Цахим худалдаа эрчимтэй хөгжихийн хэрээр хүмүүс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ гэрээсээ захиалж, хүссэн газраа хүргүүлэн авах нь түгээмэл үзэгдэл болжээ. Үүнд захиалсан бараа, илгээмжийг цаг алдалгүй, зөв хаягт нь хүргэхэд хүргэлтийн үйлчилгээ чухал үүрэгтэй.
Тиймээс бид энэ удаагийн “Онцлох бизнес” буландаа хүргэлтийн үйл явцыг илүү хялбарчилж, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх боломжоор хангаж буй “UBCab Express”-ийг онцолж байна. 2020 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй тус байгууллага өдгөө 1,8 сая хэрэглэгчтэй болж, өдөрт дунджаар 20,000 гаруй хүргэлт хийж буй.
Тэдний үйл ажиллагааны онцлог, ялгарах давуу тал, хүргэлтийн үйлчилгээгээ хэрхэн хялбарчилж, хөгжүүлж буй талаар эл нийтлэлдээ дэлгэрүүлэн хүргэе.
Бизнесийн нэр: Юбикаб Экспресс
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Central Park Tower, 8-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Хүргэлт, логистикийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2020 он
Сошиал хуудсууд: UBCab Express (Facebook), ubcabexpress (Instagram), Ubcabexpress.mn (Web)

СЭДЭЛ
Анх 2013 онд хэдэн инженер залуу Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор UBCab-ийг үүсгэн байгуулж байлаа. Тухайн үед такси үйлчилгээ өнөөгийнх шиг өргөн хүртээмжтэй байгаагүй, ялангуяа өвлийн хүйтэнд гадаа удаан хугацаагаар такси хүлээж зогсох нь иргэдэд тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг байв. Тиймээс бид энэхүү асуудлыг шийдэж, хүмүүсийг такси олох гэж цаг алдалгүй, гар утаснаасаа унаагаа дуудах боломжийг бүрдүүлсэн юм.
Арван жилийн хугацаанд UBCab-ийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр, нийслэл хотдоо амьдарч буй иргэдийн дийлэнх нь ашигладаг, 130 мянга гаруй жолоочийг нэгтгэсэн, Монгол орны 21 аймагт хүрсэн үйлчилгээ болон хөгжсөн. Энэ үед бидэнд нэгэн шинэ санаа төрсөн нь UBCab Express хүргэлтийн үйлчилгээ.

Гэртээ хүүхдээ асарч буй ээжид хэрэгцээт эм, хүүхдийн амин дэмийг яаралтай авах шаардлага гарах, чухал бичиг баримтаа гэртээ мартах, эсвэл хайртай дотнын хүндээ бэлэг, илгээмж хүргэж өгөх хэрэгцээ гарах гээд бидний өдөр тутмын амьдралд хүргэлт их хэрэг болдог. Хэн нэгнээс тусламж гуйх гэхээр бусдын цаг завыг бодох, өөрөө очиж авах гэхээр ажил, амжуулах ёстой зүйлсээсээ хөндийрөх шаардлага гарна. Ингээд л нэг ажлаа ч амжуулж чадалгүй өдөр дуусах нь бий. Яг л ийм нөхцөлд хэрэгцээтэй зүйлсийг хүссэн газарт нь, хэрэгтэй цагт нь шуурхай хүргэж өгөх зорилгоор хүргэлтийн үйлчилгээгээ эхлүүлсэн юм.
ЯЛГАРАЛ

