Бизнесийг хөдөлгөгч зайлшгүй хүч бол зар сурталчилгаа. Тэр дундаа өнөө цагийн борлуулалтын ертөнцийг онлайн маркетинг, нөлөөллийн системгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Нэг талаас эл талбарт хүч түрэн орж ирэх контент бүтээгч, бизнес эрхлэгчид улам олширч буйг онцлууштай ч үүнийгээ дагаад талууд олны “бужигнаан” дундаас зөв хамтрагчаа олох, цаашлаад хамтын ажиллагааны үр дүн, бодит нөлөөллийг хэмжих боломж хомс. Бизнес эрхлэгчдийн хувьд ч хэн нэгнээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ суртачлуулах шийдвэр бооцоо тавихаас ялгаагүй санагдах нь олширсон гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ.
Тэгвэл энэхүү төөрдөг байшингийн гарцыг Sharely онлайн худалдаа, сурталчилгааны платформ санал болгож буй аж. Монголын анхны нөлөөлөгч сурталчилгааны систем болсон уг апп контент бүтээгч, бизнес эрхлэгчид албан ёсоор цуглах, мэдээлэл солилцох, тэр ч байтугай хөдөлмөрийн гэрээ үзэглэх талбар. Ингээд тус системийн онцлог болоод энэ онд нээлтээ хийгээд буй шинэхэн аппын тухай сонирхъя.
Бизнесийн нэр: Sharely - онлайн худалдаа, сурталчилгааны платформ
Хаяг: Гэрэгэ тауэр, 301 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээлэл технологи
Санаачлагч, хамтран үүсгэн байгуулагч: Г.Батбилэг
Үүсгэн байгуулагдсан: 2026
Веб хуудас: sharely.mn
Уриа үг: Ажлаа хуваалцъя, ашгаа хуваалцъя

сэдэл
Бид бүгд л найз нөхөд, хамаатан садныхаа бизнесийг эргэн тойрныхондоо хуваалцаж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сурталчилдаг шүү дээ. Тэгвэл түүнээсээ бодит үр шим хүртвэл ямар вэ? гэх санаанд хөтлөгдөн ‘Sharely’ аппаа хөгжүүлж эхэлсэн.
Нөгөө талаас бизнес эрхлэгчид ч зар сурталчилгаа хийхийн тулд заавал тусдаа орон тоо томилж, тогтмол цалин тавих нь байгууллагын бүтэц, хүний нөөц, орлого зарлагын хувьд үргэлж үр дүнтэй байдаггүй. Тэр дундаа зах зээлд дөнгөж хөл тавьж буй гарааны бизнесүүдэд энэ асуудал бүр ч их хүндрэл дагуулдаг. Үүнийг бид тал талаас нэгдэн шийдэх боломжтойг олж харсан юм.

Тухайлбал, аливаа байгууллагын үнэнч хэрэглэгчид пост, нийтлэл, рийл гэхчлэн өөрсдийн платформыг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээний сэтгэгдэл, бодит туршлагаа хуваалцах боломжтой. Ингэснээр “жинхэнэ” борлуулалт оруулж ирж, хэрэглэгчийг татаж буй сурталчилгаа, контент бүтээгчдийг хувь тооцон тогтмол урамшуулж, үйл ажиллагааны зардлаа илүү үр ашигтайгаар зохицуулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, зар сурталчилгааг “урсгал зардал”-аар бус урамшууллын системээр шийдэж байна гэсэн үг.
Мөн контент бүтээгчид нэмэлт орлогын эх үүсвэрээ олшруулахад илүү хялбар болно. Алсдаа зар сурталчилгааны салбар ч илүү барьцтай, бүтээлч, хамгийн гол нь бодит хэрэглэгчийн туршлагад тулгуурладаг болно гэж харж байна.
ялгарал
Бидний бизнес загвар өөрөө томоохон ялгарал. Sharely бол бизнес эрхлэгч, контент бүтээгчид ашигладаг LinkedIn, Instagram л гэсэн үг. Эндээс та ажил авч, бас “өгч” болно. Тэр дундаа контент бүтээгчдийн хувьд хийсэн зар сурталчилгааных нь портфолио болох боломжтой тул байгууллагуудад өөрийгөө шууд таниулах, суртачлах орон зай. Sharely апп-д бизнес эрхлэгч нар хэдэн ч бараа, бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй байршуулж болно.
Бараа бүр өөрийн гэсэн веб хуудастай болох бөгөөд тэрхүү барааг суртачлах контент бүтээгчдэд борлуулалтын холбоос очно. Уг холбоосыг контент бүтээгч өөрийн сурталчилгааны нэгэн хэсэг болгож нийтэд түгээх ба ухаалаг ‘Sharely’ холбоосоор лавшруулж сонирхсон, худалдан авалт хийсэн хүний тоог хянах боломжтой. Тус үр дүнд суурилан автоматаар урамшуулал бодогдоно гэсэн үг.

