Бүхэл өдрийн турш хичээлдээ анхаарах гэж хичээн суусан ч тогтож ойлгосон агуулгагүй үлдэх үе тохиолддог л биз дээ. Тэгвэл бид өөрсдийн онцлогт тохирох суралцах арга барилаа олсноор ойлгоход ярвигтай математикийн бодлогыг хурдтай бодох, гадаад хэлийг чадварлаг эзэмшихээс авхуулаад өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн ашиглах боломжтой гэдгийг та мэдэх үү?
Ямарваа нэгэн зүйлсийг шинээр суралцаж эхлэхээр шийдсэн үед бидэнд хамгийн хэрэгцээтэй чадвар бол сурах арга барил. Хүн бүрийн сурах арга барил харилцан адилгүй. Аливаа зүйлсийг шинээр сурах нь хүний амьдралын бүхий л цаг хугацаанд тасралтгүй үргэлжилдэг үйл явц. Иймдээ ч бид академик боловсролын хүрээнд суралцахаас гадна амьдралд шаардлагатай тал бүрийн эрдэмд насан туршдаа шамдаж байдаг билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ сурах арга барилаа тодорхойлох нь бидэнд хэр чухал хийгээд давуу талын тухай тайлбарлаж байна.
Сурах арга барилын онолыг үндэслэгч
Сэтгэл судлаач Дэвид Аллен Колб анх 1984 онд суралцах хэв маягийн онолын үндсэн загварыг тодорхойлж байсан түүхтэй. Түүний үзэж буйгаар хүн бүр ялгаатай арга замаар суралцах шалтгаан нь генетик буюу удамшлын, амьдралын туршлага, орчин үеийн нийгмийн хөгжил зэрэгтэй холбоотой байдаг аж.
Түүний үндэслэсэн “Туршилтаар танин мэдэх онолд” үзсэнээр бид:
Нэгдүгээрт, сургалтын явцад ажигласнаар шууд болон тодорхой туршлага бий болгодог.
Хоёрдугаарт, ажигласан зүйлсээ эргэцүүлж, ямар мэдээллийг олж авсан түүнийгээ нэгтгэн ерөнхий онол болгон бүтээдэг аж.
Гуравдугаарт, таамаглал дээрээ үндэслэн хийсвэр ойлголтоо бүрдүүлдэг.
Дөрөвдүгээрт, олж авсан мэдлэг нь шинэ нөхцөл байдалд хэрхэн ашиглагдах тухайг бодитоор туршиж үздэг байна. Сүүлийн үе шат дууссаны дараагаар ахин шинэ мэдлэг хуримтлуулахад уг тойрог дахин эхнээсээ эхэлдэг байна.

яагаад чухал гэж?
Аливаа зүйлийг сурах арга барил нь дан ганц оюутан, сурагчдад бус бүхий л төрлийн ажил мэргэжил эрхэлдэг хүмүүст хамааралтай. Учир нь хүн амьдралынхаа туршид академик боловсролоос гадна олон талын үйл ажиллагаанд тасралтгүй суралцаж байдаг онцлогтой. Зарим тохиолдолд тухайн хүний суралцах арга барил нь хувь хүнийн болоод ирээдүйд эзэмших мэргэжлийн сонирхолтой ижил байх нь олонтаа.
Оюутан, суралцагч: Тэдний хувьд сурах арга барилаа олсон байх нь цаашид чадварлаг мэргэжилтэн болж чадах эсэхтэй шууд хамааралтай. Шинэ мэдлэг бүтээх арга барилаа олсон нэгэнд дүнгийн асуудал төдийлөн хүндрэлтэй санагдахгүй.
Багш: Тэд суралцах арга барилын тухай сурагчдадаа мэдлэг олгож чадсаны үндсэн дээр илүү сайн боловсролыг түгээх боломжтой. Сурган хүмүүжүүлэгчид өөрсдийн сурах арга барилаа суралцагч нартаа тулгах нь болхи үзэгдэл бөгөөд олон талын сургах арга барилыг ашиглаж байж тухайн сургалт үр дүнгээ өгдөг.
Мэргэжилтэн: Бүхий л салбарын мэргэжилтнүүд өөрийн карьерын туршид тасралтгүй суралцаж, хөгжиж байх шаардлагатай. Дан ганц өөрийн эзэмшсэн мэргэжилдээ сайн байхаас гадна ажлын байран дээр олон төрлийн чадваруудыг эзэмшсэн байвал тэдэнд давуу талтай.
суралцахуйн арга барилын төрөл
Аливааг суралцахад хувь хүн өөрийн хамгийн сайн, үр дүнтэйгээр сурах арга барилаа олох хэрэгтэй. Хүн бүрийн хувьд тэдний сурах арга зам харьцангуй өөр өөр байдаг бөгөөд энэ нь тэдний мета танин мэдэхүйн холбоос харилцан адилгүй байдагтай холбоотой. Иймд та дараах суралцах төрлүүдээс өөрт тохирох арга барилаа олоорой.

