Эртний сүм, дуганын оройд залрах бодь гөрөөсөөс эхлээд язгуур алтайн бөөгийн өмсгөл, бүтэн сийлбэрт монгол гэр гээд үндэсний өв соёл, түүхийн жимээр аялуулах төрөл бүрийн уран бүтээл, үнэт олдворыг нэг газар цогцлоосон байна гэвэл та зорих уу? Тэгвэл бид Даваа гараг бүрийн Онцлох бизнесийн буландаа хэдхэн хоногийн өмнө үүд хаалгаа нээсэн даруйдаа зуу зуун жуулчдыг хүлээж аваад буй “Тэнгэрийн хүлэг” буюу “TE HU” өв соёлын галерейн хамт олныг урилаа. Ингээд үзэж сонирхоод дуусахгүй гэлтэй өвийн өртөөтэй танилцъя. 

Бизнесийн нэр: TE HU Өв соёлын галерей
Хаяг: Зайсан Хилл, 7-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Түүх, өв соёл
Үүсгэн байгуулагч: Ө.Зоригтбаатар
Үүсгэн байгуулагдсан: 2026 оны 6-р сарын 23
Цахим хуудас: Фэйсбүүк, Инстаграм
Уриа үг: Өв соёлыг өдөр тутмын урлаг болгоё


СЭДЭЛ

Ө.Зоригтбаатар, Үүсгэн байгуулагч

Би найруулагч мэргэжилтэй. Шуудхан харвал тайз дэлгэцтэй ойрхон мэргэжил ч найруулга бол угтаа аж байдал, хүн судлалын мэргэжил гэж боддог юм. Оюутан ахуйдаа их юм уншиж, сонирхож явахдаа түүх, тэр дундаа монгол ахуй, эрт үеэс уламжилж ирсэн шүтлэг барилдлагыг гүнзгийрүүлэн судлах болсон. Тийм ч учраас өв соёл, үлдсэн түүхээ хадгалж, таниулахад хувь нэмэр оруулах хүслээр энэхүү галерейгаа нээгээд хэд хонож байна. Бидний үндэсний ой санамж бага багаар мартагдах вий гэж эмээх үе бишгүй олон тохиодог учир энд монгол түүх соёлыг төрөл бүрийн уран бүтээл, үнэт өвүүдээр дамжуулан мэдрүүлж, мэдээлэх гол зорилготой.

ЯЛГАРАЛ

Монголд буй ихэнх галерейн ялгарал нь тухайн галерейн байршуулж дагнасан бүтээлийн төрөл байдаг бол бид өөрсдийн концепцоороо өнгө төрх, ялгарлаа тодорхойлж буй. Өөрөөр хэлбэл, зөвхөн уран зураг, баримал гэлтгүй “Монгол” гэх амин чанарыг агуулсан төрөл бүрийн уран бүтээл, үнэт өвүүдийг нэг дор өртөөчилсөн. Мөн адууны соёлыг бүх талаар шингээсэн онцлогтой учир үүх түүхийг нь таньж мэдэхийг хүсвэл манайхыг зориорой гэх байна.

Галерей маань хураамжгүй тул эндээ багахан борлуулалт хийдэг. Орлогын гол эх үүсвэр нь арьсан эдлэл, эсгий урлал, ноос ноолууран бүтээгдэхүүн. Үүгээрээ жуулчдад үндэсний үйлдвэрлэлээ ч таниулна. Ташрамд дурдахад, манайх гэдэг гурван үеэрээ арьсан эдлэл, үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа нэг ёсны өв тээгчид. Эмээ маань оёдолчин, ээж аав маань цех, үйлдвэрийн ажилчид байсан, би ч өдгөө тав дахь жилдээ “Тул” брэндээ эрхэлж буйн хувьд амьдрал маань жижиг дунд үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой гэж боддог юм.


TE HU ГЭЖ ЮУ ВЭ?

TE HU бол маш товчхондоо үндэсний өв соёл, ёс заншил, удам угсааг сануулах, таниулах зорилготой галерей. Хойморт маань Монголын язгуур алтайн бөөгийн өмсгөл, хуяг, тахил шүтээн, урц байрласан. Эндээс бөөгийн өв соёлтой бүрэн танилцаж, мэдрэх боломжтой. Зүрхэн хэсэгтээ их эзэн Чингис хааны агуу түүхийг таниулах өртөөтэй. Цаашлаад бурхны шашин, тэр дундаа улааны шашны зүтгэлтнүүдийн урлаж, хэрэглэж асан цамын бүтээлүүд, эртний сүм, хийд, дуганы оройд байдаг бодь гөрөөс ч бий.


