Бид нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл, валютын зах зээл зэрэг ойлголтуудыг тодорхой хэмжээнд мэддэг болжээ. Товчхондоо, хөрөнгийн зах зээл гэхээр компани эсвэл төрөөс гаргасан хувьцаа, бонд зэрэг үнэт цаас, валютын зах зээл гэхээр ам.доллар, юань, иен зэрэг гадаад валютыг авч, зардаг зах зээлийг ойлгож болно. 

Тэгвэл бидний тэр бүр сайн мэддэггүй, гэхдээ санхүүгийн салбарт маш чухал үүрэг гүйцэтгэдэг өөр нэг зах зээл байдаг нь мөнгөний зах зээл юм. Энэ нь түр хэрэглэх мөнгөн хөрөнгийн санхүүжилтийг нэг талаас авч, нөгөө хэрэгтэй талд хүргэж, хоёр талд харилцан ашигтай байдал бүрдүүлдэг зах зээл гэсэн үг.

Энэхүү боломжийг Монголын санхүүгийн зах зээлд бий болгож, хөгжүүлэх зорилгоор “Money Market Fund” 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ оны 11-р сарын 11-нд тус компанийн таван жилийн ой нь тохиож байна. Тэдний зорилго, үйл ажиллагаа, мөнгөний зах зээлийг хөгжүүлэхээр хийж буй онцлох ажлуудын тухай эл нийтлэлээс сонирхоорой.  

Бизнесийн нэр: Мони Маркет Фанд ХХК
Хаяг: JJ Tower, 10-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Мөнгөний зах зээлийн арилжаа
Үүсгэн байгуулагдсан: 2021.06
Сошиал хуудсууд: Money Market Fund (Facebook), moneymarket.mn (Instagram), moneymarket.mn (Web)


Ярилцлагыг: Мони Маркет Фанд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат

СЭДЭЛ 

Бизнесийг үүсгэн байгуулагчид маань банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан, арвин туршлагатай хүмүүс. Бидний зарим нь Сангийн яаманд ажиллаж байсан бол зарим нь банкны хөрөнгийн удирдлага, хөрөнгө зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаад хувийн хэвшил рүү шилжсэн.

Банкны салбарын нэг онцлог нь банк хоорондын зах гэж байдаг. Өөрөөр хэлбэл, банкууд бие биедээ богино хугацаатай мөнгө зээлж, хөрөнгийн хэрэгцээгээ зохицуулдаг зах зээл юм. Энэ бол маш идэвхтэй зах зээл. Харин банк бус санхүүгийн байгууллагуудад ийм төрлийн зохицуулалт байдаггүйг бид анзаарч, хоорондоо богино хугацаатай мөнгө өгч, авдаг зах зээлийг бий болгох зорилгоор 2021 оны 6-р сард “Money Market Fund”-ийг байгуулж байлаа.

500 гаруй банк бус санхүүгийн байгууллагаас 50 орчим нь мөнгөний илүүдэлтэй, 100 гаруй нь мөнгөний хэрэгцээтэй байсан гэж үзвэл нэг талдаа илүүдэл мөнгө нь банкны харилцах дансанд хүүгүй шахам байршаад байхад нөгөө талд нь хүү төлөхөд бэлэн, санхүүжилт хэрэгтэй байгууллагууд байдаг гэсэн үг. Бизнесийн маань хамгийн анхны бүтээгдэхүүн нь тэдгээрийг цахим платформоор дамжуулан хооронд нь холбож, богино хугацаатай мөнгийг бие биедээ өгч, авах боломж бүрдүүлсэн систем байв.



Улмаар мөнгөний зах зээлд өөр төрлийн бүтээгдэхүүнүүдийг ч хөгжүүлэх боломжтой юм байна гэдгийг анзаарсан юм. Манай байгууллага байгуулагдахтай зэрэгцээд зах зээл дээр койн зэрэг зохицуулалтгүй санхүүгийн бүтээгдэхүүнүүд олноор гарч эхэлсэн. Үүнд ч хүмүүс нэлээдгүй хөрөнгө оруулж, хохирсон байх. Яг энэ үед Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажиллаж байв. Тэднийг “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл” гэж нэрлэдэг бөгөөд тус зөвлөлийн хүрээнд 2021 оны 12-р сард Сэндбокс буюу зохицуулалтын туршилтын орчныг бий болгох төслийг санаачилсан.