Улаанбаатар хотод хүргэлт хийхэд тулгардаг томоохон бэрхшээлүүдийн нэг бол яах аргагүй хаяг, байршлын мэдээлэл. Ялангуяа гэр хорооллын зарим гудамж талбай, хашаа байшин нь хаягжилт байдаггүй тул хэрэглэгчид маань байршлаа тайлбарлахдаа “Дэлгүүрийн арын ногоон хаалга”, “Худаг өгсөөд баруун талын хашаа” гэх мэтээр тайлбарлах нь бий. Ийм тохиолдолд газрын зураг ашиглан хүрэх газраа олно гэдэг тийм ч амар зүйл биш.
Харин бидний хувьд Улаанбаатар хотод арван жилийн турш таксины үйлчилгээ үзүүлэхдээ хотын зам, гудамж, байршлыг сайн мэддэг болсон. Эдгээр туршлагадаа тулгуурлан Google газрын зурагтай уялдсан хаягийн систем, мөн монгол хэлээр зам зааж өгдөг систем хөгжүүлсэн юм. Үүний үр дүнд UBCab-ийн жолооч нар маань зорчигчдоо өмнөхөөсөө 25 хувиар хурдан хүргэж, хугацаа болон үнийн талаарх гомдлыг 30-40 хувиар бууруулж чадсан шүү. Энэ бол бидний бусдаас ялгарах хамгийн эхний онцлох давуу тал.

Хоёрдугаарт, хурд ба хүргэлтийн хугацаа. Google газрын зурагтай хамтран ажилласнаар бид хаяг, байршлыг нарийн тодорхойлж, хүргэлт очих хугацааг илүү бодитой тооцоолдог болсон. Одоогоор хот доторх хүргэлт дунджаар 40-50 минут болж байна. Гэхдээ замын түгжрэлээс шалтгаалан хүргэлтийн хугацаа өөрчлөгдөх боломжтой. Үүнээс гадна 21 аймаг, 330 сумын хэрэглэгчдэдээ хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ захиалгыг хэрэглэгчдэд аль болох хурдан хүргэж, орон нутгийн иргэд ч хүссэн бараа бүтээгдэхүүнээ төвөггүй захиалан авах боломжийг бүрдүүлэхийг зорьдог юм.
Гуравдугаарт, бизнесүүдэд зориулсан API үйлчилгээ. Бизнес эрхлэгчдийн хувьд захиалсан бараагаа хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх нь чухал. Ялангуяа хүргэлтээ өөрсдөө хариуцдаг бизнесүүдэд жолооч ажиллуулах, захиалга бүрийг бүртгэх, хүргэлтийн явцыг хянах гээд цаг хугацаа, зардал шаардсан ажил олон бий. Харин бид эдгээр ажлыг хялбарчлах зорилгоор бизнесүүд өөрсдийн захиалгын системтэй холбон ашиглах боломжтой API үйлчилгээг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, бизнесүүд захиалгын системээ манай үйлчилгээтэй холбосноор захиалга бүрийн хүргэлтийг автоматаар зохион байгуулах боломж бүрдэнэ гэсэн үг. Ингэснээр хүргэлт бүрийг гараар бүртгэж, жолоочтой тус бүрчлэн холбогдох шаардлагагүй болохоос гадна хэрэглэгчид захиалсан барааныхаа хүргэлтийн явцыг гар утаснаасаа хянах боломжтой нь хамгийн том давуу тал.
UBCAB EXPRESS ГЭЖ ЮУ ВЭ?

Товчхондоо UBCab Express бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн илгээмж, бараа бүтээгдэхүүнийг хэрэгтэй газарт нь шуурхай хүргэх хүргэлтийн үйлчилгээ юм. Хувь хүний өдөр тутмын хэрэгцээ болон байгууллагын хүргэлтийн ажлыг хялбарчлах зорилгоор бид хэд хэдэн төрлийн үйлчилгээ санал болгож байгаа. Тэдгээрийг товчхон танилцуулбал:
Шуурхай хүргэлт: Захиалагчийн заасан хаягаас бараа, илгээмжийг нь очиж аваад, Улаанбаатар хот дотор хүссэн хаягт нь шууд хүргэж өгнө. Илгээгчээс хүлээн авагчид хүртэлх хүргэлтийг найдвартай, шуурхай зохион байгуулдгаараа онцлог. Мөн байгууллагууд ч гэсэн захиалга, илгээмжээ цаг алдалгүй хүргүүлэх боломжтой.
Чиглэлийн хүргэлт: Онлайн дэлгүүр, худалдааны платформуудаас ирсэн бараа, илгээмжийг агуулахаас нь авч, Улаанбаатар хот болон 21 аймагт хүргэж өгнө. Temu-гийн Монгол дахь хүргэлт мөн энэ үйлчилгээгээр дамждаг.
Ачаа тээвэр: Энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэглэгчид аппаар дамжуулан пикап болон ачааны машин дуудах боломжтой болсон. Энэ үйлчилгээгээр нүүлгэлт хийх, тавилга болон овор ихтэй бараа тээвэрлэх бүрэн боломжтой.
НЭР

