Хүн төрөлхтөн Ангараг гаригийг колоничлох тухай мөрөөдөж, хиймэл оюуны эринд хэдийн хөл тавьсан ч биднийг тэжээн тэтгэдэг хөрс шороо маань өдөр өдрөөр доройтож буй хачирхалтай нөхцөлд бид амьдарч байгаа билээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу газар хөдлөлт, цунами гэх мэт үзэгдэл шиг цөлжилт нь гэнэт биднийг “ниргэчихдэггүй” боловч үр дагавар нь тэднээс дутахааргүй хөнөөлтэй. Учир нь одоогийн байдлаар дэлхийн 3.2 тэрбум хүний амьдрах орчин доройтож, цөлжилтийн улмаас жил бүр дэлхийн ДНБ-ийн 10 хувь нь салхинд хийсэж байна.
Тэгвэл энэ чимээгүй өөрчлөлтөд бид хангалттай анхаарал хандуулж чадаж байна уу? Чухам юунаас болж цөлжиж, яагаад бидэнд улам бүр хэвийн амьдрахад хүндрэл тулгарах болов?
ЦӨЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Цөлжилт гэхээр толгойд тань үгийн утгаараа ч тэр юм уу эсвэл хаа нэгтэйгээс харж байсан элсэн цөлийн дүр зураг төсөөлөгддөг үү? Тэр зураглал цөлжилтийн тухай ойлголтын ердөө ганцхан хувь бөгөөд учир шалтгаан, үүсэл гарал, тулгараад буй асуудал гээд уг сэдэв маш баялаг.
Юун түрүүнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй Тэмцэх Конвенци (UNCCD)-ийн албан ёсны тодорхойлолтоос дурдах нь зүйтэй. Тэдний тодорхойлж буйгаар "Цөлжилт гэдэг нь уур амьсгалын хэлбэлзэл болон хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас хуурай, хагас хуурай, хуурайвтар бүс нутгуудын хөрсний үржил шим, биологийн бүтээмж доройтох үйл явц" ажээ.
Энгийнээр хэлбэл, цөлжилт гэдэг нь тухайн газар нутгийн хөрс нь шим тэжээлээ алдаж сул шороо болон хувирч буй явдал. Дэлхийн дулааралтай холбоотой үр дагаврыг хүний өвчлөлтэй зүйрлэбэл арьсны өвчинтэй зүйрлэж болох юм. Хүний арьсны өнгөн давхарга аливаа өвчлөл, халдвараас биднийг хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл тэр давхарга нь түлэгдэж, хуулраад ямар ч хөрсгүй болчихвол бие организм өвчлөлд өртөмтгий болж байнгийн халдварт өртөж, шингэнээ алддагтай адил. Хөрсний үржил шимт давхарга устсанаар тухайн экосистем амьд организм, ургамал тэжээх ямар ч чадваргүй болсноор олон арван асуудал ар араасаа ундарч эхэлж буй нь цөлжилт гэж ойлгож болох юм.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ
Цөлжилт яагаад хүн төрөлхтөнд хамаатай бил ээ гэх эргэлзээ төрж нэг л сонирхлыг тань татахгүй байвал хөрсийг дэлхийн дулаарлыг сэдрээх "цагийн тохируулгатай тэсрэх бөмбөг"-ийг хадгалж буй зоорь гэж төсөөлөөд үзээрэй.
Тодруулбал хуурай бүсийн хөрс нь өөртөө асар их хэмжээний органик нүүрстөрөгчийг (SOC) нөөцөлж байдаг. Энэ органик нүүрстөрөгч нь унасан навч, ургамлын үндэс, үхсэн бичил биетний үлдэгдлээс бүрддэг бөгөөд эрүүл хөрсөнд уг нүүрстөрөгч шавар, элс, эрдэс бодисуудтай барьцалдан хөрсний бөөгнөрөл буюу агрегат хэмээх хатуу бүтцийг үүсгэж дотор нь түгжигдсэн байдаг гэсэн үг. Гэтэл малын даац хэтрэх, мод хууль бусаар огтлох эсвэл ган гачгийн улмаас хөрс талхлагдаж, ургамлын нөмрөг устаад ирэхээр өнөөх хамгаалагч хөрсний бөөгнөрөл маань бутарч, задардаг.

