Сурах арга барилын талаар цэгцтэй мэдээлэл хүргэх зорилготой “Study Hacks” булан эргэн ирлээ. Энэ удаагийн дугаартаа бид шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө хэрэгжүүлж, туршиж үзэх зөвлөгөөг хүргэе. Адал явдал, ололт амжилт, дурсамж дүүрэн хичээлийн шинэ жилийн өдрүүд биднийг хүлээж байна!
шинэ хичээлийн жил - шинэ төсөл
Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Энэ удаа хичээл, сургуультай холбоотой арга барилаа жаахан өөрчилж үзэх үү? Нэг хичээлийн улирал бүрийг нэг төсөл хэмээн төсөөлөөд үзээрэй. Тэгвэл тэрхүү төслөө хэрхэн амжилттай, үр дүнтэй эхлүүлж, үдэх вэ? Чиний хувьд уг төслийн хамгийн чухал хэсэг нь юу вэ? Энэ төслийн зорилго, хийх зүйлс, газар, цаг хугацаа хэрхэн хоорондоо уялдаж байна вэ? Төсөл дуусахад ямар чадварууд, хүрээлэл, дурсамжийг бүтээмээр байна?
Дээрх асуултуудад хариулаад, толгойд буусан бодлуудаа цаасан дээр бичиж, хамгийн чухал зүйлсээ дараалуулан жагсаагаарай. Аливаа зүйл эхлэхийн урьд бяцхан ч хамаагүй бодлоо зорилго болгож, төлөвлөгөөндөө уях нь чухал билээ.
Эмх цэгц - энгийнээс эхэлье
Хичээл эхэлмэгц олон мэдээлэл, үйл явц ар араасаа хөврөн үргэлжлэх тул өмнө төлөвлөсөн зорилго, хийх зүйлсээ үргэлжлүүлэх нь хүндрэлтэй болох магадлалтай. Нэг хичээл дээрх ойлгож амжаагүй ганц үгийг дахин судлахаа мартвал чухал шалгалт эсвэл голч дүнд нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс дор дурдсан алхмуудаас хийж эхлээрэй.
- Хичээлийн ширээ, хувцасны шүүгээ, хэрэггүй бичиг цаасаа эмхлэх. Өглөө бүр ямар хувцас өмсөхөө шийдэж, зогсох цагаа өглөөний цай уух эсвэл хөнгөн дасгал хийхэд зарцуулаарай.
- Хичээлийн тэмдэглэлээ ямар хэлбэрээр хөтлөн явуулахаа шийдэх буюу дэвтэр, компьютероо бэлдэх. Хүн бүр өөрт тохирох арга барил, хэрэглэгдэхүүнтэй. Хэрэв хараахан олоогүй байгаа бол хамгийн таалагдаж буйгаас нь эхлэн туршаарай.
- Хуудас нь дүүрсэн дэвтэр, хэзээ ч уншихгүй олон файлаа устгаж цэгцлээрэй. Гар утасныхаа багтаамжийг дүүргэсэн хэрэггүй зургууд, тэмдэглэл зэргээсээ ч эхэлж болох юм. Хожим номын зураг, эсээ зэргээ бичиж хадгалахад хэрэг болж магадгүй юм.
Хичээлийн хуваарь бодит байдал хоёр
Хичээлийн хуваариа урьдчилан төсөөлж, юу төлөвлөх хэрэгтэйгээ тодорхойл. Даваа гарагт гурван цаг дараалсан хичээлтэй бол тухайн цагт сургууль руугаа явахад түгжрэл хэр байх, алхах бол хэдэн минутын өмнө гэрээсээ гарах, өдрийн хоолоо хэрхэн тохируулж, хэзээ нь идэх зэргийг тооцоолох юм.
Энэ нь жижиг боловч сэтгэл зүй, үр бүтээмжид шууд нөлөөлдөг зүйлсээ тооцоолж бэлдэх нь чухал. Биднээс энерги шаардаж шийдэгддэг олон бичил үйл явцыг өмнө нь бодож төлөвлөчихвөл цаг нь тулсан үед эрсдэл багатайгаар, санаа зовохгүйгээр туулах болно.
нөөцөө ашигла
Их сургууль төгсөгчдийн гурван хүн тутмын хоёр нь өөрийн боловсролын зэрэг болон сурах явцдаа хийж болох байсан зүйлсдээ харамсдаг байна. Сурагч солилцооны хөтөлбөр, тэтгэлэг, номын клуб зэргийг мэдээгүй алгасаж, хожим харамсахгүйн тулд сургуулийн цахим хаягийг тогтмол шалгах, сургалтын албатай уулзахаас үл төвөгшөөх, өөртэйгөө адил зорилготой найзтайгаа судалгаа хийгээрэй.
Төгссөнийхөө дараа л үүнийг мэдсэн гэж хэлэх олон хүнтэй таарах тохиолдол бий. Биднээс тийм ч хугацаа шаардахгүйгээр олдох боломжтой үнэ цэнтэй мэдээллүүдийг оюутны ангийн найзууд, багш нар болон сургуулийн аль нэг ажилтанд байх боломжтой. Хамгийн чухал нь эрэл хайгуулч байж, мэдээлэл, боломжид соргог байгаарай!
ид шид
Хичээлээ хийхийн хажуугаар өөрийн сонирхол татсан, оролдож үзээгүй зүйлсээ хийгээрэй. Бидэнд байгаа бүхэн ОДОО цаг. Эрдэм номд шамдах нь хэдий чухал ч өөр зүйлсийг туршиж үзэх нь өдөр тутмын оюутны амьдралыг илүү сонирхолтой болгоно.
Очихыг хүссэн уулзалт, бичихийг хүссэн бичвэр, уншихыг хүссэн номоо төлөвлөгөөндөө шигтгээрэй. Бас Адал явдал, найзууд, шинэ хүмүүс, уран зургийн урлан, спорт клуб зэргийг эрэлхийлж сонирхоорой. Эгэл бүхэн ид шидтэй тул байгаа цагтаа, байгаа бололцоогоо бүтээхийг эрмэлзье!
Н Номио 2022.08.30 202.126.90.4
Нээрээ л хамгийн завгүй үедээ хамгийн завтай байдаг юм байна лээ. Хэрэгтэй гоё зөвлөгөө өгсөн байна. Нөөцөө ашиглах хэсэг хамгийн түрүүнд хэрэгжүүлбэл зүгээр юм байна ????