Бид хүргэлтийн үйлчилгээгээ аль болох хурдан, шуурхай хүргэхийг зорьдог учраас Express буюу шуурхай гэсэн үгийг үндсэн брэнд дээрээ залгасан.
ОДОО

Одоо бидний хувьд хамгийн чухал зүйл бол хүргэлтийн үйлчилгээгээ илүү хурдан, найдвартай болгох. Сүүлийн жилүүдэд онлайн худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр хүргэлтийн захиалга ч өсөж байна. Тиймээс бид хүргэлтийн үйл явцыг хялбарчилж, цаг хугацаа хэмнэхийн тулд олон төрлийн технологийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн.
Тухайлбал, орон нутаг руу илгээх бараа бүтээгдэхүүн, илгээмжийг очих аймаг, сум, байршлаар нь ангилахад маш их цаг ордог. Ямар нэгэн автомат машин байхгүй учраас бүгдийг нь нэг бүрчлэн гараараа ялгана. Тиймээс бид автомат ангилах машин нэвтрүүлсэн. Одоо бүх илгээмжийг автомат машин маань уншиж, очих газраар нь ялгаж, тохирох хайрцагт автоматаар оруулж байгаа. 20,000 гаруй илгээмжийг ердөө дөрвөн цагийн дотор л ангилдаг болсон нь сайшаалтай.

Хүмүүс биднийг зөвхөн суудлын автомашинаар хүргэлт хийдэг гэж ойлгох нь бий. Гэвч бид илгээмжийн хэмжээ, онцлогт тохируулан явган хүргэгч, дугуй, суудлын болон ачааны машин зэрэг олон төрлийн тээврийн хэрэгсэл ашигладаг. Тухайлбал, жижиг хэмжээтэй илгээмжийг явган болон дугуйтай хүргэгчээр хүргүүлдэг бол тавилга зэрэг овор ихтэй барааг ачааны машинаар тээвэрлэдэг. Үүнээс гадна цахилгаан машин ч бий. Энэ мэтчилэн хүргэлт бүрд тохирсон аргыг сонгож, үйлчилгээгээ илүү оновчтой зохион байгуулахад анхаарч байна даа.
Мөн бид хүргэлтийн үйл ажиллагаагаа хянах өөрийн платформыг хөгжүүлсэн. Жолооч нар маань тусгай аппаараа дамжуулан хэн хаана явж байгаа, хэдэн захиалга хүргэж байгааг шууд харах боломжтой. Өдөрт ойролцоогоор 20,000 захиалга хүлээн авдаг учраас энэ систем хүргэлтүүдийг зохион байгуулах, хянахад чухал үүрэгтэй.
БАГ

Манай баг үндсэндээ хоёр хэсгээс бүрддэг юм. Нэг хэсэг нь оффист ажилладаг бол нөгөө хэсэг нь хүргэлтийн жолооч, ажилчид.
Манай багийн хувьд аливаа зүйлийг хэзээ ч худал хэлэхгүй гэсэн үндсэн зарчмыг баримталдаг. Хүргэлтийн явцад ямар нэгэн асуудал гарч, алдаа гаргаж болно шүү дээ. Тухайн алдаанаасаа суралцаад илүү сайжрах ёстой учир аль болох багийнхантай хэлэлцэж, хамтдаа гарц шийдэл хайхыг эрмэлздэг. Харин ямар нэгэн алдаа гаргаад түүнийгээ хэлэхгүй нуугаад, худлаа ярихыг хүлээн зөвшөөрдөггүй.
Мөн улирал бүр ажилтнууддаа орлого, ашиг, гаргасан алдаа дутагдлаа нээлттэй танилцуулдаг. Ингэснээр хүн бүр байгууллагадаа юу болж байгааг мэдэж, бие биедээ итгэж ажиллах боломж бүрддэг.
ИРЭЭДҮЙ