Хөрс ингэж бутарч сул шороо болохоор хамгийн аюултай нэг зүйл болдог нь хөрсний нүх сүвээр агаар мандал дахь хүчилтөрөгч маш их хэмжээгээр нэвтрэн орж, өмнө нь хучигдаж байсан нүүрстөрөгчийг агаарт дэгдээчихдэг аж.
Арван жилийн биологийн хичээлдээ үздэгээр ургамлын гол хоол нь нүүрсхүчлийн хий шүү дээ. Гэтэл ингээд хүчилтөрөгч газарт их хэмжээгээр нэвтэрч эсрэгээрээ нүүрстөрөгч нь хөрснөөс гараад явчихаар хөрсөн дэх аэробик (хүчилтөрөгчөөр амьсгалдаг) бичил биетнүүд асар хурдацтайгаар үржиж, нүүрстөрөгчөө идэх бөгөөд задлах явцдаа нүүрстөрөгчийн хий буюу CO2-оо ялгаруулдаг хэрэг.
Энэ урвуу хэлхээнээс болоод дэлхийн дулаарлын хор уршиг улам л хүнд болж эхэлдэг гэсэн үг. Ургамалгүй болсон хуурай хөрсөн дээр нарны гэрэл шууд туссанаар хөрсний гадаргуугийн температур огцом нэмэгдэж, халуун орчинд бичил биетний бодисын солилцоо бүр ч эрчимждэг. Үүний үр дүнд тэд хөрсөнд үлдсэн сүүлчийн нүүрстөрөгчийг “идэж”, агаарт CO2 ялгаруулсаар дэлхийн дулаарал улам л эрчимждэг гэнэ.
НИЙГМИЙН АСУУДЛЫН ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ
Уур амьсгалын өөрчлөлт өөрөө цөлжилтийг үүсгэж цөлжилт өөрөө дахин уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлдэг хөл толгой нь олдохгүй энэ нөхцөлд нийгмийн асуудлууд дагаад зах замбараагаа олохоо байна.
Хөрс доройтоход хүний амин чухал хэрэгцээ болох хоол хүнс, усны нөөц дагаад доройтдог. Судалгаагаар, хөрсний доройтлоос үүдэн өрхийн ядуурах магадлал Малавид 35%, Танзанид 50%-иар өссөн байна. Улмаар хөрс доройтож, ус ширгэхийн хэрээр амьдрах боломжтой эрүүл хөрстэй газар нутгийн хэмжээ буюу бидний хүртэх “бялуу"-ны хэмжээ жижгэрнэ гэсэн үг. Үүнийг дагаад малчид болон тариаланчдын дунд үлдсэн ундны ус, бэлчээрийн төлөөх тэмцэл ширүүсэж эхэлнэ.
Хэрэв бид энэ чигээрээ явбал 2050 он гэхэд дэлхий даяар 143 сая хүн "экологийн дүрвэгч" болж, өөрийн гэр орон, газар нутгаа орхин нүүхээс өөр аргагүй байдалд орох аюул хаяанд иржээ.

ЦӨЛЖИЛТ МОНГОЛД
Дэлхий дахинд өрнөж буй цөлжилтийн аюулыг хамгийн тодоор харж болох жишээ Монгол Улс гэвэл итгэх үү?
Монгол орон далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс өндөрт орших газар орон билээ. Энэ газар зүйн онцлогийн улмаас хур тунадас багатай, ургамал ургах хугацаа маш богино (жилд ердөө 3-4 сар) буюу байгалийн өөрийгөө нөхөн сэргээх чадвар удаан буюу хэт эмзэг экосистемийг бүрдүүлдэг. Африкийн Сахелийн бүс эсвэл Австралийн халуун цөлтэй харьцуулахад Монголын говь, хээр тал нь "хүйтэн цөлжилт"-д өртдөгөөрөө онцлогтой бөгөөд нэгэнт хөрсний эвдрэл явагдсан тохиолдолд буцаж сэргэх нь халуун орныхоос илүү удаан мөн илүү хүнд байдаг.

