Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг сэдвүүд нь олон улсын хурал, зөвлөгөөний төв нь байсаар харин газар шороо, хөрсний доройтлын асуудал орхигдсоор ирсэн талтай. Тиймдээ ч НҮБ-ын Риогийн гурван том конвенц буюу Уур амьсгал, Биологийн олон янз байдал, Цөлжилт дундаас хамгийн бага анхаарал, санхүүжилт татдаг нь Цөлжилттэй тэмцэх конвенц байсаар ирснийг нуух юун. Гэвч өнөөдөр байдал өөрчлөгдөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрч ирээд байна.

Учир юу вэ гэвэл өдгөө дэлхийн нийт газар нутгийн 40 орчим хувь нь хэдийн доройтолд орж, энэ нь бүр хүн төрөлхтний тэн хагас буюу 3 тэрбум хүний амьдралд шууд сөргөөр нөлөөлж буй. Тэгвэл Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хурлууд үр дүнтэй болж чадаж байна уу? 

Саяхан Саудын Арабд болсон COP16 хурлыг олон улс цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн анхаарлыг сэргээсэн "сар руу тэмүүлэх мөч" хэмээн нэрлэсэн. Дэлхий нийт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 хурлыг тэрхүү "сар руу тэмүүлэх" мөрөөдлийг хөрсөн дээр "газардуулах" гол талбар болно хэмээн хүлээж байна.

Улс орондоо зохион байгуулагдах гэж буй энэхүү хурлын ач холбогдлыг илүү сайн ойлгохын тулд, түүний ажиллах систем, ямар үүх түүхтэй гэдгийг мэдэх шаардлагатай. Тиймээс энэ нийтлэлээр UNCCD буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцтой холбоотой 4 чухал агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. 

1. UNCCD анхаарлын төвд орсон анхны мөч

1970-аад онд Африкийн Сахелийн бүс нутагт нүүрлэсэн онц ноцтой ган гачиг, өлсгөлөн олон сая хүнийг орон гэрээ орхин дүрвэхэд хүргэж, олон улсын харилцаанд "байгаль орчны дүрвэгсэд" хэмээх шинэ нэр томьёо, геополитикийн шинэ сорилтыг авчирсан юм. Үүний хариуд 1977 онд Найроби хотноо НҮБ-ын Цөлжилтийн асуудлаарх анхны бага хурал (UNCOD) хуралдаж байв.

Гэвч асуудлыг хууль эрх зүйн хүрээнд дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх үйл явц дардан байсангүй.

1992 оны Риогийн дээд хэмжээний уулзалтын яг өмнөхөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс (UNEP) цөлжилтийн төлөв байдлын шинэчилсэн үнэлгээг танилцуулсан юм. Энэ үнэлгээгээр цөлжилт гэдэг нь зөвхөн элс нүүх биш, хөрсний үржил шим алдагдаж, дэлхийн нүүрстөрөгчийн эргэлтэд ноцтой өөрчлөлт оруулж байгааг баталсан байна. Хөрс нь дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн нөөцийн нэг бөгөөд ой модноос гадна хуурай газрын нүүрстөрөгчийн эргэлтэд чухал үүрэгтэй. Хөрс доройтоход асар их хүлэмжийн хий агаарт дэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж байгааг эрдэмтэд тоо баримттайгаар АНУ болон Европын бодлого тодорхойлогчдын сонорт дуулгасан юм.

Эх сурвлаж: UN Photo

Ингэж Риогийн хурлын шийдвэрээр Цөлжилтийн конвенцын эхийг боловсруулах "Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хороо" (INCD) байгуулагдсан бөгөөд хамгийн гол нь 1993 онд болсон анхны томоохон хуралдаан дээр бүтэн нэг долоо хоногийг зөвхөн "Шинжлэх ухааны мэдээлэл солилцох" ажилд зориулсан байдаг.

Энэ хуралдаанаар Олон улсын цөлжилтийн шинжээчдийн зөвлөл (IPED)-өөс хөрсний доройтол нь барууны орнуудад ямар хамааралтайг гол хоёр санаагаар баталсан нь:

Байгаль орчны дүрвэгсэд: Африк, Азид газар шороо үржил шимгүй болбол ядуурал үүсгэж, улмаар хэдэн сая хүн Европ, Америк руу дүрвэхээс өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг нотолсон.

