Уламжлалт уран зураг, баримлаас хальж, дуу, дижитал технологиор дамжуулан хүмүүсийг тайвшруулах, бясалгах зорилготой шинэхэн галерей Монголд нээгджээ. Энэ бол “Sanctuary” медиа арт галерей. Нээлтээ хийгээд ганцхан сар болсон ч хэдийнээ 420 гаруй үйлчлүүлэгчтэй болоод амжсан тус галерейн үүсгэн байгуулагчдыг бид “Sound Meditation” гэх хөгжимт бясалгалаар нь сайн мэдэх биз ээ. Харин энэ удаа тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүссэн үедээ бясалгах боломжтой, тав тухтай медиа арт галерейг нээгээд байна. 

Ингээд энэ удаагийн “Онцлох бизнес” булангийнхаа шинэ дугаарт медиа арт “Sanctuary Gallery”-г онцоллоо.  

Нэр: Sanctuary Gallery
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Olimpic Gallery-ийн 2-р давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Медиа арт галерей
Үүсгэн байгуулагдсан: 2025 оны 12-р сарын 26
Сошиал хуудас: soundmeditationmongolia (Instagram)

"Sanctuary Gallery"-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Батчимэг

СЭДЭЛ 

Бид 2023 онд Саунд Медитэйшн Монголиа компаниа үүсгэн байгуулсан юм. Уг компани нь урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулах зорилготой үүсгэн байгуулагдсан. Хөгжимт бясалгалын хөтөлбөр нь хөтөч багшаас гадна саунд артыг хийдэг уран бүтээлчид оролцдог.

Тиймээс эдгээр уран бүтээлчдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаад үзье хэмээн шийдсэн юм. Ийнхүү “Бүх хүртэхүйд” үзэсгэлэнгээ 2025 оны нэгдүгээр сард уран бүтээлч нартайгаа хамтран саунд арт, дууны бясалгал хосолсон үзэсгэлэнгээ толилуулж байв. Медиа арт гэдэг нь дуу, гэрэл, видео, дэлгэц зэрэг орчин үеийн технологийн шийдлүүдийг ашиглан үзэгчдэд бодит орчноос тасарч, өөр ертөнцөд хөл тавьсан мэт өвөрмөц мэдрэмж төрүүлэх урлагийн хэлбэрийг хэлнэ.

Бидний бүтээлүүд тайвшруулах, бясалгах зориулалттай бүтээгдсэн тул хүмүүс тав тухтай галерейн орчинд очиж, багшийн шаардлагагүйгээр өөрсдийн хүссэн хугацаандаа медиа ажлуудыг үзэж, хөг аялгууг биеэрээ мэдрэх нь үзэсгэлэнгийн хамгийн том онцлог. Энэ үзэсгэлэн маань маш амжилттай зохион байгуулагдаж, нэг сарын хугацаанд 600 гаруй хүн үзсэн. Үүнээс бид хүмүүсийн тархиа амрааж, бясалгал хийх боломжтой тав тухтай газар нээх хэрэгтэй юм байна гэдгийг анзаарч, энэхүү галерейгаа нээсэн түүхтэй.

Нөгөөтэйгүүр, компьютерын ард удаан хугацаагаар сууж, хэт олон цагаар ажилладаг хүмүүс цайны цагаараа хэдхэн минут амрах гэхээр төдийлөн амрах газар байдаггүй. Гэхдээ ажилчдадаа зориулсан амрах өрөөтэй компаниуд цөөнгүй бий ч бүх газар тийм биш шүү дээ. Тиймээс оффисын ажилтнуудыг хэдхэн минут өөр орон зайд очиж, тархийг нь амраах боломжтой орчныг бий болгох хэрэгтэй юм байна гэдгийг анзаарсан нь энэхүү галерейгаа бүтээн байгуулах бас нэг суурь нь болсон билээ.

ЯЛГАРАЛ 

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг төрөл бүрийн галерей бий. Гэвч медиа артад зориулсан галерей өнөөг хүртэл байхгүй байна. Харин манай “Sanctuary Gallery” нь Монголын хамгийн анхны бөгөөд цорын ганц медиа арт галерей болж буй гэдгээрээ онцлог. Үүнээс гадна хэд хэдэн ялгаатай.