Тоо баримтаас харвал сүүлийн 80 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 1.1°C - 1.2°C орчим хэмээр дулаарсан байхад, Монгол орны жилийн дундаж температур 2.25°C-аас 2.46°C хүртэл нэмэгдсэн байна. Энэ нь Монгол Улс дэлхийн дунджаас 2-3 дахин хурдан халж байна гэсэн үг. Үүний зэрэгцээ ургамал ургах гол хугацаа буюу дулааны улирлын хур тунадасны хэмжээ 7-8 хувиар эрс буурав.
Үүний уршгаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9- 77.8% нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд нэрвэгдээд байгаа юм. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP) болон судлаачдын тогтоосноор энэ бүх сүйрлийн шалтгааны 40 гаруй хувь нь л уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бол, үлдсэн 50-60 гаруй хувь нь хүн бидний өөрсдийн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй ажээ.
БИД ЮУГ БУРУУ ХИЙГЭЭД БАЙНА?
ГАЗАР ТАЛХЛАЛТ
1990-ээд оны эхээр мал хувьчлагдсанаас хойш малын тоо толгой хяналтгүй өссөөр 2022 онд түүхэн дээд цэгтээ буюу 71.1 сая толгойд хүрсэн гэдэг.
Үүний хамгийн бодит бөгөөд эмгэнэлт үр дагаврыг бид бүр саяхан нүднээ үзсэн нь 2023-2024 оны өвөл болсон зуд. Монгол Улсын Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ) болон Үндэсний Статистикийн Хорооны албан мэдээгээр тухайн өвөл манай улс нийт мал сүргийнхээ 11 гаруй хувь буюу 7.4 сая толгой малаа зудад алдаж, улсын эдийн засагт 1.3 их наяд төгрөгийн хохирол амссан байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүтэй олон улсын байгууллагуудын дүгнэснээр, энэхүү асар их хорогдол нь зөвхөн их цас орж, огцом хүйтэрсэнтэй холбоотой гэхээс илүүтэй өнгөрсөн зун нь хэт олон малд талхлагдсан бэлчээрт мал тарга тэвээрэг авч чадалгүй өвөлжсөнтэй холбоотой байж.
Тэр тусмаа дэлхийн ноолуурын зах зээлийн эрэлтийг дагаад ямааг өсгөж үржүүлснээр цөлжилт бүр илүү эрчимжиж байна. Биологийн хувьд хонь, үхэр өвсний нахиаг иддэг бол, ямаа ургамлыг идэхдээ үндсээр нь иддэг. Үндсээрээ сугалагдсан ургамал дахин ургах чадваргүй болж хөрс доройтдог.

ГОЛ МӨРӨН
Монголын ДНБ-ийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар нь эдийн засгийн хөгжилд нэн чухал боловч байгаль орчны менежмент хангалтгүйгээс үүдэн усны нөөцийг багасгасаар байна. Зөвхөн 2022 онд гэхэд Монгол Улсад 360 гаруй гол, горхи, нуур, булаг шанд ширгэсэн бөгөөд 2010 оноос хойш нийт 1244 гол, нуур бүрмөсөн хатжээ.
ОРЧИН ҮЕИЙН НҮҮДЭЛЧИД
Бусад улс орнуудад цөлжилтийг голчлон газар тариалангийн зохисгүй ашиглалт өдөөдөг бол Монголд цөлжилт үүсгэж буй бас нэгэн өвөрмөц шалтгаан нь авто замын сүлжээ болон орчин үеийн амьдралын хэв маяг юм. Монгол орны авто замын сүлжээний ердөө багахан хэсэг нь хатуу хучилттай байдаг тул хөдөө орон нутагт зорчих жолооч нар эвдэрсэн замаар явахгүйн тулд зэрэгцүүлэн шинэ зам гаргаж, тал тал тийш салбарласан хэдэн зуун км шороон зам үүсгэдэг шүү дээ. Ингэж хөрсний өнгөн давхаргыг аялагчид бид ингэж “эвдэлж” байдаг хэрэг.
Түүнчлэн сүүлийн үед малчид уламжлалт аргаар морь унаж малаа хариулахаас илүүтэй мотоцикл унаж малаа хариулах болсон. Морины туурай хөрсийг гишгэхэд байгалийн жамаараа тодорхой хэмжээнд сийрэгжүүлдэг бол, мотоциклын барзгар дугуй нь хөрсийг талхалдаг байна.
ЦААШИД ЯАХ ВЭ?
Улс орны хил гааль цөлжилтөд нөлөөлөхгүй тул хууль баталж, мод тариад бид асуудлаа ганцаараа шийдэж чадахгүй. Тийм ч учраас Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг эх орондоо зохион байгуулах гэж байгаа билээ. COP17 бидэнд, өөрсдөдөө тохиолдож буй асуудлаа дэлхийн 190 гаруй улсын удирдагчдын өмнө дэлгэн тавьж, дэлхий нийтээрээ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломж олгож буй. 29-ний өдөр орох дараагийн нийтлэлээрээ COP17-ийн тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх тул энэ нийтлэлээ ингээд дуусгая.

Сэтгэгдэл бичих

