Жил бүр сая сая тонн хуванцар хог байгальд хуримтлагдаж байдаг билээ. Тэдгээр хуванцрууд байгальд бүрэн задарч, шингэхэд хэдэн зуун жилийн хугацаа шаардагддаг нь дэлхий дахины томоохон асуудлуудын нэг болоод буй. Үүнийг багасгахын тулд олон улс болон дотоодод эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд олноор бий болж байгаа нь сайшаалтай. 

Тэдгээрийн нэг нь Сэгсгэрмаа брэнд. Үүсгэн байгуулагдаад найман жилийг үдэж буй тус компани даавуун тор үйлдвэрлэж, бизнесээ эхлүүлсэн бол өдгөө малгайтай цамц, гутлын уут, комптютерын гадар, хүүхдийн хоолны уут зэрэг 35 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Ингээд “Онцлох бизнес” булангийн энэ удаагийн дугаарт байгальд ээлтэй, удаан эдэлгээтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Сэгсгэрмаа” брэндийг онцолж байна. 

Нэр: Сэгсгэрмаа
Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 32-р хороо, 12-р байр 220 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэвлэл, худалдаа
Үүсгэн байгуулагч: Б.Наран
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Сошиал хуудас: Segsgermaa.com (Facebook), Segsgermaa (Instagram), Segsgermaa.com (Web)
Уриа үг: I save the Earth, use me as long as possible!


Сэгсгэрмаа брэндийн үйлдвэрийн Ерөнхий менежер Л.Ганчимэг

СЭДЭЛ 

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн мэдээлснээр дэлхий дахинд жилд 400 сая тонн хуванцар хог үүсдэг. Үүний дийлэнх хэсгийг нэг удаагийн хуванцар сав, гялгар уут эзэлдэг аж. Мэдээж эдгээр хог нь байгальд шингэхэд асар олон зуун жилийг зарцуулж байдаг. Монголд ч гэсэн хуванцар сав, гялгар уутны хэрэглээ их. Caritas Czech Republic Mongolia байгууллагын 2021 оны судалгаагаар Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд эхний 9-д эрэмбэлэгдсэн байна. Бид энэхүү асуудлыг анзаарч, хүмүүсийг гялгар тороо хэрэглээнээс халж, олон дахин ашиглах боломжтой эко даавуун торыг хэрэглээсэй гэх сэдлээр бизнесээ эхлүүлсэн юм.

Нөгөөтээгүүр, үүсгэн байгуулагч Б.Наран Их Британид 10 гаруй жил амьдарч байсан. Түүний анзаарснаар Их Британийн иргэд хувцас хэрэглэлдээ тийм ч их их ач холбогдол өгдөггүй, энгийн байдлыг илүүд үздэг бол Монголд эсрэгээрээ хувцас, гутал, цүнх зэрэгт ихээхэн зардал гаргадаг юм билээ. Гоё сайхан харагдахын тулд хувцас худалдан авч болох ч хэт их хувцас авах нь эцэстээ хог болж, хүрээлэн буй орчинд ч сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тиймээс хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхийн сацуу тэднийг байгальд ээлтэй сонголт хийхэд нь туслах зорилгоор бизнесээ эхлүүлээд байна.

ЯЛГАРАЛ

Монголд эко даавуун торны бизнес эрхэлдэг олон газар бий. Гэвч манайх дан ганц даавуун торноос гадна аяны эвхэгддэг цүнх, малгайтай цамц, бомбер жакет, гутлын болон дотуур хувцасны уут, компьютерын гадар, малгай, подволк зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаалдаг гэдгээрээ ялгарна. Мөн хамт олон, албан байгууллага, сургууль цэцэрлэг цамц, подволкийг захиалгын дагуу оёж, логог нь хэвлэдэг гэдгээрээ онцлогтой. Бусад газар бэлэн худалдаалж буй цамц, бүтээгдэхүүн дээр лого хэвлэж худалдаалдаг бол манайх хүн тус бүрийн биеийн онцлогт тааруулан оёно. Үүнээс гадна бид бүтээгдэхүүний материалаа Хятадаас өөрсдөө очиж авдаг. Аль болох чанартай тааран материалыг сонгож авдаг тул удаан эдэлгээтэй байдаг юм.


СЭГСГЭРМАА ГЭЖ ЮУ ВЭ? 

Сэгсгэрмаа брэндээ хамгийн энгийнээр тайлбарлавал хуванцар хогийг багасгах зорилготой, даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлгүүр юм.

