Дэлхийн хүн амын насжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, шинэ төрлийн халдварт өвчний өсөлт зэрэг нь эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг өдрөөс өдөрт нэмэгдүүлсээр. Тэгвэл тэдгээр эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогддог гэдэг утгаараа чанарын шаардлага хангаагүй, хяналт сул байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, аюулд хүргэх ч эрсдэлтэй. Мөн эсрэгээрээ чанартай, баталгаатай бүтээгдэхүүн нь бие махбодийн эрүүл мэндийг дэмжихийн дээр эмч, эмнэлгийн байгууллагын систем, хэрэглэгчдийн зүгээс итгэлцлийг бий болгодог. Гагцхүү эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг чанартайгаар үйлдвэрлэх, тэрхүү чанарыг алдагдуулалгүй импортлох л хамгийн чухал болоод байна. 

"Онцлох бизнес” булангийн энэ удаагийн дугаарт дэлхийн зах зээлд тэргүүлэх эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ цэнийг алдагдуулалгүй монгол хэрэглэгчдэд хүргэх зорилготой Zint Pharm компанийг онцолж байна.  


Нэр: Zint Pharm

Үйл ажиллагааны чиглэл: Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний импорт

Үүсгэн байгуулагдсан: 2015 он

Сошиал хуудсууд: zintpharm.mn (website) | Zint Pharm (Facebook) | zint.pharm (Instagram)

сэдэл

Zint компани нь нотолгоонд суурилсан анагаах ухааныг Монголд нутагшуулах зорилгоор хүүхдийн тусламж үйлчилгээ буюу хүүхдийн клиникээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 10 гаруй жилийн өмнөөс үйл ажиллагаагаа төрөлжүүлж, хүүхдэд зориулсан АНУ-ын витаминуудыг албан ёсоор худалдаалж эхэлснээр Zint Pharm компани байгуулагдсан түүхтэй. Зах зээлийн чөлөөт эдийн засагтай манай оронд эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний салбар төдийлөн бойжиж амжаагүйтэй холбогдлуулан энэ салбарт эрүүл ахуй, аюулгүй байдал нь нотлогдоогүй төрөл бүрийн бүтээгдэхүүн ноёрхож байсан нь саяхан. Үүнээс улбаалан хэрэглэгчид ч эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээлд итгэл алдарсан байдаг нь олонтоо. Иймд шинжлэх ухааны үндэслэлээр баталгаажсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн бүтээгдэхүүний дутмагшлыг нөхөж, монгол хүүхдүүдийг чанартай, үр дүнтэй, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах сэдлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Анх Bayshore брэндийн 0-4 насныханд зориулсан Pedia витаминаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол цар хүрээ маань өргөжин тэлсээр сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд жил бүр нэгээс хоёр брэндийг зах зээлд шинээр нутагшууллаа. Одоогоор арваад брэндийн 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 1,200 гаруй харилцагчид болох эмийн сан, супермаркет, өөрсдийн сувгаар дамжуулан хэрэглэгчдэд санал болгож байна.


Zint Pharm ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Итгэл

ялгарал

Бид “Дэлхийн брэндийг таны эрүүл мэндэд” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Иймдээ ч бид бүтээгдэхүүнүүдээ сонгохдоо тун хянамгай хандаж, өндөр шалгуур тавьдаг бөгөөд үр дүн, аюулгүй байдлаараа дэлхийд танигдсан бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд санал болгодог. Тухайлбал:

- Дэлхийн эмч нарын хамгийн их санал болгодог, өвдөлт намдаах, халуун бууруулах Tylenol брэнд

- Францын номер нэг хүүхдийн арьс арчилгааны Mustela брэнд

- Бүх бүтээгдэхүүнийх нь үр дүн клиник туршилтаар батлагдсан гэдгээрээ алдартай, Английн номер нэг борлуулалттай премиум пробиотикийн Optibac брэнд

- Дэлхийн хүүхдийн эмч нарын ямагт санал болгосоор ирсэн нярайн арьс арчилгааны Desitin брэндийн живхний тос

- АНУ-ын Advacare брэндийн антибиотик болон парацетимол эм

- Тослог болон батгашилттай арьс арчилгаагаар 70 гаруй жил мэргэшсэн Clearasil брэнд гэх мэт.

Брэндүүд болон бүтээгдэхүүний нэр төрлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай вебсайтаас авах боломжтой бөгөөд ашигтай бактери, амин дэм, живхний тос, хүүхдийн арьс арчилгаа, өвдөлт намдаах, халуун бууруулах зэрэг олон төрлийн зориулалт бүхий бүтээгдэхүүнийг тэндээс олох боломжтой. Бидний худалдаалдаг бүтээгдэхүүн бүр амласан амлалтдаа хүрдгийн зэрэгцээ эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, гаж нөлөө хамгийн багатайд тооцогддог.