Гэхдээ бизнес загвар, ашиглаж буй технологиос илүүтэй бидний философи, алсын хараа хамгийн том онцлог юм болов уу. ‘Sharely’ аппаар зөвхөн борлуулалт, хүний нөөцийн асуудлыг шийдээд зогсохгүй “хүн бүр үнэ цэнтэй, бусдад нөлөөлөх боломжтой” гэдгийг харуулахыг, бодит нөлөөллийг бий болгохыг хүсэж байна. Уулын гутлыг аль олон дагагчтай нь бус тогтмол ууланд гардаг нэгэн суртачлана гэх санаа. Ингэвэл тэр сурталчилгаа дан ганц сурталчилгаа бус амьдралд хэрэгтэй “зөвлөгөө” болно. Худалдан авагчдын сонголт, үйлдвэрлэгчдийн санал болгох чанар ч сайжирна, зөв бүтээгдэхүүн нь зөв хүндээ очно. Ер нь хүн л хүндээ нөлөөлдөг шүү дээ.
нэр
Англи хэлний ‘share’ буюу хуваалцах гэдэг үгээс улбаалан бизнес эрхлэгчид болон зар сурталчилгаа хийх сонирхолтой хүмүүс ажлаа, бас ашгаа хуваалцах талбар нь болох сэдэлтэйгээр ‘Sharely’ нэрээ сонгосон.

sharely гэж юу вэ?
Sharely бол монголын анхнын нөлөөлөгч сурталчилгааны систем. Тус системд суурилан бизнес эрхлэгч, контент бүтээгчид холбогдох, тэр ч байтугай ажлын гэрээ байгуулах талбар болсон Sharely апп маань энэ онд хэрэглэгчдийн хүртээл болж байна.


Одоо
Одоогоор 300 бизнес эрхлэгч, 100 контент бүтээгчийг сонгож хамтран ажиллахаар хайж байна. Эдгээр хүмүүсийг зөвхөн аппдаа бус Sharely аппын санааг дэлгэрэнгүй танилцуулж, нийтэд түгээх арга хэмжээнд нэг дор цуглуулж, хоорондоо танилцах, хамтран ажиллах эхлэлийг нь тавих болно. Мэдээж бизнесээ улам өргөжүүлэх хөрөнгө оруулалт олохоор хичээж байгаа.

баг
Одоогоор манай баг дөрвөн гишүүнтэй. Бид Sharely-ээс өмнө Zochil онлайн худалдааны платформыг зургаан жил хамтран хөгжүүлсэн. Энэ хугацаанд 1.2 сая орчим хэрэглэгчийг татаж, 3000 гаруй онлайн худалдаа эрхлэгчтэй хамтран ажилласан туршлагадаа суурилан аппаа хөгжүүлж байна.

ирээдүй
Бид алсдаа мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилготой. Бодит хэрэглэгч, мэргэжилтнүүд өөрийн сайн мэддэг зүйлээ хуваалцаж нэмэлт оролготой болно гэсэн үг. Онлайн худалдааг илүү хялбар, амар, хамгийн чухал нь хүртээлтэй болгохыг хүсэж байна.
Үүний зэрэгцээ Монголдоо бол хөдөө орон нутаг, олон улсад гэвэл Еврази, Зүүн өмнөд азийн зах зээл рүү тэлэлт хийж, онлайн худалдааны системээ холбохоор ажиллах болно. Ирээдүйнд зөвхөн биет бараа бүтээгдэхүүн гэлтгүй ном, кино гэхчлэн оюуны бүтээлийг ч суртачлах орон зайг бий болгоно. Хүн бүр мэддэг, чаддаг зүйлээрээ гэртээ ч хамаагүй баялаг бүтээгч болоосой гэж хүсдэг.

Иймдээ ч нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зорилтот хэрэглэгчдэд хүрэх замыг товчлох, нэг ёсондоо худалдааны сүлжээ үүсгэх зорилго бий. Ингэж чадвал бид эдийн засгийн урсгалаа дотооддоо эргүүлэн татна гэж хардаг.
эрсдэл
Аппынхаа санааг нийтэд таниулах, ойлгуулах бол бидний хамгийн эхний сорилт гэж харж байна. Нэмээд онлайн бизнес эрхлэгчдийн хувьд хүргэлтийн дэд бүтэц хүндрэл дагуулдаг. Тиймээс хүргэлтийн үйлчилгээ сайтай компаниудтай хамтарч ажиллахыг зорьж байгаа.


Сэтгэгдэл бичих

