Манай "Онцлох бизнес/төсөл" булан өнгөрсөн хугацаанд хэдэн зуугаар тоологдох шилдэг санаачилга, шинэлэг төслүүдийг олон нийтэд танилцуулж иржээ. Бид редакцын анхны өгүүлбэрээ товшиж эхэлсэн тэр цагаас хойш нийтлэлүүдээрээ дамжуулан тэдний түүхэн замналыг гэрчлэн үлдэхээс гадна тухайн төслүүдийн цаашдын өсөлт хөгжилтөд үнэ цэнтэй хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн юм.

Учир нь эдгээр тууштай бизнесүүд, бүтээлч хамт олон л манай нийгмийн хөгжлийг хурдасгаж, эерэг өөрчлөлтөөр түүчээлэн биднийг сайн сайхан ирээдүйд ойртуулдаг билээ.

Бид баярын дугаартаа монгол өв соёл, үндэстний үнэт зүйлээ түгээн танилцуулах зорилготой “Ой өвийн өртөө” төслийг онцолж буй. Ингээд тэдний ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх үнэ цэнтэй үйл ажиллагаа болон алсын хараатай нь хамтдаа танилцъя.

Нэр: Ой өвийн өртөө – OI Heritage Workshop
Байршил: СБД, МУБИС-ийн зүүн хойно, Танан төв, 3 давхар 301 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Монгол өв соёлын боловсрол олгох цуврал сургалт, арга хэмжээ
Үүсгэн байгуулагч: Э.Анужин, М.Нямсүрэн, Т.Баттүшиг, Б.Үлэмж
Үүсгэн байгуулагдсан он: 2025.09.24
Сошиал хуудас: OI Heritage Workshop
Уриа үг: Би Монгол | Be mongol

Э.Анужин

СЭДЭЛ

Би дунд ангиасаа эхлээд гадаадад арван жил амьдарсан юм. Энэ хугацаанд өөрийгөө хамгийн их зэмлэдэг байсан зүйл бол “Монголоо мэдэхгүй” байгаа явдал. Хэдий хөдөө төрж, өвөө эмээтэйгээ мал дээр өссөн ч 6-р ангиасаа хойш монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлд суугаагүй болохоор Монголын талаарх мэдлэг их нимгэн байлаа. Тэгээд л Монголдоо эргээд оччихвол аяндаа бүх юм сэргээд ирнэ гэж өөрийгөө тайтгаруулна. Гэвч эргэж ирээд арван жил мэргэжлээрээ ажиллаж байгаад хартал яг л байдгаараа, түүхээ мэдэхгүй, өв соёлын ойлголт, мэдлэг муутай хэвээр байсан юм.

Нэмээд ажил, гэр гэж явсаар энэ хугацаанд хүүхдүүддээ ч зааж өвлүүлж өгсөн юм хомс. Нэг өдөр яг энэ гэмшилтэйгээ гэрээ цэвэрлэнгээ “Улаанбаатараас ярьж байна” нэртэй подкаст сонсож байтал хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ багш залуу үедээ аминчлан захья, мянга мянган жил уламжлагдаад өнөөдөр бидэнд ирсэн байгаа Монгол гэх өв соёл надаар, миний үеэр мухарлагдах вий гэж үргэлж бодож бясалгаж яваарай” гэхийг нь сонсоод шууд л дотор зурагдсан. Би ийм байхад хүүхдүүд маань бүр л хэцүүхэн байх нь, том болоод бас л ийм хямралыг мэдрэх нь гэж гэмшсэн.

Тэгээд л үндсэн ажлаа түр хойш тавиад чөлөө авч, санаа, дуудлага таарах гурван хүнтэйгээ нийлээд Ой-гоо эхлүүлсэн дээ.


ОЙ ГЭЖ ЮУ ВЭ?

“Ой” нь Монгол өв соёл, үндэстний үнэт зүйлээ түгээн танилцуулах зорилго бүхий санаачилга юм.

Одоогоор өөрсдийн бэлдсэн монгол хэв загвартай орчинд олбог дэвсээд тойрч суун гэр мэт дулаан уур амьсгал дунд долоо хоног бүр залуу хүний хувьд Монголынхоо талаар мэдвэл зохих суурь мэдлэг олгох цуврал сургалт зохион байгуулж байна. Сургалт бүрд тухайн салбарын амьд түүх болсон өв тээгч нарыг урьж оролцуулан залуу үетэйгээ уулзуулж, тухайн сэдвийн мөн чанарыг таниулдаг.

