Багш хичээлийн 40 минутад ангийн бүх хүүхдэд хүрч ажиллах, тогтмол анхаарал хандуулах боломж хомс. Ялангуяа нэг ангид 40, 50 хүүхэд зэрэг суралцах тохиолдол олонтой Монголын нөхцөлд энэ асуудал дэндүү түгээмэл юм. Тиймээс сурагчид хичээлээ бүрэн гүйцэт ойлгох, гэрийн даалгавраа хийхэд нэмэлт туслалцаа зайлшгүй хэрэг болдог билээ. 

Бид энэ удаагийн дугаартаа “Сурагч бүрд хувийн AI багш” уриатай suriy.mn платформыг танилцуулж байна. Даалгаврын сан, дижитал хичээл, үе шаттай туслалцааг хиймэл оюунаар зангидсан энэхүү платформ хоёрхон сарын дотор Монголын өнцөг булан бүрээс 60,000 идэвхтэй хэрэглэгчтэй болоод буй. 

Бизнесийн нэр: Suriy.mn платформ
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 14А байр
Үйл ажиллагааны чиглэл: Боловсрол, хиймэл оюун
Үүсгэн байгуулагч: Х.Цэлмэг
Үүсгэн байгуулагдсан: 2025 оны 11-р сарын 11
Цахим хуудсууд: TikTok, Instagram, Facebook
Уриа үг: Сурагч бүрд хувийн AI багш

СЭДЭЛ

Suriy.mn-ийн үүсгэн байгуулагч Х.Цэлмэг

Манай дүү дунд ангидаа 50 орчим хүүхэдтэй ангид сурдаг байсан юм. Багшаасаа юм асуух гэхээр төдийлөн боломж гардаггүй, тиймээс даалгавраа хийхдээ үргэлж гэрийнхнээ бараадна. Ээж, аав нар нь ихэвчлэн завгүй учир хамаатны дүү нар маань ч надад хандана. Үүнээс улбаалан хиймэл оюуныг ашиглаж сурагч бүрийг хувийн багштай болгох сэдэл төрж, одоогийн платформынхоо анхны хувилбарыг хийгээд хоёр дүүдээ суулгаж өгч байсан. Анх зөвхөн ойрын хүрээлэлдээ ашиглахаар бүтээсэн ч хожим нь багш нарын ажил хаялт, цар тахлын үеэрх хичээлийн тасалдал, бус нутаг хоорондын боловсролын хүртээмжийн ялгаа, салбарын хүний нөөцийн асуудал зэргээс олон хүн адилхан асуудалтай байгааг анзаарч нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр хөгжүүлсэн юм.

Миний хувьд боловсролын салбарт ажилладаг, нэмээд найман настайгаасаа код бичсэн минь энэ санаа руу хөтөлсөн болов уу. Дөнгөж код бичиж эхлэх үеийн “Том болоод программист болж, технологиор хүмүүсийн асуудлыг шийднэ” гэх утгатай “Миний мөрөөдөл” гэдэг зохион бичлэг маань одоо ч оффисын хананд өлгөөтэй байдаг.

ЯЛГАРАЛ

Мэдээж AI багш гэхээр ChatGPT, Gemini гэх мэт чатботуудаас юугаар ялгарах тухай асуулт сөхөгдөнө. Манай ялгарал бол асуулт асуусан даруйд хариултыг нь хэлж өгдөг бус, түүнийгээ олоход туслах үе шаттай чиглүүлэг өгдөг явдал. Жишээ нь, нэг бодлого асуухад тэрхүү бодлогыг бодоход хэрэгтэй томьёо, теоремыг эхэлж сануулна. Алхам алхмаар сэжүүр өгсний үндсэнд сурагч асуудлаа өөрөө шийднэ гэсэн үг. Мөн зөвхөн чатботоос гадна аливаа сэдэв, онолын тайлбарыг тэр даруй бичлэг болгон хүргэх технологийг ч нэвтрүүлж, хэрэглэгчийн туршлагыг илүү сонирхолтой, оролцоотой болгоход анхаарч байна.

Өөр нэг ялгарал нь сургалтын агуулгатай нягт холбоотой систем. Энгийн чатботоос давуу талтай нь сурагчийн суралцахуйн зорилтод суурилан бүтээсэн учир аливаа сэдвийн оновчтой тодорхойлолт, зөв нэршил, тохирсон хэллэгийг ашиглахаас эхлээд хичээлийн агуулгыг илүү үр дүнтэй хүргэж, уялдаа холбоотойгоор системчлэх чадвартай. Сурагчид хиймэл оюуны оношилгоо, түргэн тестээр түвшнээ тогтоож, өөрийн хурд, арга барилд тохирсон туслалцаа авдаг.


