Эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөн бол хүн бүрийн хамгийн үнэт хөрөнгө. Гэвч өнөө цагт хөдөлгөөний дутагдал, завгүй амьдралын хэмнэлээс шалтгаалан олон төрлийн эрүүл мэндийн асуудал нэмэгдсээр байна. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх, гэр бүлээрээ хамтдаа спортоор хичээллэх, алжаалаа тайлах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилготой “Саруул Спорт Комплекс” шинээр ашиглалтад орлоо. Энэхүү цогцолборт 10 төрлийн спортын хөтөлбөр байхаас гадна биеийг нөхөн сэргээх, алжаал тайлах үйлчилгээг ч багтаажээ. 

Ингээд энэ удаагийн нийтлэлээр хэдхэн хоногийн өмнө шинээр үүд хаалгаа нээсэн спорт цогцолбор ба биеийн алжаал тайлах төв “Саруул Спорт Комплекс”-ийг онцлон танилцуулъя. 

Нэр: Саруул Спорт Комплекс
Байршил: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Саруул шилтгээн хотхон
Үйл ажиллагааны чиглэл: Спорт цогцолбор ба биеийн алжаал тайлах төв
Үүсгэн байгуулагч: Ч.Чинбат
Үүсгэн байгуулагдсан он: 2026.02.25
Сошиал хуудас: Saruul Sport Complex (Facebook), Saruulsportscomplex (Instagram)
Уриа үг: Life in Motion


Ярилцлагыг: Саруул спорт комплексын Гүйцэтгэх захирал А.Сарантуяа

СЭДЭЛ

Жил ирэх тусам хүмүүсийн хөдөлгөөн багасаж, идэвхтэй амьдралын хэв маяг алдагдаж байна. Үүний үр дүнд зөвхөн биеийн жингийн асуудал төдийгүй зүрх судас, үе мөч, сэтгэл санааны эрүүл мэндтэй холбоотой олон төрлийн өвчин нэмэгдсээр байгаа нь нийгмийн нийтлэг асуудал болжээ. Иймээс бид гэр бүлээрээ хамтдаа дасгал хөдөлгөөн хийж, алжаалаа тайлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү спортын цогцолбороо байгууллаа.

Нөгөөтээгүүр, Хан-Уул дүүргийн маань энэхүү хэсэгт спорт цогцолборын төв байдаггүй юм билээ. Иргэд нь дасгал хөдөлгөөн хийх, спортын үйлчилгээ авахын тулд заавал өөр бүсийг зорьж очих шаардлагатай болдог байсан нь энэ бүсэд цогцолбороо байгуулах шалтгаан болсон юм. Уг төслөө 2019 оноос эхлүүлсэн хэдий ч олон жилийн турш төлөвлөж, сайжруулсаар 2026 оны эхний улиралд ийнхүү нээж байна.


ЯЛГАРАЛ

Монголд ийм төрлийн спорт цогцолборын газар олон байдаг ч тэднээс ялгарах бидний хамгийн том давуу тал нь цогц үйлчилгээ. Спорт цогцолборууд фитнесс, агаарын иога, ширээний теннис, бассейн зэрэг төрөл бүрийн спортын нэг дороос авах үйлчилгээг санал болгодог бол Саруул Спорт комплекс нь тэдгээр спортын төрлүүдээс гадна биеийг нөхөн сэргээх, алжаал тайлах төв багтсан гэдгээрээ онцлогтой. Барилгын гурван давхарт “Recovery & Wellness Center” бий. Үүнд толгойн спа, гоо сайхан, бариа, саун зэрэг алжаал тайлах үйлчилгээнүүд байх бөгөөд Финландад үйлдвэрлэсэн нөхөн сэргээх чиглэлийн хүчилтөрөгчийн аппарат, крио өөх хөлдөөх машин ашиглаж байна. Крио өөх хөлдөөх машинд -200°С хүртэлх хэмийн хүйтэнд гурван минут ороход биеийг цочроож, эд эсийг нөхөн сэргээх, галбиржуулах давуу талтай.


Дараагийн онцлог зүйл нь фитнессийн тоног төхөөрөмж. Бид төхөөрөмжөө дэлхийд алдартай Matrix брэндийн “Onyx” премиум цувралаар бүрэн тоноглосон Азийн анхны спорт цогцолбор болсон билээ. Цогцолборын зураг, төслийн үйл явцаас эхлэн Matrix брэнд бидэнтэй хамтран ажиллаж, тоног төхөөрөмжүүдийг маань хаана байрлах ёстойг чиглүүлж өгсөн. Түүнчлэн тухайн брэндээс Монголд үйл ажиллагаа явуулж буй спорт цогцолборуудын дунд нэгэн судалгаа явуулсан юм. Үүнд цогцолбор маань тоног төхөөрөмжийн тоо болон хүчин чадлаараа топ 3-т жагссан.


Гуравдугаар чухал онцлог нь агаарын чанарын индекс. Манай барилгын дотоод орчны агаарын чанарын индекс олон улсын стандартад бүрэн нийцэж, саяхан албан ёсны сертификатаа авсан юм. Бид зөвхөн барилга, тоног төхөөрөмжөөс гадна барилгын материалаа хүний биед хор нөлөөгүй байхаар сонгож хийсэн нь энэхүү индексийг баталж буй хэрэг. Мөн дуу тусгаарлалт, гэрэлтүүлгийг чанарын өндөр түвшинд шийдсэн.

САРУУЛ СПОРТ КОМПЛЕКС ГЭЖ ЮУ ВЭ? 

