Хэрэглэгчдэдээ илүү хурдан, найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Юнител групп олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн технологи бүхий шинэ агуулахыг ашиглалтад оруулжээ. Нийт 3.5 га талбайд байрлах тус агуулах нь бараа материалыг хүлээн авахаас эхлээд ангилах, байршуулах, хадгалах, нөөцийг хянах, захиалга боловсруулах, ачих, түгээх зэрэг олон үйл явцыг нэг дор төвлөрүүлсэн гэдгээрээ онцлогтой. 

Ингээд шинэ агуулахын бүтээн байгуулалт, дэд бүтэц, онцлог, давуу тал болоод үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шинэлэг шийдлүүдийг дэлгэрүүлэн хүргэе.

ДЭД БҮТЭЦ БА НОГООН БАЙГУУЛАМЖ 


Шинэ агуулах нь нийт 3.5 га талбайд байрлах бөгөөд үндсэн байгууламж нь 120 метр урт, 44 метр өргөн, 13 метр өндөр, 6,248 м² талбайтай. Үүнээс нэг га талбайд нь байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж, эко орчныг бүрдүүлжээ.

Ийм хэмжээний томоохон агуулахын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад найдвартай инженерийн дэд бүтэц чухал үүрэгтэй. Тиймээс цахилгаан, усан хангамж, агаар сэлгэлтийн системийг цогцоор нь шийдсэн гэнэ. Тухайлбал, 10 кВ-ын цахилгаан хангамж, 120 метрийн гүний худаг, 350 метрийн ус дамжуулах шугам, 650 метрийн механик агаар сэлгэлтийн систем бүхий дэд бүтцийг бүрдүүлжээ. Эдгээр нь агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллах орчныг тогтвортой байлгахад шаардлагатай суурь дэд бүтэц болж буй.



Харин барилгын үндсэн бүтцэд 560 тонн ган хийц, 460 тонн арматур, 7,400 шоо метр бетон ашигласан байна. Ингэснээр их хэмжээний бараа материалыг аюулгүй, найдвартай хадгалах боломж бүрдэж байгаа юм.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭВ?


Бараа материалыг хүлээн авах, хадгалах, боловсруулах, ачих, түгээх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явагддаг ийм төрлийн томоохон бүтээн байгуулалтад аюулгүй ажиллагаа бол хамгийн чухал зүйлсийн нэг билээ. Энэхүү шинэ агуулахдаа аюулгүй байдлыг хангах хэд хэдэн ухаалаг шийдлийг нэвтрүүлжээ. Тэдгээрийг товчхон танилцуулбал:

1. Галын эрсдэлийг эрт илрүүлэх систем

Галын аюулгүй байдлыг хангахын тулд үндсэн гал унтраах системээс гадна утаа, дулаан мэдрэх шугаман болон лазер мэдрэгч, дуут дохиоллын системийг нэмж суурилуулав. Эл систем нь орчныг тогтмол хянаж, утаа, дулааны өөрчлөлт зэрэг галын эрсдэлийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шуурхай мэдээлэл өгөх зориулалттай. Ингэснээр эрсдэлийг эрт илрүүлж, нөхцөл байдал даамжрахаас өмнө шаардлагатай арга хэмжээг авах боломж бүрдэж байгаа юм.

2. Камерын нэгдсэн систем

Агуулахын доторх үйл ажиллагаа болон гаднах орчныг нэг дор хянах камерын нэгдсэн системийг мөн шийджээ. Тодруулбал, агуулахын дотор 79, гадна периметрт 14, гаражид 20 камер байршуулж, бүгдийг нь аналитик сервер болон VMS системтэй холбон ажиллуулж байгаа аж.



3. Ухаалаг тоолуур

Агуулахын үйл ажиллагаанд шаардлагатай ус, цахилгаан, температур, чийгшил болон хөрсний төлөв байдлыг бодит цагийн мэдээллээр хянах ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэв. Тус системээр дээрх үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тухай бүрд нь хянаж, хэрэглээний мэдээллийг нэг дороос харах боломжтой. Мөн ус, цахилгааны хэрэглээг нарийн хянаж, шаардлагатай үед тохируулга хийхэд ашигладаг байна.

ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЛБАРЧИЛСАН ШИЙДЛҮҮД 


Мэдээж хэрэг бараа материалыг хүлээн авах, зөөвөрлөх, байршуулах, захиалга бэлтгэх зэрэг олон ажил зэрэг явагдана. Тиймээс энэхүү шинэ агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг илүү үр ашигтай зохион байгуулахын тулд ажилтнуудын гар ажиллагааг багасгах, бараа материалтай ажиллах үйл явцыг хялбарчлах шийдлүүдийг мөн тусгаад байгаа юм.

Тухайлбал, Бараа материалыг 10 метр хүртэл өндөрт хадгалах боломжтой таван түвшний тавиурын системийг ашиглаж буй. Үүний тусламжтайгаар 4,700 паллет буюу 9,140 м³ хүртэлх бараа материалыг хадгалах боломжтой болжээ.



Ороогч машин, сэрээт өргөгч

Мөн бараа материалыг зөөвөрлөх, өндөрт өргөж байршуулах ажлыг 2 тонн хүртэлх даацтай, 8 метрийн өндөрт өргөх хүчин чадал бүхий Тоёота брэндийн сэрээт өргөгчөөр шийдсэн байна. Түүнчлэн паллетыг цагт 30-40 хүртэл боож, тээвэрлэлтэд бэлтгэх хүчин чадалтай ороогч машин нэвтрүүлжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь ажилтнуудын гараар хийх ажлыг багасгаж, бараа материалтай холбоотой ажлыг илүү хурдан гүйцэтгэхэд тусалдаг аж.

WMS (Агуулахын менежментийн систем)

Агуулахын үйл ажиллагааны бас нэгэн чухал хэсэг нь бараа материалын бүртгэл, хөдөлгөөн, байршлын мэдээллийг нэг дороос удирдах явдал. Үүнийг WMC буюу агуулахын менежментийн системээр шийдэж, бараа материалын хөдөлгөөн, үлдэгдэл, ажилтнуудын гүйцэтгэлийн мэдээллийг бодит цагийн горимоор хянах, тайлагнах боломжтой.


Түүнчлэн WMS системд барааны байршлыг тодорхойлох кодчиллыг нэвтрүүлснээр шаардлагатай барааг агуулах дотроос гараар хайх шаардлагагүй болсон нь хамгийн том дэвшил юм. Системээс тухайн барааны байршлыг шууд харах тул ажилтан хэрэгтэй бараагаа богино хугацаанд олж, захиалгыг бэлтгэх боломжтой юм.


Энэхүү шинэ агуулах нь Юнител Групп логистикийн үйл ажиллагаагаа бүрэн автоматжуулж, хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хурд, найдвартай байдлыг шинэ түвшинд гаргаж буйн илрэл биз ээ. Мөн байгаль орчинд ээлтэй ногоон байгууламж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн ухаалаг технологи, олон улсын жишигт нийцсэн дэд бүтцийг хослуулсан энэхүү бүтээн байгуулалт нь салбартаа томоохон жишиг тогтоосон үйл явдал болж байгаа юм.