Шинэ он дөхөөд ирэхээр эсвэл урин дулаан цагаар фитнест явах, шинэ зүйл туршил хүсэл төрдөг дөө? Гэхдээ фитнес клубт жилийн эсвэл сараар нь гишүүнчлэл авахаар хэдхэн долоо хоног яваад амархан уйдчихна, ажилтайгаа зохицуулж хугацааг нь тааруулах боломжгүй, сарын тэмдэг ирсэн үедээ тасалж болохгүй гээд уян хатан бус. 

Дээрээс нь ганцхан төрлийн дасгалыг, нэг л орчинд хийгээд байхаар арай өөр юманд явж үзмээр санагдаад нэг иогт ч явж, нэг бол бокст явж, пилатес, балет гээд ээлжилсээр тууштай хичээллэдэг юмгүй үлдэх нь бий. Энэ бүх асуудлыг шийдэж илүү уян хатан нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгож буй аппыг энэ удаагийн онцлох бизнес буландаа онцолж байна.

Бизнесийн нэр: Wellzo
Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэнд, фитнес гишүүнчлэлийн нэгдсэн платформ
Үүсгэн байгуулагдсан: 2026 оны 9-р сарын 15
Цахим хуудсууд: well-zo.com, Facebook: Wellzo
Уриа үг: “Хэмнэлээ олж нээ”

сэдэл

Хүн болгонд үргэлж нэг бодож явдаг санаа гэж байдаг байх. Тэр санаа маань Wellzone байсан юм л даа. Харин үүнийгээ яг ажил хэрэг болгохоор шийдсэн нь Узбекистанд энэ оны хоёрдугаар сард байсан.

Миний хувьд ер нь фитнест явах хүсэлтэй ч юмнаас амархан уйддаг болохоор нэг сар явчхаад өөр өөр зүйл туршиж үзэх сонирхол төрдөг. Жишээ нь нэг сар пилатесд явж үзэхэд дасгал биед сайн таарч, үр дүнгээ ч өгч байсан ч өдөр болгон, эсвэл долоо хоногт олон удаа ганцхан core буюу хэвлий, нурууны гүний булчингууддаа төвлөрөөд байхаар ажлын ачаалалтай үед биеийг хэт их ядраагаад байгаа юм шиг санагдсан.

Тиймээс зарим өдөр усанд сэлмээр, зарим өдөр зүгээр иогоор хичээллэж амарч тайвширмаар, эсвэл хааяа найзуудтайгаа гар урлал хийж үзмээр санагдсан үедээ олон клубт зэрэг гишүүнчлэл нээлгүй туршиж үзэх боломж байна уу гэж судалж үзсэн. Ойр тойрны хүмүүсээсээ асууж бас олон улсын ClassPass зэрэг платформуудын шийдлийг судалж үзээд 2026 оны дөрөвдүгээр сард Монголдоо ирж, багаа бүрдүүлэн бизнесээ эхлүүлэхээр зориглосон.

Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал: Н.Цасчихэр

ялгарал

Хүмүүсийн бие физиологи, амьдралын хэв маяг, өдөр тутмын ачаалал өөр. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөг, биеийн онцлогоос хамааран тодорхой өдрүүдэд хүнд дасгал хөдөлгөөн хийх боломжгүй байдаг. Эсвэл гэнэтийн ажлаар гадаад руу томилолтоор явах, гэр бүлээрээ аялалд гарах зэрэг амьдралын олон тааварлашгүй нөхцөл байдлууд бидний амьдралд байнга гарч ирдэг шүү дээ.

Уян хатан нөхцөл

Wellzo энэ бүхнийг тооцоолоод хэрэглэгчдэдээ гишүүнчлэлээ 7 хоногоос эхлээд сонгосон багцаасаа хамааран 84 хүртэлх хоногоор царцаах буюу түр зогсоох уян хатан нөхцөлийг санал болгодгоороо онцлог.

Кредит систем ба сонголт

Хэрэглэгч сар бүр тогтмол кредит авах бөгөөд үүнийгээ өөрийн хүссэнээр зарцуулна. Жишээ нь, 30 кредит авлаа гэхэд 2 кредитээр иогт, 2 кредитээр жимд, 3 кредитээр пилатест явах гэх мэтээр олон төрлийн үйлчилгээг нэг дороос авна.

Өргөн сонголт
Зөвхөн кроссфит, пилатес, иог зэрэг биеийн хүчний дасгалаас гадна сэтгэлзүйн эрүүл мэнд болон гар урлаг зэрэг багтсан. Тухайлбал, керамик урлан эсвэл утасны кэйс чимэглэх зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Бизнес эрхлэгчдэд ээлтэй, эрүүл экосистем

Фитнес, иог, пилатесийн студи ажиллуулдаг хувь хүн болон албан байгууллагуудад сар бүрийн түрээсийн өндөр зардал, үнэтэй тоног төхөөрөмжийн элэгдэл, ашиглалтын зардал гээд үргүй зардаг их үүсдэг. Үүн дээр нэмээд шинэ үйлчлүүлэгч татахын тулд маркетингийн өндөр зардал гаргах шаардлагатай болдог нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд хүндрэлтэй.

Мөн фитнес ажиллуулж буй ихэнх газруудад бүртгэлээ хянах тогтсон систем байдаггүй, ихэвчлэн excel дээр бүртгэдэг гэж анзаарсан. Үүнийг Wellzo автомат болгохоор зорьж байгаа юм. Ингэснээр захиалгын систем, бүртгэлийн менежментийн системийг нь үнэ төлбөргүй бэлдэж өгч байгаагаас гадна байгууллагын хэсэг дээр албан байгууллагууд өөрсдөө холбогдох боломжтой болсон гэсэн үг.

