Монголын уудам тал нутгийг онгон дагшин байгалиас гадна ямар биологийн ач холбогдолтойг монголчууд бид өөрсдөө төдийлөн мэддэггүй.
Хүн төрөлхтөн газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон аюултай нүүр тулж буй энэ эгзэгтэй цаг үед дэлхий нийтийн анхаарал Монгол руу чиглэж байгаа билээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улс дэлхий дахинаа "Тал хээрийн төлөвлөгөө" (Steppe Action Agenda) хэмээх алсын хараагаа танилцуулсан билээ.
Энэ төлөвлөгөөний утга учир, үнэ цэнийг ойлгохоос урьтаж бидний амьдарч буй нутаг дэвсгэр дэлхий дахинд ямар чухал болохыг шинжлэх ухааны талаас нь ойлгох нь зүй.
Дутуу үнэлэгдсэн хөрс
Байгаль орчны асуудал хөндөгдөх үед хөрс хамгийн бага дурдагддаг мэт. Гэтэл эрүүл хөрсний ердөө нэгхэн цайны халбага өнгөн хэсэгт л гэхэд ойролцоогоор 10,000 орчим өөр төрөл зүйлийн бичил биетэн амьдарч байдаг бөгөөд эдгээр нь хөрсний шим тэжээлийг сайжруулж амьд байгаль оршин тогтнох үндэс болдог.
Гэвч байгалийн жамаараа энэхүү шимт хөрсний ердөө 1 см үе давхарга бүрэлдэн тогтоход 200-400 жил шаардлагатай байдаг бол, тогтвортой экосистем болон төлөвшихөд хэдэн мянган жил зарцуулагддаг байна. Гэтэл 2014 онд Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (FAO) "Хэрэв өнөөгийн хөрсний доройтлын хурд энэ хэвээрээ үргэлжилбэл хүн төрөлхтөнд ердөө 60 орчим жилийн л ургац хураах боломж үлдэнэ" хэмээн сануулсан нь биднийг хөрсөндөө ямар хайр гамгүй хандсныг илтгэж буй биз ээ.

Монголын хээр талын онцлог
Монголын хээр тал дэлхийн уур амьсгалыг тэнцвэржүүлэгч “уушги” гэвэл итгэх үү? Тухайлбал хөрс нь дэлхийн хамгийн том хуурай газрын нүүрстөрөгчийг “хадгалагч сав” бөгөөд зөвхөн хөрсний дээд 1-2 метрийн давхаргад л гэхэд ойролцоогоор 1,500-аас 2,400 тэрбум тонн органик нүүрстөрөгч хуримтлагдсан байдаг. Хэрэв тал хээр доройтож, энэ их нүүрстөрөгч агаар мандалд алдагдвал дэлхийн дулаарал бидний хяналтаас бүрмөсөн гарах эрсдэлтэй.
Түүнчлэн, Монголын уудам нутаг Ази тивдээ хадгалагдан үлдсэн хамгийн том зэрлэг туруутан амьтдын нүүдлийн гэрч юм. Тухайлбал улирлын араншинг даган хэдэн зуун километрээр эрх чөлөөтэй нүүдэллэх цагаан зээрийн сүрэг нь өнөөгийн өндөр хөгжилтэй, суурин соёлт дэлхий ертөнцөд бараг үзэгдэхээ больсон байгалийн гайхамшигт үзэгдэл.
Байгаль орчин, ан амьтан гэхээр зурагтаар харж нүдээ баясгах төдийхнөөр төсөөлөх нь утгагүй. Хүн төрөлхтний хийж бүтээж байгаа, зарж борлуулж байгаа бүх зүйл цаанаа байгальтай шууд холбоотой. Жишээ нь:
- Тариаланчид ургац авахын тулд үржил шимт хөрс, цэвэр ус хэрэгтэй
- Малчид малаа өсгөхийн тулд эрүүл бэлчээр хэрэгтэй
- Үйлдвэрүүд ажиллахын тулд байгалийн түүхий эд хэрэгтэй
- Эмийн үйлдвэрүүд ургамал, амьтнаас эм гаргаж авдаг
Тиймдээ ч өнөөдөр дэлхийн нийт эдийн засгийн бүтээгдэхүүний талаас илүү хувь буюу ойролцоогоор 44 их наяд ам.долларын эдийн засгийн үйл ажиллагаа байгалийн нөөц, экосистемээс шууд хамааралтай оршиж байна.

