Арьс өнгө, хэл соёл, төрийн бодлогоос үл хамааран улс орон бүрийн анхаарлаа хандуулж буй сэдэв бол тогтвортой хөгжил. Анхаарахаас ч аргагүй. Учир нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос үүдэн бидний үр хойч орших уу? эс орших уу? гэх асуулт хөндөгдөөд буй. Иймд салбар бүрийн томоохон байгууллагууд үйл ажиллагаа, бизнесийн зорилго, алсын хараагаа тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлж, ногоон ирээдүй рүү тэмүүлэгч хамт олныг бүтээхээр зорин ажиллаж байна. Энэ удаагийн нийтлэлдээ бид тогтвортой ажил олголт сэдвийг хөндөж, дотоод дахь онцлох санаачлагуудаас хуваалцахаар бэлтгэлээ.  


тогтвортой ажил олгогч гэж хэн бэ?

Тогтвортой ажил олголт гэдэг нь ажилтнуудын цалин урамшууллын тогтвортой байдлыг хангахаас гадна тэдний урт хугацааны хөгжил, нийгэмд тустай байдал, байгаль орчны хариуцлагыг хамруулан анхаардаг хөдөлмөрийн загвар юм. Нөгөөтээгүүр тогтортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч компани нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилттой уялдаж, шударга хөдөлмөр, эдийн засгийн өсөлт, тэгш бус байдлыг багасгах чиглэлд хувь нэмэр оруулахыг зорьдог.

Тухайлбал, ажилтнуудад аюулгүй, хүртээмжтэй ажлын орчинг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт орох, хог хаягдлыг багасгах, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг эко дадлуудыг байгууллагын үйл ажиллагаандаа төлөвшүүлдэг.


тогтвортой ажил олгогч болон тогтвортой ажилтны түншлэл

Тасралтгүй суралцах: Нэг талаас ажилтан тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдан хувь хүний хөгжилдөө анхаарах, нөгөө талаас ажил олгогч ажилтнуудын өсөж, дэвших боломжийг дэмжих замаар ажлын байрны тогтвортой өсөлтийг бий болгох боломжтой.

Эрүүл мэнд, сайн сайхан байдал: Ажилтнуудад эрүүл мэндийн хөнгөлөлт үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, ажлын болон хувийн амьдралын тэнцвэрийг хангахыг чухалчлах хэрэгтэй.

Нийгэм болон байгаль орчны хариуцлага: Байгууллагын алсын хараагаа тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, ажил олгогч болон ажилтнууд нийгэмд ээлтэй үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцох нь тогтвортой ажлын байрыг бий болгох үндэс.


тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч сайн жишээ

Байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ил тод, дундаж давхаргыг дэмжиж бойжуулахад чиглэсэн үйл ажиллагаатай, товчхондоо бол тогтвортой хөгжлийг дэмжигч дотоодын компаниудын нэг бол Төрийн банк. Нийтлэлийнхээ төгсгөлд тус банкны 2023 оны тогтвортой хөгжлийн тайланд дурдсан, тогтвортой ажил олголттой холбоотой онцлох тоон мэдээллийг хуваалцъя.

16,796: Төрийн банк бүтэц зохион байгуулалтынхаа өөрчлөлтийн хүрээнд Тогтвортой хөгжлийн алба байгуулж, энэ чиглэлийн үйл ажиллагааг банкны бүх түвшинд хэрэгжүүлэх зорилгоор чиглэл тус бүрд анхааран ажиллаж байна. Тухайлбал, тогтвортой хөгжлийн талаарх ерөнхий мэдлэг олгох 16,796 цагийн сургалт зохион байгуулж, 1,809 ажилтанг хамруулжээ.

18: Төрийн банкны цаашдын залгамж халаа болох ур чадвартай ажилтныг нээн илрүүлэх зорилготой “Талант менежмент 2023” ур чадварын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж, ур чадвартай ажилтны нөөцийн санг нэмэгдүүлжээ. Мөн мэргэжил дээшлүүлэх болон мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж, 18 ажилтанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэв.

35: Их, дээд сургуулийн оюутан залууст туршлага хуримтлуулах, ажлын гараагаа зөв эхлүүлэх боломж олгох үүднээс СЭЗИС, ОТИС, ХААИС, ИЗОУИС-тай хамтран ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 35 оюутныг цалинтай дадлагажуулан ажлын байрны батламж гардууллаа.


26/31:
Ажилтнуудын сайн дурын сонирхол дээр үндэслэн SB клубийг байгуулж, “Банкир соёл-Эерэг хандлага түгээх хөтөлбөр II”-ийг хэрэгжүүлсэн байна. Тус хөтөлбөрийн хүрээнд эерэг хандлагын тухай агуулга бүхий 26 видео, подкаст, контент бэлтгэн нийт ажилтанд түгээж, 31 видео хичээл, гарын авлагыг боловсруулж, сургалтын нэгдсэн программд байршуулжээ.

200: Тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 ажилтанд орон сууцны зээл олгов. Банкны төв оффисын ажилтнуудад ажлын цагийн уян хатан горимыг нэвтрүүлж, зайнаас ажиллах боломжийг олгож байна. Харин хүүхдээ асрахаар чөлөө авсан ажилтанд богиносгосон цагаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж, өөрийн сонгосон цагаар ажиллах боломжийг олгож эхэлжээ.

1: Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй “Бэлэн байдлын хөтөлбөр”-ийн хүрээнд Франкфуртын Их сургуулийн мэргэшүүлэх сургалтад нэг ажилтан хамрагдаж, “Certified expert in sustainable finance” (Тогтвортой санхүүгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн) сертификат авлаа.

45: Дундаж давхаргыг дэмжих, олон нийтэд санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Монгол банктай хамтран “Сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулж, төвийн газар, хэлтэс, салбар нэгжийн 45 ажилтанд “Сургагч багш” батламж олголоо.