Та халаасандаа, эсвэл хуучин цүнхэндээ мартсан мөнгөө гэнэт олоод баярлаж байсан л биз дээ? Тэгвэл 1.2 сая төгрөгөөр хувьцаа авчхаад түүнийгээ таг мартаад хэдхэн жилийн дараа шалгаад үзтэл 3.6 сая төгрөг болтлоо өссөн байхыг харвал түүнээс ч илүү баярлах болов уу. Санхүүгийн ертөнцөд "таны унтаж байхад ч мөнгө өсдөг" гэж ярьдаг нь энэ. 

Гэхдээ яг бодит байдал дээр бидний ихэнх нь хувьцаа, бонд зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнд итгэлгүй, эсвэл сайн ойлгодоггүйгээсээ болоод хөрөнгө оруулдаггүй. Эсвэл хөрөнгө оруулъя гэхээр Монголын нөхцөлд бичиг цаас хөөцөлдөх, брокерын компани дээр заавал биеэр очиж данс нээлгэх, олон хуудас гэрээ маягтад гарын үсэг зурж, тамга тэмдэг даруулах зэргээр маш их цаг алддаг. 

Харин гар утаснаасаа хэдхэн товч дараад л өөртөө төдийгүй хүүхдэдээ автоматаар хувьцаа цуглуулж, хөрөнгийн зах зээлд 100 хувь цахимаар оролцох боломжийг Монголдоо анх удаа олгож буй "StockLab" компани эдгээр асуудлыг хэрхэн шийдсэнийг танилцуулъя. 

Бизнесийн нэр: Стоклаб Секьюритиз ҮЦК
Үйл ажиллагааны чиглэл: Үнэт цаасны компани
Үүсгэн байгуулагдсан он: 2021 он
Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал: Ё. Амарбат
Уриа үг: “Аппаараа арилж”

СЭДЭЛ

Компани байгуулах сэдлээ ярихын тулд өөрийнхөө түүхийг ярих хэрэгтэй болчхоод байгаа юм. Би 2007 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд анх Мобикомд ажилд орж байлаа. Тухайн үед би товчлууртай Nokia барьдаг байсан юм л даа. Тэгсэн захирал маань “Ирээдүйд ер нь гар утас түрийвч болох юм байна" гэж хэлж байхад нь ерөөсөө төсөөлөлд буухгүй байсан юм. Гэтэл одоо бодох нь ээ, нээрэн л тийм байсан. Мобикомын дараа Сангийн яам, Төрийн банкинд ажиллаж, 2019 оноос хойш хувийн хэвшлийн гээд нийтдээ 20 жил санхүүгийн салбарт ажиллаж байна.

1990-ээд оны эхээр хүн бүрд тараагдсан цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг олох гэж манай аав, ээж бид хэд Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах хуучин брокерийн компанийг хайж нэг барилгын гурван давхарт хэдэнтээ очиж хоосон хаалга мөргөж байсан юм. Арай хийж утасны дугаарыг нь олоод залгахаар цайндаа гарсан, хөдөө явсан гэсээр баахан цаг алдаад сүүлдээ шантарсан. Уг нь тэр хувьцаа миний өөрийн хөрөнгө байгаад байдаг.

Тэгсэн хэр нь “энэ миний хувьцаа юм аа, энийгээ данс руугаа авъя, ногдол ашгаа авья” гэж хэлэх гэж үнэт цаасны компани дээр биеэр очиж өргөдөл бичнэ. Тэр цаасыг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү явуулна, тэндээ хэд хоног олон шат дамжлагар орж хүлээгдэж байж нэг тамга дарагдана гээд хөрөнгийн зах зээлд оролцоход үнэхээр төвөгтэй, цахимжилт муу учраас энэ хооронд хүний цаг зав, цаас ч асар ихээр үрэгддэг.

Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал - Ё. Амарбат

Гэхдээ манай улсын санхүү тэр дотроо банкны салбар богино хугацаанд маш сайн цахимжсан. Өмнө нь бид утасны төлбөрөө төлөх гэж л Тэди-д очдог, байрны төлбөрөө төлөх гэж банканд очерлож байсан бол одоо бүх гүйлгээгээ гар утаснаасаа хийдэг болсон. Тиймээс хөрөнгийн зах зээл ч гэсэн үүний адил хялбар, гар утсаараа хувьцаа, бонд авч, өөрийнхөө мөнгийг өөрөө удирддаг байх ёстой гэсэн итгэл үнэмшлээр 2021 онд найзуудтайгаа нийлж "StockLab"-аа компаниа байгуулж, өөрийн платформ систем, апп-аа хөгжүүлж эхэлсэн юм.