Хуванцар тор хэдхэн зуун төгрөгийн үнэтэй. Харин манай даавуун торны үнэ 10,000 төгрөгөөс эхэлнэ. Ихэнх хүн хямд үнэтэй гээд гялгар торыг хэрэглэх хандлагатай байдаг ч гялгар тор хоёр, гурван удаа л хэрэглэгдэнэ. Харин даавуун торыг хэдэн жил ч ашигласан болно. Ингээд харвал даавуун торыг сонгох нь байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй сонголт байх болно.

НЭР 

“Сэгсгэрмаа” нь манай бизнесийн үүсгэн байгуулагч Б.Нарангийн багынх нь хоч байсан гэдэг. Тухайн үедээ өмнө нь огт ашиглаж байгаагүй, содон нэр сонгохоор төлөвлөж байсан хэдий ч нэр олдоогүй тул түрдээ өөрийнхөө хочийг өгчихсөн байсан юм. Яваандаа хэн ч сонссон мартагдахааргүй сонирхолтой санагдсан тул албан ёсны нэрээ болгосон.

ОДОО

Өнөөдрийн байдлаар манай компани 35 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс хамгийн эрэлттэй нь малгайтай цамц болон даавуун тор. Албан байгууллагууд багийн цамц, подволк захиалж, арга хэмжээний үеэр ирсэн хүмүүстээ бэлэглэх даавуун уутыг ихээр авдаг. Харин сурагчид, оюутнууд ангиараа нэгдсэн цамц хийлгэх нь нийтлэг.

Энэ оноос эхлэн улирал бүр бид мэргэжлийн дизайнертай хамтран ажиллаж, шинэ коллекц гаргахаар төлөвлөсөн. Түүнийхээ дагуу эхний загвар зохион бүтээгчтэйгээ хамтран ажиллаж байна.


БАГ 

Манай компани үйлдвэрийн менежер, оёдолчин, хэвлэлийн дизайнер болон гүйцэтгэх захирал гээд нийт дөрвүүлээ ажилладаг. Захирал үндсэн компанийн борлуулалт, алсын хараа, ойрын хугацаанд хийгдэх ажлуудаа төлөвлөдөг бол үйлдвэрийн менежер нь захиалга хүлээн авахаас эхлээд үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаа, хувцасны түүхий эдийн хангамж зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Харин оёдолчин бүтээгдэхүүний эсгүүр гаргаж, оёдлыг бэлтгэнэ. Хэвлэлийн дизайнер нь мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглан бэлэн болсон бүтээгдэхүүнд лого тэмдгийг нь хэвлэж бэлтгэдэг.

Байгууллага, хамт олон, сургууль хамгийн багадаа 100 ширхэг бүтээгдэхүүнийг захиалдаг тул ажлын ачаалал ихтэй. Тиймээс захиалга ихтэй үед 5-8 оёдолчин болон жижиг цехүүдтэй хамтран ажиллаж байна.


Зүүн гар талаас үүсгэн байгуулагч Б.Наран, оёдолчин Д.Отгонцэцэг, хэвлэлийн дизайнер А.Эрдэнэбаяр

ИРЭЭДҮЙ

Манай бизнесийн хамгийн том зорилго бол эко даавуун торыг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгох явдал. Хувь хүн, байгууллага гээд хэн бүхэн байгальд ээлтэй сонголт хийж, даавуун тор, цүнхийг ашиглаасай гэж бид хүсдэг. Уг бизнесээрээ дамжуулан дамжуулан байгальд ээлтэй бүтээгдэхүүнээ дэмжиж, хэрэглэдэг хүмүүсийн хүрээг улам тэлэхийг зорьж байна.

Одоогоор олон салбар дэлгүүр нээх бодолгүй байгаа ч хүн ихээр төвлөрдөг, олон нийтэд ойрхон газарт нэрийн барааны дэлгүүр ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа.

ЭРСДЭЛ 

Ийм төрлийн бизнес эрхлэхэд тулгардаг хамгийн том эрсдэлүүдийн нэг нь түүхий эдийн тасалдал болон гэнэт их хэмжээний захиалга орж ирэх явдал. Жишээ нь, нээгдээд удаагүй байхад Хас банк 10 жилийн ойдоо зориулан 2,500 ширхэг даавуун тор захиалсан юм. Үйлдвэрлэлийн хүчин чадал, хүний нөөц, тоног төхөөрөмж хангалттай биш байсан тул богино хугацаанд их хэмжээний бүтээгдэхүүн гаргах шаардлага тулгарсан.

Түүнээс гадна бүтээгдэхүүний материалаа Хятадаас татдаг учир хил хаагдах, тээвэр саатах үед түүхий эдийн хангамж тасалдах асуудал их гарна. Энэ нь үйлдвэрлэлийн явцыг удаашруулж, захиалгыг хугацаанд нь биелүүлэхэд хүндрэл учруулдаг.