Бидний хувьд импорт гэдэг нь зөвхөн борлуулалт, худалдааны тухай ойлголт бус харин аливаа бүтээгдэхүүний болон түүнийг үйлдвэрлэгчийн бүтээсэн үнэ цэн, давуу талыг алдагдуулалгүй монгол эмч, эм зүйч нар болон хэрэглэгчдэд таниулан, дамжуулах томоохон үүрэг хариуцлагыг эн тэргүүнд тавьдаг.

нэр

Zint компанийг үүсгэн байгуулагчид болох аав ээж хоёр маань эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор, профессор хүмүүс бий. Тэд маань энэ компанийг үүсгэн байгуулахдаа гэр бүлийнхээ дөрвөн гишүүний нэрний эхний үсгүүдийг нийлүүлж, Зинт гэх нэрийг үүсгэсэн. Улмаар явцын дунд энэхүү нэр бидний үнэт зүйлийг тодорхойлогч түлхүүр үг болон хөгжсөн:

Z – Zenth: Дээд цэг, оргил амжилт, хамгийн өндөр стандарт
I – Innovation: Бодит үр дүнд хөтлөх шинэчлэл
N – Nobility: Үнэ цэн, нэр хүнд, хариуцлагатай байдал
T – Trust: Бизнесийн хамгийн чухал капитал



одоо

Өнгөрсөн сард манай компани Эрүүл мэндийн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Mongolia Health Technology Expo - 2025” олон улсын үзэсгэлэнгээс “Шилдэг импортлогч” гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн. Энэ нь тус үзэсгэлэнгийн хамгийн дээд шагнал бөгөөд бид дотоодын зах зээлд дэлхийн шилдэг брэндүүдийн топ бүтээгдэхүүнүүдийг санал болгосноороо эрүүл мэндийн салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, үнэ цэн, мэргэжлийн ёс зүйг түгээн ажиллаж буйн баталгаа болгон энэхүү шагналыг гардуулсан болов уу.

Өмнө дурдсанчлан Zint Pharm компани дэлхийн брэндийг монгол хэрэглэгчдэд хүргэх чин зорилготой ажилладаг. Үүнийхээ хүрээнд бид монголчуудыг эрүүл амьдралын хэв маягт уриалж, эрүүл мэнд, гоо сайханд нь зориулсан хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг үнэ цэн, чанарын стандартыг нь алдагдуулалгүй хүргэх үйлсдээ шамдан ажиллаж байна.

баг

Манайх нийт 30-35 ажилтантай. Бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүний мэдээлэл түгээхээс гадна эмч, эм зүйчдийг бүтээгдэхүүний сургалт, мэдээллээр ханган ажилладаг тул борлуулалт, маркетингийн алба хамгийн олон орон тоог эзэлдэг. Үүн дээр нэмээд удирдлагын баг болон санхүү, хүний нөөцийн багийнхан манай хамт олныг бүрдүүлж байна.

Мөн бид харьцангуй залуу хамт олон гэдэг утгаараа аливаа шинэ санаа, шийдвэр гаргалтад ажилтан бүр нээлттэй оролцдог. Ингэснээр хэрэглэгч нартай ч ойртон ажиллаж, хүн төвт менежментийг хэрэгжүүлж ажиллах бололцоо бүрддэг.



ирээдүй

Бид саяхныг хүртэл зөвхөн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгодог байсан бол ирэх жилүүдэд насанд хүрсэн хүмүүст зориулсан бүтээгдэхүүнийг ч мөн оруулж ирэн сегментээ тэлэх төлөвлөгөөтэй байна. Миний өөрийн зорилго бол биеийн ерөнхий эрүүл мэнд буюу дархлаагаар хязгаарлагдалгүй сэтгэл зүй, бүтээмжийг дэмжих эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг илүү олноор зах зээлд нэвтрүүлэх явдал. Түүнчлэн бие махбодийг анагааж эмчлэхээс гадна аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч, холбогдох төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэхээр ажиллаж байна.

Дэлхийд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай үргэлжлүүлэн хамтарч ажиллахын тулд бид ч менежмент, засаглал, ур чадвар, үр бүтээмжийн хувьд тэдэнтэй эн дүйцэхүйц байх хэрэгтэй. Иймдээ ч менежмент, удирдлага, компанийн брэндинг талдаа анхааран ажиллаж байгаа.



эрсдэл

Төр засгаас гаргаж буй эрх зүйн орчин дахь гэнэтийн шийдвэрүүд, геополитикийн асуудал, валютын ханшийн эрсдэл гэх мэт бизнес эрхлэгч бүрд тулгардаг асуудлыг дурдаж болно. Мэдээж дурдаад байвал олон эрсдэл бий. Хамгийн чухал нь удирдлагын баг компанийн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учирсны дараа бус урьдчилан эрсдэлийг сайтар тооцоолж, зохих арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллахад анхаарал хандуулах хэрэгтэй.