Байршил: Манай галерей яг хотын төвд байрлалтай учир эргэн тойронд оффисын ажилчид олон бий. Тэд цайны цагаараа орж ирээд, хэдхэн минутад дуу, бясалгалын орон зайд амсхийж, өдөр тутмын стресс, бухимдлаа тайлах боломжтой. Мөн гэр бүлээрээ хотын төвөөр явж байхдаа урлагийн орчинд тухлуулах боломжтой.

Олон улсын уран бүтээлчид: “Sanctuary Gallery” маань үүсгэн байгуулагдсанаасаа хойш сар бүр олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулахаар ажиллаж байна. Тэдгээр уран бүтээлчидтэйгээ нэг сарын турш хамтран ажиллана.

Тав тух: Бид медиа артыг хэрэглэгчдэдээ үзүүлэхээс гадна тав тухтай орчинд амраасай гэх агуулгаар галерейгаа тохижуулсан. Галерейд хивс, олбог зэрэг тухлах хэсэг бий. Үйлчлүүлэгч тухайн нөхцөлд өөртөө хамгийн тухтай байрлалаа сууж, хэвтсэн ч болно.

Хугацаа: Уг галерейд суухаар төлбөрөө төлсөн л бол та энд хэдэн ч цаг байх боломжтой. Галерейн талаас ямар нэгэн хугацаа заагаагүй.

МЕДИА АРТ ГАЛЕРЕЙ ГЭЖ ЮУ ВЭ? 

Медиа арт гэдэг нь интернэт, компьютер анимэйшн, виртуал ертөнц зэрэг шинээр гарч ирж буй технологийг ашиглан бүтээж байгаа өргөн цар хүрээтэй̆ контемпорари урлагийн нэг төрөл юм. Үүнийг өндөр хүчин чадалтай прожекторууд, мультимедиа зэргийг ашиглан үзэгчдэд хүргэдэг.

Уран зургийн галерей, зургийн үзэсгэлэнгээс ялгаатай нь медиа арт галерейд ороод тухайн бүтээлийг бие, сэтгэлээрээ бүрэн мэдрэх боломжтой. Учир нь ихэнх дүрслэл нь 3D технологиор хийгдэж байгаа ба дээр нь саунд арт нэмэгдэж буй нь яг л орчноос тасарч буй мэдрэмж төрүүлдэг. Монголд Дүрслэх урлагийн галерей, Медиа урлагийн наадам зэрэг энэ салбарт ажиллаж, хөгжүүлдэг өөр байгууллага байдаг ч одоогийн байдлаар медиа арт гэх ойлголт Монголд шинэ хэвээр байна.

НЭР

“Sanctuary” гэх үг нь англи хэлэнд ариун дагшин, дархан цаазтай гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү утга санааг өмнө нь хэрэгжүүлж байсан “Sound Meditation” төслийн философитой уялдуулан галерейн нэрдээ ийнхүү тусгасан юм.

ОДОО 

Манай галерей сар бүр олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх, урлагийн боловсрлыг дэмжих зорилготой үүсгэн байгуулагдсан. Тэгвэл галерейн хамгийн эхний үзэсгэлэнгээ Буриад Улсын уран бүтээлч Ариуна Булутоватай хамтран Fileds of "UNSEEN” буюу “Нүдэнд харагдахгүй талбар” гэх үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Үзэсгэлэнд байх нэг бүтээл нь ойролцоогоор 10 минут үргэлжлэх бөгөөд дөрвөн цуврал бүтээл байгаа юм.

Үүнд: Эхний бүтээл нь дотоод эрчим, дотоод салхи гэсэн утгыг илэрхийлнэ. Харин хоёр дахь бүтээл нь хийморь буюу салхин морь. Уг морь нь биет ертөнц, цахим ертөнц, өвөг дээдсийн ертөнц гурвыг холбох гүүр нь болж өгч байна гэсэн утгатай.