Хөрөнгийн зах зээл зөвхөн санхүүгийн мэдлэгтэй цөөн хэдэн хүн л оролцдог байх ёсгүй угтаа бол баялгийг хамгийн тэгш хуваарилдаг шударга систем. Тиймээс хөдөө орон нутагт суугаа иргэн, эсвэл гадаадад ажиллаж, амьдарч буй монгол хүн ч тэр гар утсаараа дамжуулан хувьцаа эзэмшигч болж, эдийн засгийн үр шимээс хүртэх эрхтэй гэж боддог учраас хөрөнгө оруулалтыг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохоор Stocklab-ийг үүсгэн байгуулсан.

ЯЛГАРАЛ

Бид компаниа байгуулахаасаа өмнө 400 гаруй хүнээс түүврийн судалгаа авч хөрөнгийн зах зээлд оролцон хөрөнгө оруулалт хийхэд хүмүүст ердөө цөөн хэдэн асуудал тулгараад байгаа юм байна гэдгийг ойлгосон юм. Эхнийх нь "Ойлгохгүй байна" хоёр дахь нь “Оролцоход хэцүү байна", гуравдугаарт "Шимтгэл өндөр байна" гэсэн гурван гол асуудалд л ердөө хуваагдаж байсан юм. Уг судалгаан дээрээ үндэслээд эдгээрийг шийдэх дээр төвлөрч анх ажлаа эхлүүлсэн. Судалгаа авч байсан үе бол 2021 он одоо түүнээс хойш бид өнөөдрийг хүртэл доорх ялгарлыг үүсгэсэн байна.

100 хувь цахим үйлчилгээ: Үнэт цаасны данс нээх, үнэт цаасны арилжаа хийх, мөнгөө буцаан татах зэрэг бүх үйл явц ямар ч гэрээг цаасаар шаардахгүйгээр гар утаснаас хийгдэнэ. Манайх төлбөрийн HiPay системтэй холбогдсон тул хэрэглэгч данснаасаа мөнгөө татах хүсэлт өгөхөд хэдхэн минутын дотор шийдэгддэг. Тэгэхээр дэлхийн хаана ч байгаа хүн иргэний үнэмлэх, гадаад паспортоороо бүртгүүлээд шууд хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой гэсэн үг.

Шимтгэлийн уян хатан нөхцөл: Өмнө нь зах зээл дээрх арилжааны шимтгэл 3.5-4 хувьтай байсныг бид 1-0.68% хүртэл буюу төрийн дэд бүтцийн байгууллагын авдаг суурь шимтгэл хүртэл бууруулсан. Мөн жилийн хураамж 10,000 төгрөг, данс нээх хураамж 5,000 төгрөг гэд нийт 15,000 төгрөг байдаг ба үүнийг төлсөн шинэ хэрэглэгчдэд 1,000-100,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй хувьцааны багцыг бэлэглэж байгаагаараа онцлог. Тэгэхээр нэг ёсондоо хүнийг данс нээхэд нь үйлчилгээний хураамж авчхаад хоосон данс өгөлгүйгээр дотор нь хувьцааг нь авч өгөөд мөнгөтэй данс нээж өгдөг гэсэн үг.


Автомат хөрөнгө оруулалт: Хүн болгон санхүүгийн эрэлт, нийлүүлэлтийг ажиглаад тогтмол арилжаанд орж, хувьцаа авч чадахгүй. Хүний амьдралд байнга тийм зав нь ч олдохгүй, сурах зав ч олдохгүй байж болно. Тиймээс бид өдөр бүр, долоо хоногт, эсвэл сар бүр тодорхой дүнгээр (жишээ нь 10,000 төгрөгөөр АПУ, Хаан банк зэрэг компанийн хувьцааг) автоматаар татаж хөрөнгө оруулалт хийдэг системийг хөгжүүлсэн. Гэхдээ ямар ч хамаагүй хувьцааг ханшийн савлагаатай үед таны өмнөөс авч өгч байгаа биш харин ханшийн савлагаанаас сэргийлж, дундаж өртгөөр хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Хүүхдийн данс: Эцэг эхчүүд хүүхдийнхээ сар бүрийн 100,000₮ зарим нь хугацаатай хадгаламжид хийдэг байх зарим нь өөрт нь өгдөг харин зарим нь өөрсдөө аваад ч хэрэглэчихдэг байх. Гэхдээ банкны хадгаламжийн хүү 13 хувьтай байгаа ч инфляц мөн л энэ хавьцаа түвшинд байгаа тул тэр мөнгө маань яг өсөөд байна уу гэвэл бас үгүй. Харин сайн компанийн хувьцаа цаг хугацааны явцад үнээ өсгөж, ногдол ашгаа өгч байдаг онцлогтой. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйд хэрэглэх мөнгийг илүү өгөөжтэй өсгөхийг хүссэн эцэг эхчүүдэд төрсний гэрчилгээг нь оруулаад хэдэн ч хүүхдэд данс нээж, хүүхдийн мөнгөөр нь автоматаар хувьцаа авч өгөх боломжтой.