Сэндбокс нь зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг шууд хориглох эсвэл зохицуулалтгүйгээр зах зээлд нэвтрүүлэхийн оронд тодорхой хүрээнд туршиж, эрсдэлийг нь үнэлэн, цаашид ямар зохицуулалт шаардлагатайг судлах боломж олгодог. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хүүхдүүд элсний талбайд өөрийн гэсэн орчиндоо аливаа зүйлийг туршиж үзэн, барьж байгуулдагтай адил санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг ч хяналттай, тодорхой нөхцөлд туршиж үзэх боломж бүрдүүлж байгаа хэрэг юм. Манай компани ч энэ боломжийг ашиглан мөнгөний зах зээлийн богино хугацаат хэрэгслүүдийг арилжих нөхцөлийг бүрдүүлсэн цахим платформоо туршилтын орчинд нэвтрүүлж эхэлсэн дээ.

ЯЛГАРАЛ 


Бид аж ахуйн нэгж болон иргэдэд богино хугацаатай, уян хатан нөхцөлтэй хөрөнгө оруулах, эх үүсвэр татах мөнгөний зах зээлийн боломжуудыг олгож ажилладаг. Үүний нэг жишээ нь хадгаламжийн сертификат. Хүмүүс хугацаатай хадгаламжийн тухай сайн мэддэг хэр нь хадгаламжийн сертификат гэхээр төдийлөн сайн ойлгодоггүй. Хадгаламж сертификат нь ердийн хадгаламжаас илүү өндөр хүү санал болгодог тодорхой хугацаатай, нэрлэсэн үнэ бүхий худалдах, арилжих боломжтой юм.

Жишээлбэл, та нэг жилийн хугацаатай хадгаламж нээлээ гэж бодъё. Гэтэл гурван сарын дараа гэнэт мөнгөний хэрэгцээ гарч, хадгаламжаа цуцлах боллоо. Энэ тохиолдолд хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцалснаар бага хүү авах нөхцөл үүсдэг. Харин хадгаламжийн сертификаттай байвал хадгаламжаа хугацаанаас нь өмнө
цуцлахын оронд үлдсэн есөн сарын хугацаатай сертификатаа хоёрдогч зах зээл дээр өөр хүнд худалдаж болно. Ингэснээр хадгаламж эзэмшигч тухайн хүртэл хугацаанд хуримтлуулсан хүүгээ авч, мөнгөө бэлэн болгох боломжтой. Харин сертификатыг худалдан авсан хүн үлдсэн хугацаанд нь өндөр хүүтэй хадгаламжийн өгөөж хүртэнэ. Энэ нь банкны хувьд ч мөнгөний урсгал нь тогтвортой хэвээр үлдэх буюу хадгаламж эзэмшигч, худалдан авагч болон банк гээд бүх талдаа ашигтай.

Мөн итгэлцлийн үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллагуудад репо хэлцэл, аж ахуйн нэгжүүдэд нэхэмжлэхийн санхүүжилт, арилжааны бичиг зэрэг санхүүгийн хэрэгслээр дамжуулан хөрөнгө оруулах, санхүүжилт татах боломжийг бүрдүүлж буй.

MONEY MARKET FUND ГЭЖ ЮУ ВЭ? 


Товчхондоо “Money Market Fund” гэдэг нь банк бус санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнээр холбож, богино хугацааны мөнгөн хөрөнгөө үр ашигтай удирдах боломж бүрдүүлдэг цахим платформ юм.

Мөнгөний зах зээлийн гол онцлог нь богино хугацаатай өрийн хэрэгслүүд арилжаалдагт бий. Өөрөөр хэлбэл, нэг жилээс бага хугацаатай, тогтмол өгөөжтэй буюу бидний мэддэгээр “fixed income” төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг арилжаалдаг зах зээл гэсэн үг.

Харин манай улсын хувьд ийм төрлийн зах зээл өмнө нь байгаагүй. Тиймээс бид энэхүү зах зээлийг эх орондоо таниулах, шинээр нэвтрүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн учир бизнесээ эхлүүлсэн. Өдгөө бид үйл ажиллагаагаа эхлүүлээд тав дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд мөнгөний захын таван төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлж, тэдгээрийг ажиллуулахад шаардлагатай програм хангамжаа хөгжүүлсэн төдийгүй нийт нэг их наяд орчим төгрөгийн арилжаа явагдаад байна.