НЭР

Бид “түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж ярьдаг. Үүнээс сэдэл авч “Ой” гэх үг зөвхөн ой модноос гадна ой санамж гэх утгатай бодолцон бидний гол зорилго бол “баларч бүдгэрээд буй үндэстний ой санамжаа сэргээх юм байна” гэж дүгнээд энэ үгийг сонгосон.


ЯЛГАРАЛ

Хүн сонссон, харсан зүйлийнхээ ихэнх хэсгийг мартдаг бол, бүх мэдрэхүйгээрээ мэдэрсэн зүйлээ эргэн санах нь хавьгүй илүү байдаг. Тиймээс бид анхнаасаа Ой бол цахимаар бус амьд харилцаан дунд мэдлэг, мэдрэмж үлдээх учиртайг ойлгосон.

Иймээс Ой-д яригдаж буй агуулгуудыг таван мэдрэхүйд хүртээхийг зорьдог. Ойд ороод үнэртэх үнэр, сонсох дуу, харах бас хүрэх монгол агуулга бүхий орчин, амтлах амтыг хүртэл тусгайлан бодолцож бэлддэг гэсэн үг. Сургалтын дундуур цайны завсарлагаар уламжлалт орц найрлагыг шинэчлэн хийсэн олон төрлийн идээ амттан, хийцтэй цайгаар зочдоо дайлдаг. Гадуур худалдаанд байдаггүй амтыг Ойд зориулж Ному (Nomuyeru) маань тусгайлан урладаг юм.

Мөн бид тэр болгон олон нийтэд нээлттэй уулзалт сургалт ордоггүй, тухайн өв соёлоо өөрийн амьдралаа болгон тээж, салбарынхаа амьд түүх болж яваа эрхмүүдийг сонгон оролцуулдаг тул зөвхөн зурагтаар л хардаг эрхмүүд хүрэлцэн ирж, хаана ч байхгүй халуун дотно яриа өрнүүлдэг. Жишээ дурдахад, оны өмнөхөн нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хүрэлцэн ирж бидэнтэй монгол хүн байх тухай болон бидний язгуур мөн чанарын тухай өөрийн амьдралын түүхээс улбаалан маш дотно яриаг дэлгэсэн.

Энэ эрхэм хүмүүстэй нэг цаг үед амьдарч буйнхаа хэргийг гаргаж, тойрон сууж, амьдралынх нь түүх, ухаарлыг нь сонсож, ойдоо тээж үлдээнэ, дараа үедээ дамжуулан ярьж өгнө гэдэг нь бидний ухамсарт үүрэг гэж хэлж ч болох юм.


ОДОО

Ой эхлээд дөрвөн сарын нүүрийг үзжээ. Энэ хугацаанд нийт 15 удаагийн өртөөт сургалт явуулсан бөгөөд ирсэн хүмүүсийн санал хүсэлт дээр үндэслэн сар шинийн баярын дараа Ой дээрээ гурван төрлийн шинэ хөтөлбөр нээхээр бэлтгэж байна. Үүнд:

1. Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн насанд тохируулсан түүх, өв соёлыг таниулах хөтөлбөр: Үүндээ зориулаад жижиг хэмжээтэй монгол гэр ч хийлгэж байгаа.
2. Монгол бичиг, уртын дуу, морин хуурын сарын сургалтууд: Хотын төвд байрлалтай тул ажлаа тарж ирээд сургалтад сууж, монгол бичигтэн болох, уртын дуу дуулж сурах, морин хуур тоглож сурах боломжийг бүрдүүлж байгаа. Бид дөрөв өөрсдөө бас хамт сурна аа.
3. Гадаад хүмүүст зориулсан англи хэл дээрх Монголын талаар цогц мэдлэг өгөх сургалт: Монголд ажиллаж, амьдарч буй, мөн аяллаар ирсэн жуулчдад Монголын талаар богино хугацаанд нэг дор цогц мэдлэг, мэдрэмж авах газар ховор тул энэхүү хөтөлбөрийг нээхээр бэлтгэж байна.