Бидний хамгийн том зорилго бол Монгол орны маань хаана ч амьдардаг хүн захиалсан бараагаа Улаанбаатарт амьдардаг хүнтэй адил хурдан, найдвартай хүлээж авдаг болох юм. Тиймээс юун түрүүнд Монголын хаана ч байсан захиалсан барааг нь хүргэж өгдөг сүлжээг бий болгохыг зорьж байна. Үүний тулд 21 аймгийг холбосон хүргэлтийн сүлжээтэй болж, барааг ангилан ялгах төвүүдээ хөгжүүлэн, бизнесүүдэд хүргэлтийн үйлчилгээгээ ашиглах боломж бүрдүүлнэ. Ингэж чадвал, хүмүүс хаанаас ч бараа захиалсан санаа зовохгүй, хүргэлтээ найдвартай авах боломжтой.
Түүнчлэн бид 2029 он гэхэд нийт хүргэлтийнхээ 60 хувийг цахилгаан автомашинаар хийх зорилт тавьсан. Цахилгаан автомашин ашиглах нь шатахууны зардлыг хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.
Харин хэтийн зорилго гэвэл Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд хүргэх үйлчилгээг хөгжүүлэх зорилготой. Өнөөдөр гадаадаас манай улсад ирж байгаа импортын бүтээгдэхүүн маш их байна. Тиймээс цаашдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломж олгохыг хүсэж буй.
ЭРСДЭЛ

Одоо манай салбарт тулгарч байгаа нэг том асуудал бол шатахууны хомсдол, үнийн өсөлт. Бензиний үнэ нэмэгдэхээр дагаад манай хүргэлтийн зардал өсөх нь ойлгомжтой. Гэхдээ бид аль болох үнээ нэмэхгүй, тогтвортой ажиллахыг хичээж байгаа юм. Тиймээс бид дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, хүргэлтийн маршрутыг оновчтой болгох зэргээр боломжит арга замыг эрэлхийлж байна.
Мэдээж хэрэг хүргэлтийн үйлчилгээ, хүргэлтийн ажил хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Жолооч, хүргэлтийн ажилтан болох хүсэлтэй хүмүүс олон байдаг ч ажлын онцлог, ачаалалд дасаж амжилгүй шантран гарах тохиолдол бий. Тиймээс бид шинэ ажилтнуудаа ажилдаа дасахад нь илүү анхаардаг болсон. Өмнө нь жолооч нарыг шууд ажилд гаргадаг байсан бол одоо эхлээд ажлыг нь зааж, дадлага хийлгэдэг. Шаардлагатай үед хамт ажиллаж, ажлаа бүрэн ойлгон, бие даан хийх чадвартай болсны дараа ажиллуулдаг.
Нөгөөтээгүүр, хүргэлтийн ажилтан гэхээр зарим хүмүүс мөнгөний дутагдалд орсон эсвэл өөр хийх ажил олдоогүй хүмүүсийн хийдэг ажил мэтээр ойлгоод байдаг талтай. Гэвч энэ бол нэмэлт орлого олох боломж гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай хүргэлтийн ажилтнуудын маань дунд багш, эмч, төрийн албан хаагч, тэтгэврийн хүмүүс гээд нийгмийн олон салбарынхан бий. Тэд үндсэн ажлынхаа хажуугаар санхүүгийн асуудлаа шийдэж, нэмэлт орлого олж байгаа. Мөн оюутнууд хичээлийнхээ хажуугаар явган хүргэлт хийж, өөрийн цаг завд тохируулан нэмэлт орлого олдог юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бид бизнесүүдэд зориулсан Business+ үйлчилгээг нэвтрүүлсэн. Таван сарын хугацаанд ажиллуулсан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй тул энэ оны тавдугаар сард үйлчилгээгээ зогсоох шийдвэр гаргасан. Аливаа ажлыг эхлүүлэх амархан ч үргэлжлүүлэх эсэхээ зөв шийдэх нь чухал. Үр дүнгүй байгааг нь мэдсээр байж цааш үргэлжлүүлэхийн оронд цаг тухайд нь зогсоож, дараагийн боломждоо анхаарах хэрэгтэйг энэ туршлагаас сайн ойлгосон доо.
Сэтгэгдэл бичих