Гуравдугаарт лусууд. Энэ нь дэлхийн дулааралтай холбоотой бөгөөд дэлхий яагаад дулаараад байгаа шалтгаан нь хүн төрөлхтний алдаанаас болж байгаа тухай асуудлаа хөндсөн. Хамгийн сүүлийн бүтээл бол зам гэх бүтээл.

Ажиллах цагийн хуваарийн тухайд манайх даваа гарагт амарна. Харин бусад өдрүүдэд 11:00 - 18:00 цаг хүртэл ажилладаг. Үүсгэн байгуулагдсанаас хойш манай галерейг 420 гаруй хүн үзжээ. Ажлын өдрүүдэд 20-30 хүн, харин амралтын өдөрт 40-50 хүн үздэг. Мөн хувь хүн, албан байгууллагууд галерейгаар зочилж, төрсөн өдөр, номын нээлт, хурал цуглаан зэрэг хаалттай үйл ажиллагааг хийх бүрэн боломжтой юм.

БАГ 

Манай компани гүйцэтгэх захирал, куратор, үйл ажиллагаа хариуцсан хоёр менежертэй.

Куратор маань ерөнхийдөө уран бүтээлчидтэйгээ холбоотой бүхий л асуудлыг хариуцна. Анх уран бүтээлчидтэйгээ холбогдохоос эхлээд тухайн уран бүтээлч манай галерейн өнгө төрхтэй таарах уу гэдгийг маш сайн судлах үүрэгтэй. Харин Гүйцэтгэх захирал нь ерөнхий үйл ажиллагаа буюу маркетинг, менежментийг хариуцах бөгөөд бүтэн жилийн төлөвлөгөөгөө гаргаж, хүмүүстээ хуваарилан өгнө.

Үйл ажиллагаа хариуцсан менежер нь уран бүтээлийн танилцуулга хийхээс гадна галерейн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

ИРЭЭДҮЙ

Одоогийн байдлаар бид сард нэг олон улсын уран бүтээлчдийн медиа арт бүтээлийг олон нийтэд хүргэж, тогтвортой үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ техник, технологийн дэвшилтэт бүхий медиа урлагийн олон төрлийг хамруулсан үзэсгэлэнг хүргэх нэн тэргүүний зорилттой ажиллаж байна.

ЭРСДЭЛ 

Медиа Арт үзэсгэлэн нь бусад энгийн уран бүтээл шиг гарах боломжгүй. Учир нь өндөр өртгөөр бүтдэг төдийгүй гадны уран бүтээлчдэдээ мөнгө төлдөг тул санхүүгийн хувьд бэрхшээлтэй. Дараад нь, проекторууд нь уран бүтээлчдийн бүтээл, медиа ажлыг хийхэд техник, технологи нь шаардлага хангасан байх ёстой. Тухайн стандартад нь тохируулж оффисын проектороос илүү өндөр хүчин чадалтай проектор авах хэрэгтэй байдаг. Гэвч үүний линзний хугацаа дуусах гэхчлэн шинэ тоног төхөөрөмжөө авахаас эхлээд техникийн зардал өндөртэй. Мөн байнгын асааж байгаа учраас тог цахилгаанч их гарах нь ч бий. Тэгвэл энэхүү томоохон санхүүгийн дарамтаас гарах арга нь зөв менежмент хийж чанартай бүтээлийг олон нийтэд хүргэн өөрсдийн гэсэн тогтмол үйлчлүүлэгч нартай болох юм. Бид маркетингаа сайн хийж, шинэ зүйлийг таниулна гэдэг нь их чухал зүйл.

Үүнээс гадна гадны уран бүтээлчидтэй ажиллахын тулд цагийн зөрүүний асуудал их гарна. Олон уран бүтээлчидтэй холбогдоод, жагсаалтаа хурдхан гаргаад явахгүй бол энэ сарын уран бүтээлч дуусчихвал дараагийн уран бүтээлч нь бэлэн байх ёстой. Маш хурдтай л ажиллахгүй бол дунд нь уран бүтээлчгүй завсардах тохиолдол гарах эрсдэлтэй.

Хэрвээ та уг галлерейгаар зочлон, алжаалаа тайлахыг хүсвэл shoppy.mn сайтаар орж, тасалбараа захиалаарай.