Дэлхийн худалдааны сүлжээ: Нэг тивийн хүнсний үйлдвэрлэл, газар тариалан унахад дэлхийн хүнсний үнэ, нийлүүлэлтийн сүлжээнд шууд нөлөө үзүүлнэ гэдгийг батлав. Ийнхүү 1994 онд Парис хотноо конвенцыг үзэглэсэн түүхтэй.

2. Доороос дээш чиглэх засаглалын загвар

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг дээрээс доош чиглэсэн макро түвшний бодлого явуулдаг бол UNCCD нь институцийн хувьд эсрэгээрээ. Тус конвенц нь газрын менежмент гэдэг нь тухайн газар дээр амьдарч буй нутгийн иргэд, малчид, тариаланчдын өдөр тутмын үйл ажиллагаанаас шууд хамаардаг хэмээн үзэж, доороос дээш чиглэсэн зарчмыг хэрэгжүүлдэг.

Энэхүү зарчмыг хэрэгжүүлэхэд дараах институцийн бүтэц голлох үүрэгтэй:

Талуудын бага хурал (COP): COP нь конвенцын хамгийн дээд шийдвэр гаргах байгууллага бөгөөд ихэвчлэн хоёр жил тутам хуралддаг.

Шинжлэх ухаан, технологийн хороо (CST): Цөлжилттэй тэмцэхэд шаардлагатай технологийн шилжилт, мэдээлэл цуглуулах, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтыг нэвтрүүлэх чиг үүрэгтэй. Энэхүү хороо нь хөрсний мониторинг хийх, гангийн эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлэх зэрэгт бодлогын зөвлөмж өгдөг.

Хэрэгжилтийг хянах хороо (CRIC): Улс орнуудын боловсруулсан Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр (NAP)-ийн хэрэгжилтэд хяналт тавина. Эдгээр бүтцүүд нь 800 гаруй төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, тэр дундаа эмэгтэйчүүдийн газар өмчлөх эрхийг хамгаалах хөдөлгөөнүүдтэй нягт хамтран ажилладаг нь орон нутгийн иргэдийн дуу хоолойг НҮБ-ын дээд түвшинд хүргэх суваг болдог аж.

Эх сурвалж: Vecteezy

3. Газрын доройтлыг тэглэх (LDN) үзэл баримтлал

Цөлжилттэй тэмцэх ажилд гарсан хамгийн том хувьсгал нь Эх дэлхийн дээд хэмжээний уулзалтаас хойш яг 20 жилийн дараа хуралдсан 2012 оны Рио+20 хурлаас эхлэлтэй ба 2015 онд конвенцын талууд "Газрын доройтлыг тэглэх" (Land Degradation Neutrality буюу LDN) үзэл баримтлалыг баталснаар биеллээ олсон юм. Энэ үзэл баримтлал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 15.3-т албан ёсоор тусгагдсан байдаг. LDN үзэл баримтлал Рио+20 хурлаас эхлээд 2015 онд SDG 15.3-т тусгагдан, COP12-оор UNCCD-ийн хэрэгжилтийн гол чиглэл болсон.

LDN гэдгийг зөвхөн амлалт эсвэл хүрэх ёстой цэг гэхээс илүү математик загварчлал бүхий ойлголт гэж ойлгох нь зүйтэй. Тодруулбал, тодорхой экосистем дотор шинээр доройтож буй газрын хэмжээг нөхөн сэргээгдэж буй газрын хэмжээтэй тэнцүүлж, цаашлаад эерэг баланс руу оруулах зорилт гэсэн үг. Уг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхдээ зайлсхийх, бууруулах, урвуулах гэсэн шатлалтай арга зүйг ашигладаг:

Зайлсхийх: Эрүүл газрыг доройтохоос урьдчилан сэргийлэх.
Бууруулах: Газрын ашиглалтын явцад гарч буй сөрөг нөлөөллийг багасгах (жишээ нь, тогтвортой газар тариалан, бэлчээрийн сэлгээ)
Урвуулах: Аль хэдийн доройтсон газрыг нөхөн сэргээх, ойжуулах.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 131 улс сайн дурын үндсэн дээр 2030 он хүртэл LDN-д хүрэх зорилтоо тодорхойлон, хэрэгжилтийн шатандаа орчихсон явж буй. Үүний цаана хөрсний органик нүүрстөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх, био-олон янз байдлыг аврах судалгаанууд хийгдэж байна.