НЭР

Монгол өв соёлын салшгүй нэг хэсэг болох адууг онцгойлон дээдэлж Тэнгэрийн Хүлэг гэх нэрийг анх сонгосон юм. Гэхдээ бид гадны жуулчид их хүлээж авдаг, цаашдын үйл ажиллагаагаа Монголын зах зээлээс тэлэх төлөвлөгөөтэй учир энэ нэрээ дуудахад хялбарчилж, эхний үеүдээр нь товчлох болсон. Шууд л TE HU гээд латинаар бичихэд ч амар.


ОДОО

Энэ сарын 11-13-нд тохиох Дэлхийн адууны өдөрт бэлдэж байна. Энэ өдөр 50 гаруй улсын адуучид чуулах бөгөөд бид галерейн хамт олноороо оролцож, түүхийн хөтөлгөө хийнэ. Мөн галерейдаа эмээл, хазаараас эхлээд адуутай холбогдолтой эртний олдворуудыг байршуулж залахаар бэлтгээд байгаа. Цаашдаа ч Монголын үндэсний язгуур урлагийн бүтээлүүдээр тогтмол баяжуулна. Үүд хаалгаа нээгээд ердөө долоо хонож байгаа ч аялал жуулчлалын компаниуд манайхыг хөтөлбөртөө тусгаж эхэлснийг их олзуурхаж байгаа. Энэ хэрээр жуулчдын хөл ихсэх учир бид илүү олон хүнд хүрч үйлчлэхээр зэхнэ дээ.


БАГ

Бид эндээ 13-уулаа. Гэхдээ зайнаас ажилладаг маркетинг, харилцаа холбооныхон маань нийлээд 20 гаруй хүн бий. Бүгд л шинэ зүйл эхэлж байгаа учир байгаа бүхнээ зориулан ажиллаж байна. Бидний ажиллах зарчим ажлаа зүгээр нэг хийх зүйлийн жагсаалт, дуусгах ёстой ээлж гэж биш, өөрсдийн бүтээл, шинийг санаачлах орон зай гэж харах явдал. Би ч өөрөө галерейнхаа хөтчийн хувьд нэг хүнийг ч алгасалгүй бүтээлүүдээ тайлбарлаж, түүх соёлоо таниулахыг хичээж байгаа. Долоо хоногийн бүх өдөр, 08:00-23:00 цаг хүртэл, хоёр ээлжээр ажилладаг. Жуулчдын урсгалыг харахад зун гэлтгүй өвөл ч ачаалалтай байх шинжтэй.

ИРЭЭДҮЙ 

Ямартай ч гаднын зах зээл рүү гарч, дэлхийн өнцөг булан бүрд монгол түүх соёлоо таниулах хүсэлтэй. Одоогоор гаднаас гэвэл голцуу Солонгос, Хятад, Тайван гээд 20 гаруй улсаас өдөрт дор хаяж 300-400 жуулчин зочилж байна. Энэ янзаараа ирэх жилийн өдийд гэхэд 500,000 жуулчинд өв соёлоо үзүүлчихнэ гэсэн төлөвлөгөөтэй. Гэвч гэрээ засаад төрөө засдаг номоор эхэлж монголчууддаа сайтар хүрч, эндхийн зах зээлд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлох зорилго бий.


ЭРСДЭЛ 

Нээгээд дөнгөж долоо хонож байгаа учир үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхийн тулд орлогын эх үүсвэрүүдээ тодорхойлох, ажилчдадаа цалингаа тавихаас эхлээд бүх юм л шинэ сорилттой, дагаад их айдас, түгшүүртэй байна. Гэхдээ эрсдэлгүй зүйл гэж угаас байхгүй учир анх галерейгаа нээх болсон сэдлээ өөртөө болон багийнхандаа тогтмол сануулж, урдах зүйлээ хийгээд явахад аяндаа хөлөө олно гэж итгэж байгаа.