БАГ

Манай баг 25-33 насны 4 гишүүнтэй. Санхүү хөрөнгө оруулалт, хувцас дизайн, үйлдвэрлэлийн дизайн болон архитектор, боловсрол болон тархи судлал гэх дөрвөн өөр мэргэжилтэй залуус нэгдсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад байж болох ч ажил гэрээс гадна өөрийгөө ойлгож мэдрэх, өөрийн доторх Монголыг хайсан үедээ зориод очих орон зай дутагдаж байсан нь бидний нэгдэх шалтгаан болсон.

Үнэндээ залуус Монголынхоо түүх, хэл бичиг, өв соёлын талаар ой санамж муутай байгаа нь бид өөрсдөө мартахаар шийдсэн явдал биш юм. Түүхийн нугачаанд санаатайгаар энэ ой санамжийг алдагдуулсан, арилгасан, мартуулсан явдлууд цөөнгүй байсны үр дагавар нь бидний үеийнхэнд хамгийн тод илэрч байгаа. Тиймээс энэ цаг үед амьдарч буй манай үеийнхний хийх ёстой зүйл бол бидэнд өмнө нь байсан бөгөөд одоо ч байгаа зүйлсээ бүгдийг нь нэг дэлгэж тавьж хараад, тэндээс ухамсартайгаар өөрийн сонголтоо хийх болов уу. Ингэхдээ зөвхөн өөрийн туулах амьдралыг бус дараа үеэ ч мөн бодолцож аль өв соёлыг хэвээр нь авч хэрэглэх, алийг нь өнөөдрийн орчин нөхцөлдөө уялдуулан шинэчилж сайжруулах, алийг нь шууд хэрэглэхгүй ч мартаж үл болно хэмээн нандигнан хадгалах уу гэдэг ухамсарт сонголт хийх цаг ирсэн санагдаж байна.


ИРЭЭДҮЙ

Одоогоор бид дөрөв сургалтуудаа бэлдэх явцдаа судалж уншаад, өөрсдөө олон сэдвийн талаар суурь мэдлэг хуримтлуулж байна. Энэ явцад ажиглагдсан зүйл бол бидэнд одоо ч үнэ цэнээ өгөх, утга учир нэмэх олон өв соёл тэр болгон сайн түгэн дэлгэрч чадахгүй, зарим нь бүр тасарч мартагджээ. Иймээс өөрсдөө утга агуулга мөн чанарыг нь мэдэрсэн, үнэхээр л илүү хөгжиж дэлгэрээсэй гэж бодсон сэдвүүдээ өв тээгч нартай нь хамтран хөгжүүлэх, түгээн таниулахад нь өөрсдийн зүгээс чадах хэмжээгээрээ хувь нэмэр болохыг хүсэж байгаа. Тиймээс цаашид цуврал өртөөт сургалтуудаа, дээр дурдсан хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн явуулахаас гадна, өөрсдийн итгэл үнэмшилд суурилан тухайлсан өв соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх бэсрэг нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөж байна. Далайд дусал нэмэр гэдэг дээ.

Улс орны хөгжил бол хувь хүмүүсийн хөгжлийн нийлбэр. “Монгол хүн ямар хүн болохоор тэмүүлж буйгаа бусдын нөлөөнд байсан үеэсээ бус Монгол Улс мандан бадарч явсан үеэсээ эрж хайх нь зүйтэй” гэсэн Г.Аюурзана зохиолчийн хэлсэн үгийг бид үргэлж санаж яваа.


ЭРСДЭЛ

Санхүүгийн эрсдэл хамгийн том нь. Амьд харилцааг гол мөн чанараа болгож байгаа тул дулаан дотно орчин үүсгэх зорилгоор дээд тал нь 30 хүн байхаар тооцоолж, талбайгаа сонгосон юм. Цахим биш тул нэг удаагийн сургалтын орлого хязгаарлагдмал. Нөгөө талдаа талбай түрээслэн тохижуулж, үйл ажиллагаа явуулж буй тул тогтмол зардал гарч байдаг. Тиймээс санхүүгийн тооцоолол сайтай байх, зардлаа бодитой зөв тооцоолох, орлогын эх үүсвэрээ тэлэх зэрэг байдлаар энэ эрсдэлээ удирдаж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлага маань их тус болж байгаа.