Мөн бид эдгээр бүтээгдэхүүнээ илүү олон хүнд хүргэж, мөнгөн хөрөнгөө удирдах боломжийг хүн бүрд олгох үүднээс гар утасны апп хийж хөгжүүлсэн. Энэхүү апп маань 11-р сарын 11-нд нээлтээ хийнэ.

НЭР 


Эхэндээ бид банк бус санхүүгийн байгууллагуудын хооронд зээл олгох бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготой байсан юм. Тиймээс компанийнхаа үйл ажиллагаатай уялдуулан “Repo Fund Mongolia” гэх зэрэг нэрүүд бодож байв.

Гэвч энэ чиглэлээр ажиллаж, илүү их судлах тусам дан ганц банк бус санхүүгийн байгууллага дээр төвлөрөн ажиллах нь учир дутагдалтай санагдсан. Тиймээс Монголдоо мөнгөний зах зээлийг бий болгож, хөгжүүлэхийн тулд “Money Market Fund” буюу “Мөнгөний зах зээлийн сан” хэмээн нэрлэсэн.

ОДОО 


Эхний бүтээгдэхүүн маань ерөнхийдөө бүрэн туршигдаад, үйл ажиллагаа нь ч цэгцэрчихсэн байгаа. Түүнчлэн өдгөө Монголд үйл ажиллагаа явуулж буй 560-570 орчим банк бус санхүүгийн байгууллагаас 100 гаруй нь манай платформоор дамжуулан хамтран ажиллаж байна. Мөн арилжааны хоёр банк, CP бүтээгдэхүүнээр хамтран ажилладаг олон аж ахуйн нэгж, 1,000 гаруй хөрөнгө оруулагчтай болсон шүү.

Бидний шинээр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн бол Commercial Paper буюу бидний нэрлэж заншсанаар арилжааны бичиг юм. Манай улсын эрх зүйн орчинд арилжааны бичиг гэдэг ойлголт тусгагдаагүй байгаа. Тиймээс Сэндбокс буюу дээр дурдсан зохицуулалтын туршилтын орчин нь “Арилжааны бичиг гэдэг ийм бүтээгдэхүүн байдаг юм байна. Үүнийг тодорхой нөхцөлд туршаад үзье” гэх боломжийг бидэнд олгож байгаа хэрэг.


Commercial Paper буюу арилжааны бичиг гэж юу вэ гэхээр 270 хүртэлх хоногийн хугацаатай, барьцаагүйгээр богино хугацааны санхүүжилт татах боломж олгодог мөнгөний зах зээлийн хэрэгсэл юм. Жишээлбэл, нэг томоохон компани хагассайн, бүтэнсайн өдрүүдэд эсвэл 3, 7, 14 хоногийн хугацаанд түр зуурын санхүүжилтийн хэрэгцээтэй боллоо гэж бодъё. Банкнаас ийм богино хугацаатай зээл авах гэхээр материал бүрдүүлэх, судалгаа хийх гээд хугацаа их орно. Тэгээд л зээлээ авах гэж байтал хэрэгцээ нь өнгөрчих гээд байдаг талтай. Харин мөнгөний зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүн нэвтэрснээр богино хугацааны санхүүжилтийг илүү хурдан, уян хатан байдлаар шийдэх боломж бүрдэнэ.

Хамгийн чухал нь арилжааны бичиг гаргах байгууллага зээлжих зэрэглэлээ тогтоолгосон байвал давуу тал болно. Гадаадын улс орнуудад энэ тогтолцоо тодорхой, ойлгомжтой байдаг бол манай улсад одоохондоо хангалттай хөгжөөгүй байна. Тиймээс зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудтай хамтран ажиллаж буй. Энэ тогтолцоо бүрдэж чадвал компаниуд богино хугацаатай арилжааны бичиг гаргаж, шаардлагатай санхүүжилтээ босгоод, орлого нь орж ирэхэд буцаан төлөх боломжтой болно.