Түүнчлэн багш, сургалтын алба сурагчдынхаа үзүүлэлт, гүйцэтгэлийн нэгтгэлтэй танилцаж, хичээлээ илүү оновчтой төлөвлөх, цаашлаад эцэг эх нар ч хүүхдийнхээ сурлагын талаар тогтмол мэдээлэл авч болохуйц гурвалсан платформ болгохоор ажиллаж байна.

SURIY.MN ГЭЖ ЮУ ВЭ?

Suriy.mn бол хүссэн үедээ, хүссэн цагтаа, ямар ч сэдвээр ухаалгаар суралцахад туслах платформ. Шалгалтын бэлтгэл, давтлага, гэрийн даалгавраа хийхэд гээд “сурах”-тай холбоотой бүхий л зорилгоор ашиглах боломжтой бөгөөд жишиг даалгаврын сан, дижитал хичээл, төрөл бүрийн интерактив туслалцаа, үйлчилгээг нэгтгэсэн систем.

НЭР

Боловсролын платформ гэдэг утгаараа бүх зүйл л “сурах”-тай холбогдож байсан учир нэрээ ингэж сонгосон. Мөн бид цаашдаа ЕБС-ийн сурагчид гэлтгүй ямар ч сэдвээр суралцах хүсэлтэй, аль ч насны хүмүүсийн хэрэглээнд платформоо нэвтрүүлэхээр зорьж байгаа учир “ямар нэг зүйл сурахаар шийдсэн л бол манай хуудсыг зорих” гэдэг санаа өгөхийг зорьсон гэсэн үг.

ОДОО

Платформоо хамгийн эхэнд өөрийн ажилладаг “Цэлмэг дижитал интернэшнл” сургуулийнхаа эцэг эхийн өдөрлөг дээр танилцуулж, сургалтын үйл ажиллагаанд нь нэвтрүүлж байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд Сант, Томүжин, ЕБ-ын 31-р сургуулиуд нэмэгдэж нийт дөрвөн сургуультай хамтран ажиллаж байна. Одоогоор манай платформыг төгсөх ангийн сурагчид ЭЕШ бэлтгэлдээ ашиглаж байгаа. Манай “ЭЕШ про” багцад бүх хичээлийн сэдэвчилсэн тест хариутайгаа, хиймэл оюуны оношилгоотой байршсан. Нэмээд энгийн, премиум багц ч бий.

Бид хэрэглэгчдээ хоёр төрөлд хуваадаг. Манай платформыг хэрэгтэй үедээ, сонирхсон сэдвүүдийнхээ хүрээнд ашиглах хэрэглэгчид болон сургалтын агуулгын хүрээнд ашиглаж буй сурагчид. Одоогоор платформоо Монголдоо сайтар нутагшуулж, цөм хөтөлбөртэй улам нягт уяхаар ажиллаж байгаа. Сургуулиудад нэвтрүүлсэн туршлага, сургамж ч их бий учир системээ тухай бүрд нь сайжруулсаар байна.

БАГ

Манай баг гурван гишүүнтэй. Ихэнх ажил хөгжүүлэлт, маркетинг, хамтын ажиллагаа руу чиглэдэг. Сүүлийн үед гараар код бичихийн оронд хиймэл оюун, агентуудаар кодоо бичүүлж, өөрөө хянах байдлаар хөгжүүлэлтээ хийж байгаа. Хиймэл оюуныг 1-2 хүний сарын цалингаар цалинжуулж, идэвхтэй ашигладаг.

ИРЭЭДҮЙ

Саяхан бид дэлхийд алдартай Y Combinator Startup School 2026-д сонгогдож, 25,000 ам.долларын технологийн тэтгэлэг авсан. Тиймээс энэ боломжийг ашиглан олон улсын туршлагыг сайтар судалж, дэвшилтэт шийдлүүдээр системээ улам боловсронгуй болгоно. Цаашдаа түгээлтээ англи хэл дээр хийж, гадны зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ үүнээс урьтаж төлбөр тооцооны системээ төрөлжүүлж, улс дамнасан хамтралуудаа бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Эхний ээлжинд Казакстан, Узбекистан, Киргиз зэрэг ижил боловсролын асуудалтай зах зээлүүдийг судална. Үүний тулд хэрэглэгчийн баазаа тэлж, дижитал хичээлээ үзэнгээ AI багштай харьцах, хажуугаар нь явцын үнэлгээ хийх системийг хөгжүүлэх зорилготой.

ЭРСДЭЛ

Асуудал шийдэх гэсэн, юм хийх эрмэлзэлтэй залууст төрөөс гарааны бизнесээ эхлүүлэх таатай орчин нөхцөл, дэмжлэг, бодлого бага байдаг нь хамгийн том сорилт. Тэр дундаа боловсролын салбарт технологийн шийдэл нэвтрүүлэхэд шат дамжлага их. Үүнээс гадна хэрэглэгчид технологийн үнэ цэнтэй үйлчилгээг “худалдаж авах” соёл хараахан суугаагүй байна.