Саруул спорт комплекс нь гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан, олон төрлийн спортын үйл ажиллагааг нэг дор багтаасан орчин үеийн цогцолбор юм. Фитнесс, кроссфит, спиннинг, бассейн, иога, бүжиг, балет, ширээний теннис, сквош, шатар зэрэг спортын 10 төрлийн хөтөлбөр, сургалт байхаас гадна биеийг нөхөн сэргээх, алжаал тайлах төвтэй.

Нийт 6,600 м.кв талбайтай, дөрвөн давхар бүхий уг барилгад эрүүл мэндээ хамгаалж, идэвхтэй амьдралын хэв маягаа бий болгох бүх зүйл бий.

НЭР 

Манай цогцолбор зөвхөн биеийн спортоор хязгаарлагдахгүй, шатар зэрэг оюуны спортын төрлийг ч багтаасан. Мөн монголчуудын дунд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн зүйр цэцэн үг бий. Үүнээс улбаалан “Саруул” хэмээн нэрлэсэн билээ.

ОДОО

Нээлтийн хугацаанд манайхаар үйлчлүүлж, зургаан сарын гишүүнчлэлийн эрх худалдан авсан хүн бүрд урамшуулал бэлэглэнэ. Тэрхүү урамшуулал нь хоёр жилийн турш анхны үнээрээ гэрээ байгуулах явдал юм. Өөрөөр хэлбэл, нээлтийн хугацаанд ирж гишүүнчлэлийн эрх худалдан авсан тохиолдолд хоёр жилийн турш уг үнээрээ үйлчлүүлэх боломжтой болох юм. Манай үйлчилгээний үнэ яаж ч өссөн гишүүдэд маань хамаарахгүй гэсэн үг. Гэхдээ нэг зүйл сануулан хэлэхэд зургаан сарын гишүүнчлэлийн эрх авсан хүмүүс хугацаа нь дууссан үед хоёр сарын зайтай дахин гишүүнчлэлээ сунгах эрхтэй. Сунгахдаа гурав сар болон түүнээс дээш сунгах хэрэгтэй. Нээлтийн хугацаанд үйлчлүүлж, эрх авсан бүхий л иргэдэд урамшуулалтай, хүний тоо хязгааргүй.

Түүнчлэн фитнессээр хааяа хичээллэдэг хүмүүстээ зориулан сард 10 удаагийн оролттой, үнийн хувьд харьцангуй боломжийн үйлчилгээг гаргасан. Зургаан сараар эрх авсан тохиолдолд 70 удаагийн оролттой байна. Харин урт хугацаанд эрх авах хүсэлтэй хүмүүстээ зориулан алчуур, хоёр цаг ширээний теннис тоглох эрх, гутлын локер түрээс, 2-3 цаг үнэгүй зогсоол болон сард нэг удаа мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөө авах боломжийг олгож байна.


Баллет, шатрын сургалтад маань дөрвөн наснаас дээш хүүхдүүд бүртгүүлэх боломжтой бол усан бассейнд долоон наснаас дээш явна. Түүнээс гадна кардио хэсэг маань фитнессээс өөр давхарт байрладаг. Тиймээс зөвхөн кардио хийх боломжтой хүмүүст зориулсан багц ч гаргасан.

Цагийн хуваарь нь ажлын өдрүүдэд өглөө 06:00-23:00 цаг бол амралтын өдрүүдэд 08:00-22:00 цаг.

БАГ

Манайх одоогоор 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний соёл, хамтын хариуцлагыг эрхэмлэн, хүн бүрд аюулгүй, тав тухтай, олон улсын стандартын шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлэн ажиллах нь бидний үндсэн зорилт.

Бассейнд маань 17 жилийн туршлагатай багш ажилладаг бол фитнесст Монголд ердөө 12 байдаг мэргэжлийн тамирчдын нэг нь хичээл зааж байгаа юм. Харин эмэгтэй ахлах дасгалжуулагч маань сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнд амжилттай оролцож буй, шинээр гарч ирсэн авьяаслаг тамирчин. Кроссфитын багш нарын хувьд Монголд багшлах эрхтэй 10 гаруй хүн байдгийн хоёр нь манайд ажиллаж байна.

ИРЭЭДҮЙ

Манай цогцолборын хамгийн том зорилго бол хөдөлгөөний дутагдалгүй, зөв дадал зуршилтай, эрүүл чийрэг монголчуудыг бий болгох явдал. Тиймээс манай цогцолбороор үйлчлүүлж, өөрийгөө хөгжүүлсэн залуусаас дэлхийн хэмжээний аварга, олимпын медальтнууд олон төрөөсэй хэмээн хүсэх байна.


ЭРСДЭЛ 

Спорт цогцолборын үйл ажиллагаа явуулах нь нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг хэдий ч тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг салбар юм. Жишээ нь, бэртэл гэмтэл. Том хүн ч бай, хүүхэд ч бай аливаа спортод бие халаалт хийхгүй байх нь шагайгаа булгалахаас эхлээд гараа хугалах, үе мөчөө эвгүй болох зэрэг олон эрсдэлийг дагуулдаг. Тиймээс мэргэжлийн багш, дасгалжуулагчийн хяналт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг сайжруулж, стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийн хэвийн ажиллагааг ямагт хянан шалган ажиллаж буй.

Түүнээс гадна жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй бизнесийн зах зээлийн өрсөлдөөн болон улирлын онцлогоос шалтгаалан үйлчлүүлэгчдийн тоо хэлбэлзэл эрсдэл ч бий. Энэ үед үйлчилгээгээ чанартай сайн үзүүлж, хэрэглэгчээ аль болох сэтгэл ханамжтай байлгах тал дээр анхааран ажиллах төлөвлөгөөтэй байна.