БАГ 


Манай баг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Үйл ажиллагаа маань технологид суурилдаг учраас системээрээ дамжуулан харилцагчидтайгаа холбогдож, олон ажлыг автоматжуулдаг. Тиймээс заавал олон хүнтэй байх шаардлагагүй. Харин ч цомхон багтай, хүн бүрийнхээ оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан хэдэн жилийн турш тогтвортой ажиллаж байна.

Бидний баримталдаг гол зарчим бол мөнгийг зүгээр сул байлгахгүй, боломжтой үед нь үр өгөөжтэй ашиглах юм. Мөнгө гэдэг заавал урт хугацааны дараа өгөөж авчирдаг зүйл биш шүү дээ. Нэг өдөр, гурав хоног, долоо хоногийн хугацаанд ч мөнгөө үр ашигтай байршуулах боломж бий. Тиймээс бид сул мөнгөө үр өгөөжтэй байршуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдээс эхлээд айл өрх бүрд энэ боломжийг нээж өгөхийг хүсэж байна.

ИРЭЭДҮЙ 


Бидний хэтийн зорилго бол “Money Market Fund” буюу мөнгөний захын сан байгуулах. Одоогийн байдлаар энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд алхам алхмаар ойртож байгаа ч мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнүүдэд сангийн хөрөнгийг байршуулах, удирдахтай холбоотой зохицуулалтыг цаашид илүү боловсронгуй болгох шаардлага бий.

Сан байгуулах гол шалтгаан нь иргэд, байгууллагын богино хугацаанд ашиглахгүй байгаа мөнгөн хөрөнгийг нэг санд төвлөрүүлж, сангийн менежерээр дамжуулан өгөөжтэй хөрөнгө оруулалтад байршуулж, олсон өгөөжийг нь хөрөнгө оруулагчдад буцаан хүртээх юм.

Одоогийн байдлаар иргэд CP, CD зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн талаар ойлголттой байж, өөрсдөө сонголтоо хийх шаардлагатай. Харин сан байгуулснаар энэ үйл явц илүү хялбар болно. Иргэд бүтээгдэхүүн бүрийг нарийн судлахын оронд санд хөрөнгө оруулж, сангийн менежерээр мөнгөө удирдуулан, олсон өгөөжөөс хүртэх боломжтой болно.

ЭРСДЭЛ 


Санхүүгийн салбарт эрсдэлгүй зүйл гэж байхгүй. Бидний хувьд эрсдэлийг аль болох бууруулах нь чухал. Манай платформд хамтран ажиллах банк бус санхүүгийн байгууллагуудыг өндөр шалгуураар сонгож, холбогдох зохицуулалтын шаардлагыг хангасан байгууллагуудтай л хамтардаг. Дурын байгууллагатай шууд хамтрах боломжгүй.

Нөгөөтээгүүр, бидний үйл ажиллагаа шинэ учраас зохицуулалтын орчин бүрдэхэд цаг хугацаа шаардлагатай. Сэндбокс буюу туршилтын орчноос гарч, зохицуулалттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй.



Мөн мөнгөний захын бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд ойлгуулах нь бидний хувьд нэг том сорилт. Бид тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагчдадаа тун энгийнээр тайлбарлаж байна гэж боддог ч жирийн иргэдэд төдийлөн ойлгомжтой хүрэхгүй байх тохиолдол бий. Гэхдээ сүүлийн үед, ялангуяа залуучуудын дунд санхүүгийн бүтээгдэхүүн, цахим үйлчилгээг сонирхох хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Хөрөнгө оруулагч мөнгөө хаана, ямар бүтээгдэхүүнд байршуулахаа өөрөө сонгож, санхүүгийн шийдвэрээ бие даан гаргадаг. Бидний хувьд хөрөнгө оруулагчийн мөнгийг аваад өмнөөс нь удирдах биш, харин сонгосон санхүүгийн байгууллагатай нь холбож өгөх зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа. Гэтэл зарим хүн “Та нар миний мөнгийг аваад яах юм бэ?” гэж асуудаг. Энэ бол мэдээж хэрэг зүй ёсны асуулт. Гэхдээ манай платформоор дамжуулан хөрөнгө оруулалт хийхдээ мөнгөө хэн нэгэнд шууд даатгаж байгаа хэрэг биш, харин өөрөө сонгосон бүтээгдэхүүндээ мөнгөө байршуулж, санхүүгийн шийдвэрээ өөрөө гаргаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.