1. Хэл шинжлэлийн буюу аман (Verbal)
Энэ аргаар суралцдаг хүмүүс нь ихэвчлэн унших, бичих зэргээр аливаа шинэ зүйлийг сурдаг байна. Дэлхийн хүн амын дийлэнх хувь нь уг аргаар суралцдаг. Мөн эдгээр хүмүүс бусадтай харьцуулахад ой тогтоолт сайтай байдаг аж.
2. Орон зайн буюу хараагаар (Visual)
Аливаа зураг, дүрс гэх мэтчлэн мэдээллийг нүдээрээ хүлээн авч боловсруулдаг. Мөн ийм төрлөөр суралцдаг хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ илүүтэй хөгжсөн байдаг.
3. Авиа зүйн буюу сонсголоор (Aural)
Энэ төрлөөр суралцдаг хүмүүс нь ихэвчлэн шинэ мэдээллийг дуу авиагаар сонсон боловсруулдаг. Ингэхдээ мэтгэлцэх аль эсвэл бусадтай ярилцаж байж шинэ мэдлэгээ бататгадаг аж.
4. Математик тооцооллын буюу логикоор (Logical)
Энэ төрөлд хамаарах хүмүүс ямарваа нэгэн асуудлын учир шалтгааныг өөрсдөө эргэцүүлэх, сэтгэн бодох арга замаар суралцдаг. Энэ төрлийн аргаар суралцдаг хүмүүсийн логик сэтгэлгээ илүүтэй хөгжсөн байх нь бий. Мөн дүн шинжилгээ хийж, стратеги боловсруулахдаа өөрт хадгалагдсан өгөгдлийг илүүтэй ашигладаг.

5. Бие махбодын буюу хөдөлгөөнөөр (Kinesthetic)
Өөрийн биеийн мэдрэхүйгээр дамжин аливаа өгөгдлийг биеэр үйлдэл болгон суралцах чадвар. Энэ төрлийн суралцагчид ихэвчлэн урлаг, спортын чиглэлээр мэргэшдэг хүмүүс байдаг.
6. Хүн хоорондын харилцаа буюу олонхоор (Social)
Шинэ зүйлийг сурахдаа ихэвчлэн багаар ажиллаж, бусадтай харилцах замаар мэдлэгийг бүтээдэг. Тэд дээрх дурдсан суралцах арга барилуудыг бүгдийг нь өөртөө агуулдаг.
7. Бие даан буюу ганцаарчилсан (Solitary)
Энэ төрлийн аргаар суралцахыг бид бие даан суралцах гэж нэрийддэг. Тэд олон хүнтэй ажиллахаас илүүтэй ганцаараа байх үедээ суралцах орчноо бүрдүүлж чаддаг. Ийм төрлийн хүмүүс бие даан шийдвэр гаргахдаа гаргууд.
Яаж өөрийн сурах арга барилаа тодорхойлох вэ
Сорил өгөх
Сурах арга барилыг тань тодорхойлох сорилыг өгөхийг хүсвэл энд дараарай. Уг төрлийн сорилууд нь сэтгэл зүйн хэв маягт тохирсон үр дүнг танд үзүүлдэг аж. Гарсан үр дүнд нь үндэслэн өөрийн сурах хэв маягтаа шинэчлэл хийхээ мартуузай.
Суралцах хэв маягаа шинээр тодорхойлох
Дээр дурдсан долоон төрлийн сурах арга барилаас өөрт тохирох, үр дүнгээ үзүүлэх хэв маягийг сонгоорой. Хүн бүрийн хувьд тэдний сурах арга барил харьцангуй өөр тул өөр хэн нэгэнд тохирдог ч танд үр дүнгээ өгөхгүй байж болно гэдгийг анхаарууштай.
Өмнөх туршлагаа эргэн санах
Сургуулийн босго анхлан давж, нэгдүгээр ангид элсэн орсон мөчөөс эхлэн өөртөө төлөвшүүлсэн сурах арга барилыг бодоод нэг үзээрэй. Та одоог хүртэл олон дахин хичээсэн ч үр дүнгээ өгөхгүй байгаа арга барилтай байгаа бол үүнтэй ирээдүйд хүртэл зууралдах шаардлагагүй. Иймд та шинэ сурах арга барилуудыг туршаад үзээрэй.
Багш, ойр дотнын хүмүүсээсээ асуух
Зарим тохиолдолд багш нар болоод ментор нараас өөрийгөө хэрхэн суралцвал тохиромжтой байгаа тухайд зөвлөгөө авах нь цаашдын суралцах үйл явцад тань үр дүнгээ өгч чадна.

Сэтгэгдэл бичих