Эх сурвалж: Insight Turkey

4. 2.6 их наяд долларын хэрэгцээ 

UNCCD-ийн Global Land Outlook тайланд дурдсанаар, дэлхийн нийт ДНБ-ий талаас илүү хувь буюу ойролцоогоор 44 их наяд ам.долларын эдийн засгийн гарц нь байгалийн нөөц, газрын үржил шимээс шууд болон шууд бусаар хамааралтай байна. Хэрэв бид хөрсөө хамгаалж чадахгүй бол энэхүү 44 их наяд доллар эрсдэлд орно гэсэн үг юм. НҮБ-ын тооцооллоор дэлхий нийтээрээ доройтсон газрыг нөхөн сэргээж, 2030 он гэхэд Газрын доройтлыг тэглэх (LDN) зорилтод хүрэхийн тулд ойролцоогоор 2.6 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай байгаа билээ.

Энэхүү санхүүгийн хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалтыг чиглүүлэх зорилгоор конвенцын 21 дүгээр зүйлийн дагуу Глобал Механизм (Global Mechanism - GM) үүсгэн байгуулагдаж, 1998 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. GM нь өөрөө шууд төсөл хэрэгжүүлдэггүй боловч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшлийн хөрөнгийг чиглүүлэх зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

LDN сан: Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тогтвортой газар тариалан, ойн аж ахуйд татах зорилгоор байгуулагдсан бие даасан хөрөнгө оруулалтын сан.

Эх сурвалж: UNDP

Business4Land санаачилга: Үндэстэн дамнасан корпорацууд болон санхүүгийн байгууллагуудыг ус, газрын тогтвортой менежментэд амлалт өгүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Түүнчлэн, Африкийн Сахелийн бүсийг ногооруулах зорилготой Great Green Wall төсөлд 16 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт босгоход Глобал Механизм гол үүрэг гүйцэтгэж байна. Мөн Глобал байгаль орчны сан (GEF) зэрэг олон улсын доноруудтай нягт хамтран ажилладаг.

Тиймээс COP гэдэг нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, үндэстэн дамнасан корпорацууд чуулдаг эдийн засгийн асар өндөр үр өгөөжтэй, олон тэрбум долларын эргэлт бүхий ногоон бизнесийг ч мөн хэлэлцэх хамгийн том талбарт тооцогддог гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс Монголд болох COP17 нь манай улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хувьд олон улсын ногоон санхүүжилтийн сүлжээнд нэвтэрч, хөрөнгө оруулалт татах түүхэн боломж байх болно.

COP17 болохтой зэрэгцэн олон улсын хэвлэлүүдээр “Яагаад Африк тив Монголыг анхааралтай ажиглах ёстой вэ” гэсэн гарчигтай нийтлэлүүд нийтлэгдэх болжээ. Газар зүйн хувьд алс хол, өөр бүс нутаг мэт боловч Монгол Улс болон Кени, Этиоп, Ботсвана зэрэг Африкийн орнууд бэлчээрийн хэт талхагдал, усны хомсдол, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцээрээ ижилхэн эмзэг нөхцөлд оршиж байна. Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын удирдлагууд энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь ганцхан орны асуудал бус, дэлхийн нийтийн анхаарах хурал болохыг онцолж байгаа юм.

"Хөрс эрүүл байж гэмээнэ бид эрүүл хүнс, цэвэр устай, амар тайван амьдарна" гэдэг нь UNCCD-ийн тунхаглалын хамгийн суурь ойлголт билээ. Тиймээс, Улаанбаатар хотноо болох COP17 хурал нь Монгол Улс, Африк тивээс эхлээд дэлхийн өнцөг булан бүрийн ард түмэн, төр засгийн бодлого тодорхойлогчид, хувийн хэвшлийнхэн хамтдаа нэгдэж, байгаль эх дэлхийгээ эмчлэх бодит үйлдлүүдийг эхлүүлэх боломж ажээ.

Эх сурвалж: Wikimedia Commons