүү.


ОДОО
Одоо бид аль болох олон төрлийн амьдралын хэв маягтай хүмүүсийн цаг зав, боломжид тааруулан ангиудаа төрөлжүүлэхийг хичээж байгаа. Тухайлах юм бол өглөөний ангид илүү завгүй амьдралын хэв маягтай эсвэл холоос ирдэг хүмүүс хамрагддаг бол өдрийн цагийн ангиудыг оффисын ажил эрхэлдэг хүмүүс илүүтэй сонгодог. Нийтдээ өглөө, өдөр, орой гээд гурван төрлийн анги маань тогтмол элсэлтээ авч байгаа. Энгийнээс жирэмсний анги руу, төрснийхөө дараа буцаад энгийн анги руугаа орно гэхчлэн хөрвөх боломжтой учраас илүү амар.
Манайхыг анх нээгдээд удаагүй байхад л “иог онлайнаар заахгүй юу?” гээд хүмүүс нэлээн их асуудаг байсан юм. Тухайн үедээ би өөрөө жаахан зүрхшээгээд байсан юм л даа. Онлайнаар тухайн хүнийг яаж хийж байгааг нь мэдэхгүй болохоор гэмтээчих вий, бэртээчих вий, буруу хийлгэчих вий гэж боддог юм билээ. Тиймээс энэ ангиа бараг нэг жил бэлдсэн. Харин эхний хичээлээ заах үед гадаадаас маш олон хүмүүс бүртгүүлж, олон сэтгэгдэл ирж байгаа болохоор заахад их урамтай байгаа.

БАГ
Манай баг нийт 10-уулаа ажилладаг. Би өөрөө иогийн хичээлүүдээ заахдаа илүүтэй анхаарна. Харин массаж терапи чиглэлээр мэргэшсэн хоёр хүн бий. Үүн дээр зургаан багш энгийн болон жирэмсний иогийн хичээл заадаг ба бүгдээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшлах эрхтэй. Мөн мэдээж заал зохион байгуулагч маань хамаг менежментийн асуудлуудыг шийдэж өгдөг.

ИРЭЭДҮЙ
ИРЭЭДҮЙ
Ирээдүйд бид илүүтэй сургалтад чиглэсэн төв гэж өөрсдийгөө тодорхойлохыг хүсэж байна. Учир нь ээжүүд маань жирэмсэн үедээ маш сайн уншиж судлаад мэдээлэл цуглуулдаг ч гэртээ очоод нөхөр нь эсвэл ээж нь хангалттай хэмжээний мэдээлэлгүй байдаг учраас жирэмснийхээ үед мөрдөнө гэж бодож байсан дадал нь талаар нэг болчих гээд байдаг талтай.
Тиймээс бид нар ээжтэйгээ, нөхөртэйгөө ч юм уу ирээд хамтдаа хамрагдаж болох сургалт боловсруулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн мэдээж массаж терапи чиглэлд мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна.
ЭРСДЭЛ


Анх студиэ нээж байхад гэр бүлийнхэн маань үндсэн мэргэжлээрээ ажиллахгүй байна гээд дургүйцдэг байсан. Хүнд массаж хийхээр биеэс эрч хүч шаардана, ядарна гээд асуудлууд бий. Тэр болгонд сэтгэл хоёрдох үеүд бишгүй олон байсан. Гэхдээ төрөлтийн хэцүүг мэдэрчихсэн учраас бусад ээжүүдэд тийм хүндрэл битгий тохиолдоосой гэж үнэхээр хүсч, тууштай баймаар санагддаг юм билээ.
Иогт явах гэж байгаа ээжүүдэд анхааруулж зарим зүйлсийг хэлэх хэрэгтэй санагддаг юм. Жишээ нь, иогт явах гэж байгаа бол нэгдүгээрт эмчтэйгээ маш сайн ярилцаж зөвлөлдөх мөн хоёрдугаарт гэртэйгээ ойрхон газрыг сонгох нь зүйтэй.