Тал хээрийн төлөвлөгөө
1940 оноос хойш Монголын жилийн дундаж агаарын температур ойролцоогоор 2.4°C-аар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт. Үүний уршгаар ган гачиг нүүрлэж, бэлчээр доройтон, усны нөөц хомсдох үзэгдлүүд өдрөөс өдөрт эрчимжиж байгаа гэдгийг хаа нэгтэйгээс нэгэнтээ сонссон биз ээ.
Үүний эсрэг монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нүүдэлчдийн гүн ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хоршуулан "Тал хээрийн төлөвлөгөө"-г санал болгож байгаа юм. Энэхүү төлөвлөгөө нь Цөлжилттэй тэмцэх, Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдлын конвенцуудын уялдааг хангаж, асуудлыг салангид бус цогцоор нь харахыг шаардаж байгаагаараа онцлогтой.
Уг төлөвлөгөө нь дэлхийн хэмжээнд хэрэгжих дараах гурван үндсэн санаачилгад тулгуурладаг:

1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга: Бэлчээр бол зөвхөн малын идэш тэжээл биш, дэлхийн тэнцвэрийг хадгалагч юм. Энэхүү санаачилга нь бэлчээрийг нөхөн сэргээж, зөв зохистой ашиглахын сацуу хөрсний эрүүл мэнд, экосистемийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэнэ.
2. Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга: Хуурай, гандуу бүс нутагт ус болон газрын менежментийг хамтад нь цогцоор нь авч үзсэнээр ган гачиг, усны хомсдолд тэсвэртэй байдлыг бий болгоно. Газрыг сэргээх замаар усыг тэтгэж, усыг хамгаалах замаар газрыг аврах нь энэ санаачилгын цөм ажээ.
3. Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга: Эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт нь байгальтайгаа дайсагналцах ёсгүй. Зам гүүр, хот суурин байгуулахдаа байгалийн экосистемийг эвдэх бус, газар төвтэй төлөвлөлтийг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг байгалийн сэргэлттэй хоршуулах зорилготой.
Товчхондоо өдийг хүртэл дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг асуудлуудыг тус тусад нь салангид байдлаар авч үзэж, тусдаа хуралдаж, төсөв мөнгө зарцуулсаар ирсэн.
Тэгвэл Тал хээрийн төлөвлөгөө нь энэ бүх асуудлын уг сурвалж болох газар шороо буюу хөрс, бэлчээр гэсэн ганцхан цэгт бүх анхаарал, хөрөнгө оруулалтыг нэгтгэн зангидах зорилготой юм. Газраа эрүүлжүүлж, хөрсөө хамгаалчихвал түүнийг дагаад уур амьсгалын хямрал саарч, усны нөөц нэмэгдэн, ан амьтад эргэн ирнэ гэсэн үзэл баримтлал юм.
Монголд ямар ашигтай юм бэ?

Ногоон санхүүжилт: шууд тусламж гуйх биш олон улсын томоохон хөрөнгө оруулагчид, уур амьсгалын сангуудаас бэлчээрээ нөхөн сэргээх, усны нөөцөө хамгаалах томоохон төслүүдэд зориулж ногоон санхүүжилт татах боломж нээгдэнэ.
Малчид ба нүүдлийн соёл: Малын тоонд бус чанарт анхаарч, бэлчээрээ сэлгэдэг, өнжөөдөг зөв зохистой системд шилжсэнээр экосистем сэргэж, түүнийг дагаад малчдын орлого нэмэгдэнэ. Хатаж ширгэж буй худаг ус, гол горхи сэргэснээр Монголын нүүдэлчин ахуй соёл цаг уурын өөрчлөлтөд устах аюулаас аврагдах юм.
Бусад улс орон хэрэгжүүлж болох жишээ: Дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг гандуу, цөлжсөн бүс нутаг эзэлдэг. Монголчуудын олон мянган жилийн турш байгальтайгаа харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн нүүдлийн уламжлалт арга ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулсан энэ төлөвлөгөөг дэлхийн бусад ижил төстэй нөхцөлд буй улс орнуудад хэрэгжүүлэх боломжтой загвар болно.
Сэтгэгдэл бичих

