Өрөөгөө цэвэрлэхгүй хэдхэн хоноход л хамаг юм хөглөрөөд тухгүйдээд эхэлдэг дээ? Харин уншаагүй хэдэн арван и-мэйл, хэрэггүй хэдэн зуун screenshot, татчихаад мартчихсан хэдэн арван аппууд дундаа нэг их түүртдэггүй шүү дээ. Гэтэл тэдгээр апп, зураг, файл утсан дээр тань багтаж шингэх гэж цаанаа чимээгүй ачаалж, эрчим хүч зарцуулж байдаг аж. Нэг ёсондоо нэг байр авчхаад өөрсдөө дотор нь амьдрахгүй хэр нь тог, цахилгааны мөнгө төлөөд явна л гэсэн үг. 

Зөвхөн эрчим хүчнээс гадна дижитал хэрэгслээ ийм олон хэрэггүй “бохирдол” дунд байлгах нь таны тархи толгойг ч тэр байнгын самгардсан нөхцөлд байлгадаг гэнэ. Иймд дэлхийн 212 улс орон 2019 оноос хойш “Digital Cleanup Day” -ийг тэмдэглэх болжээ.Энэ өдөр хүмүүс хэрэгцээгүй файл, и-мэйл, ашигладаггүй апп, хуучин чат зэргээ устгахаас гадна дижитал төхөөрөмжөө засварлаж, дахин ашиглах зэргээр илүү хариуцлагатай, тогтвортой, ухамсартай хэрэглээг урьтал болгодог байна. 

Энэхүү санаачилгыг Монгол Улсад энэ жил Юнител групп хэрэгжүүлж эхэлжээ. Тэдний "Clean Up Mongolia" сайн дурын байгууллагатай хамтран бэлтгэсэн 120 сургагч багш нар ЕБС-ийн сургуулиуд болон төрийн байгууллагуудад очиж, дижитал бохирдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулжээ. Энэ нь ойролцоогоор 6 дүүргийн 320 сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад буюу нийт 30,000 хүнд хүрсэн гэсэн үг.

Уг өдөртэй холбогдуулан манай редакц дижитал хог хаягдлаа цэгцэлж утсаа ч тэр, ухаанаа ч тэр “саруулхан” байлгахад туслах 5 аргыг хуваалцаж байна.

1. Ашигладаггүй аппуудаасаа сал 

Ашигладаггүй апп, зураг, бичлэгийг тань дата төвүүд зүгээр л хадгалаад байж байхгүй. Тухайн аппыг буцаад ашиглахад бэлэн байлгахын тулд үргэлж мэдээллийг нь нөөцөлж, sync хийх буюу товчхондоо “амьд” байлгах гэж ажиллаж байдаг. Ингэхдээ тэдгээр серверүүд дэлхийн хаа нэгтээ өдөр бүр ажиллан их хэмжээний цахилгаан зарцуулж, түүнээс дутахгүй хэмжээний дулаан ялгаруулж, ялгаруулсан дулаанаа дарах хөргөлтийн систем ч гэсэн ажиллуулж байдаг. Энэ бүх үйл явц явсаар энэ цагийн аюулын харанга болсонуур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг гэсэн үг.

Тэгэхээр ашиглагддаггүй аппуудаасаа салж, хэрэггүй хаягуудаа устгах нь эх дэлхийнхээ сайн сайхан оруулах бага ч гэсэн чухал хувь нэмэр юм шүү.

2. Хэрэггүй и-мэйлүүдээсээ итгэлтэйгээр татгалзах

Бидний мэдэх World Wide Web, HTML болон URL системийг бүтээсэн Бернерс-Ли профессорын тооцоолсноор 2019 онд дэлхий даяар бичигдсэн бүх и-мэйлүүд ойролцоогоор 150 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулжээ. Энэ нь дэлхийн нийт нүүрстөрөгчийн ул мөрийн 0.3%-тай тэнцэх хэмжээний үзүүлэлт гэсэн үг. Сурталчилгааны агуулгатай, шаардлагагүй болсон үйлчилгээтэй холбоотой зэрэг хэрэгцээгүй и-мэйлээс татгалзах нь угтаа маш амархан. Тухайн ирсэн и-мэйл-ийн зүүн дээд буланд эсвэл хамгийн сүүлийн мөрөнд байх unsubscribe товч дээр дарахад л хангалттай.

3. Давхардсан зураг, даагдахгүй том файлуудаа устгах

Орчин цагт бид зургаа нандигнан хадгалахаас илүү “хөглөрүүлж” хадгалдаг болсон гэхэд хилсдэхгүй байх. Тухайлбал нэг үйл явдлын нэгэн ижил 20 зургийг заавал бүгдийг нь хадгалах хэрэггүй. Тиймээс зургийн апп, iCloud, Google Photos-доо давхардсан зураг, screenshot болон хэт урт бичлэг байгаа эсэхийг шалгаарай. Ингэхдээ “largest files” эсвэл “old files” шүүлтүүрээр хайж устгах эсвэл iPhone дээр Photos руугаа ороод duplicates хэсгээс давхардсан зураг байвал олж устгах нь цаг хэмнэх болно.

4. Автоматаар хадгалах тохиргоог анхнаас нь унтрааж хэвших

WhatsApp, Telegram, Messenger зэрэг аппууд зураг, видео, файл бүрийг автоматаар татаж, утсан дээр хадгалах тохиргоотой байдаг. Тухайлбал, Zero Waste Scotland байгууллагын тооцоолсноор WhatsApp групп чат долоо хоногт ойролцоогоор 2.35 кг нүүрсхүчлийн хий ялгаруулдаг аж. Ялангуяа том хэмжээтэй видео, зураг автоматаар хадгалагдана гэдэг нь дээр дурдсанчлан дата төвүүдийн ачааллыг нэмэгдүүлж байдаг. Тиймээс auto-download болон auto-save тохиргоог унтраах нь илүүдэл файл хадгалагдахаас анхнаас нь сэргийлдэг.

5. Нэг удаа цэвэрлэх биш нэжгээд удаа цэвэрлэдэг зуршилтай болох

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) 2019 оны тайланд дурдсанаар интернэт болон түүнийг дэмжих системүүд жил бүр 900 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг нь Герман улсын нэг жилийн нийт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаас ч өндөр тоо гэнэ.

Бид өдөр болгон л зураг авч, ямар нэг файл татаж, и-мэйл явуулж бас хүлээн авдаг тул ганцхан удаа дижитал хэрэгслээ цэгцлээд “хаягдал” буурахгүй. Тэгэхээр ядаж хоёр сардаа нэг өдөр 15-хан минутыг утсаа цэгцэлж, зургаа устгаж, аппаа эмхэлж хэвшээрэй.

Та гар утас, электрон төхөөрөмжүүд дээрх хэрэггүй зураг, бичлэг файлаа устгаж байгаль орчноо хамгаалсныг тань илтгэх сертификаттай болохыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.