Урамшууллын систем: Мөн найзыгаа урьсан тохиолдолд 500-4,000 төгрөгийн урамшуулал авдаг referral систем гэхчлэн ялгарлууд олон бий. Тэгээд эдгээрийг нэг дор ганцхан апп-аас шийдэж байгаа нь хэрэглэхэд маш амар болгож байгаа юм.

STOCKLAB ГЭЖ ЮУ ВЭ?

Stocklab нь Монголын хөрөнгийн зах зээлд 100 хувь цахим шилжилт хийж, иргэдэд хувьцаа, бондын болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэргийн арилжааг гар утаснаасаа хялбархан хийх боломжийг анх удаагаа олгосон үнэт цаасны стартап компани юм.

НЭР

Нэр маань "Stock" буюу хувьцаа "Lab" буюу лаборатори гэсэн хоёр үгний нийлбэр бөгөөд хөрөнгө оруулалтын мэдлэг олгох, хөрөнгөө өсгөх лаборатори гэсэн утгыг илэрхийлдэг.

ОДОО

Одоогоор бид 60,000 орчим харилцагчтай бөгөөд жилд дунджаар тэдний 25-30% идэвхитэй хэрэглэгч болж арилжаанд оролцож, үүсгэн байгуулагдсанасаа хойш манай нийт харилцагчид 20 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас буюу хувьцаа бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа хийсэн байна. Цаашид одоо идэвхи муутай байгаа харилцагчдаа хэрхэн идэвхжүүлэх тал дээр анхаарч байна.

Тиймээс одоогийн гол зорилго маань эдгээр харилцагчдадаа хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг олгох, апп-д байгаа өөрийн үйлчилгээнүүд шинэ боломжуудыг таниулахад төвлөрч буй. Мөн энэ жил бид rebranding хийж өнгө төрхөө өөрчлөн байгаль орчинд ээлтэй буюу ургамлыг мөнгөтэй зүйрлэн хэрэглэгчддээ өнгө төрхөө шинэчлэн хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Ургамлыг ургуулахад хөрс, үр, арчилгаа, цаг хугацаа шаардагддаг шиг хөрөнгө оруулалт ч гэсэн судалгаа шинжилгээ, дадал зуршил, зөв шийдвэр шаарддаг. Бидний шинэ лого нь дотроо ургамлын навчны деталь, арилжааны эрэлт, нийлүүлэлт мөн хөрөнгийн зах зээлийн өсөлтийг бэлгэддэг бухын эврийг шингээсэн.

Энэхүү шинэ өнгө төрх, алсын хараатайгаа уялдуулан бид харилцагчдадаа зориулсан үйлчилгээ болон стратегиа Мэдлэгийн /Learn Lab/, Өсөлтийн /Growth lab/, Зах зээлийн /Market lab/ гэсэн гурван үндсэн хэсэгт шинэчилсэн нь цаашид хэрэглэгчдэдээ илүү ойлгомжтой хөрөнгийн зах зээлийн мэдээллийг олгохдоо бүхий л түвшинд нь хүрч ажиллах зорилгыг агуулж байгаа юм.

БАГ 

Манай компани стартап зарчмаар буюу маш хурдан шийдвэр гаргаж, илүү үр дүнтэй ажиллахыг зорьдог. Стартап компанийн нэг давуу тал бол хурд, уян хатан байдал байдгийн адилаар бид нэг их олон шат дамжлагатай нүсэр баг бүрдүүлэхээс илүүтэйгээр маш цомхон, чадварлаг хүмүүстэйгээр үр дүнтэй ажиллахыг зорьдог.

Бид хэд дундын нөөцийн моделийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн учраас компани дотроо тусдаа маркетинг, дизайн, нягтлан бодох бүртгэлийн ажилтан бүтэн цагаар ажиллуулахын оронд толгой компанитайгаа эдгээр мэргэжилтнүүдийг дундаа хуваалцаж ажилладаг.