WELLZO ГЭЖ ЮУ ВЭ? 

Товчхондоо бол Wellzo нь Улаанбаатар хотын шилдэг фитнес, пилатес, бокс, иог, усан сэлэлт, бүжиг, саун зэрэг 200 гаруй төрөл бүрийн спорт заал, эрүүл мэндийн студиүдийг нэг дээвэр дор, нэг апп дотор нэгтгэсэн гишүүнчлэлийн нэгдсэн ухаалаг платформ юм.

НЭР

Нэрийн хувьд “wellness zone” гэсэн хоёр үгний товчлол буюу эрүүл, идэвхтэй, сайн сайхан амьдралаар амьдрах орон зай гэсэн утгатай.

ОДОО 

Одоогийн байдлаар хэрэглэгчдэдээ илүү олон төрлийн, чанартай сонголт олгохын тулд Улаанбаатар хот даяарх хамтрагч заал, студийнхээ тоог нэмэгдүүлэх тал дээр төвлөрөн ажиллаж байна.

Мөн үүнтэй зэрэгцээд аппынхаа дараагийн шатны технологийн хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа. Ингэснээр цаашид манай аппыг хэрэглэгчид очиж үйлчлүүлсэн газрынхаа тухай стори, зургийг хуваалцах, сэтгэгдлээ бичиж үлдээх, найзуудтайгаа хамтдаа зааланд цаг захиалах зэргээр хэрэглэгч хоорондын идэвхтэй сошиал бүлэг буюу коммюнити үүсгэх боломжийг бий болгохоор ажиллаж байна.

Түүнчлэн ямар нэгэн төлөвлөсөн зүйлгүй гэрээсээ ажиллах гэж байгаа бол ойр орчмынхоо нээлттэй заал, студийг апп дээрээсээ хялбархан хайж олоод шууд захиалах гэх мэт өдөр тутмын хэрэглээг нь бүр илүү хөнгөвчлөх функцүүд дээр сайжруулалт хийж байгаа.

Баг

Одоогийн байдлаар технологийн хөгжүүлэлт хариуцсан, санхүү болон бичиг хэргийн чиглэлийн, платформ маркетинг, бизнес хөгжил болон харилцагчтай ажиллах тал дээр хоёр хоёр хүн гээд нийтдээ 7-10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүсгэн байгуулагчийн хувьд багаа бүрдүүлэхдээ “дандаа өөрөөсөө мундаг хүнтэй л хамт ажилламаар байна” гэсэн бодолд хөтлөгдсөн урчаас өдөр бүр л ажлынхнаасаа шинэ зүйл суралцдаг. Тэгээд дээрээс нь бүгд Gen Z.

ирээдүй

Ирээдүйд албан байгууллага, корпорацуудад зориулсан эрүүл мэндийн цогц шийдлүүдийг санал болгох төлөвлөгөөтэй байна. Олон улсад үүнтэй төстэй "Wellhub" (хуучнаар Gympass) зэрэг платформууд хэдийнээ 40,000 компани, таван сая гаруй хэрэглэгчтэй болсон бодит жишээ бий. Монголд ч мөн адил сүүлийн жилүүдэд байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт онцгойлон анхаарах нь нэмэгдсэн. Гэвч байгууллагын хүний нөөцийн хэлтэст ажилчдынхаа хэд нь, хэр давтамжтайгаар, ямар спортоор хичээллэж байгааг олон ажлын хажуугаар хянах боломж хомс. Дээрээс нь нэг гишүүнчлэлийн эрх байгууллагаас өглөө гэж бодоход заавал тодорхой хугацаанд хэрэглэх заалттай учраас компанид үргүй зардал үүсэх нь бий.

Тэгвэл манай зүгээс байгууллагуудтай хамтран ажиллахдаа тухайн хүний хувийн мэдээлэл, нууцлалыг огт алдагдуулахгүйгээр зөвхөн байгууллагын ерөнхий дата статистикийг харуулсан тусгай dashboard систем, кредитийн хуваарилалтын шийдлүүдийг хүний нөөцийн хэлтсүүдэд зориулан гаргаж өгөхөөр ажиллаж байгаа.

ЭРСДЭЛ 

Бидэнд салбартаа туршлагатай, чадварлаг технологийн мэргэжилтнүүдийг олж нэгтгэх нь чухал байсан ч яг манай багт тохирсон хүн олох жаахан хүндрэлтэй байсан. Манайх хиймэл оюунд суурилсан платформ болохоор хүмүүсийг хиймэл оюуныг ажилдаа ашиглахыг дэмждэг. Гэхдээ зарим дизайнер зэрэг мэргэжилтнүүдээс “постер дээрээ хиймэл оюун ашигласан юм байна тээ?” гэдгийг нь олзуурхаж асуухаар өөрийнх нь чадварт эргэлзэж байна, доош нь хийж байна гэдэг өнцгөөр буруу ойлголцох гээд байх шиг байсан.

Түүнчлэн фитнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй студиүдтэй очиж биечлэн уулзахад тэд бүгд өөр өөрийн гэсэн хуучин гишүүнчлэлийн системтэй, шинэ технологи, шинэ платформ нэвтрүүлэх тал дээр хаширлах, үл итгэх хандлагатай цөөнгүй удаа таарсан. Монголын зах зээлд өмнө нь энэ төрлийн платформууд гарч ирээд төдийлөн амжилт олоогүй гашууд туршлага байдаг ч, Wellzo-ийн баг тэр бүхнээс маш сайн сургамж авч, алдааг нь засан, илүү бат бөх, ухаалаг, хэрэглэгч төвтэй цогц экосистемийг бий болгохоор зорьж байгаа.