Багийн хувьд гэрээтэй ажилладаг IT технологийн компаниудтайгаа төслийн agile зарчмаар ажиллан, өөрсдийн систем, апп хөгжүүлж, үндсэн болон дундын ажилчидтайгаа нийлээд 7-8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ИРЭЭДҮЙ

Бид таван жилийн дотор 100,000 харилцагчтай болох зорилт тавьсан. Ойрын хугацаанд дараах шинэчлэл хийхээр төлөвлөж байна:

Бонд болон хөрөнгө оруулалтын сангууд: Сүүлийн үед нээлттэй компаниудын бонд маш эрэлттэй болж, гарсан даруйдаа зарим тохиолдолд 3 минутын дотор л зарагдаж дуусдаг болсон. Банкны хадгаламжийн хүүгийн татвар 10 хувь байдаг бол нээлттэй бондын хүүгийн татвар хоёр дахин бага буюу 5 хувь байдаг тул өгөөж нь тэр хэрээр өндөр байдаг. Түүнчлэн биржийн бус зах дээр жилийн 18-20 хувийн хүүтэй бондууд тогтмол гарч байна. Тэр чинээгээрээ хөрөнгө оруулах сонголт, боломжууд олон болж байна. Энэхүү тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүдийг бид апп-даа шинэ үйлчилгээгээр нэвтрүүлж , нээлттэй хаалттай бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 100,000, 500,000, нэг өөрийн боломжтой хэмжээгээр авах боломжийг бүрдүүлнэ.


Гадаад арилжаа: Монголчууд Apple, Microsoft зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцааг авахад хэлний бэрхшээл, гүйлгээний өндөр шимтгэл зэргээс шалтгаалан тэр бүр авч чаддаггүй. Гадаадын хувьцааг бүхлээр нь авахад хэдэн сая төгрөг шаардлагатай болдог бол бид бутархайгаар буюу 5000, 10000₮ тааруулан гадаадын хувьцаа авах хялбар шийдлийг нэмэлт үйлчилгээ болгон оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд арилжааны таван том банк хуулийн дагуу нээлттэй ХК болж, хувьцаа Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж эхлээд байгаа бөгөөд ойрын үед Эрдэнэс таван толгой ХК болж, хувьцаа арилжаалагдах гэж байна. Мөн цаашид ч Монголын ТОП 100 аж ахуйн нэгжүүдээс стратегийн ордод хамаарах уул уурхайн олон компаниуд хуулийн дагуу ийнхүү хувьцаагаа арилжаалж эхлэх гэж буй.
Ингэж амжилттай яваа компаниуд нээлттэй хувьцаат компани болж, хувьцаа эзэмшигч бүр ногдол ашиг хүртэж, баялгаа шударгаар хуваарилдаг тэрхүү эрүүл тогтолцоо Монголд бий болох нь цаг хугацааны асуудал биз ээ.

ЭРСДЭЛ

Манай улсын хөрөнгийн зах зээл 30 орчим жилийн түүхтэй бөгөөд өндөр хөгжилтэй бусад улстай харьцуулахад харьцангуй залуу учраас хууль, эрх зүйн орчин, түүнийг дагасан дүрэм журам, зах зээлд оролцогчдын ойлголт, мэдлэг сул, суурь дэд бүтэц хөгжил сул зэрэг нь олон хязгаарлалттай.

Анх компаниа байгуулж байхдаа апп л хийгээд гаргачихвал хүмүүс шууд л хэрэглээд асар хурдан хугацаанд орлого, ашигтай болох юм байна гэж бодож байсан нь буруу байсан л даа. Хүмүүс хөрөнгийн зах зээл, хувьцаа, бондын талаар ойлголтгүй, зөвхөн банкны хадгаламжид л итгэдэг, уг сэтгэлгээ одоо ч байсаар л байгаа. Тиймээс бид бүтээгдэхүүн зарахаас илүүтэйгээр хүмүүст хөрөнгийн зах зээлд оролцон хэрхэн хөрөнгө оруулагч болох, ямар давуу талтай байдгийг ойлгуулахад илүү их цагаа зарцуулах ёстой болсон.

Одоогийн байдлаар нийт 3.5 сая монголчууд арилжааны банкны 9 сая орчим харилцах, хадгаламжийн данстайтай буюу банкны салбар нэг хүн дундажаар 3 данстай идэвхитэй оролцож байхад, хөрөнгийн захын хувьд Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг оролцуулахгүйээр ойролцоогоор 700 мянган иргэн их бага хэмжээгээр хувьцаатай буюу банктай харьцуулахад хэд дахин бага идэвхитэй байгаа нь нэг талаар сул тал буюу эрсдэлтэй ч ирээдүйд ойлголт мэдлэг нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нэмэгдэхэд маш их боломжтой гэдэгт итгэдэг.